• Өнөөдөр 2025-12-25

САНГИЙН ЯАМНЫ ТНБД-Д ЗҮТГЭЖ БУЙ ДАРГА СУУДЛЫН ДАЛЛАГАТАЙ М.БАЯРМАГНАЙН ҮНЭН ТӨРХ

2025-12-25,   194

     Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг өнгөрсөн долоо хоногт ажлаас нь чөлөөлсөн. Харин түүний оронд Төрийн нарийн бичгийн даргаар М.Баярмагнай гэгчийг томилохоор тогтож, тохиромжтой цагийг хүлээж байгаа гэх мэдээлэл дуулдах болов. Хөдөө аж ахуй, Байгаль орчин, Эрчим хүч гэх гурван яам дамжин ямба эдэлж асан М.Баярмагнай энэ удаа Сангийн яамыг “онилсон” бололтой юм.  

Алдарт Т.Бадамжунайтай хамт 500 саяын хэрэгт шалгагдаж явсан “гарынх нь шавь”

     Засгийн газрын “Шувуу” ажиллагаагаар Филиппинээс сүр дуулиантай баривчлагдаж ирсэн Т.Бадамжунайг танихгүй хүн үгүй биз. Түүний үйлдсэн хэргүүдийн талаар үлгэр домог мэт л ярьцгаадаг. Ялангуяа ЖДҮХС-г анх бий болгож, тус санг тонох технологийг төгөлдөршүүлсэн хүн нь алдарт Т.Бадамжунайг гэдэг. Харин “гүйцэтгэгч” нь М.Баярмагнай байсан. Тодруулбал, 2009 онд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тушаал гаргаж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг байгуулсан. Ингээд төрд нэг ч өдөр ажилласан туршлагагүй М.Баярмагнай гэх залууг авчраад яамныхаа харьяанд байгуулсан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан\ЖДҮХС\-гийн захирлаар тавьсан байдаг. 
 
       ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай М.Баярмагнайг ЖДҮХС-гийн захирлаар гурван жил ажиллуулаад, яамныхаа Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилсон. Удалгүй 2012 оны УИХ-ын сонгууль болж, АН олонх болсноор Сү.Батболдын оронд Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсан. Ингээд ХХААХҮЯ-нд “ноёрхож” байсан Т.Бадамжунай, М.Баярмагнай хоёр хөтлөлцөөд ХХААХҮЯ-наас явсан. 
Тайлбар: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, ЖДҮХС-гийн захирал М.Баярмагнай, 2011 он, Итали улс
 
ХХААХҮ-ийн сайдын ажлаа өгсөн Т.Бадамжунай эртний хамтрагч М.Энхболдыгоо бараадаж, МАН-ын төв байр руу буурь сэлгэсэн. Харин М.Баярмагнай ажлаа өгсөн даруйдаа Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга болж, “зугтах” шахам Баянхонгор руу нүүсэн. 
 
Ноцтой нь, удалгүй УМБГ-ын  Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Т.Бадамжунай, М.Баярмагнай хоёрыг шалгаж эхэлсэн. 2012 оны аравдугаар сарын 11-нд Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай хэвлэлийн хурал хийхдээ “ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан М.Баярмагнай нарт холбогдуулж Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн” гэж мэдэгдсэн байдаг. Ингэхдээ “Т.Бадамжунай, М.Баярмагнай хоёрыг ХХААХҮЯ-ны харьяа ЖДҮХС-гийн 500 сая төгрөгийг бусдын дансаар дамжуулан завшсан гэх асуудлаар шалгаж эхэлсэн” гэж байв. Одоогийн улстөрчдийн авлига, хулгайн мөнгө тэрбумаар яригддаг болсон ч тухайн үедээ бол 500 сая төгрөг асар их мөнгө. Гэвч “500 саяын” гэх энэ хэрэг хаана хэрхсэн нь тодорхойгүй мартагдсан. Магад, М.Баярмагнай яамны ажлаа өгсөн даруйдаа яаран сандран Баянхонгор руу нүүсэн шалтгаан нь энэ хэрэг байсан ч байж болно. 
 
       М.Баярмагнай Баянхонгор аймгийн МАН-ын хорооны даргаар хоёр жил ажиллаж, амьдарч байгаад асуудал намжсаны дараа буюу 2014 онд буцаж ирсэн. Ирээд 2016 он хүртэл өөрийн “ЮП” ХХК-ийг удирдаж, “ДЦС-3” ТӨХК-ийн баруун хойно “Дэлгэрэх” нэртэй хотхон барьж эхэлсэн. “Дэлгэрэх” хотхоных нь тухай доор дэлгэрэнгүй өгүүлнэ. 
 
