• Өнөөдөр 2026-01-21

ТАТВАРЫН ДАРГА НАРААРАА ТУГ ТАХИСАН ТЕГ-ЫН ДАРГА Б.ЦОГТНАРАНГИЙН АРД ХЭН БАЙДАГ ВЭ

2026-01-21,   205

      Дубай явж зугаалсан татварын дарга нарын дуулиан шүүх дээр үргэлжлэх нь бололтой. Тодруулбал, ТЕГ-ын дарга Б.Цогтнаран “Нийслэл, дүүргийн татварын 10 дарга ажлаа тасалж, миний зөвшөөрөлгүйгээр Дубай  явсан” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхий сайд Г.Зандангатар хоёрт алтан хошуу өргөснөөр асуудал анх эхэлсэн. Улмаар ТЕГ-ын дарга Б.Цогтнаран ахалж явсан НТГ-ын дарга М.Болдбаатарыг ажлаас нь халж, дагаж явсан есөн дүүргийн татварын даргыг албан тушаал бууруулсан. Гэтэл ажлаасаа чөлөөлөгдөж, албан тушаал буурсан татварын дарга нар ТЕГ-ын дарга Б.Цогтнарангийн шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандахаа мэдэгдэж эхэллээ. 
 
Тухайлбал, Дубай явж зугаалсан хэргээр албан тушаал буурахаар болсон Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн дарга Н.Туул “ТЕГ-ын дарга Б.Цогтнаран анхнаасаа санаатайгаар ийм ажиллагаа зохион байгуулсан. Биднийг явуулахаасаа хэд хоногийн өмнө ТЕГ-ын дарга Б.Цогтнаран “Эд нарыг онгоцноос буух үед нь тушаалыг нь гаргаад хүлээж байна” гэж хүнд ярьсан байна лээ. Түүнээс биш бид зөвшөөрөлгүйгээр ажлаа тасалж, дураараа гадагшаа яваагүй. Нэгдүгээр сарын 2-нд НТГ-ын дарга М.Болдбаатар хурал хийгээд “ТЕГ-ын дарга Б.Цогтнаран Дубай руу 10 хүн явахыг зөвшөөрлөө. Явахаар болсон юм чинь яаралтай явах бэлтгэлээ хангацгаая” гэж хэлсэн. Ингээд бид албан ёсоор чөлөө зөвшөөрөл өгсөн гэж ойлгоод чөлөөний хуудсаа бөглөөд явцгаасан. Тиймээс ажлаас халж, албан тушаал бууруулж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ асуудалд ТЕГ-ын дарга Б.Цогтнаран өөрөө хариуцлага хүлээх ёстой. Шүүхэд хандаж өөрийнхөө нэр төрийг, бас татварын албаны нэр хүндийг сэргээнэ” гэж мэдэгдсэн. 
 
       Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн татварын албаны дарга Н.Туулын ярьснаар бол ТЕГ-ын дарга Б.Цогтнаран нийслэл, дүүргийн татварын 10 даргад өөрөө чөлөө зөвшөөрөл өгч Дубай явуулчихаад, буцаж ирэхийг нь угтуулан “Ажлаа тасалж, зөвшөөрөлгүй явсан” гэх дуулиан дэгдээж, энэ дуулианаараа далимдуулан ажлаас нь халсан гэж үзэж буй ажээ. Нийслэл, есөн дүүргийн татварын дарга нарыг цэвэрхэн зайлуулахын тулд асар нарийн зохион байгуулалттай заль зохиосон гэж хардаж буй хэрэг л дээ. 
 
Хэрвээ энэ үнэн бол нийслэл, дүүргийн татварын 10 даргыг хоморголон халах нь хэнд ашигтай байх вэ. Мэдээж, ТЕГ-ын шинэхэн дарга, ажлаа аваад хоёрхон сар л болж буй Б.Цогтнаранд ашигтай байж таарна. Яагаад гэхээр, нийслэл, есөн дүүргийн татварын дарга нарын ихэнх нь ТЕГ-ын дарга асан Б.Заяабалын үед томилогдсон хүмүүс. Тэгэхээр Б.Цогтнаран нийслэл, дүүргийн татварын 10 даргыг халж, тэдний оронд өөрийнхөө хүмүүсийг даргаар томилсноор татварын албанд “хаан” болох боломжтой болно гэсэн үг. 
 
Тэгвэл ТЕГ-ын дарга Б.Цогтнаран гэж хэн бэ, түүнийг энэ том сэнтийд хэн авчирч залсан бэ. 
 
