Хамтарсан Засгийн газар дахь АН-ын сайдууд албан тушаалаар ангаж, цангаж байжээ, хөөрхий. Найман жил нэг ч сайдгүй, агентлагын дарга ч үгүй байсан АН-ынхан одоо бол албан тушаалаар гулгиж байна. Бүх л яамдын газар, хэлтэс, агентлагын албан тушаалуудыг бидонд хийж хорлоглоод, дуковт хийж шараад, ид найрлаж байна.
Хот байгуулалтын сайд Ж.Батсуурь 10 жилийн ангийн найз С.Төмөрхүүгээ Төрийн нарийн бичгийн дарга болгож, яамныхаа ямба бүр дээр Сүхбаатар аймгийнхныг авчирч тавьсан. Одоо бол Хот байгуулалтын яам уу, Сүхбаатар аймгийн захиргаа юу гэж андуурагдахаар болсон. Аж үйлдвэрийн сайд Ц.Туваан гэхэд ганц өгүүлбэр төдийхөн намтартай туслахуудаа, Төв аймгийнхнаа цөмийг нь дарга болгосон. Тэр байтугай, “Туваан сан”-гийн тэргүүн Ш.Ганхуяг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга болчихсон тууж яваа. Энэ яамдуудад яг мэргэжлийн гэвэл эрх дархгүй хэдэн мэргэжилтэн л үлдэж байх шиг. Ёстой л “сохор үхэрт худаг бүү үзүүл” гэгч энэ буюу.
Тэгвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа яамаа яг л “Баянгол дүүрэг” гэж андуурагдахаар болгоод хувиргачихжээ. Баянгол дүүргээс УИХ-ын гишүүнээр хоёр сонгогдож, Баянгол дүүргийн Засаг даргаар дөрвөн жил ажиллахдаа өөрийн болгож “гаршуулсан” үнэнч “цэрэг”-үүдээ цөмийг нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд дарга болгож тавьжээ. Улсын Ерөнхийлөгч нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ, тэгэхийн тулд тэрбум мод тарьна гээд дэлхий нийтэд амлалт өгчихсөн. Атал Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь туслах, зөвлөх, тойргийнхоо болон намынхаа “ажилгүйчүүд”-ийг яамандаа дарга болгож тавиад сууж байх нь зүйд нийцмээргүй.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМАН ДАХЬ БАЯНГОЛЫНХОН
БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан- АН-ын дарга асан, “Баянголын вант улс”-ын хаан С.Эрдэнийн “цэрэг” байсан хүн. С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байх үед тус яамны харьяа НДЕГ-ын даргаар ажиллаж байсан. Дараа нь С.Эрдэнэ төрийн тайзнаас буухдаа Ц.Уртнасанг С.Одонтуяагийн зөвлөх болгож “өвлүүлсэн”. Улмаар С.Одонтуяа өөрийн зөвлөх Ц.Уртнасанг Төрийн нарийн бичгийн дарга болж дэвшүүлээд буй нь энэ.
БОУАӨЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Дэлгэрбат- Сайд С.Одонтуяагийн тойрог буюу Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр АН-аас сонгогдон ажиллаж байсан.
БОУАӨЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Х.Мөнхзул- Сайд С.Одонтуяаг 2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг дарга байх үед Баянгол дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан.
БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт- 2020 оны УИХ-ын сонгуулиар Баянгол дүүрэгт АН-аас С.Эрдэнэ, С.Одонтуяа хоёртой хамт нэр дэвшээд унаж байсан.
БОУАӨЯ-ны Орчны бохирдлын хэлтсийн дарга Э.Урантогос- Сайд С.Одонтуяагийн шадар туслах байсан. С.Одонтуяагийн цүнх, цувыг барьж байснаас өөр төрийн гэх туршлагагүй.
БОУАӨЯ-ны Ногоон технологи, инновацын хэлтсийн дарга А-Чинбат- Сайд С.Одонтуяаг 2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг дарга байх үед Баянгол дүүргийн ЗДТГ-ын харьяа Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн даргаар ажиллаж байсан.
БОУАӨЯ-ны Хуулийн хэлтсийн дарга М.Солонго- Сайд С.Одонтуяаг 2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг дарга байх үед Баянгол дүүргийн ЗДТГ-ын хуулийн мэргэжилтэн байсан.
БОУАӨЯ-ны Санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч Д.Оюун-Эрдэнэ- Сайд С.Одонтуяаг 2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг дарга байх үед Баянгол дүүргийн ЗДТГ-ын Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн байсан.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМАН ДАХЬ АН-ЫНХАН
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа яамаа Баянголынхноор дүүргээр зогсохгүй, АН-ынхаа “ажилгүйчүүд”-ийг ч ажлын байраар хангаж буй.
Жишээ нь,
Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар АН-ын жагсаалтын 38-д бичигдээд, “хэтэрхий хойно бичигдлээ” гэж гомдсондоо нэрээ татаж байсан Л.Отгонцэцэг БОУАӨЯ-ны харьяа Байгаль орчны судалдаа, шинжилгээний төвийн захирлаар томилсон.
АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Хүүхэд, гэр бүлийн бодлогын хорооны дарга Х.Пүрэвсүрэнг БОУАӨЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирлаар томилсон.
АН-ын ҮБХ-ны гишүүн Ё.Цацралтуяаг БОУАӨЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирлаар томилсон.
БОУАӨЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын даргаар Ү.Энхтайваныг томилсон. АН-ыг засаг барьж байх үед буюу 2012-2016 онд Хотын даргаар Э.Бат-Үүлийн шууд удирдлага доор Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын орлогч даргаар ажиллаж байсан.
БОУАӨЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн хэлтсийн даргаар Н.Цогзолмааг томилсон. Хоржоонтой нь, хүний их эмч мэргэжилтэй, Эрүүл мэндийн яаманд мэргэжилтэн байсан гэхээс өөр намтаргүй.
Эцэст нь, Сайд С.Одонтуяагийн ашиг сонирхлын зөрчилтэй байж болох дахиад хоёр томилгоог байгааг дурдах нь зүйтэй.
Тухайлбал,
БОУАӨЯ-ны Эрсдэлийн удирдлагын хэлтсийн даргаар Сэрээтэрийн Энхболд
БОУАӨЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар Чойжоогийн Хандсүрэн нар тус тус томилсон. Хэлтсийн даргаар томилогдсон С.Энхболд, Ч.Хандсүрэн хоёрын төрийн албаны намтар нь Ашигт малтмал, газрын тосны газарт мэргэжилтэн байснаар эхэлдэг ажээ. Тэгвэл Сайд С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн нь 2012-2016 онд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байсан. Өдгөө Г.Өлзийбүрэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны Зөвлөхөөр ажиллаж байгаа. Тэгэхээр Г.Өлзийбүрэн өөрийн удирдаж асан АМГТГ-ын мэргэжилтнүүдээ эхнэр С.Одонтуяагийнхаа яаманд хэлтсийн дарга болгож “шахсан” байж болзошгүй дүр зураг гарч ирж байгаа юм.
САЙД С.ОДОНТУЯА БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМЫГ “БАЯНГОЛ ДҮҮРЭГ” БОЛГОЖ ХУВИРГАВ |
|