Баян-Өлгий аймгийн ИТХ-ийн төлөөлөгчдийг судалж үзлээ. Хэхэртлээ идэж, хагартлаа баяжсан хэдхэн төлөөлөгчийн атганд орж, нэг ёсны “мафи” болж хувирчээ. Аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан нь аймгаа бүхэлд нь шатахуунаар хангадаг монополь ганц компани болох “Рысжан” ХХК-ийн эзэн. Аймгийн захиргааны барилгатай хаяа залгасан 11 давхар зочид буудал нь ИТХ-ын дарга Н.Бейбитханы төрсөн дүү, УИХ-ын гишүүн Х.Жангабылынх гээд эхэлж байна. Цаашилбал, Баян-Өлгий аймагт гадаадуудыг авчирж, аргаль, янгир агнуулж зугаацуулах дархан эрхийг төлөөлөгч К.Жандос гэгч эдэлдэг юм байна. Баян-Өлгий аймагт улсын төвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих бүх тендерийг Х.Мүпти, Х.Нурболат гэх хоёр төлөөлөгч эв найртай хувааж авцгаадаг юм байна. Харин Баян-Өлгий аймагт улсын төсвөөр баригдах барилга, байгууламжийн зураг төслийн тендерүүдийг А.Ербол гэх төлөөлөгч авдаг ажээ. Бас Баян-Өлгий аймагт хамгийн том, хамгийн олон газрыг Б.Энхболд гэх төлөөлөгч эзэмшдэг бөгөөд Өлгий хотод орон сууц барьж худалдах бизнесийг тэр ганцаараа шахуу хийдэг ажээ. Энэ мэтээр хэдхэн хүн Баян-Өлгий аймгийн ИТХ-ыг эзэгнэж, бизнесийг бүх салбарыг эрхшээж суудаг юм байна.
Аргаль, янгирын ан зуучлагч К.Жандос
.JPG)
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч К.Жандос 2.0 тэрбумын орон сууцанд амьдардаг, 318 сая төгрөгийн Lexus жийп хөлөглөдөг, төлөөлөгчид дундаа хөрөнгөөрөө тэргүүлдэг нэгэн ажээ. Ноцтой нь, К.Жандосын ийн хөлжсөн бизнес нь аргаль, янгирын ан.
Тодруулбал, К.Жандас “Мармара интернэйшнл” ХХК-ийн эзэн. Түүний “Мармара интернэйшнл” ХХК нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Цэнгэл, Алтанцөгц, Буянт тэргүүтэй сумдад гадаадын мөнгөтэй анчдад аргаль, янгир агнуулж, дундаас нь асар их хэмжээний ашиг хүртдэг. Ганцхан жишээ дурдъя. 2019 оны наймдугаар сард, тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Донаньд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниор Монголд ирж, Баян-Өлгий аймагт долоо хонож, Алтай таван богдоор аялж, ан хийж зугаацаад буцсан. Тухайн үед Дональд Трамп Жуниор Баян-Өлгийд долоо хонохдоо нэн ховордсон аргаль агнасныг дэлхий томоохон хэвлэлүүд ил болгож, дуулиан тарьж байлаа. Тэгвэл Дональд Трамп Жуниорыг Баян-Өлгий аймгаар долоо хоног аялуулж, аргаль агнуулсан хүн нь Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч К.Жандос байсан. Тухайн үед АНУ-ын Propublica.org сайтын мэдээлснээр, К.Жандосын “Мармара интернэйшнл” ХХК нь Дональд Трам Жупиорын долоо хоногийн аялалыг зохион байгуулж, аргаль агнах зөвшөөрөл “бэлэглэсэн” гэдгийг илчилж, Дональд Трам Жупиор болон К.Жандосын хамт авхуулсан зураг, агнасан аргалийнх нь зургийг нийтэд дэлгэж байв. Мөн Дональд Трам Жупиор Баян-Өлгийд долоо хонохдоо 75 мянган ам.доллар төлсөн гэж мэдээлсэн байдаг.

