Хүүхдийн паркаас хойшоо Сэлбийн эх хүртэл сунайсан Сүхбаатар дүүрэг Д.Баттулга, Х.Болормаа гэх хадам ах, бэр дүү хоёрын мэдлээс гарахгүй нь бололтой. Уг нь Д.Баттулга улс төрөөс алсарч, Х.Болормаа Төрийн ордонд түшээ болж орсноор бүтэн 12 жилийн дараа Сүхбаатар дүүрэг сая нэг тэднээс чөлөөлөгдөх нь гэж хүлээж байв. Гэтэл найман жилийн өмнө Х.Болормаагийн хүүгийн хурим дээр хүндэт гэрчээр хоолой зангируулж зогссон М.Алтангэрэл гэх залуу Сүхбаатар дүүрэгт ирэх дөрвөн жил засаглахаар томилогдов. Товчхондоо, Д.Баттулга, Х.Болормаа хоёр Сүхбаатар дүүрэгт М.Алтангэрэлээр дамжуулан дахиад дөрвөн жил засаглах нь бололтой.
ЭХЛЭЛ
Түүх сөхвөл, “халзан” хочит Д.Баттулга нь анх тэртээ 1996 онд Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдож байлаа. Гэвч 1999 онд “Казиногийн хэрэг”-ээр УИХ-аас хөөгдөж, хорихын хаалга татсан. Улмаар унасан улс төрийн карьераа 2005 онд Ц.Элбэгдоржийн татаасаар дахин сэргээж, Сүхбаатар дүүргийн АН-ын даргаар ажиллаж эхэлсэн. Өөрөөр бол, сонгинохайрчуудын итгэлийг нэг мөр алдсан Д.Баттулга улс төрийн карьераа Сүхбаатар дүүргээс шинээр эхлүүлсэн нь энэ байв. Ингээд Д.Баттулга 2012 онд Сүхбаатар дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, НИТХ-ын дарга болсон. Харин Д.Баттулгаас хормойдож нэр дэвшсэн бэр дүү Х.Болормаа нь тэр жил Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байдаг. Сонгуулийн дараа Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Лу.Гантөмөрийг улс төрд хөтөлж оруулсан багш М.Даваасүрэнгийнх нь хүү Д.Бадарсан томилоглож, харин орлогчоор нь Д.Баттулгын бэр дүү Х.Болормаа томилогдож байв. Лу.Гантөмөр Сүхбаатар дүүргээс УИХ-д, Д.Баттулга Сүхбаатар дүүргээс НИТХ-д сонгогдсон, тухайн үедээ Сүхбаатар дүүрэгт хоёр луугар нь байв. Гэхдээ Лу.Гантөмөр нь УИХ-ын гишүүн, Боловсролын сайдын хос сэтэртэй, НИТХ-ын дарга Д.Баттулгаас зэрэг, зиндаа дээгүүр учраас Засаг даргын томилгоог хийж, харин Д.Баттулга орлогчийн томилгоог хийсэн гэсэн үг. Ингэж 2012 онд Д.Баттулга, Х.Болормаа хоёр Сүхбаатар дүүргийг эрхшээх эхлэлээ тавьсан түүхтэй.
ӨРНӨЛ
2016 оны орон нутгийн сонгуулиар Нийслэлийн АН-ын сонгуулийн ерөнхий менежерээр Д.Баттулга ажилласан. Ингээд Д.Баттулга өөрөө Сүхбаатар дүүргээс дахин НИТХ-ын төлөөлөгч болж, бэр дүү Х.Болормаа нь мөн л Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Улмаар сонгуулийн дараа Х.Болормаа Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдсон. Д.Баттулга сонгуулийн штабыг ахалсан ахалсан учраас бэр дүүгээ Засаг дарга болгох хэмжээний эрх мэдэлтэй байсан гэж шууд харагдана. Ийнхүү Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдсон Х.Болормаа энэ сэнтийдээ найман жил дархлагдсан түүхтэй. Нэгтгэж харвал, Х.Болормаа Засаг даргын орлогчоор дөрвөн жил, Засаг даргаар найман жил, нийт 12 жил Сүхбаатар дүүргийг эрхшээсэн гэсэн үг.
