Тайлбар: ХУД-ийн ИТХ-ын дарга Г.Батсайхан, төрсөн ах Г.Энхтүвшин, аав Ч.Гомбосүрэн
Нисэх, Яармагийн иргэд хотын төв орох гэж тэвдэж, түгжирч явсаар Нарны гүүр хүрээд таг, тэг зогсдог. Тэгэхээс ч аргагүй. Нарны гүүрний баруун талынх нь Алтай хотхон 13 мянган оршин суугчтай. Харин зүүн талынх нь Нарны хороолол 16 мянган оршин суугчтай. Өөрөөр бол, Нисэх, Яармагийн хэдэн мянган иргэн, нэмээд энэ хоёр том хорооллын 30 мянган иргэн өглөө бүр Нарны гүүрний уулзварт “уулздаг”. Тэгэхээр таг, тэг зогсохгүй яах ч билээ.
Гэтэл ХУД-ийн ИТХ-ын дарга Г.Батсайхан төрсөн ах Г.Энхтүвшинтэйгээ хамтран эзэмшдэг “Бумба гранд констракшн” ХХК-аараа яг энэ түгжрэлийн төв цэгт буюу “Алтай” хотхоны хойно, хашаанд нь тулган 240 айлын хоёр блок, 16 давхар “Middle river” гэх хотхон барьж буй ажээ. Эхний ээлжийн 120 айлын “А” блок орон сууцаа энэ оны нэгдүгээр сард ашиглалтад оруулсан. Дараагийн ээлжийн 120 айлын “Б” блок нь одоо ашиглалтад орж буй ажээ.
Гэхдээ ХУД-ийн ИТХ-ын дарга Г.Батсайхан “Middle river” хотхоныг өөрийнхөө гэж харагдуулахгүйн тулд тун ч их нууцалж байгаа юм байна. Тодруулбал, “Middle river” хотхоныг барьж буй 4105м2 газар нь “Иргэн Ч.Гомбосүрэн” гэх нэрээр бүртгэлтэй. “Middle river” хотхоныг захиалан бариулж буй эзэмшигчээр нь мөн л “Иргэн Ч.Гомбосүрэн” гэх нэр бүртгэгдсэн байна. Тэгвэл иргэн Ч.Гомбосүрэн гэдэг нь ХУД-ийн ИТХ-ын дарга Г.Батсайханы 80 настай аав юм. Өөрөөр хэлбэл, ХУД-ийн ИТХ-ын дарга Г.Батсайхан “Middle river” хотхоны газар, барилгын ажлын зөвшөөрөл, ус, дулааны гэрээ гэх мэт бүх бичиг баримтыг 80 настай аав Ч.Гомбосүрэнгийн нэр дээр бүртгүүлж, харин хотхоныхоо барилга угсралтын ажлыг өөрийнхөө “Бумба гранд констракшн” ХХК-аар “нууцаар” гүйцэтгүүлж байгаа ажээ.
Тайлбар: ХУД-ийн ИТХ-ын дарга Г.Батсайханы барьж буй 240 айлын "Middle river" хотхон
Хоржоонтой нь, ХУД-ийн ИТХ-ын дарга Г.Батсайхан сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш ХУД-ийн иргэдэд “20 минутын хот” гэх “мөрөөдлийн” мөрийн хөтөлбөрөө ярьж яваа. Тэгвэл Г.Батсайханы ярьж яваа мөрийн хөтөлбөрт нь “Төлөвлөлтгүй барилгажилтын золиос болсон орон сууцны хотхон, хорооллыг дахин шинэчилж, авто зогсоол, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэх өгүүлбэр байна. Өөрөөр бол, өөрийг нь НИТХ-ын төлөөлөгч болгочихвол ХУД-ийн хотхон, хороолол бүрийг авто зогсоолтой, ногоон байгууламжтай, дэргэдээ сургууль, цэцэрлэгтэй болгох юм байх.

