• Өнөөдөр 2025-08-05

УЛСЫН ТӨСВӨӨР УГЖУУЛЖ, УИХ-ЫН ГИШҮҮДЭЭР ТЭТГҮҮЛСЭН УВС-100-ГИЙН ЭРГЭН ТОЙРОНД

2025-08-05,   77

        Увс аймгийн 100 жилийн ой улсын баяр наадмаас ч нижгэр болж өнгөрсөн. УИХ дахь Увсын угшигтай гишүүд улсын төсвийг тийш нь хайр гамгүй урсгасан учраас тэр л дээ. Ерөөс тэрбумгүй юм тэнд байсангүй. Гол зохион байгуулагчаар нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ажиллаж, улсын төсвийг “Хурд групп”-ийнхаа данс шиг л “сэгсэрчээ”. Улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгөөр Улаангом сумын цэнгэлдэхийн гадна асфальт асгатлаа “галзуурсан” байх юм, Б.Чойжилсүрэн. Харин АН-аас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл түүнтэй хоршиж, АН-ынхаа сайдуудыг Засгаас хөөгдөхөөс өмнө амжаад хэдэн тэрбум төгрөг залгажээ. Энэ мэтээр Увсын 100 жилд УИХ-ын гишүүд АН, МАН-гүй хоршиж, улсын төсвийг урсгажээ. 

УВСЫН 100 ЖИЛД ЗОРИУЛДЖ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН УЛСЫН ТӨСВӨӨС “ЗОХИЦУУЛСАН” МӨНГӨНИЙ ЖАГСААЛТ

- Увс аймгийн 100 жилийн ойд зориулж Цэнгэлдэх хүрээлэн хүртэлх 2.8 км авто замыг улсын төсвийн 3.6 тэрбум төгрөгөөр тавьсан. Энэхүү 3.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгах ажлыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Заяабал гурав зохицуулсан. Харин тендерт нь УИХ-ын гишүүн асан Х.Баделханы хүү Б.Көксегены “Жол” ХХК нь шалгарч, авто замын ажлыг гүйцэтгэсэн.  
 
- Цэнгэлдэх хүрээлэнгийн тайз, дэлгэц, хөгжим гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжийг улсын төсвийн 4 тэрбум төгрөгөөр худалдан авч угсарсан. Энэ ажлыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн улсын төсвийн хөрөнгөөр зохицуулсан. 
 
- Увс аймгийн 100 жилийн ойд зориулан нийтийн 00 барих, зөөврийн 00 байрлуулах ажлыг улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгөөр хийсэн. УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн багцаас гаргуулсан. 
 
- Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна 1 тэрбум төгрөгөөр ногоон байгууламж хийсэн. Энэ мөнгийг УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хөөцөлдөж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурийн багцаас буюу улсын төсвөөс гаргуулсан. 
 
- Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна хатуу хучилттай авто зогсоол 3.5 тэрбум төгрөгөөр байгуулсан. Энэхүү мөнгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн багцаасаа буюу улсын төсвөөс зохицуулсан. 
 
- Увс аймгийн 100 жилийн ойд зориулан Улаангом сумын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх ажлыг 2.0 тэрбум төгрөгөөр хийсэн. Энэ ажлыг Б.Чойжилсүрэн зохицуулсан.
 
- Увс аймгийн 100 жилийн ойд зориулан Ю.Цэдэнбалын талбайг улсын төсвөөс 1.2 тэрбум төгрөгөөр тохижуулсан. Энэ 1.2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргах ажлыг ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, Тэргүүн шадар сайд Н.Учрал хоёр хөөцөлдөж зохицуулсан. Харин тендерт нь Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан Ө.Барсүрэнгийн төрсөн дүү Б.Бат-Очирын “Цэнхэр тэнгэрийн орон оч” ХХК шалгарч, талбайг тохижуулсан. Ө.Барсүрэн гэгч нь Увсдаа Ч.Хүрэлбаатарын баруун гар гэгддэг. 
 
- Увс аймгийн 100 жилийн ойд ирэх жуулчдад зориулж Рашаан хүртэлх 2.4 км сайжруулсан шороон засмал замыг улсын төсвийн 1 тэрбум төгрөгөөр тавьсан. Энэхүү 1 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгах ажлыг Увс, Ховд, Говь-алтай, Завханы тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зохицуулсан. Ингээд болоогүй, ирэх онд Б.Пүрэвдорж улсын төсөвт нэмж 2.5 тэрбум төгрөг суулгаж, энэхүү 2.4 км сайжруулсан шороон засмалыг хатуу хучилттай авто зам болгохоор амласан.  