Тайлбар: Доналд Трампын хүү болон ИТХ-ын төлөөлөгч К.Жандос, 2019 он
Тайлбар: Доналд Трампын хүү болон К.Жандос нарын агнасан гэх аргалийн зураг
Сонирхуулахад, 2023 оны жилийн эцсийн байдлаар Увс, Баян-өлгий аймгийн уулархаг нутагт ердөө 4024 толгой аргаль тоологдсон. Гэтэл энэ онд Баян-Өлгий аймагт 14 аргаль, 24 янгир гадаадын жуулчдад агнуулахаар квот баталсан байх ажээ.
Баян-Өлгийдөө бүгдийн эзэн Б.Энхболд
Баян-Өлгий аймгийн бүх л том гэсэн зочид буудал, сүлжээ дэлгүүрүүд, тансаг гэсэн ресторан, амралтын бааз, тэр байтугай тус аймгийн нүүрсээр хангадаг уурхай, телевиз, бетон зуурмагийн үйлдвэр нь хүртэл ганцхан хүний мэдэлд байдаг ажээ. Тэр хүн нь Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхболд гэгч бөгөөд “Цамбагарав-өгөөж” ХХК-аараа монополь тогтоосон нэгэн ажээ. Тодруубал, Б.Энхболд нь
- Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт орших Толбо нуурын амралтын баазын эзэн.
- Баян-өлгий аймгийн аж ахуйн нэгж, айл өрхүүдийг нүүрсээр хангадаг Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших “Хотгор”-ын нүүрсний уурхайн эзэн.
- Баян-Өлгий аймгийн хамгийн том “Цамбагарав” худалдааны төвийн эзэн.
- Баян-өлгий аймгийн “Цамбагарав” супермаркет, “Цамбагарав” хайпермаркет гэх сүлжээ дэлгүүрүүдийн эзэн.
- Баян-өлгий аймгийн 1000 хүний багтаамжтай “Sky palace” хуримын ордны эзэн.
- Баян-Өлгий аймгийн “Цамбагарав” рестораны эзэн.
- Баян-Өлгий аймгийн “Цамбагарав” зочид буудлын эзэн.
- Баян-Өлгий аймгийн “Саян” телевизийн эзэн.
- Баян-Өлгий аймгийн Бетон зуурмагийн үйлдвэрийн эзэн ажээ.
Гол асуудал нь, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхболд нь хамгийн олон, бас хамгийн том газартай төлөөлөгч. Тодруулбал, Б.Энхболд нь нэр дээрээ эзэмших болон өмчлөх гэрчилгээтэй 1.8 тэрбум төгрөгийн 280м2-аас 538 га хүртэл хэмжээтэй 11 газартай. Тухайн газрууд дээрээ орон сууцны хотхон, хороолол барьж, улам ч хөрөнгөжиж байгаа нэгэн ажээ. Жишээ нь, Б.Энхболдын “Цамбагарав констракшн” ХХК нь Баян-Өлгий аймгийн Өлгий сум буюу Өлгий хотод “Цамбагарав-1”, “Цамбагарав-2” орон сууцны барилгуудыг барьж худалдсан. Одоо “Central town” нэртэй орон сууцны хотхон, “Central” нэртэй зочид буудал барьж байгаа ажээ. Сонирхуулахад, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, дээр дурдсан бүхний эзэн Б.Энхболд 3.9 тэрбумын хоёр хаустай, гурван орон сууцтай, үйлчилгээний 22 барилгатай.
Барилгын тендерчин Х.Мүпти
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Мүпти нь “Көшелик” ХХК-ийг эзэмшдэг. Харин “Көшелик” ХХК нь Баян-Өлгий аймгийн сургууль, цэцэрлэгийн тендерүүдийн талыг авдаг. Харин үлдсэн талыг нь төлөөлөгч Х.Нурболатын “Мурап” ХХК авдаг ажээ.
Тухайлбал, Х.Мүптигийн “Көшелик” ХХК нь хамгийн сүүлд:
-
Баян-өлгий аймгийн Өлгий суманд 120 хүүхдийн цэцэрлэг барих- 800 сая төгрөгийн тендер
-
Баян-өлгий аймгийн Улаанхус сумын Согоот багт 100 хүүхдийн цэцэрлэг барих- 600 сая төгрөгийн тендер
-
Баян-өлгий аймгийн Өлгий суманд 640 хүүхдийн сургууль барих- 5.0 тэрбум төгрөгийн тендер
-
Баян-өлгий аймгийн Ногооннуур суманд 240 хүүхдийн сургууль барих- 2.3 тэрбум төгрөгийн тендер зэрэгт тус тус шалгарчээ.
