Эргэн санавал, 2023 оны хавар УИХ-ын гишүүн, түүний хамаарал бүхий этгээдүүд буюу эцэг, эх, эхнэр, нөхөр, төрсөн эгч, ах, дүү нь төрөөс тендер авахыг хориглосон хуультай болсон. Тухайн үедээ “УИХ-ын гишүүд төрөөс тендер түүж, тэрбумтан болдог бусармаг явдлыг таслан зогсоолоо” гэж ард түмнээр баахан алга ташуулж байв.
Атал УИХ-ын гишүүдийн тендер авах арга нь төсөөлөмгүйгээр нарийсчээ. Хууль чангарахаар хулгайчийн арга нарийсдаг гэдэг. Үнэхээр ч үнэн юм байна. Тэд баригдахгүйгээр тендер авах олон янзын арга “туршиж” байгаагаас УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын өндөр настай хүний нэр ашиглах арга тун амжилттай болжээ. УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын энэхүү “ичгүүрт” аргыг баримтаар танилцуулъя.
УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын аав Ө.Пүрэвбаатар 2007 оноос хойш “Комфорт-Импекс” ХХК-ийг эзэмшиж ирсэн. Өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуулиар П.Мөнхтулгын сурталчилгааны санхүүжилт ч аав Ө.Пүрэвбаатарынх нь “Комфорт-Импэкс” ХХК-аас гарсан байдаг.
Тэгвэл 2025 оны хоёрдугаар сарын 13-нд “Комфорт-Импэкс” ХХК-ийн эзэмшигчээр Цэдэнгийн Шарав гэж хүн бүртгэгдсэн. УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын аав Ө.Пүрэвбаатар “Комфорт-Импэкс” ХХК-ийн бүртгэлээс ор мөргүй алга болж, огт өөр хүний компани болж хувирсан гэсэн үг. Улмаар “Комфорт-Импэкс” ХХК-ийн эзэмшигч өөрчлөгдсөнөөс яг 14 хоногийн дараа буюу 2025 оны хоёрдугаар сарын 27-нд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас Нийслэлийн Багануур дүүрэгт ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж барих 25.8 тэрбум төгрөгийн тендер зарласан. Ингээд энэхүү 25.8 тэрбум төгрөгийн тендерт “Комфорт-Импэкс” ХХК шалгарсан байгаа юм.
.PNG)
.PNG)
Тэгвэл “Комфорт-Импэкс” ХХК-ийн шинэ эзэмшигч Цэдэнгийн Шарав гэж хэн бэ. Судлаад үзвэл, УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын өвөө буюу аав Ө.Пүрэвбаатарынх нь аав Цэдэнгийн Өлзийхутаг гэж хүн байсан. Харин Ц.Өлзийхутагийн төрсөн ах буюу Ө.Пүрэвбаатарын авга ах нь Цэдэнгийн Шарав гэж хүн бий. Ө.Пүрэвбаатар нь хүүхэд ахуйгаасаа авга ах Ц.Шарав дээрээ өссөн. Тиймдээ ч өдгөө 90 хүрч яваа өндөр настай авга ах Ц.Шаравыгаа Ө.Пүрэвбаатар асарч, хамт амьдардаг.
Тэгэхээр УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Багануур дүүрэгт цэвэрлэх байгууламж барих 25.8 тэрбум төгрөгийн тендер удахгүй зарлагдах гэж байгааг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсууриас мэдсэн. Хоёулаа АН-ынх учраас энэ зэргийг “нууц”-ыг хуваалцах нь мэдээж. Улмаар тендер зарлагдахаас 14 хоногийн өмнө П.Мөнхтулга аав Ө.Пүрэвбаатарынхаа “Комфорт-Импэкс” ХХК-ийг хамт амьдардаг өндөр настай авга ах Ц.Шаравынхаа нэр дээр бүртгүүлж, өөр хүний компани мэт болгож бэлдсэн. Ингээд Багануур дүүрэгт цэвэрлэх байгууламж барих 25.8 тэрбум төгрөгийн тендерт зарлагдмагц “Комфорт-Импэкс” ХХК-аа оролцуулж, харин Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам “Комфорт-Импэкс” ХХК-ийг төвөггүй шалгарсан байгаа юм.
Тайлбар: УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, аав Ө.Пүрэвбаатар, авга ах Ц.Шарав, ээж С.Төмөрчөдөр, дүү П.Оюунтөгс, П.Мөнхтөр
Тэгэхээр УИХ-ын гишүүн П.Мөнхтулга төрөөс 25.8 тэрбум төгрөг баригдахгүй авахын тулд асар нарийн зохион байгуулалттайгаар буюу өвөөгийнхөө төрсөн ах, өндөр настай Ц.Шаравыг ашигласан эл асуудлыг АТГ шалгах ёстой биз ээ. Мөн УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын ээж С.Төмөрчөдөрийн эзэмшдэг “Өгөөмөрбаян булаг” ХХК-ийн эзэмшигчээр саяхан өндөр настай өнөөх авга ах Ц.Шарав нь бүртгэгдсэн. Тун удахгүй “Өгөөмөрбаян булаг” ХХК нь төрөөс том тендер авахаар бэлтгэж байж болзошгүй байгааг анхааруулах нь зөв биз ээ.
УИХ-ЫН ГИШҮҮН П.МӨНХТУЛГА ААВЫНХАА КОМПАНИЙГ 90 НАСТАЙ АВГА АХЫНХАА НЭР ДЭЭР БҮРТГҮҮЛЖ, 25.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ |
|