Тэрбум төгрөгөөр “бидон” тараахдаа хотойдоггүй “Техник импорт”-ын Д.Ганбат, нүүрсний 500 машинтай, 100 мянган ам.долларын авлигад гар татдаггүй А.Адъяасүрэн, тараг, зайрмагнаас эхлээд тансаг зэрэглэлийн хотхон хүртэл бүх салбарт бизнестэй “Тэсо”-гийн О.Цогтгэрэл, эмнэлгээс нүүрс хүртэл бизнестэй “Гаалийн” Ш.Адьшаа, “Баянгол” зочид буудал, “Талх чихэр”, “Мах импекс”-ээс цааш хөрөнгө нь тоогоо алддаг Х.Баттулга, хотын “А” зэрэглэлийн “Залуучууд” зочид буудлын эзэн Д.Эрдэнэбат, сувилал, сургуулиас эхлээд салбар бүрийн бизнестэй “Молор трейд”-ын С.Эрдэнэ, мах, чацарганын магнат шахуу Н.Алтанхуяг гээд АН-ын хур хөрөнгөтнүүд, толгой тэрбумтнууд тус тусын тойрогтоо, зарим нь тойрог сэлгэн дэвшицгээлээ.
Тэгвэл тэднээс хөтөлж, хормойдож, тойргийг нь хуваалцан дэвшиж буй “багачууд”-ынх нь хөрөнгийг судалж үзлээ. Ингээд топ 10 тэрбумтныг нь танилцуулж байна.
8.8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭХ АДУУТАЙ Д.БАТБАЯР
VI тойрогт нэр дэвшигч Д.Батбаяр 2.9 тэрбум төгрөгийн хоёр орон сууцтай, нэг үйлчилгээний барилгатай, 11 авто зогсоолтой. Мөн 8.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын 110 адуутай.
Д.Батбаярын аав аав Б.Далайг нь Увс аймгийн харьяат, Улсын Тод манлай цолтой уяач, бас бизнесмен бий. Д.Батбаяр 2000 оноос хойш Чехэд амьдарч байгаад буцаж ирээд аав Б.Далайгийнхаа “Монголчех металл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. “Монголчех метал” ХХК нь Төв аймгийн Баянцагаан сумын нутагт байх Чулуут, Чулуут цагаан дэл, Чулуутын зүүн салаа гэх жоншны гурван том ордыг эзэмшдэг. Мөн Баянцагаан суманд Зэст гэх жоншны хайгуулын лицензтэй. Эл ордуудынхаа дэргэд өнгөрсөн оны аравдугаар сард Жоншны баяжуулах үйлдвэр байгуулсан.
10.4 ТЭРБУМЫН ОРОН СУУЦТАЙ, 13.2 ТЭРБУМЫН АВЛАГАТАЙ Б.ТҮВШИН
II тойрогт нэр дэвшигч Б.Түвшин жилд 9.8 тэрбум төгрөгийн орлоготой. Нэр дээрээ 10.4 тэрбум төгрөгийн хоёр орон сууцтай, үйлчилгээний таван барилга, нэг оффис, дөрвөн авто зогсоолтой. Мөн BMW X5, Lexus 570, Lexus 600 загварын 880 сая төгрөгийн гурван жийптэй. Бусдаас 13.2 тэрбум төгрөгийн авлагатай, дансандаа 350 сая, бэлбээр 690 сая төгрөгтэй.
Б.Түвшин “Мултипак” ХХК, “Миг даатгал” ХХК тэргүүтэй 10 гаруй компани эзэмшдэг.
- “Мултипак” ХХК нь 2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Цанхийн баруун уурхайн нүүрс ачилтын гүйцэтгэгчийг шалгаруулах 9.3 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан.
- “Миг даатгал” ХХК нь төрийн 27 тендерт шалгарсан. Жишээ нь, зөвхөн өнгөрөгч 2023 онд л гэхэд ИНЕГ-ын нисгэгчдийн эрүүл мэндийн даатгалын 200 сая төгрөгийн тендер, “МИАТ”-ын нисгэх бүрэлдэхүүний амь насны даатгалын 127 сая төгрөгийн тендер, “Шивээ овоо” ТӨХК-ийн хүнд машин механизмын 124 сая төгрөгийн тендер зэрэгт шалгарсан байдаг.
