Нэр, усаа хэлж, намтар, түүхээ танилцуулахгүйгээр Төрийн ордонд “тооно”-оор орж ирсэн 48 түшээ бий. А-гаас нь жагсаавал, эхнийх нь УИХ-ын гишүүн Ч.Анар. Яах вэ, нийгмийн нэг хэсэг нь түүнийг хүүтэй зээлийн “Лэндмн”-ийн эзэн гэж таних байх. Нөгөө хэсэг нь, “Ондо”-гийн эзэн гэж мэдэх байх. Нутгархаг зарим нь, Хэнтийн Бэрх тосгоноос “төрсөн” хамгийн том бизнесмен гэж магтах байх.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Анарын тухай олны мэдэхгүй хоёр баримтыг танилцуулж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.АНАРЫН ЭХНЭР, ДҮҮ, ХАДМУУД ОРШУУЛГЫН 12 КОМПАНИ, ДӨРВӨН ОРШУУЛГЫН ГАЗАРТАЙ
Улаанбаатар хотын хэмжээнд жилд 7800-8800 орчим хүн нас бардаг. Нас барагсдын 19 хувийг чандарладаг, үлдсэн 81 хувийг нь газарт оршуулдаг. Саяхан ШӨХТГ-аас чандарлан оршоох зах зээлд “Улаанбаатар буян” ХХК, газарт оршоох зэх зээлд “Нью семетри” ХХК тус тус дангаараа “ноёлж” байгааг нийтэд танилцуулсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын нас барагсдыг оршуулах бизнест хоёрхон компани монопол тогтоосон гэсэн үг. Гэхдээ энэ хоёр компани нэг гэр бүлийн мэдлийнх.
Тодруулбал, оршуулгын бизнест монопол тогтоосон “Улаанбаатар буян” ХХК болон “Нью семетри” ХХК-ийг УИХ-ын гишүүн Ч.Анарын эхнэр М.Золзаяа, хадам аав О.Мэндбаяр, хадам ээж Г.Идэрмаа, хадам дүү М.Золзаяа, М.Учралзаяа нар хамтран эзэмшдэг. Ингэхдээ “Улаанбаатар буян” ХХК-ийн захирлаар УИХ-ын гишүүн Ч.Анарын эхнэр М.Золзаяа, “Нью семетри” ХХК-ийн захирлаар УИХ-ын гишүүн Ч.Анарын хадам дүү М.Мөнхзаяа ажиллаж ирсэн. Харин хадам ээж Г.Идэрмаа нь “Монголын оршуулгын холбоо” буюу “Буяны зан үйлийн холбоо”-ны тэргүүнээр ажилладаг.
УИХ-ын гишүүн Ч.Анарын эхнэр болон хадмуудын “Улаанбаатар буян” болон “Нью семетри” ХХК нь Улаанбаатар хотын дөрвөн зүгт дөрвөн оршуулгын газартай. Тухайлбал, “Улаанбаатар буян” ХХК нь СХД-ийн 32-р хороо, Баруун турууны аманд “Баруун буяны төв цогцолбор”, БЗД-ийн 20-р хороонд “Зүүн буяны төв цогцолбор” гэх чандарлан оршоох төв ажиллуулдаг. Харин “Нью семетри” ХХК нь СХД-ийн 21-р хороо, Шүлэг уулын энгэрт “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”, Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р баг, Баян уулын энгэрт “Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн” гэх хоёр далд оршуулгын газрыг ажиллуулдаг. Мөн “Нью семетри” ХХК болон “Улаанбаатар буян” ХХК нь Далан давхарын оршуулгын газрыг “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн” болгож тохижуулах төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа.
Тайлбар: "Улаанбаатар буян" ХХК, "Нью семетри" ХХК-уудын эзэд
УИХ-ын гишүүн Ч.Анарын эхнэр, хадмуудын оршуулгын үйл ажиллагаа явуулдаг компаниуд зөвхөн “Улаанбаатар буян” ХХК, “Нью семетри” ХХК-иудаар дуусахгүй. Тэр байтугай, Ч.Анарын төрсөн дүү, “Анд системс” ХХК-ийнх нь нягтлан бодогч Т.Намираа ч оршуулгын компанитай.
Тухайлбал,
-
М.Мөнхзаяагийн “Амин ивээл” ХХК нь шарилын хөшөө, чулуу захиалгаар үйлдвэрлэдэг.
-
-
М.Мөнхзаяагийн “Шилдэг ширмэл” ХХК нь шарилын хайрцаг үйлдвэрлэдэг.
-
-
М.Мөнхзаяа болон Ч.Анарын дүү Ч.Намираа хоёрын эзэмшдэг “Мемориал гарден” ХХК нь оршуулгын үйл ажиллагаа явуулдаг.
-
-
М.Мөнхзаяагийн “Амаржихуйн зам холбоо” ТББ нь бурхан болоочийг эмнэлгээс болон гэрээс нь зориулалтын автомашинаар моорогт хүргэх үйлчилгээ үзүүлдэг.
