• Өнөөдөр 2026-03-05

ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ

2026-03-05,   47
    ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз, зөвлөх, нэг сумын дүү, бизнесийн хамтрагч гэх мэт  хамааралтай этгээдүүд нь АТГ-т авлигын хэргээр ээлж дараалан баривчлагдсан. Өөрөөр бол, Б.Чойжилсүрэнгийн тойрон хүрээлэгчид нь эрчим хүчний салбарт авлигын бүлэглэл байгуулчихсан нь илрээд буй. 
 
Тэгвэл ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнгийн тойрон хүрээлэгчид авлигын бүлэглэл байгуулаад зогсохгүй, тендерийн бүлэглэл ч байгуулсан маш ноцтой баримт байна. Тодруулбал, 1988 онд Увсын 2-р сургуулийн 10А ангийг Б.Чойжилсүрэнтэй хамт төгссөн С.Анхбаяр, Э.Цасчихэр гэх хоёр найз нь бий. Тэртээ 2008 онд анх Б.Чойжилсүрэнг УИХ-д Увсдаа нэр дэвшихэд арын албыг нь хариуцаж, ангийнхан, амраг садан, аймгийнхаа дэмжихийг уриалж явсан хоёр найз нь. Тэгвэл өдгөө Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн ангийн найзууд болох С.Анхбаяр, Э.Цасчихэр хоёр нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК, “Шивээ-Овоо” ТӨХК-ийн бүх тендерүүдийг хуу хамдаг болцгоожээ. 
Тайлбар: Увс аймгийн 2-р сургуулийн 1988 оны 10А ангийн 20 жилийн ойн уулзалт, 2008 он.
Б.Чойжилсүрэн, С.Анхбаяр, Э.Цасчихэр 

Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН НЭГ АНГИЙН НАЙЗ, АВЛИГЫН ХЭРГЭЭР ХОЁР ЖИЛИЙН ЯЛ СОНСОЖ ЯВСАН С.АНХБАЯР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС 148 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ

       2016 оны сонгуулийн дараа Б.Чойжилсүрэнгийн Сангийн сайд болж, 10 жилийн ангийн найз С.Анхбаяр нь “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. Гэвч 2018 оны гуравдугаар сард АТГ-аас “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаярыг 100 сая төгрөгийн авлигын баривчилж, цагдан хорьсон. Ингээд 2018 оны есдүгээр сард шүүхээс С.Анхбаярын төрд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, хоёр жил хорих ял оноож байв. Гэвч С.Анхбаяр 2019 оны гуравдугаар сард хоёр жилийн хорих ялаа 27 сая төгрөгийн торгуулийн ял болгуулж суллагдсан байдаг. 
 
Тэгвэл Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн ангийн найз, авлигын хэргээр хоёр жилийн ял сонссон ч торгуулиад мултарсан С.Анхбаяр нь “Бест вестерн тех” ХХК-ийг эзэмшдэг.  Ноцтой нь, С.Анхбаярын “Бест вестерн тех” ХХК нь 2020 оноос хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн тэсэлгээний бодисын бүх тендерийг дангаараа авч буй. 
 
Тухайлбал, 
 
  • 2020 онд 14.4 тэрбум төгрөгийн тендер
  • 2021 онд 22.3 тэрбум төгрөгийн тендер
  • 2023 онд 25.8 тэрбум төгрөгийн тендер
  • 2024 онд 51.2 тэрбум төгрөгийн тендер
  • 2025 онд 35.1 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарсан байна. 
 
Өөрөөр хэлбэл, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн ангийн найз нь таван жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-аас 148 тэрбум төгрөгийн тендер авчээ. 

Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН НЭГ АНГИЙН НАЙЗ, АВЛИГЫН ХЭРГЭЭР ГУРВАН ЖИЛИЙН ЯЛ СОНСОЖ ЯВСАН Э.ЦАСЧИХЭР “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ГУВЧУУЛСАН

        Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн ангийн найз Э.Цасчихэр нь 2008-2012 онд Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан. Гэвч Э.Цасчихэр өөрийнхөө “Мөнхжим” ХХК-д 710 сая төгрөгийн тендер өгсөн, аймгийнхаа төрийн албан хаагчдад орон сууц барьж өгөх төслөөс 120 сая төгрөг завшсан хэргүүдээр АТГ-ын хаалга татаж, 2012 оны тавдугаар сард гурван жилийн хорих ял сонсож байв. Гэвч Э.Цасчихэр 2013 оны арваннэгдүгээр сард давж заалдаад, гурван жилийн хорих ялаа 10 сая төгрөгийн торгуулийн ял болгуулж, хохироос суллагдсан байдаг. 
 