3.0 ТЭРБУМЫН ОРОН СУУЦ, 880 САЯЫН ТАВАН ЖИЙПТЭЙ ӨМГӨӨЛӨГЧ О.АЛТАНГЭРЭЛ
I тойрогт нэр дэвшигч О.Алтангэрэл 3.0 тэрбум төгрөгийн хоёр орон сууцтай, 886 сая төгрөгийн Range rover, Land cruiser 200, Land cruiser 70, Ford F-150, Land Rover- Range rover загварын таван жийп автомашинтай.
О.Алтангэрэл өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг бизнестэй харагддаг ч цаагуураа уул уурхайтай холбогддог. Тодруулбал, О.Алтангэрэлийн бизнесийн сүлжээ Хөвсгөлийн Овоот, Нүүрстэйн ордуудыг эзэмшигч УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн алдарт “Аспайр майнинг лимитед” компанитай хэрхэн холбогддог нэгхэн жишээг танилцуулъя. О.Алтангэрэл ээж Жамбаагийн Оюунсайхантайгаа “Легалгрупп” ХХК-ийг эзэмшлэг. “Легал групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар О.Алтангэрэлийн 10 жилийн ангийн найз Гантөмөрийн Цогбаяр гэгч ажилладаг. Тэгвэл “Легал групп” ХХК-ийн хаяг дээр “Легал майнинг” ХХК бүртгэлтэй байдаг. “Легал майнинг” ХХК-ийг өнөөх О.Алтангэрэлийн найз Гантөмөрийн Цогбаяр болон “Хөх тэнгэр энерги” ХХК хамтран эзэмшдэг. “Хөх тэнгэр энерги” ХХК-ийг “Хөх тэнгэр капитал партнерс” ХХК эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Зундуйсүрэнгийн Ган-Очир ажилладаг. Харин “Хөх тэнгэр капитал партнерс” ХХК-ийг “Бөмбөгөр” захын эзэн, УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн эхнэр Дамдинсүрэнгийн Цэрэннадмид, “Алтай констракшн” ХХК-ийн эзэн Хадбаасангийн Бат-Эрдэнэ, Зундуйсүрэнгийн Ган-Очир нар эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Цэрэнпунцагийн Барсболд гэгч бүртгэлтэй байдаг. Энэ бол алдарт “Аспайр майнинг лимитед” компанийн монгол талын сүлжээ. Тодруулбал, 2010 оны байдлаар Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшин “Аспайр майнинг лимитед”-ийн есөн хувийг, Х.Бат-Эрдэнэ “Аспайр майнинг лимитед”-ийн 16 хувийг, З.Ган-Очир “Аспайр майнинг лимитед”-ийн долоон хувийг эзэмшдэг байсан. Улмаар 2019 онд “Аспайр майнинг лимитед” компани нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдээ нийтэд шинэчлэн зарласан. Ингэснээр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Аспайр майнинг лимитед”-ийн 27 хувийг, З.Ган-Очир “Аспайр майнинг лимитед”-ийн 10 хувийг эзэмшдэг болсон. З.Ган-Очир нь 2016 оноос хойш “Аспайр майнинг лимитед” компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж ирсэн. Мөн дээр дурдсан “Хөх тэнгэр капитал партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэрэнпунцагийн Барсболд нь “Аспайр майнинг лимитед” компанийн Ерөнхий геологичоор ажилладаг.

ӨМНӨГОВИЙН НҮҮРС, ӨВӨРХАНГАЙН БУУДАЛ, ББСБ-ЫГ “АТГАСАН”, 1.9 ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ Г.ХОСБАЯР
I тойрогт нэр дэвшигч Г.Хосбаяр 1.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Тэр “Арц богдын говь” ХХК, “Драгон говь” ХХК, “ӨВМТХ” ХХК, “Мөнх арц богд” ХХК, “Хаан кредит” ХХК-уудыг эзэмшдэг.
- “Арц богдын говь” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн нүүрсийг хятад руу зөөдөг.
- “Драгон говь” ХХК нь БНХАУ-ын Shacman үйлдвэрийн хүнд даацын автомашин, чиргүүл, сэлбэг хэрэгслээр уул уурхайн компаниудыг хангадаг. “Оюутолгой” ХХК, “Ачит ихт” ХХК-уудтай гэрээтэй ажилладаг.