-
-
Г.Идэрмаагийн “Далай их буян” ХХК нь Орхон аймаг буюу Эрдэнэт хотод шинэ оршуулгын газар буюу буяны цогцолбор барьж байгаа.
-
-
Г.Идэрмаагийн төрсөн дүү Г.Хишигсүрэнгийн “Буяны хөсөг” ХХК нь зориулалтын автомашинаар шарил тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг.
-
-
Г.Идэрмаагийн төрсөн дүү Г.Баасанжаргалын “Иргэдийн буянд” ХХК нь шарилын хайрцаг, хөшөө, чулуу захиалгаар хийж үйлчилдэг.
Мөн энэ гэр бүлд “Буяны ордон” ХХК, “Буяны ордон” ХХК, “Хурмастын гүүр” ХХК гэх оршуулгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компаниуд ч байна.
Ч.АНАР ЭХНЭР, ХАДМУУДЫНХАА “УЛААНБААТАР БУЯН” ХХК, “НЬЮ СЕМЕТРИ” ХХК-УУДЫН ОРШУУЛГЫН МӨНГИЙГ ИРГЭДЭД ХҮҮТЭЙ ЗЭЭЛ БОЛГОЖ ЭРГЭЛДҮҮЛСЭН ҮҮ
Хадам аав, ээж нь оршуулгын бизнесээс асар их мөнгө олоод байдаг. Хүргэн нь “Лэндмн” зээлийн аппликейшн ажиллуулж, хэдэн тэрбумаар нь иргэдэд хүүтэй мөнгө зээлдэж, эргэлдүүлээд байдаг. Уг нь хэн ч харсан ойлгомжтой дүр зураг. Гэхдээ УИХ-ын гишүүн Ч.Анар өөрөө гадаадын хөрөнгө оруулагчдаас 2016 онд нэг сая ам.доллар, 2017 онд дөрвөн сая ам.долларын санхүүжилт босгож, улмаар энэхүү таван сая ам.долларын санхүүжилтээр “Лэндмн”-ээ хөл дээр нь босгосон гэж сошиал сүлжээ, сонин, сайтаар сурталчлаад байдаг. Иймд баримт ухаж үзлээ. Гэтэл үнэхээр л “Лэндмн” зээлийн аппликейшн буюу “Лэндмн ББСБ” ХХК-ийн анхны үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч нь Ч.Анарын хадам ээж буюу дээр дурдсан “Улаанбаатар буян” ХХК, “Нью семетри” ХХК-уудыг эзэмшигч Г.Идэрмаа болж таарч байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын иргэдийн бурхан болоочдынхоо буяны ажлын зардалд “Улаанбаатар буян” ХХК болон “Нью семетри” ХХК-д төлсөн мөнгө эргээд “Лэндмн”-ээс хүүтэй зээл болж, эргэлтэд ордог байж болзошгүй ажээ.
Тодруулбал,
УИХ-ын гишүүн Ч.Анар, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, түүний төрсөн дүү П.Отгонбаяр нар 2015 онд “Номад инвест” ХХК буюу одоогийн нэрээр “Анд системс” ХХК-ийг байгуулж, “Лэндмн” нэртэй цахим зээлийн төслийн судалгааг эхлүүлсэн. Улмаар Ч.Анарын хадам ээж Г.Идэрмаа нь 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж танигдсан, зээл олгох тусгай зөвшөөрөлтэй “Дуусашгүй-Ундарга ББСБ” ХХК-ийг 2016 онд иргэн Н.Эрдэнэсайхан гэгчээс худалдаж авсан. Улмаар Г.Идэрмаа “Дуусашгүй-Ундарга ББСБ” ХХК-ийн нэрийг “Лэндмн ББСБ” ХХК болгон өөрчилж, хүргэн Ч.Анар болон П.Наранбаяр, П.Отгонбаяр нарын “Анд системс” ХХК-ийн охин компани болгон шилжүүлж өгчээ. Ингээд болоогүй, Г.Идэрмаа нь өөрийн найз “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл агсан болон Японы иргэн Таками Юичи хоёртой хамтран хүргэн Ч.Анартаа анхны нэг сая ам.долларын санхүүжилтийг нь гаргаж өгчээ. Өөрөөр хэлбэл, Г.Идэрмаа нь хүргэн Ч.Анарынхаа “Лэндмн ББСБ” ХХК-ийг байгуулж өгч, бүр анхны санхүүжилтийг нь ч гаргаж өгсөн гэсэн үг. Энд дурдагдаж буй Японы иргэн Таками Юичи гэгч нь Боловсролын сайд П.Наранбаярыг хэрхэн 20 гаруй жил “тэжээж” ирснийг төгсгөлд нь дэлгэрүүлнэ.
