• Өнөөдөр 2026-01-22

ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН АТГ-Т ШАЛГАГДАЖ БУЙ ЗӨВЛӨХ Б.НЯМААТАЙГАА ХАМТРАН ЗАЙСАНГИЙН АМАНД ХОТХОН, ХУВИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖЭЭ

2026-01-22,   44

        АТГ-ынхан 10 аймагт дулааны станц барих төслөөс их хэмжээний мөнгө идсэн Н.Тавинбэх, П.Товуудорж, Б.Нямаа гэх гурван этгээдийг баривчлан шалгаж буй. Хоржоонтой нь, ЭХ-ний сайдаар дөрөв дэх жилдээ ажиллаж буй Б.Чойжилсүрэн дээрх гурван этгээдийн идсэн уусан гэмт хэргийг огт мэдэхгүй, бараг л уулзаж үзээгүй, танихгүй гэх маягтай тайлбар хийлээ, өчигдөр. Гэтэл Н.Тавинбэх Б.Чойжилсүрэнгийн дэргэд Төрийн нарийн бичгийн даргаар нь гурван жил гаруй ажилласан. П.Товуудорж нь Увс аймгийн Тэс сумын уугуул буюу Б.Чойжилсүрэнтэй нэг сумын, нэг сумын дүү нь. Харин Б.Нямаа нь Б.Чойжилсүрэнг Сангийн сайд байхад Төрийн нарийн бичгийн дарга нь байсан, ЭХ-ний сайд болсноос нь хойш зөвлөхөөр нь ажиллаж байгаа.  Өөрөөр хэлбэл, 10 аймагт дулааны станц барих төслөөс их хэмжээний мөнгө идсэн Н.Тавинбэх, П.Товуудорж, Б.Нямаа гурав эцсийн цэгт ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн дээр л очиж холбогдоод байгаа юм. 
 
Нэгэнт ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн энэ хэрэг надтай огт хамааралгүй гэх тайлбар хийж буй тул Б.Чойжилсүрэн, Б.Нямаа хоёрын халаасаа нэгтгэсэн маш ноцтой нэг баримтыг энд танилцуулъя. 
 
        ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн 2011 оны тавдугаар сарын 19-нд “Гоби ресурс хилл” ХХК-ийг байгуулсан. Сар хүрэхгүй хугацааны дараа буюу 2011 оны зургадугаар сарын 15-нд ХУД-ийн 11-р хороо, Зайсангийн аманд “Гоби ресурс хилл” ХХК-ийнхаа нэр дээр бүхэл бүтэн 8.8 га газар авсан. Тухайн үед Байгаль орчны сайдаар алдарт Л.Гансүх ажиллаж байлаа. Ингэж явсаар Б.Чойжилсүрэн Сангийн сайд байхдаа буюу 2017 оны гуравдугаар сарын 9-нд Байгаль орчны сайд Д.Оюунхоролоор өнөөх 8.8 га газраа сэргээлгэсэн.
 
Улмаар Б.Чойжилсүрэн 2019 оны аравдугаар сард Зайсангийн аман дахь “Гоби ресурс хилл” ХХК-ийнхаа 8.8 га газар дээр “2-4 давхар сургууль, цэцэрлэг, аялал жуулчлалын цогцолбор барина” гэж нийслэлийн захиргаанаас барилгын ажлын зөвшөөрлөө гаргуулж авсан. 
 
       Ингээд Б.Чойжилсүрэн өдгөө АТГ-т шалгагдаж буй өөрийн зөвлөх Буянтогтохын Нямаатай хамтран 2019 оны аравдугаар сараас “Гоби ресурс хилл” ХХК-ийнхаа 8.8 га газар дээрээ сургууль, цэцэрлэгийн цогцолбор, орон сууцны хотхон барьж эхэлсэн. Өдгөө өнөөх 8.8 га газар дээр Б.Чойжилсүрэн, Б.Нямаа хоёр тус бүр 19 давхар, 16 блок барилгатай, 1400 айлын “Зайсан Хүннү” хотхон, тус бүр дөрвөн давхар таван барилгатай “Хүмүүн” сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж, газраа дүүргэсэн. Мэдээж, хотхоныхоо ашгийг Б.Чойжилсүрэн, сургууль, цэцэрлэгийн цогцолборынхоо ашгийг Б.Нямаа хүртэж эхэлсэн. 
 
