• Өнөөдөр 2025-05-05

НИТХ-Д Х.НЯМБААТАРТАЙ ХОРШИХ ХЭНТИЙНХЭН

2025-01-21,   1914

       Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтийнх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтийнх. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Хэнтийнх. Хотын дарга Х.Нямбаатар Хэнтийнх. АТГ-ын дарга З.Дашдаваа Хэнтийнх. ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор Хэнтийнх. ЦЕГ-ын дарга Т.Сүхболд Хэнтийн цагдаагийн газарт найман жил төлөөлөгчөөр ажиллаад хотод ирсэн намтартай. ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Дарханд төрсөн ч хоёр настайдаа Хэнтийд нүүж очсон түүхтэй. Цааш хөвөрдвөл, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн Хэнтийнх, ХЭҮК-ийн дарга Б.Сүнжид Хэнтийнх гэх мэтээр энэ жагсаалт эцэс төгсгөлгүй мэт үргэлжилнэ. 
Тэгвэл одоо Х.Нямбаатар хотод Хэнтийнхнээр хүч түрж эхэллээ. Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатар саяны орон нутгийн сонгуульд одтой “наадаж”, сойсон нэр дэвшигчид нь цөм айрагдацгаасан. Ингэхдээ Х.Нямбаатар НИТХ-д өөрөөсөө гадна Хэнтийд төрж, өссөн гурван төлөөлөгч оруулж ирлээ. Өмнөх НИТХ-д Хэнтийн уугуул ч, суугуул ч төлөөлөгч нэг ч байгаагүйг онцлох нь зүйтэй. Өөрөөр бол, Хангарьд ордонд одоо Хэнтийнхний “ноёрхол” эхэлж буйг Х.Нямбаатар энэ сонгуулиар харуулав. 
 
      Сонирхуулахад, саяны сонгуулиар Хотын дарга Х.Нямбаатар СХД-ээс нэр дэвших “далимдаа” үеэл ах О.Буянгэрэлийгээ СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч болгоод амжив. Үеэл ах О.Буянгэрэлийнх нь тухайд, Хэнтийн Бэрх тосгоноос хотод орж ирээд, СХД-ийн Тохижилт үйлчилгээний газарт ажиллаж байсан. Улмаар 2020 онд Х.Нямбаатарыг СХД-ээс хоёр дахь удаа УИХ-ын гишүүн болмогц О.Буянгэрэл СХД-ийн 1-р хорооны Засаг дарга болж заларсан байдаг. Ийнхүү 10 мянган хүн амтай, Найрамдал зуслан, Орбит орчмыг бүхэлд нь хамарсан СХД-ийн 1-р хорооны Засаг даргаар дөрвөн жил ажилласан О.Буянгэрэл ирэх дөрвөн жил ИТХ-ын төлөөлөгчөөр тухлахаар болов. 
 
Одоо Хотын дарга Х.Нямбаатарын НИТХ-д залж авчирсан Хэнтийн гурван төлөөлөгчийг танилцуулъя. 
 
Энхболдын Одонтуяа
 
        Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул. 2006-2023 он хүртэл ШУТИС-д багшаар, 2023 оноос БНСУ-ын Ханкёны их сургуульд судлаачаар ажилласан намтартай. Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар Үнэн ба Зөв намын жагсаалтыг толгойлон нэр дэвшсэн ч унасан. Улмаар сая БЗД-т МАН-аас нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгч боллоо. Уугуул намаасаа урваж, шарвах нь улстөрчдөд байдаг л үзэгдэл. Гэхдээ арай ч Э.Одонтуяаг шиг гуравхан сарын зайтай УИХ, НИТХ-ын сонгуульд хоёр өөр намаас нэр дэвшсэн ийм ил цагаан урвалтын түүх төрийн түүхэнд одоогоор байхгүй. Тэгвэл Э.Одонтуяа нь Х.Нямбаатарын ойрын хамаатан гэх бөгөөд үнэхээр ч Э.Одонтуяа болон Х.Нямбаатарын эхнэр, эгч, дүү нар тун дотно байдаг ажээ. Өөрөөр бол, Э.Одонтуяа өнгөрөгч УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтын эхэнд бичигдэхэд намтар нимгэн байсан тул азаа үзэж Үнэн ба Зөв намын жагсаалтыг “эзгүйчилсэн”. Гэвч Төрийн ордонд орох санаархал нь бүтэлгүйтсэн тул МАН-даа эргэн ирж, хамаатан Х.Нямбаатарыгаа бараадан Хангарьд ордонд орж ирсэн гэх дүр зураг харагдаж байгаа юм. 
 
Ганболдын Батзориг
 
      Хэнтий аймгийн Дадал суманд төрж, өссөн. Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд Г.Батзориг СХД-ийн Газрын харилцааны албанд газар зохион байгуулагч байсан. Улмаар Х.Нямбаатар төрд тушаал ахихын хэрээр Г.Батзориг ч “галзуурч” эхэлсэн байдаг. Тодруулбал, Г.Батзориг 2019 оноос СХД-ийн Газрын албаны дарга, 2020 оноос Нийслэлийн газрын албаны орлогч дарга, 2021 оноос Нийслэлийн газрын албаны дарга, 2024 оны хоёрдугаар сараас Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, Нийслэлийн Ерөнхий архитектор, Х.Нямбаатарын Хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан зөвлөхөөр тус тус ажилласан. Ингээд сая Х.Нямбаатараар СХД-т тултал сурталчлуулж НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Одоогоор Г.Батзориг шиг тавхан жилийн дотор хотын бүх ааг, амттай албан тушаалуудыг сэлгэж дуусгасан дардан намтартай хүн НИТХ-д алга байна. 
Батчулууны Хуягбаатар
 
      Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрж, өссөн. Хэнтий аймгийн оюутан залуучуудын холбооны тэргүүн, Хэнтий аймгийн НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга, Хэнтий аймгийн Засаг дарга асан Н.Ганбямбын туслахаар ажиллаж байсан. Улмаар 2013 онд СХД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн сургагч багш болж, тэр цагаас СХД-тэй холбогдсон. Ингээд 2016 оноос СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2020 оноос СХД-ийн ИТХ-ын даргаар дөрвөн жил дархлагдсан. Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай УИХ-ын болж, оронд нь Б.Хуягбаатар гурван сар гаруй заларсан. Өөрөөр бол, Б.Хуягбаатар СХД-ийн төлөөлөгчөөс ИТХ-ын дарга, Засаг дарга гээд бүх өндөр сэнтийд нь суугаад үзчихсэн гэсэн үг. Ингээд сая Х.Нямбаатараас хөтлөн НИТХ-ын төлөөлөгч болж дэвшлээ. 
     Ямартай ч Х.Нямбаатар Хэнтийн гурван “дүү”-гээ НИТХ-д оруулаад ирлээ. Одоо тэднийгээ төлөөлөгч гэх дан дээлтэй суулгаад байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр Э.Одонтуяа, Г.Батзориг, Б.Хуягбаатар гурав ямар торгон дээл давхарлуулах нь анхааралтай ажиглах нэг сэдэв болж үлдэж байна.  Сонирхуулахад, Х.Нямбаатар сая Э.Одонтуяаг “Барилгын хяналтын мэргэшсэн инженер” гэх имижээр сурталчлан НИТХ-д оруулж ирсэн. Тэгэхээр Э.Одонтуяад Хотын стандарт, хяналтын газрын даргын суудлыг бэлдсэн байж болзошгүй. Сануулахад, Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам өнгөрсөн өдийгөөс хойш АТГ-т жил тойрон шалгагдаж буй. 
 
Цаашилбал, Х.Нямбаатар шинэ НИТХ-д Хэнтийнхнээсээ гадна өөрийн зөвлөх, орлогч нараа олноор оруулж ирсэн. Жишээ нь, Х.Нямбаатарыг 2012 оноос СХД-ийн ИТХ-ын дарга байхад Ажлын албаных нь мэргэжилтэн байсан, 2016 онд УИХ-ын гишүүн болсных нь дараа зөвлөхөөр нь ажиллаж байсан Б.Сэргэлэнбаатар, Х.Нямбаатарын Орхон их сургуулийн багш байхад шавь нь байсан, УИХ-ын гишүүн болсных нь дараа буюу 2017-2020 онд зөвлөхөөр нь ажилласан Ц.Баттөр хоёр НИТХ-д улирч үлдлээ. Мөн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатарын хоёрын 2022 онд эхлүүлсэн Хөгжлийн банкны “үргээлэг”-ийг гардан зохион байгуулсан, өнгөрсөн тавдугаар сараас хойш Х.Нямбаатарын зөвлөхөөр нь, долдугаар сараас хойш орлогчоор нь ажилласан Н.Мандуул, Х.Нямбаатарыг 2020 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноос хойш тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж, улмаар Хотын дарга болмогц нь Тамгын газрын даргаар нь дагаж ирсэн, өнгөрөгч долдугаар сараас хойш орлогчоор нь ажилласан Л.Хосбаяр, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал асан, Х.Нямбаатарын зөвлөх Ч.Батзориг, Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед буюу 2013-2016 онд СХД-ийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Ууганбаяр нар НИТХ-д шинээр бүл нэмлээ. Тэдний очих албан тушаалууд нь хэдийнэ тодорхой болчихсон гэх. 
 
        Товчхондоо, ирэх дөрвөн жил хотын захиргаанд Х.Нямбаатар ба хэнтийнхэн, басхүү түүний зөвлөх, орлогч гэх “цэрэг”-үүд хяналтаа тогтоохоор болж байна. 
 

НИТХ-Д Х.НЯМБААТАРТАЙ ХОРШИХ ХЭНТИЙНХЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-21 23:02:40
    Зочин: Хэнтий бол их эзэн Чингис хааны удам угсаа үр хүүхдүүд учир үүрд мөнхөд монгол улсын эзэн хаадууд байх ёстой. Чингис хааны үр удамд мөргөж сөгдөхтүн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-21 15:32:01
    Зочин: ANUSDI80955877SEKSEER TAICHNA
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-21 12:29:14
    Зочин: Хэн нэгэн улс төрч, эсвэл баян хүний хамаатан садан, цүнх баригч нь биш л бол оюун ухаан, мэдлэгээрээ дээшээ гарна гэж байхгүй болж дээ, Монголын маань залуус.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-20 07:18:06
    Zochin : Hogiin shaarnuud. Uhetsgeegeesee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-08 17:37:03
    бэрх: ХООСОН ТОЛГОЙТУУД, ШУНАЛЫН БУЗРУУД............................
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-15 09:16:09
    r: Сэжгийн ллрууд бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-15 08:35:18
    e: Ingeed Danh-taigaa hamt 2028 ond multrah zamdaa shuluudav
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-14 16:15:33
    Зочин: Монголын төрийн бүх өндөр албан тушаадтнууд чинь албан тушаалын гэмт хэрэгтнүүд юм бишүү та минь ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-14 12:16:35
    7: Хэнтий Монгол улс бишшүү
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188