• Өнөөдөр 2026-05-20

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ НОЁНЫ СЭНТИЙД ТҮР ТУХАЛЖ БУЙ Б.МӨНХБАТ ГЭЖ ХЭН БЭ

2026-05-20,   474

      ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өөрийн биеэр Хангарьд ордонд очиж, Х.Нямбаатарын атгаж асан арслантай тамгыг Б.Мөнхбатад гардуулж, Хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тэгмэгцээ ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Х.Нямбаатарт хаяглаж “Их мөнгө, хяналтгүй төсөв хүнийг яаж галзууруулдгийг бид харлаа. Улсаасаа давсан нэг ч дарга байх ёсгүй” гэж заналтайгаар мэдэгдсэн байдаг. Өнгөрсөн намраас эхлэн өнөө хавар хүртэл он дамнан Л.Оюун-Эрдэнэтэй зодолдоод хайнаа хагалж чадаагүй ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр эцэст нь үеэл Х.Нямбаатарыг нь хотоос хөөж, хорслоо тайлж буй мэт бахдалтай байгаа харагдсан нь нууц биш. 
 
Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өөрийн биеэр очиж Х.Нямбаатарын оронд Хотын даргын үүрэг гүйцэтгэгч, Хангарьд ордны босс болгож залсан Б.Мөнхбат гэж хэн бэ. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхбат хоёр хоорондоо ямар хамааралтай вэ. 
     ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг анх 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд түүний үеэл Г.Цогзолмаа нь “Дорнын цас гоёл чимэглэл” ХХК-аараа, хүргэн А.Амар-Отгон нь “Боломж фонд” ББСБ-аараа сурталчилгааны санхүүжилтийг нь бүрдүүлж өгч байв. Өөрөөр бол, Б.Энхбаяр үеэл Г.Цогзолмаа, хүргэн А.Амар-Отгон хоёрынхоо хандив, хаялагаар анх УИХ-ын гишүүн болж, улмаар ХЗДХ-ийн сайдаар хоёр томилогдож, одоо ЗГХЭГ-ын дарга болчихсон даналзаж суугаа. 
 
Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуулиар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг санхүүжүүлсэн үеэл Г.Цогзолмаагийнх нь “Дорнын цас гоёл чимэглэл” ХХК нь 2024 оны дөрөвдүгээр сард Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхбатын төрсөн дүү Б.Мөнхжаргалын нэр дээр шилжсэн. Тэгээд болоогүй, хоёр сарын өмнө буюу өнгөрөгч гуравдугаар сард ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын үеэл Г.Цогзолмаа, Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхбатын төрсөн дүү Б.Мөнхжаргал хоёр “Жи Эс Дорнын цас хөгжил” ХХК-ийг хамтран эзэмшдэг болж, барилгын бизнес эхлүүлэхээр бэлтгэж буй. Харин ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын хүргэн А.Амар-Отгон, Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхбат хоёр хамт морь уядаг, хагацаж салдаггүй найзууд. 
Тайлбар: ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын үеэл Г.Цогзолмаагийн нөхөр А.Амар-Отгон, Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхбат
       Нэгтгэвэл, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын үеэл Г.Цогзолмаа, хүргэн А.Амар-Отгон хоёр нь Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Мөнхбаттай хагацаж салдаггүй найзууд, төрсөн дүү Б.Мөнхжаргалтай нь хамтарсан компанитай халаас нэгтэй хамтрагчид болж таарч байна. Тиймдээ ч ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Х.Нямбаатарын оронд Хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Мөнхбатыг өргөмжилсөн дүр зураг харагдаж байна. 
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ НОЁНЫ СЭНТИЙД ТҮР ТУХАЛЖ БУЙ Б.МӨНХБАТ ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188