• Өнөөдөр 2026-02-13

ТАНИЛЦ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУНТАЙЖУУД

2026-02-13,   135

      Хөгжлийн банк үеийн үед томчуудын тавиулуудад эзлэгдчихээд байдаг гэмтэй. МАН-ын генсек Я.Содбаатарын төрсөн ах Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Хяналт шалгалтын газрын захирлаар ажиллаж байлаа. УИХ-ын гишүүн асан, “нүүрсний хулгай”-н хэргээр хил давсан Ж.Мөнхбатын багын найз Б.Чойжилжалбуу Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Актив, пассивын газрын захирлаар ажиллаж байлаа. УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, Хэнтийд засаглаж асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байлаа, гэх мэтээр цааш үргэлжилнэ. 
 
Оны өмнөхөн Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяаг чөлөөлж, “Хадгаламжийн даатгалын корпорац”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Баатарсүрэн гэгчийг томилсон. Улмаар Хөгжлийн банкны бүтэц бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилсэн. Гэтэл Хөгжлийн банкны удирдлагын бүрэлдэхүүнд Монголбанкны Ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Тэмүүжин, Төрийн банкны Ерөнхий захирал асан Д.Баярсайханы хүү Б.Билэгчулуун нар багтжээ. Өөрөөр бол, Хөгжлийн банк хоёр хунтайжтай болжээ гэсэн үг. 

Төрийн банкны Ерөнхий захирал асан Д.Баярсайханы хүү Б.Билэгчулуун

      Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар Төрийн банкны Ерөнхий захирал асан Д.Баярсайханы хүү Б.Билэгчулуун томилогджээ. Эхэнд дурдсанчлан, өмнө нь Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн ажиллаж байлаа. Төрийн томчуудын хүүхдүүд л томилогдох ёстой албан тушаал бололтой юм. 
 
Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал Б.Билэгчулууны аав Д.Баярсайхан нь Улсын Бага хурлын гишүүнээр нэг удаа, УИХ-ын гишүүнээр долоон удаа сонгогдож, Төрийн ордонд тасралтгүй 30 жил түшээгээр тухалсан Д.Лүндээжанцангийн үеэл дүү. Тиймдээ ч Д.Баярсайхан үеэл ах Д.Лүндээжанцангаа УИХ-ын Дэд дарга байх үед нь буюу 2006 онд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдож, 2015 он хүртэл бүхэл бүтэн есөн жил удирдсан. Дараа нь Зээлийн батлан даалтын сангийн захирлаар хагас жил ажилласан. Ингээд Д.Баярсайхан 2016 оны УИХ-ын сонгуулиар үеэл ах Д.Лүндээжанцан нь УИХ-ын гишүүнээр долоо дахь удаагаа сонгогдсоны дараа буюу 2016 оны есдүгээр сард Төрийн банкны Ерөнхий захирлаар томилогдож байв. 
 
       Гэвч Д.Баярсайхан Төрийн банкны Ерөнхий захирлын эрх мэдлээ урвуулан ашиглаж, БНХАУ-ын алдарт “Шинжиан Шинфа” компанид ямар ч барьцаагүйгээр ганцхан өдрийн дотор 20 тэрбум төгрөгийн зээл олгосон хэргээр 2019 оны нэгдүгээр сард хууль хяналтын хаалга татасан. Улмаар 2019 оны арванхоёрдугаар сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Баярсайханд хоёр жилийн хорих ял оноож, төрд ажиллах эрхийг нь дөрвөн жилээс хассан. Дараа нь 2020 оны долдугаар сард Улсын дээд шүүх Д.Баярсайханы хэргийг хэлэлцээд ялыг нь хэвээр үлдээсэн байдаг. 
 
Цаашилбал, Эрсдэлийн удирдлагын газрын захирал Б.Билэгчулуун аав Д.Баярсайханыхаа “Рийч Пойнт” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар эхнэр Б.Ану-Үжингээ ажиллуулж байсан. Гэтэл хадам аавынхаа “Рийч Пойнт” ХХК-д Гүйцэтгэх захирлаар ажиллаж байснаар өөр туршлагагүй Б.Ану-Үжин нь 2024 оны НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж сонгогдсон. Өдгөө Б.Ану-Үжин НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар Трамбай” төслийн удирдагч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны Нийслэлийн салбар хорооны даргаар ажиллаж буй. 

Монголбанкны Ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Тэмүүжин

     Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм Ассет менежмент” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Монголбанкны Ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Тэмүүжин томилогджээ. Аав нь Монголбанкны Ерөнхийлөгчөөс буухтай яг зэрэгцээд хүү Л.Тэмүүжин нь Хөгжлийн банкны охин компанийн Гүйцэтгэх захирал болсон нь яг л угсаа залгамжилж буй мэт. 
        Аав, хүү хоёрын намтрыг цухас танилцуулъя. Аав Б.Лхагвасүрэн нь Монголбанканд 1994 оноос хойш 31 ажилласан. Ингэхдээ Б.Лхагвасүрэн Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр гурван жил, Ерөнхийлөгчөөр зургаан жил буюу Монголбанкийг сүүлийн есөн жил удирдаад өнгөрөгч 2025 оны арванхоёрдугаар сард чөлөөлөгдсөн байдаг. 
 
       Л.Тэмүүжингийн тухайд, 2013 онд буюу аав Б.Лхагвасүрэнгээ Монголбанкны Хяналт шалгалтын газрын даргаар ажиллаж байх үед Хөгжлийн банканд шинжээчээр ажиллаж эхэлсэн. Аав Б.Лхагвасүрэнгээ 2016 онд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч болсны дараа Хөгжлийн банкны Санхүүжилтийн хэлтсийн дарга бөгөөд Хөгжлийн банкны харьяа “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн болж дэвшсэн. Харин аав Б.Лхагвасүрэнгээ 2019 онд Монголбанкны Ерөнхийлөгч болсны дараа Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал бөгөөд Хөгжлийн банкны харьяа “Ди Би Эм Ассет менежмент” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн болж дэвшсэн. Ингээд өнгөрөгч 2025 оны арванхоёрдугаар сард аав Б.Лхагвасүрэнг нь Монголбанкны Ерөнхийлөгчөөс чөлөөлдөж, түүний угсааг залгамжлан Л.Тэмүүжин Хөгжлийн банкны харьяа “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. 
 
Цаашилбал, Хөгжлийн банкны харьяа “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Тэмүүжингийн авга ах Б.Лхагвадорж нь ТЦГ-ын зүүн талын 13 давхар “Сан роуд” барилга, ХУД-ийн ЗДТГ-ын хойно байрлах 13 давхар “Хан-уул” барилга, хажууд нь байх “Рояал моунтайн” зочид буудал, Нарны гүүрний урдах “Хоме плаза”, Төв номын сангийн урдах байрлах “Mazza” барилга гээд хотын төвийн олон барилгуудыг эзэмшдэг. 
      Харин авга эгч Б.Өсөхжаргалынх нь нөхөр буюу хүргэн ах П.Дэлгэрнаран нь Сонгуулийн ерөнхий хорооны даргаар таван жил ажиллаад, өнгөрсөн нэгдүгээр сард Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон. Хүргэн ах П.Дэлгэрнаран нь төрийн дарга дунд дансныхаа хадгаламжаар тэргүүлдэг бөгөөд 3.7 тэрбумын хадгаламжтай гэж мэдүүлдэг байдаг. 
 

ТАНИЛЦ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУНТАЙЖУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-02-13 09:18:52
    Zochin: Tmka mn ikh l oirin hun chen medeelel uguud banda
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188