- “Мөнх арц богд” ХХК нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод “Богд” нэртэй зочид буудал, ресторан, караоке, сайн, фитнес ажиллуулдаг.
- “Хаан кредит” ББСБ нь Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус аймгийн иргэдэд автомашин, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан хүүтэй зээл олгодог.
- “ӨВМТХ” ХХК нь төсвийн санхүүжилттэй барилгын тендерүүдэд оролцдог. Жишээ нь, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Залуучуудын усан спортын цогцолборын барилгын 3.0 тэрбум төгрөгийн тендер, ИНЕГ-ын Спорт цогцолборын барилгын 5.1 тэрбум төгрөгийн тендер, Хэнтий аймгийн Батноров суманд 150 хүүхдийн дотуур байр барих 1.3 тэрбум төгрөгийн тендер гэх мэтээр шалгарч байсан. Мөн “ӨВМТХ” ХХК нь Нисэхийн шинэ спорт цогцолборын будилааны эзэн. Тодруулбал, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа Зүүн азийн залуучуудын их наадмыг 2023 онд Улаанбаатар хотод зохион байгуулах, наадмын бэлтгэл ажлыг хангаж эхлэх тухай тогтоол гаргаж байлаа. Тус тогтоол ёсоор Зүүн азийн залуучуудын их наадмын бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийг байгуулж, ТУЗ-ийн даргаар Х.Баттулгын хамаарал бүхий этгээд Б.Тамир гэгчийг томилсон. Ингээд “Улаанбаатар спорт менежмент” ХК-аас Зүүн азийн залуучуудын их наадмыг зохион явуулах шинэ спорт цогцолборыг Нисэхийн “Степп арена” цогцолборын урд барихаар болж, барилга угсралтын ажлыг нь Г.Хосбаярын “ӨВМТХ” ХХК-д даалгасан байдаг. Ингэхдээ “ӨВМТХ” ХХК-д 10 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон мэдээлэл бий. Гэвч “ӨВМТХ” ХХК нь өнөөх спорт цогцолборын барилгаа ашиглалтад оруулж чадаагүй, барилга нь талдаа ороод царцчихсан. Улмаар өнгөрсөн 2023 онд Зүүн азийн залуучуудын их наадмын тэмцээнүүдийг “Буянт-Ухаа” спорт цогцолбор, “Степ Арена” цогцолбор зэрэгт хуваан зохион байгуулсан байдаг.

5.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦ, 13 АВТО ЗОГСООЛТОЙ Х.БАТСАЙХАН
IV тойрогт нэр дэвшигч Х.Батсайхан 5.7 тэрбум төгрөгийн хоёр хаустай, нэг орон сууцтай, үйлчилгээний долоон барилга, 13 авто зогсоолтой. Мөн 1.0 тэрбум төгрөгийн Land cruiser 200, lexus 600 загварын хоёр жийптэй, 2.0 тэрбум төгрөгийн есөн газартай. “Оймон” ХХК нь барилга барьдаг.
Х.Батсайхан “Оймон” ХХК, “Оймон майнинг” ХХК, “Оймон энержи” ХХК тэргүүтэй 10 гаруй компанийг эзэмшиж ирсэн. Жишээ нь, “Оймон” ХХК нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 10 давхар 80 айлын орон сууц барьж худалдаж байлаа. СБД-ийн 9-р хороонд “Гэрэл титэм” хотхоныг барьж, худалдсан. БЗД-ийн 26-р хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ард “Sunrise” хотхоныг барьж худалдсан. Гэх мэтээр олныг дурдаж болно.
2.0 ТЭРБУМЫН АДУУ, 3.0 ТЭРБУМЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ Э.ТАМИР
XII тойрогт нэр дэвшигч Э.Тамир 5.4 тэрбум төгрөгийн зургаан орон сууцтай, хоёр хаустай. Мөн 720 сая төгрөгийн Ford F-150 загварын автомашинтай, 2.0 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын 350 адуутай, 3.0 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй.
Э.Тамир “Комит сервис” ХХК, “Адамант” ХХК, “Комтрейд” ХХК зэрэг компаниудыг эзэмшдэг.
- “Комит сервис” ХХК нь Хан-уул дүүргийн 20-р хороо, “Мишээл экспо”-гийн баруун талд байрлах “Лавай” худалдааны төвийг эзэмшдэг.
