Эргэлт.мн мэдээллийн сайт “Орон нутгийн сонгууль-2024”-ийг угтан аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн баримтыг цувралаар танилцуулж байна. Энэ удаад Төв аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчөөс, тэр тусмаа МАН-ын 26 төлөөлөгчөөс М.Энхболд болон Ж.Батжаргал хоёрын Төв аймгаас Төрийн ордонд залахаар бойжуулж буй хамгийн хөрөнгөтэй, хамгийн хуудуутай хоёр төлөөлөгчийг танилцуулж байна.
УЛСАД 146 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ “ЧИНГИС ХААН” БАНК БОЛОН “МОНДУЛААН ТРЕЙД” ХХК-ИЙН ЭЗЭН Ш.ЛХАМСҮРЭНГИЙН ХАДАМ АХ, ТӨВ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.БАТТӨГС
Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2016, 2020 онд хоёр удаа сонгогдож, найм дахь жилдээ тухалж буй Жадамбын Баттөгс гэх эр бий. Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс хамгийн нэр, нөлөөтэй, бас хамгийн хөлтэй, хөрөнгөтэй нь. Учир нь, Ж.Баттөгс Төв аймгийн Баян суманд төрж өссөн буюу Төв аймгийн эзэн гэгддэг М.Энхболдын нэг сумын, нэг голын хайртай дүү нь. Нөгөө талаас, Ж.Баттөгс нь “Нүүдэлчин групп” ХХК-ийн эзэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн эхнэр Ж.Ариунаагийн төрсөн ах нь. Харин хүргэн Ш.Лхамсүрэн нь М.Энхболдыг Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч байхад дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан хурдан морины хобби нэгт дүү нь. Чухам энэ гинжин хэлхээ хэрхэн Ж.Баттөгсийг Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч, басхүү Төв аймгийн толгой баян бизнесмен болгосон баримтыг танилцуулъя.
Тайлбар: Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Баттөгс, хүргэн дүү "Нүүдэлчин групп" ХХК-ийн эзэн Ш.Лхамсүрэн
Тайлбар: "Нүүдэлчин групп" ХХК-ийн эзэн Ш.Лхамсүрэн, УИХ-ын дарга асан М.Энхболд
ТӨРИЙГ “ТОНОХОД” ГАРШСАН ХҮРГЭН, ХАДАМ ХОЁР
Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Баттөгс болон түүний хүргэн дүү Ш.Лхамсүрэн хоёрт хуруу дүрээгүй хөтөлбөр, сан, банк гэж бараг үгүй. Заримаас нь танилцуулъя. Ж.Баттөгс 2006 оноос эхлэн хүргэн дүү Ш.Лхамсүрэнгийнхээ “Нүүдэлчин групп” ХХК-ийн охин компани болох “Мондулаан трейд” ХХК-ийн Төв аймгийн Заамар дахь алтны уурхайн даргаар ажилласан. Улмаар хүргэн дүү Ш.Лхамсүрэн нь 2012 онд “Нүүдэлчин групп” ХХК-ийнхаа харьяанд мал аж ахуйн “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь хадам ах Ж.Баттөгсийгөө томилсон. Дараа жил нь буюу 2013 онд Ш.Лхамсүрэн, Ж.Баттөгс хоёр “Хишигтэн нүүдэлчин” ХХК-иараа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай гэрээ байгуулан, 1.8 тэрбум төгрөгийн зээл авч, Францаас Монбелиард үүлдрийн 150 үнээ, таван бух оруулж ирсэн. Ингээд Төв аймгийн Архуст суманд анхны үхрийн ферм байгуулсан байдаг. Тухайн үед Үйлдвэр, худалдааны дэд сайдаар Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Ц.Туваан ажиллаж байсан. Ш.Лхамсүрэн, Ц.Туваан хоёрын хувьд Төв аймагт хурдан морины хоббигоор нөхөрлөж, 2013 оноос ММСУХ-ны дэд ерөнхийлөгчөөр хамт ажиллаж ирснийг нь дурдах хэрэгтэй. Өөрөөр бол, Ц.Тувааныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд болмогц Ш.Лхамсүрэн үхрийн бизнест орсон нь санамсаргүй давхцал биш гэж харагддаг.
Ийнхүү алтны уурхайн даргаас үхрийн фермийн эзэн болсон Ж.Баттөгс 2015 онд өөрийнхөө нэр дээр “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийг байгуулсан. Азаар 2016 онд МАН олонх болж, М.Энхболдын хаанчлал эхэлсэн. Улмаар 2016 оны зургадугаар сард Ш.Лхамсүрэн Барилга, хот байгуулалтын сайд болж, аравдугаар сард нь Ж.Баттөгс Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсон. Ингээд 2018 оны хавар Ж.Баттөгс “Нүүдэлчин агро ферм” ХХК-иараа Төв аймгийн Баяндэлгэр суманд 400 үнээний ферм байгуулах төслөөр ЖДҮХС-гаас 1.0 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Ж.Баттөгсийн “Нүүдэлчин агро ферм” ХХК-д 1.0 тэрбум төгрөгийн зээл олгохыг тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд ЖДҮХС-ийн захирал С.Төгсбилэгт үүрэгдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.
