• Өнөөдөр 2025-05-04

НИТХ-Д НЭР ДЭВШИГЧ А.БАЯР БА ХЯТАДУУДЫН ХОРШИЛ

2024-09-29,   1936

       БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр гэх залуугийн сошиал дахь сонгуулийн сурталчилгаа “цөмрөх” нь ээ. Хотын дарга Х.Нямбаатараас хуулбарласан уу гэлтэй, хослолоо тайлж хаячихаад, барилгачны “норм”-ын хүрэм өмсөөд, энд ч, тэнд ч зураглаач дагуулаад гүйгээд байна. Асфальт нь хатаагүй шахуу авто замаар алхаад “Саяхан энэ зам улаан шороо байлаа шүү дээ” гэж сайрхаж байх юм. Авто зогсоол дээгүүр алхаад “Энд эвдэрч хэмхэрсэн гражууд байлаа” гэж баярхаж байх юм. Хүүхдүүдтэй бөмбөг тоглоод гүйж байна, худалдааны захуудаар ч “тэнэж” байна. “Ажилдаа би ингэж явдаг” гээд гэрээсээ гарч буйгаа бичлэгээр харуулах юм. “Ажлаа би ингэж хийдэг” гээд ажлын ширээгээ ч танилцуулах юм. Тэгснээ телевизийн бүтэн цагийн нэвтрүүлэгт төрийн бодлого яриад зочноор сууж байх юм. Араас нь аавтайгаа өөр нэвтрүүлэгт орчихсон, эцэг, үрийн хайр яриад уйлж суух юм. НИТХ-д нэр дэвшигчдээс түүн шиг сошиалд “супер” сурталчилгаа хийж буй хүн одоогоор алга. Нөгөө талаас, түүн шиг хэт улайрч буй хүн ч алга.
 
Судалж үзвэл, НИТХ-ын төлөөлөгчийн сэтэр, сэнтийд хэт улайрч, сошиал сурталчилгаагаараа хамтрагчдаа “хөлдөө чирч” буй А.Баяр гэгч нь хятадуудтай халаас, хэтэвчээрээ нэвт холбогдчихсон нэгэн ажээ. Өөрөөр бол, албан тушаал ахихаар адарч буй нь ардаа асар ноцтой шалтгаантай ч байж болох нэгэн аж. 
 
       Тодруулбал, НИТХ-д нэр дэвшигч, БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баярын аав нь “ДЦС-4” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженерээр саяхныг хүртэл ажилласан, хөлбөмбөгийн “Эрчим” клубийн эзэн Мээрэнгийн Амарбаясгалан гэж хүн бий. Тэгвэл М.Амарбаясгалан 2007 оноос хойш БНХАУ-ын иргэн Hurilesha буюу Сайннамарын Хүрэл гэгчтэй “Умардын Ган” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. Тодотгоход, БНХАУ-ын иргэн Hurilesha гэгч нь Сайннамарын Хүрэл гэх монгол нэртэй, хоёр нэрээ ээлжилж ашигладаг нэгэн ажээ. 
 
Тэгвэл Хятадын иргэн С.Хүрэл гэгч нь “Хүрэл-интернэшнл” ХХК тэргүүтэй 10 гаруй компанийн эцсийн өмчлөгч, Ерөнхий захирлаар нь ажилладаг. Гэтэл БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр 2010 онд Хартфордын их сургуулийг төгсмөгцөө аавынхаа Хятад найз С.Хүрэлийн “Хүрэл-интернэшнл транс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байжээ. “Хүрэл интернэшнл транс” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн-БНХАУ-ын Сэхээ боомт хооронд ачаа тээвэрлэдэг юм байна. Тэр цагаас хойш А.Баяр аавынхаа Хятад найз С.Хүрэлийн хамтрагч болж, халаасаа нэгтгэсээр өдий хүрчээ. Тухайлбал, А.Баяр С.Хүрэлтэй “Юу Эс Эл” ХХК-ийг 2010 оноос хойш, “Жун Мэнг Куанг Е Тоүзи Житуан” ХХК-ийг 2011 оноос хойш тус тус хамтран эзэмшиж буй ажээ. Мөн А.Баярын ээжийг Хасбаатарын Сарангуа гэдэг. Гэтэл БНХАУ-ын иргэн С.Хүрэлийн “Хүрэл-интернэшнл” ХХК-ийн харьяа “Очир өргөө апартмент” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар дүү Хасбаатарын Баяраа гэгч нь ажиллаж иржээ. 
Тайлбар: БНХАУ-ын иргэн С.Хүрэл, М.Амарбаясгалан, А.Баяр
     Ноцтой нь, БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баярын гэр бүлийнх нь бизнесийн алтан хамтрагч БНХАУ-ын иргэн Hurilesha буюу Сайннамарын Хүрэл гэгч нь Монголын улс төр, бизнесийн бүхий л томчуудтай халаас нэгтгэсэн, эрчим хүч, хөдөө аж ахуй, хэвлэл мэдээллийн салбарт олон компани “өндөглүүлж” байгаа нэгэн ажээ. 

