• Өнөөдөр 2026-02-27

ЭМЯ-НЫ ТНБД Д.ОЧИРБАТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН ХАРВАРДЫН 15 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ТЭТГЭЛЭГТ ЭМЧ БИШ, ДҮҮ О.ГАНТУЛГЫГАА ИЛГЭЭЖЭЭ

2026-02-27,   308

       Улсыг нэгдүгээр төв эмнэлэгт удирдлага тогтохоо болив. Хориодхон хоногт гурван захирал солигдож, хөл толгой  нь олдохоо больжээ. Захирал нь солигдоод байгаагаас болж зарлах ёстой тендерүүд нь саатаж, тариурын дутагдалд орж, томограф нь ажиллахаа больж, тархины цус харвалттай хүн ирэхэд оношлох аргагүй сууж байгаагаа эмч нар нь учирлаж байна. 
 
Гол будилаан хутгаад байгаа хүн нь ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат гэнэ. Учир нь, Улсын нэгдүгээр төв эмнэлэг бие даасан ТУЗ-тэй, түүгээрээ дамжуулж Ерөнхий захирлаа томилох хуультай. Атал ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ТУЗ-ийн даргаар ирээд заларчихсан, заавал өөрийн найз П.Анхтуяа гэгчийг Ерөнхий захирлаар томилохоор хэт “улайрсан”-аас болж асуудал хүндэрчээ. Д.Очирбатын тухайд, УИХ-ын гишүүн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал байсан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар хоёр дахиа томилогдоод байгаа гэдгээрээ салбартаа сагсалзаж, төрийн том эмнэлгүүдийн томилгоог толгой мэдэн шийддэг болоод буй нь энэ ажээ. Сүүлдээ Сүрьеэтэй, ДОХ-той тэмцэх сангийн мөнгийг ч Д.Очирбат салаагаараа урсаж, Сөүл рүү ниссэн нь ч дуулдах болов. 
 
Тэр байтугай, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат албан тушаалаа ашиглаж, ахынхаа хүүхдийг Харвард руу сургахаар явуулсан баримт ч байна. Одоо танилцуулъя. 
 
      ЭМЯ-наас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Харвардын Анагаах ухааны их сургуулийн “Эрүүл мэндийн салбарын манлайлал” нэртэй, 15,900 ам.долларын төлбөртэй нэг жилийн хөтөлбөрт жил бүр 20 эмч, мэргэжилтнийг хамруулж байгаа. Харвардын өндөр төлбөртэй хөтөлбөрт үнэгүй хамруулж байгаа учраас хатуу шалгуураар сонгон шалгаруулдаг. Эхлээд эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтэй гэдгээ нотариатаар баталгаажуулсан диплом, дүнгийн хуудсын хуулбараар нотлоно. Дараа нь улсын эмнэлэгт гурваас дээш жил ажилласан, одоо удирдах албан тушаалд ажилладаг гэдгээ эмнэлгийнхээ захирлын тодорхойлолтоор баталгаажуулна. Мөн 500 үгтэй эссэ, товч намтар зэргээ мэдээж илгээх ёстой. Эцэст нь ярилцлаганд орно, Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай гэдгээ нотлох шаардлагатай. 
 
Энэ бүх шалгуурыг давсан 20 хүн л 15,900 ам.долларын сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөж Харвардын Анагаах ухааны их сургуулийг зорих эрхтэй болно. Харвардад үнэгүй сурна гэдэг хэн хүнд олдох боломж биш. Тиймдээ ч улсын эмнэлэгт ажилладаг, англи хэлтэй залуу эмч, мэргэжилтнүүд жил бүрийн сонгон шалгаруулалтад хэдэн арваараа оролцдог. 
 
     Өнгөрөгч 2025 оны наймдугаар сард Харвардын “Эрүүл мэндийн салбарын манлайлал” хөтөлбөрийн ээлжит сонгон шалгаруулалтыг зарласан. ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат сонгон шалгаруулалтыг гардан зохион байгуулсан. Ингээд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат шалгаруулалтад тэнцүүлсэн 20 хүнээ 2025 оны аравдугаар сарын 22-нд ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэнтэй уулзуулсан. Тэгэхдээ Д.Очирбат “Шалгаруулалт өргөн хүрээтэй боллоо. Орон нутгийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ч оролцож шалгарлаа” гэж тайлагнаж байв.  Ингээд тухайн 20 хүн маргааш нь эхний семинартаа суухаар нисэцгээсэн. 
 
Гэтэл Харвардыг зорьсон 20 эмч, мэргэжилтний дунд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын төрсөн ахын хүү О.Гантулга багтсан байгаа юм. Гол нь, О.Гантулга нь Харвард явах шаардлага хангахгүй, эмч ч биш, эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтэн ч биш, тариур, чагнуураас тэс хөндлөн буюу 2016 онд ШУТИС-ийг мэдээллийн системийн менежментийн мэргэжлээр төгссөн. 2016-2018 онд Д.Очирбат ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа албан тушаалаа ашиглаж ач дүү О.Гантулгыгаа ЭМЯ-нд мэргэжилтнээр ажиллуулж байсан. 2018 онд Д.Очирбат Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар томилогдохдоо мөн л ач дүү О.Гантулгыгаа эмнэлэгтээ дагуулж очиж, Мэдээллийн технологийн инженерээр ажиллуулж байсан. Ингэж авга ах Д.Очирбатыгаа хормойдож, ЭМЯ, Улсын нэгдүгээр төв эмнэлгээр хэсэж байснаас бусдаар О.Гантулга нь эрүүл мэндийн салбарын хүн биш. 
      Товчхондоо, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат наад захын ч шаардлага хангахгүй ач дүү О.Гантулгыгаа Харвард явах 20 хүний жагсаалтад хүчээр багтаасан байгаа юм. Сонгон шалгаруулалтыг Д.Очирбат өөрөө зохион байгуулсан учраас тэр л дээ. Өөрөөр бол, Боловсролын зээлийн сангийн хулгайтай яг адилаар Д.Очирбат нэг эмчийн Харвардад сурах боломжийг хулгайлсан гэсэн үг. Уг нь Д.Очирбат эрх дүүдээ газар үзүүлэхээр явуулахын оронд эрүүл мэндийн салбарт амьдралаа зориулан ажиллаж байгаа нэг ч болов эмчийг явуулж, Харвардын багш нараас суралцуулсан бол энэ салбарт хэрэгтэй байх байв. 
Тайлбар: Харвардын хөтөлбөрт хамрагдсан 20 хүн, Д.Очирбатын дүү О.Гантулга
Энэ мэтээр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат салбартаа туйлж байна. Дээрх ганц баримт л Д.Очирбатыг албан тушаалаа урвуулан ашигласан, ашиг сонирхлын зөрчил гаргасан, албан тушаалаа өгөх болзол хангасны хангалттай нотолгоо. Ерөнхий сайдтай нэг нутаг гэдгээс нь айдаггүй л юм бол ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн Д.Очирбатыг чөлөөлүүлэх санал гаргах биз ээ. 
 

ЭМЯ-НЫ ТНБД Д.ОЧИРБАТ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН ХАРВАРДЫН 15 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ТЭТГЭЛЭГТ ЭМЧ БИШ, ДҮҮ О.ГАНТУЛГЫГАА ИЛГЭЭЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-27 08:44:54
    Галдан: Бугшчихсан ийм хүмүүс суудалтайгаа зууралдах юм да
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188