Тодруулбал, дээрх “Зайсан Хүннү” цогцолбортой хаяа залгаа таван цагаан барилга бүхий “Хүмүүн” цогцолборыг Б.Нямаа эзэмшдэг. Тус цогцолборт “Хүмүүн” бага, дунд сургууль, “Томүжин алтернатив” ахлах сургууль, “Эко” цэцэрлэг, “Хүмүүн өргөө” цэцэрлэг тус тус үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Б.Нямаагийн эхнэр Батсуурийн Солонго эзэмшиж, удирддаг. Товчхондоо, Зайсангийн амны тансаг зэрэглэлийн хотхонуудын хүүхдүүдийг Б.Нямаа, Б.Солонго хоёр сургууль, цэцэрлэгтээ сургаж, асар их хэмжээний ашиг олж байгаа гэсэн үг. 
Тайлбар: Таван барилга бүхий "Хүмүүн" цогцолбор
Тайлбар: "Хүмүүн" сургууль, цэцэрлэгийн цогцолбор
Тайлбар: Цэнхэр хүрээ- Б.Чойжилсүрэнгийн "Гоби ресурс хилл" ХХК-ийн эзэмшлийн 8.8 га газар,
Дотор нь- Б.Чойжилсүрэнгийн "Зайсан Хүннү" хотхон, Б.Нямаагийн "Хүмүүн" цогцолбор
Тайлбар: АТГ-т шалгагдаж буй Б.Нямаа, түүний эхнэр Б.Солонго
        Нэгтгэж харвал, 10 аймагт дулааны станц барих төслөөс их хэмжээний мөнгө идсэн хэргээр АТГ-т баривчлагдан шалгагдаж буй Б.Нямаа нь Б.Чойжилсүрэнг Сангийн сайд байх үед Төрийн нарийн бичгийн дарга нь байсан, ЭХ-ний сайд болсноос нь хойш зөвлөхөөр нь ажиллаж байгаагаас гадна Зайсангийн аманд бүхэл бүтэн 8.8 га газар дээр сургууль, цэцэрлэгийн цогцолбор, орон сууцны хотхон хамтарч барьсан халаас нэгтэй этгээд гэдэг нь баримтаар гарч ирж байна. 
 
Гол нь, Б.Чойжилсүрэн, Б.Нямаа хоёрын Зайсангийн 8.8 га газарт сургууль, цэцэрлэгийн цогцолбор, орон сууцны хотхон барьсан хугацаа нь 10 аймагт дулааны станц барих төсөл хэрэгжиж эхэлсэн хугацаатай давхцаж таараад байгаа юм. Тэр тусмаа Б.Чойжилсүрэн, Б.Нямаа хоёрыг Эрчим хүчний яамны толгойд суусан цагаас тэдний сургууль, цэцэрлэгийн цогцолбор, орон сууцны хотхоны барилгын явц хурдсаж, эсрэгээрээ 10 аймагт дулааны станц барих төсөл удааширч, эцэстээ гацсан байж таараад байгаа юм. 
 
       Тэгэхээр Б.Нямаагийн 10 аймагт дулааны станц барих төслөөс мөнгө идсэн гэх хэргийн ард Б.Чойжилсүрэн байсан уу, дулааны станц барих төслөөс идсэн мөнгөөрөө тэд Зайсангийн амны 8.8 газар дээрх “Зайсан Хүннү” хотхон, “Хүмүүн” цогцолборынхоо барилгаа санхүүжүүлсэн үү гэх мэт ноцтой асуултууд урган гарч ирнэ. Ямартай ч ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн эхний ээлжинд энэ асуултуудад тайлбар өгөх нь зүйтэй болов уу. 
 
Үргэлжлэл бий...
 

ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН АТГ-Т ШАЛГАГДАЖ БУЙ ЗӨВЛӨХ Б.НЯМААТАЙГАА ХАМТРАН ЗАЙСАНГИЙН АМАНД ХОТХОН, ХУВИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРЬЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188