ҮРГЭЛЖЛЭЛ
Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар Х.Болормаа Сүхбаатар дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар 2021 оноос хойш Х.Болормаагийн орлогчоор ажилласан Мөнхмагнайгийн Алтангэрэл гэх 35 настай залуу Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдов. Хоржоонтой нь, М.Алтангэрэл гэгч нь Х.Болормаагийн орлогчоор гурван жил гаруй ажилласнаас гадна хүүгийнх нь багын найз, бизнесийнх нь алтан хамтрагч ажээ.
Тайлбар: УИХ-ын гишүүн Х.Болормаагийн хүү Д.Тэмүүлэн, бэр Н.Солонго, СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэл, 2017 он
Тодруулбал, эхэнд дурдсанчлан Х.Болормаагийн хүү Д.Тэмүүлэн 2017 онд хуримлаж, хар багын найзуудаа хар хослолоор ижилсүүлэн гэрчээр оролцуулсны нэг нь М.Алтангэрэл байв. Дараа нь, 2018 онд М.Алтангэрэл Х.Болормаагийн хүү Д.Тэмүүлэн хоёр “Таун гейм” ХХК-ийг хамтран байгуулж, халаасаа нэгтсэн. Ингээд болоогүй, 2019 онд М.Алтангэрэл, Д.Тэмүүлэн хоёр “Даш нислэг” ХХК-ийг хамтран байгуулж, бизнесээ өргөжүүлсэн байдаг. Улмаар 2021 оны гуравдугаар сарын 2-нд М.Алтангэрэл найз Д.Тэмүүлэнгийнхээ ээж Х.Болормаагийн орлогчоор томилогдсон. Хоржоонтой нь, яг тэр өдрөө буюу 2021 оны гуравдугаар сарын 2-нд М.Алтангэрэл “Даш нислэг” ХХК-ийн эзэмшигчийн бүртгэлээс нэрээ хасуулсан байдаг. Өөрөөр бол, М.Алтангэрэл нь Х.Болормаатай хамаарал бүхий нэгэн гэж харагдахгүй гэсэн бяцхан заль нь энэ.

Нэгтгэж харвал, Сүхбаатар дүүргийн шинэ Засаг дарга М.Алтангэрэл гэгч нь УИХ-ын гишүүн Х.Болормаатай ч, түүний төрсөн хүүтэй ч хөдөлшгүйгээр холбогдож байна. Өөрөөр бол, Сүхбаатар дүүргийг 12 жил удирдсан Х.Болормаа түшээ болж, төрийн ордонд орсон ч хүүгийнхээ багийн найз, бизнесийн нь хамтрагчаар дамжуулан Сүхбаатар дүүрэгт үргэлжлүүлэн засаглах нь гэсэн үг.
Эцэст нь сонирхуулахад, М.Алтангэрэл хамгийн залуу Засаг даргын жагсаалт болон хамгийн бэлтэй Засаг даргын жагсаалтыг тус тус тэргүүлэх нь. Жишээ нь, М.Алтангэрэлийн аав М.Мөнхмагнай нь мах, махан бүтээгдэхүүний “Мөнхийн болор” ХХК-ийн эзэн, авга ах М.Мөнхбат нь хиам, зайдасны толгой компаниудын нэг “Траст трейд” ХХК-ийн эзэн гэх мэтээр хөврөх ажээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРМАА ХҮҮГИЙНХЭЭ НАЙЗ М.АЛТАНГЭРЭЛЭЭР ДАМЖУУЛАН СҮХБААТАР ДҮҮРЭГТ ДАХИАД ЗАСАГЛАХ НЬ |
|