• Өнөөдөр 2026-01-28

ТАНИЛЦ: ЭРЧИМ ХҮЧНИЙ ЦААСАН ДЭЭРХ ТӨСЛҮҮДЭЭС ЦАЛИН ХҮРТЭЖ, ХӨЛЖИГСӨД

2026-01-28,   54

        Эрчим хүчний салбар томчуудын тавиулууд, төсөл тоногчдоор дүүрч, эцэстээ авлигачдын үүр, хулгайчдын оромж болж хувирсан. Өмнөх дугаартаа бид эрчим хүчний салбарын “ДЦС-3”, “ДЦС-4”, “Амгалан” ДЦС тэргүүтэй төрийн өмчит компаниудыг ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн, ЭХ-ний сайд асан Ц.Даваасүрэн тэргүүтнүүдийн тавиулууд удирдаж буйг танилцуулсан. Харин энэ удаа эрчим хүчний салбарын Эгийн голын УЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС тэргүүтэй цаасан дээрх төслүүдээс цалин авч, хагартлаа хөлжиж буй тавиулуудыг танилцуулж байна. 
“Эгийн голын усан цахилгаан станц”-ын захирал Мягмаржавын Баттулга
 
     “Эгийн голын усан цахилгаан станц”-ын төслийг тэртээ 1991 оноос ярьж эхэлсэн. 2006 онд Хятадын 300 сая ам.долларын зээлээр барихаар болж, 2007 онд анхы тендерийг нь зарлаж, гүйцэтгэгчийг нь шалгаруулсан ч 2008 онд ЭХ-ний сайд Ч.Хүрэлбаатар гацаасан түүхтэй. Дараа нь, 2013, 2016 онд эхлүүлэхээр яригдаж байсан ч мөн л саатсан. Сүүлд, 2024 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эгийн голын усан цахилгаан станц”-ын төслийг 14 мега төсөлд багтааж ажлыг нь эхлүүлсэн, 2032 онд ашиглалтад оруулах товтой байгаа. 
 
Өдгөө “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг Мягмаржавын Баттулга гэгч удирдаж буй. М.Баттулгын тухайд, Багануурт ЭХ-ний сайд асан Н.Тавинбэхтэй нэг байранд, нэг орцонд, нэг давхарт хөршилж өссөн, Багануурын 64-р сургуулийг нэг ангид хамт сурч төгссөн унаган багын найз нь. Тиймдээ ч Н.Тавинбэх ЭХ-ний сайд байхдаа буюу 2022 оны нэгдүгээр сард багын найз М.Баттулгыг “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Өдгөө Н.Тавинбэх нь АТГ-ын хаалга татаж, дээлээ нөмрөх нь тодорхой болсон учраас М.Баттулга ч мөн чөлөөлөгдөх биз. 
“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх” төслийн удирдагч Баатарсүрэнгийн Сүхтулга
 
       Эрчим хүчний салбарт хэрэгжиж буй нэг том төсөл нь Германы Сэргээн босголт зээлийн банкны 20.4 сая еврогийн санхүүжилттэй “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх” төсөл. Энэ төслийн хүрээнд 32 дэд станцыг шинэчилж, 600 мянган айл, 59 мянган аж ахуйн нэгжийг аюулгүй, найдвартай цахилгаанаар хангах зорилготой. 
 
“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх” төслийг Баатарсүрэнгийн Сүхтулга гэх залуу удирддаг. Б.Сүхтулгын тухайд, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнгийн цув, цүнхийг барьдаг шадар туслах байсан. Б.Чойжилсүрэн 2022 оны наймдугаар сард ЭХ-ний сайд болмоцгоо яамныхаа харьяа “Эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-ын захирлаар 10 жилийн ангийн найз Д.Бямбасүрэнг томилж, улмаар “Эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар өөрийн туслах Б.Сүхтулгыг томилж байв. Ингээд дараа жил нь буюу 2023 онд туслах Б.Сүхтулгыг  “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх” төслийн удирдагч болгож дэвшүүлсэн. Цаашилбал, Б.Сүхтулгын аав Г.Баатарсүрэн нь Увсынх бөгөөд “Бүрэн төгс хурд” ХХК-аараа ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнгийн барилгуудад туслан гүйцэтгэгчээр ажилладаг. 
 