Харин хүргэн дүү Ш.Лхамсүрэнг нь монголчууд эчнээ мэднэ. Тухайлбал, Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин групп” ХХК-ийн охин компани болох “Чингис хаан” банк нь Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангаас 127 тэрбум төгрөгийг хадгалах нэрээр аваад одоог хүртэл эргүүлж төлөхгүй луу унжиж яваа. Мөн “Нүүдэлчин групп” ХХК-ийн бас нэг охин компани болох “Мондулайн трейд” ХХК нь Төв аймгийн Заамар дахь алтны уурхайгаа өргөжүүлэх төслөөр Хөгжлийн банкнаас 2018 онд 15 тэрбум төгрөгийн зээл аваад одоог хүртэл эргэн төлөөгүй, хүү алдангитайгаа нийт 19 тэрбум төгрөгийн өртэй явж байгаа. Сонирхуулахад, “Нүүдэлчин групп” ХХК-ийн эзэн Ш.Лхамсүрэн өдгөө Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй. Харин эгч Ш.Батнасан нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа ажээ.
ТӨВ АЙМАГТ ҮХЭР “ШАХДАГ” ХУУЛЬ БУС ТЕНДЕРЧИН
Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Баттөгсийн “Нүүдэлчин агро ферм” ХХК нь Төв аймгийн Баяндэлгэр суманд Үнэ тогтворжуулах хөтөлбөр болон ЖДҮ-ийн зээлээр босгосон 400 үнээний фермтэй. Ноцтой нь, Ж.Баттөгс төсвөөс мөнгө авч босгосон “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийнхаа үхэрийг Төв аймагтаа хагас тэрбумаар “шахдаг” ажээ. Хууль бус “шахаа” гэдэг нь аудитаар батлагдсан нэг баримтыг танилцуулъя. Ж.Баттөгсийн “Нүүдэлчин агро ферм” ХХК нь 2021 оны арваннэгдүгээр сард Засгийн газраас Төв аймагт хэрэгжүүлж буй “Шинэ хөдөө” төсөлд 425 сая төгрөгөөр 34 толгой Монбелиард үүлдрийн үхэр нийлүүлэх тендерт шалгарчээ. Ноцтой нь, Аудитын ерөнхий газраас Төв аймгийн 2021 оны төсвийн зарцуулалтад хийсэн шалгалтаар 425 сая төгрөгийн энэхүү тендерт “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан нь тогтоогдсон байдаг ажээ.
Тайлбар: "Нүүдэлчин агро ферм" ХХК-ийг хууль бусаар тендерт шалгаруулсныг тогтоосон аудитын газрын дүгнэлт
ТӨВ АЙМГИЙН ТАВАН СУМЫН НУТГИЙГ ХАМАРСАН 250 ГА ОРЧИМ ГАЗРЫН ЭЗЭН
Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Баттөгсийн “Нүүдэлчин агро ферм” ХХК нь Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт, Аргалант, Баянхангай, Баян сумдын нутагт 52 байршилд нийт 220 га гаруй газар эзэмшдэг.
Цаашилбал, Ж.Баттөгсийн “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн охин компани “Сүүн цацал наф” ХХК нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт 149.880м2 буюу 14 га газартай. Мөн “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн охин компани “Өрөм нуур наф” ХХК нь Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт 149.880 м2 буюу 14 га газартай.
Товчхондоо, Ж.Баттөгс нь хүргэн дүүгийнхээ Төв аймгийн Заамар дахь алтны уурхайнууд, өөрийнхөө ЖДҮ-ээр босгосон Төв аймгийн Баяндэлгэр суман дахь 400 үнээний фермээ “хамгаалж”, Төрийн ордонд залрах бэлтгэлээ ханган Төв аймгийн ИТХ-д төлөөлөгч сэтэртэй суугаа нэгэн ажээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ЗӨВЛӨХ, ТӨВ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ГАНБАТ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ УУ
Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2016, 2020 онд хоёр удаа сонгогдсон, найм дахь жилдээ тухалж буй Баярмагнайн Ганбат гэх эр бий. Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс гадна УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын зөвлөх гэх хос сэтэр, давхар гуншигтай. Ноцтой нь, төлөөлөгч Б.Ганбат УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг санхүүжүүлдэг, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож Төв аймгаас Улаанбаатар хотод орж ирэхэд нь оффис бэлэглэсэн гэх яриа бий. Шанд нь, Б.Ганбат Төв аймгаас Төрийн ордонд дуртай үедээ залрах зөвлөхийн сэтэр зүүдэг болсон гэх. Нөгөөтээгүүр, М.Энхболд тайзнаас бууж, Н.Энхболд тэтгэвэрт суусан учраас Төв аймгийнхныг Ж.Батжаргал төрд төлөөлж байгаа. Тиймдээ ч Б.Ганбат Ж.Батжаргалын зөвлөх сэтэрийнхээ нөлөөгөөр Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгчид дундаа овгор нь болчихоод буй гэгддэг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг сонгуулийн санхүүжилтээр нь “баздаг” гэх Баярмагнайн Ганбатыг болон төрсөн ах нарыг нь АТГ руу хөтөлж болзошгүй маш ноцтой баримтуудыг танилцуулъя.