Тэгвэл ХУД-ийн ИТХ-ын дарга Г.Батсайханы өөрийнх нь барьж буй 240 айлын “Middle river” хотхон нь үнэхээр “төлөвлөлттэй хотхон” эсэхийг харъя. “Middle river” хотхоны нэг айл нэг автомашинтай гэж тооцвол 240 автомашины авто зогсоол хэрэгтэй. Гэтэл 20 хүрэхгүй авто зогсоол л гадна нь харагдана. Эзэмшил 4105м2 газартаа харин ч 240 айлын хоёр блок орон сууц багтааж барьсан нь их юм биз. Энэ төлөвлөлт мөн үү. Ногоон байгууламжийн тухайд дурдахын ч хэрэггүй. Гол нь, нэг айл нэг хүүхэдтэй гэж хамгийн багаар тооцвол “Middle river” хотхонд 240 хүүхэд амьдарч таарна. Гэтэл ойр орчимд нь улсын нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй. Энэ төлөвлөлт мөн үү. Г.Батсайханы “Middle river” хотхонтой хаяа залгаа “Алтай” хотхонд л гэхэд сургуулийн насны 3000 гаруй хүүхэд бий. Гэтэл “Алтай” хотхоны ойр орчимд сургуульгүйн улмаас 3000 хүүхдийн ихэнх нь Нарны гүүр даван алхаж, Төмөр замын сургуулиудад нүд үзүүрлэгдэж, хөөгдөн барин суралцсаар өдий хүрч буй. Тэвчээр нь тасарсан “Алтай” хотхоны оршин суугчид өнгөрсөн жил “3000 хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна” гэж жагсаал хийж байсныг санаж буй байх. Хотын дарга Х.Нямбаатар ч “Алтай” хотхонд очиж “Хэрвээ газар, мөнгө олдвол 960 хүүхдийн сургууль барьж өгөх асуудлыг судалъя” гэж бөөрөнхийлөөд буцаж байв. Гэтэл “Алтай” хотхоны сургуульгүй 3000 хүүхэд дээр нэмээд ХУД-ийн ИТХ-ын дарга Г.Батсайханы “Middle river” хотхоны хүүхдүүд нэмэгдэх болох нь. Бас, Нарны гүүрний уулзварын таг, тэг зогсолтод Г.Батсайханы “Middle river” хотхоны 240 автомашин хувь нэмэрээ оруулахаар болж байна.
Ингэж харвал, ХУД-ийн ИТХ-ын дарга Г.Батсайхан аман дээрээ хотын түгжрэлийг бууруулна, хотхон, хорооллуудыг төлөвлөлттэй болгоно, бүр “20 минутын хот” болгоно гэж сурталдаж яваа ч үнэн хэрэгтээ өөрөө түгжрэлийн төв цэгт хотхон босгож, түгжрэлийг бууруулахад биш, нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй нэгэн ажээ. Хоржоонтой нь, НИТХ-д нэр дэвшиж буй ХУД-ийн ИТХ-ын дарга Г.Батсайханыг сонгуулийн сурталчилгаагаа хийж явааг нь хараад Хотын дарга Х.Нямбаатар “Өндөр хариуцлага, хатуу зарчимтай хүн” гэж магтсан байх юм.
ХУД-ИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.БАТСАЙХАН УРЬД НЬ ТУУЛ ГОЛЫН ЭРЭГТ ТУЛГАН ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН “БУМБА ГРАНД” ХОТХОНЫГ БАРЬЖ ХУДАЛДСАН “ТУРШЛАГАТАЙ” НЭГЭН БАЙЖЭЭ
Дээр дурдсан “Middle river” хотхон бол ХУД-ийн ИТХ-ын дарга Г.Батсайханы анхны хотхон биш ажээ. Өөрөөр бол, одоо түгжрэлийн төв цэгт хотхон барьж буй Г.Батсайхан өмнө нь Туул голын эрэгт хотхон барьж байжээ. Өөрөөр бол, анх Туул голын эрэгт тансаг зэрэглэлийн хотхон барьж худалдаад, тэндээсээ одоогийн түгжрэлийн төв цэгт хотхон барих хэмжээнд хөлжсөн нэгэн ажээ. Тодруулбал, ХУД-ийн ИТХ-ын дарга Г.Батсайхан, төрсөн ах Г.Энхтүвшинтэйгээ хамтран “Бумба гранд констракшн” ХХК-аараа Зайсангийн гүүрний баруун талд, Туул голын эргээс хэдхэн метрийн зайд “Бумба гранд” гэх тансаг зэрэглэлийн хотхоныг барьж, худалджээ. Г.Батсайханы “Бумба гранд” хотхоны байрууд нь тус бүр дөрвөн унтлагын өрөө, гурван ариун цэврийн өрөөтэй, цонхоороо Туул голыг эргээс нь тольдох харууцтай учраас “тансаг зэрэглэл”-ийн гэх тодотголд бүрэн багтдаг аж.