“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын захирал, “10 аймагт дулааны станц барих” төслийн удирдагч Чулууны Саранжав
 
    Тэртээ 1964 оноос ярьж эхэлсэн, Хятадын 253 сая ам.долларын зээлээр барихаар болоод буй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төсөл болон 2018 оноос БНСУ-ын 148 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлж эхэлсэн “10 аймагт дулааны станц барих” төслийг Ч.Саранжав удирдаж буй. Өөрөөр бол, Ч.Саранжав нь эрчим хүчний салбарыг 253 сая ам.доллар болон 148 сая ам.долларын санхүүжилттэй хоёр том төслийг зэрэг удирдаж байгаа гэсэн үг. ЭХ-ний сайд асан Н.Тавинбэх Ч.Саранжавын удирдаж буй “10 аймагт дулааны станц барих” төслөөс мөнгө идсэн хэргээр АТГ-ын хаалга татаад буйг дурдах нь зүйтэй байх. 
 
Тэгвэл Ч.Саранжав нь УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан Ц.Цогзолмаагийн нөхөр. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал гээд эрчим хүчний салбарын бүх л ТӨХК-иудыг удирдаж байсан. Тэгээд болоогүй, хүү С.Түвшинтөр нь ЗТЯ-ны харьяа “Монгол улсын далайн захиргаа” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байгаад ГХЯ-нд Нэгдүгээр нарийн бичгийн дарга болсон. Охин С.Баясгалан нь БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байв. 
“Багануурын цахилгаан станц”-ын захирал Шархүүгийн Амгаланбаяр
 
    “Багануурын цахилгаан станц”-ын төслийг 2010 оноос ярьж эхэлсэн. 2015 онд Хятадын компани 1.2 тэрбум ам.доллараар барихаар болж, ажилдаа орсон. Гэвч 2017 онд ЭХ-ний сайдаар Ц.Даваасүрэн томилогдож, улмаар “Багануурын цахилгаан станц”-ын төсөл гацсан түүхтэй. 
 
Өдгөө “Багануурын цахилгаан станц”-ын төслийг Шархүүгийн Амгаланбаяр гэгч удирдаж буй. Ш.Амгаланбаярын тухайд, Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Улмаар Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөс буусны дараа жил буюу 2010 онд Ш.Амгаланбаяр Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилогдож, 2014 он хүртэл ажилласан. Засаг дарга байхдаа буюу 2012 оны хавар эрх мэдлээ урвуулан ашигласан,  аймгийнхаа тендерүүдийг наймаалцаж, нэг тендерээс 100 сая төгрөг завшсан гэх хэргээр АТГ-т шалгагдаж байсан зартай этгээд. 
 
Цаашилбал, Ш.Мөнхбаяр нь Говь-Алтайн уугуул, УИХ-ын гишүүн асан, ЗГХЭГ-ын дэд дарга Ш.Раднаасэдийн найз. Ш.Раднаасэдийг МХЕГ-ын дарга байх үед буюу 2015-2016 онд Ш.Амгаланбаяр Зам тээвэр, холбоо мэдээллийн хяналтын хэлтсийн даргаар нь ажиллаж байв. 
 
“Тавантолгой дулааны цахилгаан станц”-ын захирал Гончигзэвэгийн Тэнгэр 
 
      “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэнгэр өнгөрөгч арванхоёрдугаар сар Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон. Гэхдээ одоогоор Г.Тэнгэрийг “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн захирлаас чөлөөлөөгүй, орны хүнийг нь томилоогүй байна. 
 
Г.Тэнгэрийн тухайд, МАН-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайд байх үед дэд сайдаар нь ажиллаж байсан. 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас Д.Сумъяабазар, “Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл хоёртой хамт Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд унасан. Хамгийн сүүлд, 2018 онд Японд Элчин сайдаар томилхоор МАН-ынхан зүтгүүлсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр удаа буцааснаар бүтэлгүйтсэн. Ингээд 2020 онд "Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг.  Эхнэр А.Шижирмаа нь Монголбанкны Дотоод аудитын газрын захирлаар ажилладаг. 
 

ТАНИЛЦ: ЭРЧИМ ХҮЧНИЙ ЦААСАН ДЭЭРХ ТӨСЛҮҮДЭЭС ЦАЛИН ХҮРТЭЖ, ХӨЛЖИГСӨД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188