Ингэж байтал 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН ялсан. Улмаар сонгуулийн дараа МАН-ын дарга М.Энхболд эртний хамтрагч Т.Бадамжунайтайгаа хамтран төрд баруун солгойгүй томилгоо хийж эхэлсэн. Мэдээж, Т.Бадамжунай өөрийн “бойжуулсан” М.Баярмагнайг Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилж, төрд эргүүлэн оруулсан ирсэн байдаг. Ингээд М.Баярмагнай Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар гурван жил ажиллаж, дараа нь БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, ЗГХЭГ-ын Дэд дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, Эрчим хүчний дэд сайд болтлоо дэвшсэн байдаг. 

Өөрийнх нь ЖДҮ-ийн “жижиг” зээл

       М.Баярмагнай алдарт Т.Бадамжунайн “урилга”-аар ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гийн захирлаар гурван жил ажилласан, төрийн томчууд ЖДҮ-ийн зээлийг яаж явдаг, яаж эргэн төлөхгүй замхруулдгийг хамгийн сайн мэддэг хүн гэдгийг эхэнд тайлбарласан. 
 
Тэгвэл М.Баярмагнай 2015 онд “Унира пропертийз” ХХК-ийг эзэмшдэг болж, улмаар ЭХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга байхдаа буюу 2017 оны долдугаар сард “Унира пропертийз” ХХК-аараа цаасны үйлдвэр байгуулах төслөөр ЖДҮХС-гаас 150 сая төгрөгийн зээл аваад алга болсон. Улмаар 2018 онд МАН-ынхны ЖДҮХС-г цөлмөсөн дуулиан дэгдэж, зээлдэгч компаниудын нэрсийн жагсаалт дунд М.Баярмагнайн “Унира пропертийз” ХХК-ийн дурайтал гарч ирсэн ч тэр тун цэвэрхэн мултарч дөнгөсөн байдаг. 
 

Төрд ажиллах эрхээ хоёр жилээр хасуулж, 10 саяар торгуулсан Хөгжлийн банкны хэргийнх нь цаад учир...

         2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаас ЭХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Баярмагнай 2018 оны тавдугаар сард Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар томилогдож, хоёр том албан тушаал зэрэг хаших болсон. 
 
Ноцтой нь, М.Баярмагнай Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, “Мондулаан трейд” ХХК-д 15 тэрбум төгрөгийн зээл, “Бэрэн групп” ХХК-д 4.5 сая ам.долларын зээл олгуулсан гэх хэрэг нь илэрч, 2023 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкны хэрэгт яллагчаар татагдсан байдаг. 
 
        Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Баярмагнайн Хөгжлийн банкны хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, М.Баярмагнайгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон. 
 
Ингээд өнгөрсөн есдүгээр сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд шүүгдэгч М.Баярмагнайг Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж 10 сая төгрөгөөр торгохоор ялласан байдаг. 
 
Анзаарах ёстой нэг логик бий. М.Баярмагнай Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Бэрэн групп” ХХК-д 4.5 сая ам.доллар олгосон хэргээр ял сонссон. Хөгжлийн банкнаас “Бэрэн групп” ХХК-д олгосон мөнгө эцэстээ Т.Бадамжунайтай холбогдох баримтууд гарч ирсэн. Харин Т.Бадамжунай нь М.Баярмагнайг төрд анх оруулж ирж “бойжуулсан” хүн. 
 
Тодруулбал, Хөгжлийн банкны хэргийн нээлттэй сонсголоор “Бэрэн групп” ХХК-ийн эзэн Б.Мөнхтөр нь 2018 онд Макао болон Сингапурын казино дахь АМТ-ээс их хэмжээний бэлэн мөнгө гаргаж авсан баримт ил болсон. Улмаар сонсгол даргалагч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бэрэн групп” ХХК-ийн эзэн Б.Мөнхтөрөөс “Та казино тоглодог уу. ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг таних уу. Та тэр хүнтэй Макао, Сингапурт таарч байсан уу” гэж асуухад Б.Мөнхтөр “Би Т.Бадамжунайг танина. Сингапурт таарч байсан” гэж хариулсан байдаг. Өөрөөр бол, М.Баярмагнай Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга байхдаа Т.Бадамжунайгийн "гуйлт"-аар "Бэрэн групп" ХХК-д зээл олгох шийдвэр гаргасан уу гэдэг асуулт, бас логик гарч ирж байгаа юм. 
 