Тайлбар: "Урьхан" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Чадраабал, "Урьхан" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганбат, "Урьхан" ХХК-ийн дэд захирал Б.Чинбат
1. Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ганбат “Урьхан” ХХК-ийг эзэмшдэг. “Урьхан” ХХК нь Улаанбаатар-Дарханы зам дагуух “Урьхан” зоогийн газрыг ажиллуулдаг. Түүний “Урьхан” ХХК-ийн дэд захирлаар төрсөн ах Б.Чинбат нь ажилладаг байсан. Гэтэл Б.Чинбат нь 2020 оны нэгдүгээр сарын 21-нд “Эко төв аргууль” ХХК-ийг эзэмшдэг болжээ. Улмаар ердөө сар гаруйхны дараагаас буюу 2020 оны хоёрдугаар сарын 17-ноос эхлэн Б.Чинбатын нэр дээр болон түүний “Эко төв аргууль” ХХК-ийн нэр дээр Төв аймгийн Борнуур сумын 4-р баг, Улаанбаатар-Дарханы замаас холгүйхэн Ар гууль хэмээх газарт зургаан удаагийн захирамжаар нийт 280.000м2 газар олгожээ. Хамгийн ноцтой нь, Б.Чинбатын газар авсан захирамжийн хугацаа нь 2020 оны орон нутгийн сонгуулийн өмнөхөн, 2024 оны сонгуулийн өмнөхөн гэсэн дамтамжтай байх ажээ. Өөрөөр хэлбэл, Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ганбат дахин сонгогдохгүй байх магадлалаа тооцоолж, орон нутгийн сонгуулийн өмнө төрсөн ах Б.Чинбатдаа их хэмжээний газар олгуулж байсан байж болзошгүй байна. Тухайлбал,
-
2020 оны хоёрдугаар сарын 17-нд “Эко төв аргууль” ХХК-д 50.000м2
-
2020 оны хоёрдугаар сарын 17-нд “Эко төв аргууль” ХХК-д 40.000м2
-
2021 оны наймдугаар сарын 5-нд “Эко төв аргууль” ХХК-д 40.000м2
-
2024 оны нэгдүгээр сарын 30-нд Б.Чинбатын нэр дээр 20.000м2
-
2024 оны нэгдүгээр сарын 30-нд Б.Чинбатын нэр дээр 30.000м2
-
2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд Б.Чинбатын нэр дээр 100.000м2 газрыг Төв аймгаас тус тус олгосон байна.
Тайлбар: Б.Чинбатад олгосон зургаан газрын кадастр зураг
2. Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ганбатын төрсөн ах Б.Чадраабал нь өдгөө “Урьхан санаа” ХХК-ийг удирддаг. “Урьхан санаа” ХХК нь БГД-ийн 29-р хороо, Саппорогийн уулзварт байрлах барилгын материалын “Гурвалжин-1”, “Гурвалжин-2” худалдааны төвүүдийг эзэмшиж, ажиллуулдаг. Тэгвэл Б.Чадраалбал нь “Ид шидийн орон”-оор танигдсан Ч.Ганжавхлангийн аав. Ноцтой нь, Б.Ганжавхлан “Вайнд майнд” ХХК-ийг 2017 оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулж, 2021 оны тавдугаар сард авга ах Б.Чинбатдаа шилжүүлсэн байдаг. Гэтэл “Вайнд майнд” ХХК нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Туулын их тохойрол гэх газарт алт олборлож, алт угаасан усаа Туул гол руу хууль бусаар цугтаж байсныг 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоож байжээ. Одоогоор ямар хариуцлага тооцсон нь, байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.
Тайлбар: "Вайнд майнд" ХХК-ийн хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан алтны уурхай, Булган, Бүрэгхангай сум, Туулын их тохойрол
3. Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ганбатын төрсөн ах Б.Чинбатын “Инкоммаш” ХХК нь 2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Хан-Уул дүүргийн 23-р хороо, Арцатын аманд 51.104м2 газар эзэмшдэг. Энэ газар дээрээ 30 айлын тансаг зэрэглэлийн “Green hill” хотхоныг барьж худалдсан байна. "Green hill" хотхоны нэг айлын хаус нь 4.3 тэрбум төгрөгийн үнэтэй. 30 айлын хаусыг 4.3 тэрбум төгрөгөөр тооцохоор 129 тэрбум төгрөгөөр худалдсан гэсэн үг. “Урьхан” зоогийн газрын дэд захирал байсан Б.Чинбат Дархан цаазат Богдхан уулын аманд 30 хаус яаж барив гэдгийг хууль хяналтынхан шалгах нь зөв биз ээ.
Тайлбар: Нэг бүр нь 4.3 тэрбум төгрөгийн үнэтэй 30 хаус бүхий "Green hill" хотхон
ТАНИЛЦ: ТӨВ АЙМГИЙН ИТХ-ЫН ТОЛГОЙ БАЯН ТӨЛӨӨЛӨГЧИД |
|