А.БАЯРЫН ХАМТРАГЧ БНХАУ-ЫН ИРГЭН С.ХҮРЭЛ МОНГОЛД ТЕЛЕВИЗ, СОНИН, СЭТГҮҮЛ, САЙТ АЖИЛЛУУЛЖ, ХЯТАДЫГ “УХУУЛАХ”-ЫН УЧИР ЮУ ВЭ

     БНХАУ-ын иргэн Hurilesha буюу С.Хүрэлийн “Хүрэл-интернэшнл” ХХК нь “Солонго сэтгүүл” ХХК, “Солонго сонин” ХХК-уудыг эзэмшдэг. Судлаад үзвэл, энэ компаниудаар “Хүрэл-интернэшнл” ХХК нь Монголд Хятадыг сурталчлах зорилготой “Солонго” сэтгүүл, “Солонго” сонинг эрхлэн гаргадаг ажээ. Ноцтой нь, “Хүрэл-интернэшнл” ХХК-ийн “Солонго” сэтгүүл болон “Солонго” сонины нийтлэлийн бодлогыг Хятадын коммунист намын Суртал ухаалах хэлтсээс хянаж, удирддаг юм байна. Өөрөөр хэлбэл, “Солонго” сэтгүүл, “Солонго” сонингоор дамжуулан монголчуудад юу уншуулахыг Хятадын коммунист намаас шийддэг аж. Илүү ноцтой нь, “Солонго” сэтгүүл болон “Солонго” сонингийн мэдээ, нийтлэлүүдийг Solongonews.mn мэдээллийн сайт, Solongoru.mn мэдээллийн сайт, Solongonews.mn пэйж хуудсууд, гар утасны Solongo аппликейшн, We Chat, блог гэх мэт 13 сувгаар зэрэг тараадаг ажээ. 
 
Цаашилбал, БНХАУ-ын иргэн Hurilesha буюу С.Хүрэлийн “Хүрэл-интернэшнл” ХХК нь “Эн Ти Эн Эйч Ди медиа групп” ХХК-ийг эзэмшдэг.  “Эн Ти Эн Эйч Ди медиа групп” ХХК нь “NTN” телевиз болон Mglnews.mn мэдээллийн сайтыг ажиллуулдаг ажээ. Ингэхдээ “NTN” телевиз нь Ddish, Univision, Skymedia, MNBC зэрэг бүх сүлжээгээр эфирээ цацдаг юм байна. 
 
      Энэ мэтээр, БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баярын хамтрагч БНХАУ-ын иргэн Hurilesha буюу С.Хүрэл нь “Хүрэл-интернэшл” ХХК-ийнхаа харьяа сар тутмын сонин, сэтгүүл, өдөр тутам эфирээ цацдаг телевиз, цаг тутам мэдээ, мэдээлэл нийтэлдэг сайтуудаараа Хятадыг Монголын нийгэмд сурталчилж суудаг ажээ. 

А.БАЯРЫН ХАМТРАГЧ БНХАУ-ЫН ИРГЭН С.ХҮРЭЛ НЬ Т.БАДАМЖУНАЙГИЙН ОХИН Б.ГАВААТАЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ, “МАК”-ИЙН Б.НЯМТАЙШИР, Д.СУМЪЯАБАЗАРЫН ТӨРСӨН ДҮҮ Д.СЭРЖБҮДЭЭ НАРТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТАРСАН КОМПАНИУДТАЙ

      БНХАУ-ын иргэн Hurilesha буюу С.Хүрэлийн “Хүрэл-интернэшнл” ХХК нь “Умардын эрчим инженеринг” ХХК-ийг эзэмшдэг. Тэгвэл С.Хүрэл 2022 онд “Умардын эрчим инженеринг” ХХК-аараа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэнгийн боомтыг суурьшлын бүсийг цахилгаанд холбох төслийг гүйцэтгэж байжээ. Гол нь, С.Хүрэл “Умардын эрчим инженеринг” ХХК-аараа дамжуулан Монголын улс төр, бизнесийн олон томчуудтай хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт халаас нэгтгэсэн байна. 
 