Хадмууд ба хувийнх нь бизнес

       М.Баярмагнайгийн хадмууд нь “Өргөө” амаржих газрын урд байрлах “DHL” гэх 10 давхар хар шилэн барилгын эзэд. Хадам аав Б.Одгэрэл эрүүл мэндийн салбарын 950 гаруй тендерт оролцож, талаас илүүд нь шалгарсан “Айвико-Интернэшнл” ХХК-ийн эзэн, улс төр, бизнест нөлөөтэй нэгэн. Бас Б.Одгэрэл нь УИХ-ын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч О.Чулуунбат агсны бизнесийн ганц хамтрагч нь байсан. Хоржоонтой нь, Б.Одгэрэлийн хүргэн М.Баярмагнай Эрчим хүчний дэд сайдаар, О.Чулуунбат агсны хүргэн Г.Түвдэндорж Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамт ажиллаж байв. 
 
Харин М.Баярмагнайн эхнэр О.Хулан нь олон улсын ачаа тээврийн “Ди Эйч Эл глобал форвардинг монгол” ХХК-ийг эзэмшиж, удирддаг. М.Баярмагнайн эхнэрийн “Ди Эйч Эл глобал форвардинг монгол” ХХК нь Батлан хамгаалах яамны улс дамнасан ачааг тээвэрлэх тус бүр нь тэрбум давсан төсөвтэй дөрвөн тендер оролцож байсан. Эрчим хүчний дэд сайд байх үедээ М.Баярмагнай эхнэрийнхээ “Ди Эйч Эл глобал форвардинг монгол” ХХК-ийнхаа нэр дээр урд хил дээр буюу Замын-Үүд чөлөөт бүсэд 5.0 га газартай болж амжсан байдаг.
 
        Харин М.Баярмагнай өөрийнхөө нэр дээр “ЮП” ХХК-ийг эзэмшдэг. “ЮП” ХХК-аараа 2015-2018 онд ХУД-ийн 3-р хороо, “ДЦС-3” ТӨХК-ийн баруун хойно 1.2 га газар дээр тус бүр 12 давхар, зургаан блок бүхий 650 айлын “Дэлгэрэх” нэртэй хотхоныг барьж худалдсан. Эргэн санавал, 2017 оны есдүгээр сард “Дэлгэрэх” хотхоны барилга дээр ажиллаж байсан 27 настай Хойд Солонгос залуу өндрөөс унаж амиа алдсан хэрэг хэвлэлээр нэг шуугиж байлаа. Тэгвэл тэр дуулиант “Дэлгэрэх” хотхоныг бариулсан эзэн нь одоогийн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад яригдаж буй М.Баярмагнай гэсэн үг. 
 
“Дэлгэрэх” хотхоны асуудал ингээд дуусахгүй. Тэртээ 1929 онд хүүхэд залууст цэрэг, зэвсэг техникийн боловсрол олгох, болзошгүй дайнд бэлтгэх, эх оронч үзлээр хүмүүжүүлэх үүрэгтэйгээр байгуулагдсан “Батлах хамгаалахад  туслах нийгэмлэг” гэх байгууллага бий. Социализмын үеэс “Батлах хамгаалахад туслах нийгэмлэг”-т 8.0 га эзэмшил газар, шүхэр, буудлагын талбай, морин болон авто спортоор хичээллэх техник хэрэгсэл, олон тооны оффис, слакадны зориулалттай барилга, байгууламжууд гээд асар их өмч хөрөнгө өвлөгдөж үлдсэн. Гэтэл 1990-ээд оны сүүлчээр “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг”-ийг хурандаа Д.Дашзэвэг гэх хүн удирдах болж, өмч хөрөнгөнд нь эзэн суусан. Эцэст нь, хурандаа Д.Дашзэвэг “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг”-ийн үлдсэн жаахан газраас 1.2 га газрыг нь төрсөн дүү Д.Дашцэрэндээ тасалж өгч, Д.Дашцэрэн нь М.Баярмагнайтай хамтран түүний “ЮП” ХХК-аар “Дэлгэрэх” хотхоныг барьж худалдсан түүхтэй. 
 
Хоржоонтой нь, хожим Д.Дашцэрэнгийн халаас нэгтэй хамтрагч М.Баярмагнай Эрчим хүчний дэд сайд, Д.Дашцэрэнгийн худ Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайд болж, хоёр жил хоршиж байв. 
 

САНГИЙН ЯАМНЫ ТНБД-Д ЗҮТГЭЖ БУЙ ДАРГА СУУДЛЫН ДАЛЛАГАТАЙ М.БАЯРМАГНАЙН ҮНЭН ТӨРХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 08:56:51
    124: жинхэнэ мафийн сүлжээ байна шд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-12-25 08:38:52
    Иргэн: Хулгайч. Хулгайчууд. Хулгайч биш гэх үү? Хулгайч нар.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188