Тайлбар: ХУД-ийн ИТХ-ын дарга Г.Батсайханы "Бумба гранд" хотхон
Түүнчлэн, Г.Батсайханы “Бумба гранд” хотхон нь хашаан дотроо 1080м2 талбайтай, дөрвөн давхар оффис, үйлчилгээний төвийн барилгатай. Г.Батсайхан энэхүү барилгынхаа нэг давхарт супер маркет, хоёр давхарт ресторан, гурван давхарт биллиардын клуб ажиллуулж, дөрвөн давхарт өөрийн компаниудынхаа оффисыг байрлуулж иржээ.
Харин зоорийн давхрынхаа 120м2 талбайг караокений зориулалтаар түрээслэдэг байжээ. Гэтэл барилгынх нь доороос хөрсний ус нэвчиж, зоорийн давхрын караоке нь усанд автсанаас болж хохирсон түрээслэгч нь шүүхэд ханджээ. Тус шүүх хуралд түрээслүүлэгчийг төлөөлж Г.Батсайханы аав өдгөө 80 настай Ч.Гомбосүрэн оролцож байсан байх юм. Ноцтой нь, улсын байцаагчид тухайн барилгыг стандартын дараа чанартай бариагүй учраас хөрсний ус нэвчсэн гэсэн дүгнэлт гаргаж, шүүхээс түрээслэгчдийн хохирлыг барагдуулахыг Ч.Гомбосүрэнд даалгаж байжээ.
Эцэст нь сонирхуулахад, ХУД-ийн ИТХ-ын дарга Г.Батсайханы төрсөн ах, хотхоны бизнесийнх нь хамтрагч Г.Энхтүвшин нь нэгэн цагт МАН-д нөлөөтэй байсан нэгэн. Тодруулбал, Г.Энхтүвшин Байгаль орчны яаманд газрын даргаар ажиллаж байгаад Д.Дэмбэрэлийг Хөдөлмөрийн сайд, УИХ-ын дарга байх үед зөвлөхөөр нь дэвшин ажиллаж байлаа. Дараа нь, 2010 онд Харвардад сурч, МАН-аас Харвардад явсан анхны боловсон хүчин гэгдэж байв. Буцаж ирээд МАН-ын Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байлаа. Одоо төрсөн дүүгийнхээ бизнесийн хамтрагч болж, Америк-Монгол хооронд ирэн, очин амьдардаг болсон. Харин Г.Батсайхан, Г.Энхтүвшин хоёрын бизнесийг хариуцаж, халхавч нь болж ирсэн аав Ч.Гомбосүрэн нь Дорноговь аймгийн МАХН-ын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж, намд хүчин зүтгэж байсан нэгэн. Тэтгэвэрт сууснаасаа хойш “Бумба баянбулаг” ХХК-ийг эзэмшдэг болсон бөгөөд тус компани нь ЖДҮ-ийн зээлтэй юм байна. “Бумба баянбулаг” ХХК-аараа 2019 онд 294 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан, 175 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ажээ. Хоёр хүү нь хотхонууд барьж худалдаж байхад хамаг ажлыг нь нугалдаг аав нь ЖДҮ-ийн зээл “царайчилж” суух нь тохиромжтой эсэхийг уншигч та дүгнэх биз ээ.
ХУД-ИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.БАТСАЙХАН 80 НАСТАЙ ААВААРАА ХАЛХАВЧЛАН ТҮГЖРЭЛИЙН ТӨВ ЦЭГТ 240 АЙЛЫН ХОТХОН БАРЬЖ БАЙНА |
|