Тухайлбал, С.Хүрэлийн “Умардын эрчим инженеринг” ХХК нь Б.Нямтайширын “Монголын алт МАК” ХХК-тай “Нарийн сухайт повер” ХХК, “Нарийн сухайт эрчим” ХХК-уудыг хамтран эзэмшдэг. С.Хүрэл, Б.Нямтайшир хоёрын “Нарийн сухайт повер” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт  орших Нарийн сухайтын ордыг түшиглэн “15х2МВт цахилгаан станц”-ын төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Харин тэдний “Нарийн сухайт эрчим” ХХК нь БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортолж, Өмнөговь аймагт нийлүүлдэг. Нэмээд, “Нарийн сухайт эрчим” ХХК нь Өмнөговь аймагт “110КВолтын цахилгаан дамжуулах агаарын шугам”-ын төсөл хэрэгжүүлж байгаа ажээ. 
 
Ер нь БНХАУ-ын иргэн С.Хүрэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумыг онцгойлон “онилж” буй нэгэн бөгөөд нь өнгөрөгч 2023 оны арванхоёрдугаар сард С.Хүрэл “Хүрэл-интернэшнл” ХХК-ийнхаа харьяа “Очир өргөө апартмент” ХХК-аараа Өмнөговь аймгийн Гурвантэс суманд Залуучууд хөгжлийн төвийн барилга барих 4.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байна. 
 
Цаашилбал, С.Хүрэлийн “Умардын эрчим инженеринг” ХХК нь “Дорнод повер плант” ХХК-ийг “Рояал Электрик корпорэшн” ХХК-тай хамтран эзэмшдэг. Харин “Рояал Электрик корпорэшн” ХХК-ийг Хотын дарга асан Д.Сумъяабазарын төрсөн дүү Д.Сэржбүдээ эзэмшдэг ажээ. “Дорнод повер плант” ХХК нь Дорнод аймгийн Хэрлэн суманд бүртгэлтэй бөгөөд цахилгаан станцын зориулалтаар их хэмжээний газар эзэмшиж эхлээд буй ажээ. 
 
Сонирхуулахад, С.Хүрэл дээрх компаниудаасаа гадна цахилгаан эрчим хүчний “Хөшөөт повер” ХХК, “Баруун урт энержи” ХХК-уудыг “Хүрэл интернешнл” ХХК-ийнхаа харьяанд байгуулжээ. Нэрнээс нь анзаарвал, Ховд, Сүхбаатар аймгууд руу эрчим хүчний бизнесээ тэлэхээр зорьж буй бололтой юм. 
 
       Харин хөдөө аж ахуйн салбарт С.Хүрэлийн “Хүрэл-интернэшнл” ХХК нь “Монголын арьс шир үйлдвэрлэлийн корпораци” ХХК-ийг Т.Бадамжунайн охин Б.Гаваагийн “Монголдарь инвестмент” ХХК-тай хамтран эзэмшдэг ажээ. Мөн С.Хүрэл “Умардын хөгжил” ХХК-ийг “Чоно” ХХК-тай хамтран эзэмшдэг. Харин “Чоно” ХХК-ийг Т.Бадамжунайн худ Т.Энхбатын дүү буюу "Мишээл групп”-ын босс Т.Энхболдсодонгийнх эзэмшиж ирснийг мэдэх биз ээ. 
 
Энэ мэтээр НИТХ-д нэр дэвшигч А.Баярын хамтрагч БНХАУ-ын иргэн Hurilesha буюу С.Хүрэл Монголын улс төр, бизнесийн “луугар”-уудтай халаас нэгтгэж, хэвлэл мэдээллийн салбарт нь хөлөө гүнзгий дүрсэн байна. Эцсийн дүгнэлтийг уншигч та хийх биз ээ. 
 

НИТХ-Д НЭР ДЭВШИГЧ А.БАЯР БА ХЯТАДУУДЫН ХОРШИЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-29 10:55:42
    S: SHAALTI80955877SEXSDI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-25 18:19:22
    мөнх: арай юу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-25 11:02:57
    S: ANUSDI80955877XUCHINDUULI
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-25 09:33:33
    4: Хятад бйах
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188