УВСЫН 100 ЖИЛД УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ӨРГӨСӨН ХАНДИВ

 
- УИХ-ын гишүүн У.Отгонбаяр- 5 сая төгрөг \Увс аймгийн Ховд сумын хүргэн\
 
- УИХ-ын гишүүн М.Мандхай- 20 сая
 
- УИХ-ын гишүүн Х.Болормаа- 20 сая
 
- УИХ-ын гишүүн П.Сайнзориг- 20 сая төгрөг \Сагил сум\
 
- УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар- 50 сая төгрөг \Наранбулаг сум\
 
- УИХ-ын гишүүн Б.Заяабал- 50 сая төгрөг \Улаангом\
 
- УИХ-ын гишүүн Н.Учрал- 100 сая төгрөг \Зүүнговь сум\
 
- УИХ-ын гишүүн С.Амарсайхан- 100 сая төгрөг \Бөхмөрөн сум\
 
- УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл- 400 сая \Тэс сум\
 
- УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн- 500 сая \Улаангом\
 
- УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр- Увс аймгийн 100 ойн наадмын хаалтын шоуг ивээн тэтгэсэн. Хаалтын төсөв-300 сая төгрөг.
 
- УИХ-ын гишүүн Б.Түвшин- Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмын шүдлэнгийн уралдааны 99.7 сая төгрөгийн бай шагналыг ивээн тэтгэсэн. 
 
- УИХ-ын гишүүн Д.Батбаяр- Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан “Цэнхэр тэнгэрийн хүлэг” морины цогцолборыг 500 сая төгрөгөөр бариулсан. Мөн азарганы уралдааны 120 сая төгрөгийн бай шагналыг ивээн тэтгэсэн. Нийт 620 сая төгрөг. 
 
- УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан- Увс аймгийн 100 ойн ном хэвлүүлэх ажлыг дааж, өөрийн “Соёмбо принтинг” ХХК-иар 150 сая төгрөгөөр хэвлэсэн. 
 
- УИХ-ын гишүүн Э.Болормаа- Увс аймгийн 100 жилийн ойд зориулан Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөг 200 сая төгрөгөөр босгосон. Ингэхдээ УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржтой хамтарсан. 

ХҮНДЭТГЭЛИЙН ХААЛГЫГ 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАРЬСАН “ХАР ТАРВАГАТАЙ”-Н ЭЗЭН Д.СУРМААЖАВ ГЭЖ ХЭН БЭ

      Увс аймгийн 100 жилийн зориулсан угтах, үдэх хүндэтгэлийн хаалгыг “Хар тарвагатай” ХК-ийн захирал Д.Сурмаажав 1.2 тэрбум төгрөгөөр барьсан. Ингэхдээ Д.Сурмаажав 40 жил буюу бүх насаараа хурааж хадгалсан мөнгөөрөө Увс нутгийнхандаа хаалга бариад өгчихсөн мэтээр өөрийгөө сурталчилсан. Үнэндээ түүний Увсаас 20 гаруй жил ухаж байгаа нүүрстэй нь харьцуулахад 1.2 тэрбум төгрөг тийм ч их мөнгө биш болов уу. 
 