     Өнгөрөгч 2025 оны аравдугаар сарын 24-нд ТЕГ-ын дарга Ч.Чимидсүрэнг чөлөөлж, аравдугаар сарын 27-нд Сангийн сайд Б.Жавхлан ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Төгсжаргал гэх эмэгтэйг томилж, тамгыг нь хадагтай хамт гардуулан өгч байв. Улмаар ТЕГ-ын цахим хуудаст С.Төгсжаргалын татварын албанд 26 жил ажилласан намтрыг дурайтал нийлж, дэлгэрэнгүй танилцуулсан байсан. 
 
Гэтэл сүр дуулиантайгаар томилсон өнөөх С.Төгсжаргалаасөө ердөө 10-аадхан хоногийн дараа тамга, хадгаа хурааж аваад, ТЕГ-ын даргаар Б.Цогтнаран гэх залууг томилсон. Өмнөх С.Төгсжаргалд тамгыг нь хадагтай гардуулж, намтрыг нь нийтэд дэлгэрэнгүй танилцуулсан мөртөө Б.Цогтнаранг болохоор нууцхан томилсон, намтрынх нь нэг өгүүлбэр ч байхгүй. Хэнд ч хардлага төрүүлэхээр байгаа биз, ТЕГ-ын дарга Б.Цогтнарангийн томилгоо. 
 
Судалж үзвэл, 2024 оны УИХ-ын сонгуулиар Дорнод, Хэнтий, Сүхбаатарын тойрогт нэр дэвшсэн Л.Соронзонболдод Б.Цогтнаран, түүний аав Д.Батжаргал, хамаатнууд болох Д.Оюун, Ж.Энхтөр, Ж.Энх-Амгалан, Ж.Энхзул нар хандив өгч, сурталчилгааных нь санхүүжилтийг босголцжээ. Өөрөөр хэлбэл, Б.Цогтнаран аавтайгаа, ах дүүстэйгээ хамтран Л.Соронзонболдын санхүүжилтийг босголцож, УИХ-ын гишүүнээр сонгогдоход нь гол хувь нэмэр оруулсан гэсэн үг. 
 
Яагаад гэхээр, УИХ-ын гишүүн Л.Соронзонболдын аав О.Лхагвасүрэн, Б.Цогтнарангийн аав Д.Батжаргал хоёулаа Ховд аймгийн Чандмань сумын уугуул, мөн хоёулаа цэргийн хүмүүс. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Б.Цогтнаран хоёр нэг сумын ах дүүс гэсэн үг. Тиймдээ ч 2024 оны УИХ-ын сонгуулиар Л.Соронзонболдыг Б.Цогтнаран аав, ах дүүстэйгээ хамт дэмжиж, сурталчилгааных нь санхүүжилтэд хандив өргөжээ. 
Тайлбар: УИХ-ын гишүүн Л.Соронзонболдын хандивын тайлан
Тэгвэл Б.Цогтнарангийн аав, ах дүүстэйгээ дэмжиж УИХ-ын гишүүн болгосон Л.Соронзонболд нь 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Банкны эдийн засагчийн ангийг Сангийн сайд Б.Жавхлантай нэг ширээнд сууж төгссөн найзууд. Хожим нь хоёулаа ХХБ-нд Дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан. Сүүлд нь Б.Жавхлан нь Сангийн сайд, Л.Соронзонболд нь "MCS"-ийн "М банк"-ны захирал болж томорцгоосон. Өдгөө төрийн ордонд түшээ болцгоогоод тохой нийлүүлэн сууж буй. Товчхондоо, Л.Соронзонболд, Б.Жавхлан хоёр одоо 33 дахь жилдээ нөхөрлөж буй найзууд. 
Тайлбар: УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Сангийн сайд Б.Жавхлан
Тэгэхээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ТЕГ-ын даргын суудал эзгүйрмэгц УИХ-ын гишүүн Л.Соронзонболд оюутны ангийн найз, Сангийн сайд Б.Жавхланд сумын дүү, санхүүжилтийг нь босголцсон Б.Цогтнарангаа уламжилж, улмаар Сангийн сайд Б.Жавхлан Б.Цогтнаранг ТЕГ-ын даргаар томилсон байж болзошгүй дүр зураг гарч ирж байгаа юм. Ингэж харвал, ТЕГ-ын дарга Б.Цогтнаран гэгч нь ардаа УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Сангийн сайд Б.Жавхлан гэх хоёр том ахтай, тэднийхээ “даалгавар”-аар нийслэл, дүүргийн татварын дарга нарыг солих заль зохиож яваа байж болзошгүй нэгэн ажээ. 
 

ТАТВАРЫН ДАРГА НАРААРАА ТУГ ТАХИСАН ТЕГ-ЫН ДАРГА Б.ЦОГТНАРАНГИЙН АРД ХЭН БАЙДАГ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188