Үүний дараа 2017 оны гуравдугаар сард Ч.Анар, П.Наранбаяр, П.Отгонбаяр нар Сингапурт “Анд глобал” компанийг байгуулсан. Улмаар 2017 оны наймдугаар сард Сингапур дахь “Анд глобал” компаниараа 4 сая ам.долларын санхүүжилт босгосон. Ингээд үүнийхээ 2.1 сая ам.долларыг “Анд системс” ХХК-аараа дамжуулан Монголд оруулж ирж, “Лэндмн” аппликейшнаараа хүүтэй зээл болгож тараажээ. Тэгвэл Сингапурт бүртгэлтэй “Анд глобал” компанийн 2017 оны жилийн эцсийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийнх нь бүртгэлийг харвал, “Анд глобал” компанийн 34 хувийг Ч.Анар, П.Наранбаяр, П.Отгонбаяр нар, 24 хувийг Ч.Анарын хадам ээж Гаравсүрэнгийн Идэрмаа, 13 хувийг Японы иргэн Таками Юичи, 13 хувийг “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл агсны хүү Батболдын Дөлгөөн, 6 хувийг Японы иргэн Ясуёо Мацумото тус тус эзэмшдэг гэж бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 2017 оны жилийн эцсийн байдлаар, “Анд глобал” компанийн хамгийн их хувьцааг Ч.Анарын хадам ээж Г.Идэрмаа эзэмшиж байжээ. Эндээс харвал, 2017 оны наймдугаар сард “Анд глобал” компанид 4 сая ам.долларын санхүүжилт өгсөн гол хөрөнгө оруулагч нь дахиад л Ч.Анарын хадам ээж Г.Идэрмаа, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл агсан байсан байж болзошгүй ажээ.
Тэгэхээр, УИХ-ын гишүүн Ч.Анарын гадаадаас босгосон гэх анхны нэг сая ам.долларын ч, дараагийн дөрвөн сая ам.долларын ч гол хөрөнгө оруулагч нь хадам ээж Г.Идэрмаа нь байсан байж болзошгүй дүр зураг гарч ирж байгаа юм. Өөрөөр бол, Ч.Анар өөрийн хадам ээж буюу оршуулгын бизнест ноёлогч “Улаанбаатар буян” ХХК, “Нью семетри” ХХК-уудыг эзэмшигч Г.Идэрмаагаас авсан мөнгөө гадаадын хөрөнгө оруулагчдаас, дэлхийн зах зээлээс босгосон мэтээр олонд сурталчилж, гар утасны “Лэндмн” аппликейшнаар дамжуулан иргэдэд хүүтэй зээл болгон тарааж, түүгээрээ хөлжсөн үү гэдэг асуулт гарч ирж байна.
Эцэст нь сонирхуулахад, Ч.Анар, П.Наранбаяр, П.Отгонбаяр нарын “Лэндмн”-д Г.Идэрмаатай хамт анхнаас нь хөрөнгө оруулсан Японы иргэн Таками Юичи гэгч нь Японы парламентын гишүүн байсан, улсдаа нөлөө бүхий бизнесмен. Тэр 2000 оны эхээр Монголд анх ирсэн. Ирмэгцээ тухайн үеийн Байгаль орчны сайд У.Барсболдтой дотно найзууд болсон. Ингээд Таками Юичи, У.Барсболд нар 2002 онд “Монгол-Японы байгаль орчны сан”-г хамтран байгуулж, захирлаар нь У.Барсболдын шадар туслах П.Наранбаярыг томилж байв. Тэр П.Наранбаяр нь одоогийн Боловсролын сайд. Дараа нь, П.Наранбаяр 2004-2007 онд Японы Киотогийн их сургууль магистраар сурч, тэнд байхдаа Таками Юичитэй илүү дотноссон. Ингээд 2007 онд П.Наранбаяр Таками Юичигийн эзэмшдэг “Японы байгаль орчны сан”-гийн Монгол дахь төлөөлөгч болоод эргэн ирж байв. Тэр цагаас хойш Таками Юичи нь П.Наранбаярт мөнгө хайрлахаа больсон гэдэг. Тиймдээ ч П.Наранбаярын Ч.Анартай хамтран байгуулалсэн “Лэндмн”-д ийнхүү Г.Идэрмаатай хамт санхүүжилт өгч байсан хэрэг. Өгсөн мөнгө нь ганц үүгээр тогтохгүй. П.Наранбаярын “Комедиан” Б.Идэр-Одтой байгуулсан “Колл про” ХХК-ийн хөрөнгө оруулагч нь ч Таками Юичи. Цаашилбал, Таками Юичи нь алдарт “Суруга Монгол”-ын хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд өдгөө Боловсролын сайд П.Наранбаярын хамаатнууд “Суруга Монгол” ХХК-ийг удирдаж, П.Наранбаярын бизнесүүд ч “Суруга Монгол”-ын барилгад оффислодог.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.АНАРЫН ЭХНЭР, ХАДМУУД УЛААНБААТАРЫГ ТОЙРСОН ОРШУУЛГЫН ГАЗРУУДЫГ ЭЗЭМШДЭГ |
|