Сонгуулийн дараа салбарын яамдуудад эх адаггүй халаа, сэлгээ эхэлдэг. Шинэ сайдыг дагаж бүхэл бүтэн сүрэг тухайн яам руу нүүдэллэнэ. Намаасаа хэдэн хүн, нутгаасаа хэдэн хүн, найз нөхдөөсөө хэдэн хүн гэсээр нэг мэдэхэд яамных нь даргын албан тушаалууд дүүрнэ. Өнөөх дарга нар нь доорх мэргэжилтнүүдээ “мэрнэ”. Өө хайна, өөрт нь таалагдаагүй, өрвөлзөх хандлага цухалзуулбал халж хаячихаад, оронд нь хамаатныхаа хүүхдийг авчирна тавина, эсвэл туслахаа томилно. Сонгуулийн жилийн хавар хэн нэг даргын цув, цүнхийг бариад чавхдаж явсан залуу, эсвэл Тусгаар тогтнолын ордон, Шонхор тауэр хавиар дэгдэж явсан бүсгүй намар нь аль яаманд дарга болчихсон данхар жийп унаад даналзаж явах нь бий. Гэхдээ яам бүрд олон сайдын нүүр үзсэн, орлуулах аргагүй мэргэжилтнүүд бий. Өөрөө ч, өөрийнх нь томилсон дарга нар ч салбарынхаа талаар “А”-гүй учраас ажлаа мэддэг мэргэжилтнүүдийг үлдээх ёстой гэдгээ шинэ сайд ч, шинэхэн дарга нар ч эрх биш гадарлана.
Тэгвэл дөрвөн жил тутамд, бас засаг солигдох бүрд давтагддаг энэ халаа, сэлгээний “үзэгдэл” одоо яг оргил үедээ үргэлжилж байна. Харин тэргүүлж буй яам нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам бололтой. Учир нь, тус яамны Сайд Ж.Батсуурь, Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү хоёр 10 жилийн найзууд. Тэгээд болоогүй, С.Төмөрхүү нь Ж.Батсуурийн менежер, зөвлөхөөр нь он удаан ажилласан хүн. Тиймдээ ч Ж.Батсуурь, С.Төмөрхүү хоёр хэн хэнээсээ айж, ичих зүйлгүйгээр, харин ч хоршиж, халаа, сэлгээг хэтийдүүлж байгаа бололтой юм.
Эхэнд нь, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Сүхбаатарын Төмөрхүүг товч танилцуулъя. Сайд Ж.Батсуурь, Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү хоёр 1989 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 1-р сургуулийг хамт төгссөн, сурагчийн ширээний найзууд. 2020 оны УИХ-ын сонгуулиар Ж.Батсуурь Сүхбаатар аймагтаа анх нэр дэвшихэд С.Төмөрхүү сонгуулийн ерөнхий менежерээр нь ажилласан. Улмаар сонгуулийн дараа С.Төмөрхүү Ж.Батсуурийн зөвлөх сэтэртэйгээр саарал ордонд орж ирсэн. Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар Ж.Батсуурь нь АН-ын жагсаалтад бичигдэж, харин С.Төмөрхүү нь АН-аас зүүн бүсийн тойрог буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт нэр дэвшсэн. Мэдээж, жагсаалтад багтсан Ж.Батсуурь УИХ-ын гишүүнээрээ улирсан. Харин С.Төмөрхүү нь сураггүй ялагдсан. Гэсэн ч Хамтарсан Засгийн газарт Ж.Батсуурь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болсон. Улмаар Ж.Батсуурь өөрийн сурагчийн ширээний найз, сонгуулийн менежер, зөвлөх С.Төмөрхүүгээ яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга болгосон. Цахилгаанчин мэргэжилтэй, монтёрын намтартай С.Төмөрхүү найз Ж.Батсуурийнхаа татаасаар Төрийн нарийн бичгийн даргын сэнтийд заларсан түүх товчхондоо ийм. Сонирхуулахад, С.Төмөрхүү нь Сүхбаатар аймагтаа махны үйлдвэртэй, худалдааны захтай, мөн импортоор цагаан будаа оруулж ирдэг, АН-ынхан дотроо хөрөнгөөрөө хол хоцрохгүй нэгэн.