- “Адамант” ХХК нь 2018 онд Чингэлтэй дүүрэгт бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих 2.0 тэрбумын тендер, 2020 онд Чингэлтэй дүүрэгт бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих 3.4 тэрбумын тендер, 2022 онд Багахангай дүүрэгт Соёлын ордон барих 5.1 тэрбум төгрөгийн тендер гэх мэтээр шалгарч байсан.
- “Комтрейд” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-д 3.7 тэрбум төгрөгөөр автосамосвалын дугуй нийлүүлж байсан.
ЭРХЭЛДЭГ БИЗНЕС НЬ ТОДОРХОЙГҮЙ Ч 3.0 ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ П.ГАЛИНДЭВ
XI тойрогт нэр дэвшигч П.Галиндэв дансандаа 3.0 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 650 толгой малтай, бусдаас 100 сая төгрөгийн авлагатай.
П.Галиндэв УИХ-ын гишүүн асан Л.Эрхэмбаяртай “Агро селезшнпарк” ХХК-ийг, төрсөн хоёр ахтайгаа “Насан далай” ХХК-ийг тус тус эзэмшиж ирсэн. Гэхдээ энэ компаниуд нь ямар үйл ажиллагаа явуулж байсан нь тодорхойгүй.
3.7 ТЭРБУМЫН ОРОН СУУЦТАЙ Т.ПҮРЭВХАТАН
VI тойрогт нэр дэвшигч Т.Пүрэвхатан 3.7 тэрбум төгрөгийн дөрвөн орон сууцтай, нэг зуслангийн байшинтай. Мөн Lexus 570, Lexus RX 350 загварын 480 сая төгрөгийн хоёр жийптэй.
Т.Пүрэвхатангийн “Шинэ хужирт” ХХК нь хүүхдийн “Найрамдал” зуслангийн хажууд, “Натур мед” нэртэй дөрвөн давхар сэргээн засах сувиллын эмнэлэг ажиллуулдаг.
ХАГАС ТЭРБУМЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ Х.БОЛОРМАА
X тойрогт нэр дэвшигч Х.Болормаа 2.3 тэрбум төгрөгийн гурван орон сууцтай. Мөн 582 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 746 сая төгрөгийн хадгаламжтай, бэлнээр 360 сая төгрөгтэй.
Х.Болормаагийн нөхөр Ц.Дашцэрэн нь “Эй Би Жи Энерго” ХХК-ийг эзэмшдэг. “Эй Би Жи Энерго” ХХК нь Дархан-Уул аймагт дэд станц өргөтгөх 4.0 тэрбумын тендер, Нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээг шинэчлэх 24.6 тэрбум төгрөгийн тендерийн 1.2 тэрбум төгрөгийн багц, Баянхошууны дэд станцыг өргөтгөх 1.7 тэрбум төгрөгийн тендер зэрэг төсвийн найман тендерт шалгарч байсан.
1.9 ТЭРБУМЫН ОРОН СУУЦТАЙ Ц.ОДОНТУНГАЛАГ
II тойрогт нэр дэвшигч Ц.Одонтунгалаг 1.9 тэрбум төгрөгийн хоёр орон сууцтай, үйлчилгээний нэг барилгатай. Мөн Lexus 570 загварын жийп машинтай, 375 сая төгрөгийн зургаан газартай.
Ц.Одонтунгалаг “Хатан бошго” ХХК-ийг, нөхөр буюу Улсын заан Д.Бумбаяр “Шадар дайвин” ХХК-ийг эзэмшдэг. “Шадар дайвин” ХХК нь Ц.Одонтунгалагийг “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн дарга байхад автобусны дугуй нийлүүлж байсан баримт бий. Цаашилбал, Ц.Одонтунгалаг, Д.Бумбаяр хоёрын худ нь Улсын заан Ч.Батзориг. Ч.Батзоригийн тухайд Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, түүний төрсөн ах Т.Батмөнх нартай хамтран Яармагийн дэнжийг тансаг зэрэглэлийн хотхон хорооллоор “дүүргэж” буй. Мөн Ч.Батзориг 5000 гаруй үхэртэй буюу монголын хамгийн олон үхэртэй хүн гэгддэг.
ТАНИЛЦ: АН-ЫН “БАГАЧУУД”-ЫН ТОП 10 ТЭРБУМТАН |
|