Сонирхуулахад, ИТХ-ын төлөөлөгч Х.Мүпти нь 1.8 тэрбум төгрөгийн нэг хаус, зургаан орон сууц, үйлчилгээний зориулалттай таван барилга, нэг оффистой.
Хөгшин эцгээрээ хулгайгаа халхавчилсан Х.Нурболат
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Халиасхарын Нурболатын аав Хызырын Халиасхар нь “Мурап” ХХК-ийг эзэмшдэг. “Мурап” ХХК нь Баян-Өлгий аймгийн сургууль, цэцэрлэгийн барилгын бүх том төсөвтэй тендерүүдэд торох юмгүй шалгардаг. Учир нь “Мурап” ХХК-ийн жинхэнэ эзэн нь ИТХ-ын төлөөлөгч Х.Нурболат. Тодруулбал, “Мурап” ХХК нь тендер авах бүрд Х.Нурболат өөрөө гэрээ байгуулдаг бөгөөд “Мурап” ХХК-ийн менежер гэж гарын үсэг зурдаг ажээ. Өөрөөр хэлбэл, “Мурап” ХХК нь настай аав Х.Халиасарынх нь дээр байдаг ч тендер авах, гэрээ байгуулах бүх ажлыг Х.Нурболат өөрөө хариуцдаг гэсэн үг.
Тухайлбал, “Мурап” ХХК нь хамгийн сүүлд:
-
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөх хөтөл багт 160 хүүхдийн сургууль барих- 1.1 тэрбум төгрөгийн тендер
-
Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд 160 хүүхдийн сургууль барих- 2.3 тэрбум төгрөгийн тендер
-
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд Хүнс, хөдөө аж ахуйн лабораторийн барилга барих- 1.9 тэрбум төгрөгийн тендер
-
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 250 хүүхдийн цэцэрлэг барих- 2.0 тэрбум төгрөгийн тендер
-
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Улаанхус, Дэлүүн, Алтай, Баяннуур сумын цэцэрлэг, сургууль, дотуур байрны жорлонг шинэчлэх- 3.1 тэрбум төгрөгийн тендер
-
Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтын лабораторийн барилга барих- 800 сая төгрөгийн тендер гэхчилэн түүсэн байх ажээ.
Зураг төслийн тендерчин Ахмет Ербол
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ахмет Ербол эхнэр Сериктес Галягийн нэр дээр “АЕСН” ХХК-ийг эзэмшдэг. “АЕСН” ХХК нь улсын төсвийн санхүүжилттэй, барилга байгууламжийн зураг төслийн 150 тендерт оролцсон. Өөрөөр бол, Баян-Өлгий аймгийн барилга, байгууламжийн зураг төслүүдэд “АЕСН” ХХК нь шалгардаг ажээ. Тухайлбал, “АЕСН” ХХК нь хамгийн сүүлд:
-
Баян-Өлгий аймгийн Нутгийн удирдлагын ордны зураг төслийг боловсруулах- 95 сая төгрөгийн тендер
-
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах- 100 сая төгрөгийн тендер
-
Баян-Өлгий аймгийн Даян боомтыг шилэн кабельд холбох ажлын зураг төслийг боловсруулах- 160 сая төгрөгийн тендер гэх мэтээр шалгарсан байна.
Баян-Өлгий аймагт ирэх хоёр жил 253 тэрбум төгрөгөөр сургууль, цэцэрлэг, спорт заал, эмнэлэг, соёлын төв, авто замын 56 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Улмаар энэ оны улсын төсөвт 79.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эхний ээлжинд суулгасан байдаг. Гэтэл татвар төлөгч та бидний төлсөн татварын өмнө Баян-Өлгий аймагт хувиарлагдаж очоод, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч сэтэртэй хэдхэн хүний халаасанд ашиг болж ордгийг дээрх жишээнүүд хангалттай харуулж буй биз ээ. Ямартай ч төрийн нүд, чих ажиллаж буй бол Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг анхаарах цаг нь болсон бололтой.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИТХ АРГАЛЬ, ЯНГИРЫН АНЧИД БОЛОН ТӨСВИЙН ТЕНДЕРЧДИЙН “МАФИ” БОЛЧИХЖЭЭ |
|