Авлигын хэргээр ял сонссоноосоо хойш хэл сураггүй байсан Э.Цасчихэр 10 жилийн ангийн найз Б.Чойжилсүрэнгээ 2016 онд Сангийн сайд болсны дараа “Шивээ-Овоо” ТӨХК-ийн Санхүү хариуцсан Тэргүүн дэд захирлаар томилогдсон байдаг. Ингээд Э.Цасчихэр нь “Шивээ-Овоо” ТӨХК-ийн бүх тендерүүдийг зохион байгуулдаг, шалгаруулдаг дархан эрхтэй болсон. 
 
        “Шивээ-Овоо” ТӨХК-ийн Санхүү хариуцсан Тэргүүн дэд захирал Э.Цасчихэр нь 2021 оны тавдугаар сард Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Одгэрэл гэгчтэй хуйдалдаж “Өү Жи Энержи Ойл” ХХК-ийг байгуулсан. Ингээд “Өү Жи Энержи Ойл” ХХК-ийн захирлаар нь Б.Одгэрэлийн төрсөн ахынх нь хүү Б.Бат-Өлзий гэгчийг бүртгүүлсэн. Улмаар хоёрхон сарын дараагаас эхлээд буюу 2021 оны долдугаар сараас Э.Цасчихэр “Шивээ-Овоо” ТӨХК-ийн Дизель түлшний бүх тендерүүдийг “Өү жи Энержи Ойл” ХХК-д өгдөг болсон. 
 
Тухайлбал, 
  • 2021 онд 9.4 тэрбум төгрөгийн Дизель түлш
  • 2022 онд 28.0 тэрбум төгрөгийн Дизель түлш
  • 2023 онд 33.9 тэрбум төгрөгийн Дизель түлш
  • 2024 онд 30.8 тэрбум төгрөгийн Дизель түлш
  • 2025 онд 33.9 тэрбум төгрөгийн Дизель түлш тус тус нийлүүлжээ. 
 
     Өөрөөр хэлбэл, Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн ангийн найз Э.Цасчихэр “Шивээ-Овоо” ТӨХК-ийн Санхүү хариуцсан Тэргүүн дэд захирлын албан тушаалаа ашиглаж, Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Одгэрэлийн нэр дээрх “Өү Жи Энержи Ойл” ХХК-д 136 тэрбум төгрөгийн Дизель түлшний тендер өгчихсөн гэсэн үг. Тэр байтугай, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Увсаасаа М.Мөнхөө гэх залууг авчирч томилсон. Гэтэл “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхөө нь дээрх “Өү Жи Энержи Ойл” ХХК-аас шатахуунаа шууд гэрээгээр худалдаж авдаг баримт ч байна. 
 
Бас нэг ноцтой баримт нь, “Өү Жи Энержи Ойл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Өлзий 2022 онд “Зөөлөн зааг трейдинг” ХХК-ийг байгуулж, энэ компанийнхаа нэр дээр БГД-т барилга барих 1.4 га газар авсан. Гэтэл өнгөрөгч 2025 онд Б.Бат-өлзий нь “Зөөлөн зааг трейдинг” ХХК-иа газартай нь Э.Цасчихэрийн охин Ц.Түвшинзаяагийн нэр дээр шилжүүлсэн байгаа юм. Тэгэхээр ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз Э.Цасчихэр нь Увсын ИТХ-ын төлөөлөгч Б.Одгэрэлтэй хамтран “Шивээ-Овоо” ТӨХК-аас 136 тэрбум төгрөгийн тендер авч, энэ тендерүүдийнхээ ашгийг барилга болгож угаахаар зэхэж байж болзошгүй сэжүүр гэсэн үг юм. 
 
        Эцэст нь, С.Анхбаяр, Э.Цасчихэр хоёрын дээрх тендерийн компаниуд энэ жилээс “Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэс критикал минералс” ТӨХК-ийн тэсэлгээ, шатахуун нийлүүлэлтийн илүү том тендерүүдийг сонирхоод эхэлжээ. Тэгэхээр Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найзууд болох С.Анхбаяр, Э.Цасчихэр нарын энэ тендерийг бүлэглэлийг АТГ анхааралдаа авах цаг нь болсон бололтой. 
 

ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188