• Өнөөдөр 2025-12-23

ТАНИЛЦ: ХУДАЛДААНЫ ЗАХЫН БОССООС ХАМГИЙН ТОМ САЛБАРЫН ДЭД САЙД БОЛЖ ДЭВШСЭН Б.ЭНХТҮВШИН

2025-12-23,   330

        Шар нь ассан машинууд шатахуун түгээх станц дээр шөнөжин оочерлосоор өглөө болголоо. Хомсдол нүүрлэж, хот хөдөөгүй “0” зогсчихоод байхад АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, дэд сайд Б.Энхтүвшин, Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв гурав “ОХУ-аас олон вагон шатахуун орж ирж байгаа, одоо яг бууж байгаа” гэх тайлбараа тоть шиг давтсаар. 
 
Тэгвэл бид шатахууны хомсдолыг “хар толгой”-гоороо хариуцаж буй сайд, дарга нарыг цувралаар танилцуулж буй. Өмнө нь бид АҮБЭ-ийн сайд Г.Дамдинням болон “хурган” дарга нарыг нь танилцуулсан. Энэ удаад АҮЭБ-ийн дэд сайдаар томилогдоод тав хонож буй Б.Энхтүвшин гэгчийг танилцуулахаар бэлтгэлээ. 
 
Татварын байцаагчаас Дэд сайд хүртэлх товч намтар
 
      Ааваараа Завхан аймгийн Завханмандал, ээжээрээ Баянхонгорын Бууцагааных. Татварын албанд 21 жил ажилласан. 2016 онд Баянхонгор аймгийнхаа МАН-ын хорооны дарга, “MCS”-ийн Дэд ерөнхийлөгч асан Л.Элдэв-Очироос нэр дэвших мандат авч, Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, 2020 онд улирсан.  
 
Өнгөрөгч 2024 оны хавар Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дэд дарга гэх гурван давхар сэтэртэй болж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бэлдэж эхэлсэн. Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн, Эрүүл мэндийн сайд асан С.Чинзориг нарыг дагаж Архангай, Өвөрхангай, Баянхонгороор бүтэн тойрсон. Гэвч Б.Энхтүвшингийн УИХ-ын гишүүн болох горьдлого бүтэлгүйтэж, МАН-аас мандат авч чадалгүй хасагдсан. Ингээд 2024 оны намар Баянхонгор аймгийнхаа ИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдсон. Өдгөө Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн албаа хаячихаад, УИХ-ын гишүүн болж чадаагүй гомдлоо тайлж, АҮЭБ-ийн дэд сайдаар томилогдоод сууж буй. 
Боловсролын тухайд, 1991 онд Завханы коллежид хоёр жил сурч, эдийн засагч болсон. Дараа нь 1998 онд МУИС-ийн Татварын эдийн засагчаар төгссөн гэдэг ч төгсөгчдийн жагсаалтад нэр нь байдаггүй. Ямартай ч, Тагнуулын дээд сургуулийг УИХ-ын гишүүн асан Л.Энхболдтой хамт 2007 онд, Удирдлагын академийг ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай хамт 2013 онд тус тус төгссөн.
 
Баянхонгорыг “эзэгнэсэн” бизнес
 
      “Буянт богд трейд” ХХК нь Баянхонгор аймагт “Буянт богд” худалдааны зах ажиллуулдаг. Таван давхар тус зах нь 340 гаруй лангуу түрээслэгчтэй. Харин “Буянт богд өргөө” ХХК нь “Буянт богд өргөө” зочид буудалд ажиллуулдаг. Төрсөн дүү Б.Ганцэцэг, хүү Э.Нямдэлгэр хоёр нь “Буянт богд хүнс” ХХК-ийг эзэмшдэг. “Буянт богд хүнс” ХХК нь Баянхонгорт “Буянт ” гэх супермаркет ажиллуулдаг. Товчхондоо, АҮЭБ-ын Дэд сайд Б.Энхтүвшин Баянхонгортоо худалдааны зах, зочид буудал, супермаркеттай. 
 
“Буянт богд хүнс” ХХК-ийг хамтран эзэмшигч, төрсөн дүү Б.Ганцэцэг нь Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед ЗГХЭГ-ын Дотоод ажил, хууль тогтоомжийн биелэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Харин төрсөн дүү Б.Ганцэцэгийнх нь нөхөр буюу хүргэн  Б.Жамбал нь өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Товчхондоо, хадам, хүргэн хоёулаа хоёр Ерөнхий сайдад ээлжлэн "эрхэлж" байна гэсэн үг. 
Хувьчлалын “хар түүх”-тэй авга ах
 
      Аав Г.Бэгзсүрэнгийнх нь төрсөн ах буюу авга ах Г.Маналжав нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын Нарийн бичгийн даргаар ажиллаж,  Хотын дарга М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяртай хамгийн ойр шадарлаж байсан. Нэг жишээ дурдахад, Г.Маналжав нь Нийслэлийн өмч хувьчлалын комиссын Нарийн бичгийн дарга байхдаа Нийслэлийн Засаг дарга, “алим” хочит Ц.Батбаяртай хамтран Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт “Өргөө” зочид буудлыг хувьчилж өгсөн хэргээр 2014 онд шүүгдэж байлаа. Одоо ч Н.Энхбаяраас “Өргөө” зочид буудлыг салгаж авч чадаагүй бөгөөд Хотын дарга Х.Нямбаатар сүүлийн үед эрчимтэй нэхэж буй. 
 
Цаашилбал, авга ах Г.Маналжав нь Нийслэлийн өмч хувьчлалын комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа буюу 2007 онд хүү М.Мандахынхаа эхнэр Ч.Ариунжаргалын “Сэлбэ ресорт” ХХК-д Бэлхийн аманд байх “Сэлбэ” хүүхдийн зусланг хувьчилж өгсөн асуудал ч бий. Хожим нь, Ч.Ариунжаргал нь алдарт Х.Мандахбаяртай хамтрагчид болж, Х.Мандахбаяр нь “Сэлбэ” хүүхдийн зусланг тойруулаад “Grand marshal” хотхоноо босгосон байдаг. Дэлгэрүүлбэл тусдаа том сэдэв болно. 
 
Анхаарах ёстой ашиг сонирхлын зөрчил
 
     АҮЭБ-ын дэд сайд Б.Энхтүвшингийн багын найз Ц.Доржсүрэн гэх хүн бий. Жишээ нь, Б.Энхтүвшин Баянхонгорт нэр дэвшихээр тойглож явахдаа төрөлх Бууцагаан сумынхаа баримтат киног найз Ц.Доржсүрэнтэйгээ хамтран хийж байлаа. Дараа нь, 2018 онд Б.Энхтүвшин “Буянт богд трейд” ХХК-ийн “Буянт богд” худалдааны захыг найз Ц.Доржсүрэнгийнхээ “Рокпэйнт групп” ХХК-аар бариулж байлаа. Ноцтой нь, Б.Энхтүвшингийн Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсноос хойш найз Ц.Доржсүрэнгийнх нь “Рокпэйнт групп” ХХК нь Баянхонгорын аймгийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн том тендерүүдийг авдаг болсон. 
 
Цаашилбал, Үеэл М.Мандахынх нь “Аржма мөнх” ХХК нь энэ онд Төрийн банканд бичиг хэргийн материал нийлүүлэх 1.2 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байна.
 
 

ТАНИЛЦ: ХУДАЛДААНЫ ЗАХЫН БОССООС ХАМГИЙН ТОМ САЛБАРЫН ДЭД САЙД БОЛЖ ДЭВШСЭН Б.ЭНХТҮВШИН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188