Тэгвэл одоо 10 жилийн найзууд болох Сайд Ж.Батсуурь, Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү хоёрын халаа, сэлгээг танилцуулъя.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар Сэд-Аюушжавын Батзаяа томилогдоод байгаа. С.Батзаяа нь сэтгүүлч, франц хэлний орчуулагч мэргэжилтэй. МҮОНРТ, Ийгл телевизэд сэтгүүлчээр, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж байсан. Улмаар 2022 онд АН-ын Үндэсний бодлогын хорооны Тамгын газрын дарга болж, өнгөрөгч УИХ-ын сонгуулиар АН-ын Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажилласан. Өөрөөр хэлбэл, С.Батзаяа нь Ж.Батсуурийг АН-ын жагсаалтад багтахад, С.Төмөрхүүг АН-аас зүүн бүсийн тойрогт нэр дэвшихэд хувь нэмрээ оруулсан. Ингээд сонгуулийн дараа Ж.Батсуурь сайд болмогцоо С.Батзаяаг яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилж, дэргэдээ авсан.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Отгоны Мөнхбаяр томилогдоод байгаа. О.Мөнхбаяр нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын ИТХ-ын төлөөлөгч, АН-ын Намын байгуулалтын газрын даргаар ажиллаж ирсэн. Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн өмнө О.Мөнхбаяр АН-ын Намын байгуулалтын газрын даргын хувиар намынхаа “Бүтэн Ардчилал” мөрийн хөтөлбөрийг танилцуулж, 21 аймгаар тойрсон. Шагналд нь Ж.Батсуурь сайд болмогцоо О.Мөнхбаярыг яамныхаа Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилсон.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хуулийн хэлтсийн даргаар Бямбабаатарын Сүхбат томилогдоод байгаа. Б.Сүхбат нь 2014 оноос хойш УИХ дахь АН-ын бүлгийн хуулийн референтээр ажиллаж байгаад 2016 онд АН-аас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын төлөөлөгчөөр, 2020 онд АН-аас Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Улмаар Ж.Батсуурь сайд болмогцоо Б.Сүхбатыг Хуулийн хэлтсийн даргаараа томилсон. Нам дагавал дарга болж болдгийн тод жишээ нь Б.Сүхбат болж байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хүний нөөцийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтнээр Нямдоржийн Чинзориг томилогдоод байгаа. Н.Чинзориг нь Сүхбаатар аймгийн хүргэн бөгөөд 2020 оноос хойш УИХ-ын гишүүн Н.Ганибалын шадар туслахаар ажиллаж, цүнх, цувыг нь барьсан залуу. Харин Н.Ганибал нь Ж.Батсуурийг Сүхбаатар аймгийн Засаг дарга байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, Ж.Батсуурь, С.Төмөрхүү хоёрын яамандаа хийж буй халаа, сэлгээ нууц байх ёстой учраас Хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтнээрээ нутгийнхаа хүүхдийг тавьсан нь энэ.
.JPG)
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвийн захирлаар Төрмөнхийн Пүрэвхатан томилогдоод байгаа. Т.Пүрэвхатангийн хувьд, 2020 оны УИХ-ын сонгуулиар АН-аас Хэнтийд нэр дэвшээд унасан. Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар мөн зүүн бүсийн тойрог буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт АН-аас нэр дэвшээд мөн л унасан. Улмаар Ж.Батсуурь сайд болмогцоо Т.Пүрэвхатанг зөвлөхөөрөө томилж дэргэдээ авсан. Аз болж, өнгөрөгч аравдугаар сард Ц.Даваасүрэнгийн “цэрэг”, Барилгын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Ц.Амарсанаа “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал болж шилжсэн. Ингээд Ж.Батсуурь яамныхаа харьяа Барилгын хөгжлийн төвийн захирлаар зөвлөх Т.Пүрэвхатангаа томилсон. Энэ албан тушаал яагаад Ж.Батсуурьд чухал гэхээр, улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл тусламжаар барих бүх барилгуудад хяналт тавих эрх нь Барилгын хөгжлийн төвд бий.

Цаашилбал, Ж.Батсуурь, С.Төмөрхүү хоёрын яамандаа хийх халаа, сэлгээ нь дээр дурдсанаар дуусахгүй бололтой юм. Хоёр өнцгөөр тайлбарлъя.
Нэгдүгээрт, одоогоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хөгжил, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газар нь даргагүй, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс нь даргагүй, Инженерийн дэд бүтцийн хэлтэс нь даргагүй, Төсөл хөтөлбөрийн хэлтэс нь даргагүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх газар, хэлтсийн өмнөх дарга нар нь чөлөөлөгдчихсөн, одоогоор орны томилгоо нь хийгдээгүй байна. Тэгэхээр тун удахгүй, магад өнөө, маргаашгүй Ж.Батсуурь, С.Төмөрхүү хоёр яамандаа дөрвөн дарга шинээр залж авчирна гэсэн үг. Тэд нь АН-ынх, эсвэл Сүхбаатарынх байх нь дамжиггүй биз.