        Тодруулбал, Дармаагийн Сурмаажавын “Хар тарвагатай” ХК нь Увс аймгийн Тариалан сумын нутагт орших 25 сая тонн нөөцтэй Хар тарвагатайн нүүрсийг ордыг эзэмшдэг бөгөөд Увс, Ховд аймгийн нүүрсийн хэрэгцээг хангадаг. Анх Хар тарвагатайн нүүрсний орд буюу “Хар тарвагатай” ХК-ийг 1998 онд төрөөс хувьчилж авсан гэдэг. Ингээд болоогүй, Д.Сурмаажав 2003 онд Увс аймгийн Дулааны станцыг хувьчилж авч “Увс дулааны станц” ХХК болгосон. Дараа нь 2005 онд Ховд аймгийн Дулааны станцыг хувьчилж авч “Бадамлах дөл” ХХК болгосон. Энэ хоёр дулааны станцын цаана хувьчлал нэртэй авлигал явагдсан гэж Увс, Ховдын учир мэдэх хүмүүс одоо ч ярьцгаадаг. Жишээ нь, Д.Сурмаажав 2005 онд тухайн үеийн Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваатай “хуйвалдан” Ховд аймгийн Дулааны станцыг барилга байгууламж, шугам сүлжээтэй нь бүхэлд нь ердөө 139 сая төгрөгөөр хувьчилж авсан гэлцэх юм билээ. Өдгөө Д.Сурмаажав “Хар тарвагатай” ХК-иараа Увс, Ховд аймгийг нүүрсээр хангахаас гадна, хувийн хоёр станц болох “Увс дулааны станц” ХХК-аараа Увс аймгийн, “Бадамлах дөл” ХХК-аараа Ховд аймгийн айл өрх, албан байгууллагуудыг дулаанаар хангадаг. 

ТҮРҮҮ БӨХИЙГ “LEXUS-600”-ГААР БАЙЛСАН Г.БАТСҮХ ГЭЖ ХЭН БЭ

    Увс аймгийн 100 жилийн ойн бөхийн барилдааны түрүү бөхийг Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, “Дөнөн хөх групп” ХХК-ийн захирал Гэлгээгийн Батсүх “Lexus-600” автомашинаар байлсан. Улаанбаатарт Б.Чойжилсүрэнгийн шийрийг хатаах барилгын бизнесмен гэж Увсынхандаа магтуулж харагдсан. 
 
Тэгвэл “Дөнөн хөх групп” ХХК-ийн захирал Г.Батсүхийн нэгэн баримтыг цухас танилцуулъя. “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн Дүнжингарав худалдааны төвийн чанх урд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатарын “Женерал тек” ХХК-ийн барьж худалдсан “Чухаг” хотхон бий. Тус хотхоноос баруун тийш “Таванбогд”-ын эзэн Ц.Баатарсайханы төрсөн дүү Ц.Отгонбаатарын “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК-ийн “Эдү апартмент” хотхон бий. Харин энэ хоёр хотхоны голд нь “Монголиан энд глобал лоёорс” ХХК-ийн 10,044 ам метр газартай гурван блок, 15 давхар, 240 айлын “National park town” хотхон бий. “Монголиан энд глобал лоёорс” ХХК-ийг Увсын 100 жилийн түрүү бөхийг Lexus-600 автомашинаар байлсан Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Гэлгээгийн Батсүх, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, УЕПГ-ын Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Бат-Орших хоёр хамтран эзэмшдэг. Б.Бат-Орших Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүү. Тиймдээ ч Б.Бат-Орших нь Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокурор, ХЗДХ-ийн сайд болж мандаж явах үед Улсын ерөнхий прокурорын туслах, Нийслэлийн прокурор, УЕПГ-ын Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга гэх мэт өндөр албан тушаалуудыг хашиж байсан. Түүгээр зогсохгүй, Д.Дорлигжав Улсын ерөнхий прокуророос буухдаа өөрийнхөө оронд Б.Бат-Оршихыг Улсын Ерөнхий прокуророор томилуулахаар зүтгүүлж байсан. Яагаад ингэж дурсав  гэхээр, Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатарын хотхонтой Д.Дорлигжавын дүү Б.Бат-Орших, Г.Батсүх хоёрын хотхон хаяа залгаж байгаа нь санаандгүй тохиолдол байж болох уу гэж асуух гээд байгаа юм. Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав хоёр 30 гаруй жилийн өмнөөс өдий хүртэл хагацашгүй явж ирсэн хамтрагчид. Гэтэл дүү нар нь хаяа дэрлүүлээд хотхон бариад худалдчихсан байдаг. Өөрөөр бол, Д.Дорлигжавын “буруу гар”-аар олж авсан газар бас мөнгийг Зүүнговь сумынх нь дүү нар болох Б.Бат-Орших, Г.Батсүх хоёр хотхон барих замаар угаасан байж ч болзошгүй дүр зураг эндээс тодордог. 
 

УЛСЫН ТӨСВӨӨР УГЖУУЛЖ, УИХ-ЫН ГИШҮҮДЭЭР ТЭТГҮҮЛСЭН УВС-100-ГИЙН ЭРГЭН ТОЙРОНД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188