Хоёрдугаарт, 2017-2020 онд Эрчим хүчний сайд байсан Ц.Даваасүрэн өнгөрөгч 2023 онд Барилга, хот байгуулалтын сайд болсон. Улмаар Ц.Даваасүрэн өмнөх Эрчим хүчний яамнаасаа болон төрөлх Хөвсгөл аймгаасаа олон хүн авчирч, Барилга, хот байгуулалтын яаманд даргаар тавьсан байдаг. Одоогийн Ж.Батсуурийн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд “Ц.Даваасүрэнгийн хүн” гэх хаяг шошготой хэд хэдэн хүн үлдчихээд байгаа. Тэгэхээр тэднийг Ж.Батсуурь, С.Төмөрхүү хоёр тун удахгүй чөлөөлж, оронд нь өөрсдийн хүнээ тавихыг үгүйсгэх аргагүй.
Жишээ нь,
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Хорчингийн Ган-Очир ажиллаж байгаа. Х.Ган-Очир нь 2017 оноос хойш Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан. Улмаар өнгөрсөн онд Ц.Даваасүрэн Барилга, хот байгуулалтын сайд болсныхоо дараа Х.Ган-Очирыг Хөвсгөлөөс авчирч, яамныхаа Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар тавьсан, одоог хүртэл ажиллаж байгаа. Гэхдээ энэ албан тушаал бол Ж.Батсуурь, С.Төмөрхүү хоёрын яамандаа хийж буй “булхай” бүхнийг мэдэх, сонсох, хянах эрхтэй албан тушаал. Тэгэхээр Ж.Батсуурь, С.Төмөрхүү хоёр өөрсдийгөө Ц.Даваасүрэнгийн “хүн”-ээр хянуулаад суухыг хүсэхгүй биз.
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Инженерийн байгууламжийн хэлтсийн даргаар Баатарын Сандуйжав ажиллаж байгаа. Б.Сандуйжав нь Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайд байх үед Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан. Улмаар Ц.Даваасүрэн Барилга, хот байгуулалтын сайд болсны дараа Б.Сандуйжав дагаж ирж, дарга болсон.
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан Ахлах нягтлан бодогчоор Жаргалсайханы Өлзийжаргал ажилладаг. Ж.Өлзийжаргал нь 2017 оноос хойш Хөвсгөл аймгийн Галт сумын ЗДТГ-ын нягтлангаар ажиллаж байсан. Улмаар Ц.Даваасүрэн Барилга, хот байгуулалтын сайд болсныхоо дараа Ж.Өлзийжаргалыг Хөвсгөлөөс авчирч, яамныхаа Санхүүгийн үйл ажиллагаа хариуцсан Ахлах нягтлан бодогчоор тавьсан байдаг. Ц.Даваасүрэн яагаад хаа байсан өөрийнхөө төрөлх Хөвсгөлөөс Ж.Өлзийжаргалыг авчирч Ахлах нягтлан бодогчоороо тавьсан байх вэ. Тэгэхээр Ж.Батсуурь, С.Төмөрхүү хоёр “ноёрхол”-оо эхлүүлж байж Ц.Даваасүрэнгийн “хүн”-ээр яамнаасаа гарч, орж байгаа мөнгийг нягтлуулаад суугаад байх эсэх нь эргэлзээтэй.
Нэгтгэж харвал, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү хоёр яамныхаа таван албан тушаалд өөрсдийн хүмүүсээ тавьчихсан байна. Дахиад дөрвөн даргын албан тушаал хоосон байна. Нэмээд, өмнөх сайд Ц.Даваасүрэнгийн Эрчим хүчний яамнаас болон Хөвсгөлөөс авчирч томилсон буюу чөлөөлөгдөж болзошгүй лавтай гурван албан тушаалтан байна. Тэгэхээр Ж.Батсуурь, С.Төмөрхүү хоёрын халаа, сэлгээ мөд зогсохгүй нь бололтой.
Эцэст нь, Ж.Батсуурь, С.Төмөрхүү хоёр халаа, сэлгээ юунд хүргэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тун товчоор бол, тэд яамныхаа удирдах албан тушаалтнууд буюу газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, нярав, нягтлангуудыг өөрсдийн хүмүүсээр сольсноор яамнаасаа хулгай хийлээ гэхэд баригдахгүй байх боломжтой болно гэхэд хилсдэхгүй.
Бид дараагийн дугаартаа, Ж.Батсуурийг сайд, С.Төмөрхүүг Төрийн нарийн бичгийн дарга болсноос хойш улс төсвийн санхүүжилттэй барилгын тендерүүдэд Сүхбаатарын угшилтнууд шалгарсан жагсаалтыг танилцуулах болно.
10 ЖИЛИЙН НАЙЗУУД БОЛОХ САЙД Ж.БАТСУУРЬ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.ТӨМӨРХҮҮ ХОЁРЫН ХАЛАА, СЭЛГЭЭ ХЭРЭЭС ХЭТЭРЧЭЭ |
|