АН, МАН-ын томчууд, төрийн түшээгээр ганц удаа сонсгогдсон нөхдүүд хүртэл хажуудаа нэг, нэг “хөтөлгөө морь”-той нэр дэвшицгээлээ. Зарим нь төр, түмэнд танигдаагүй “шинэков”-уудаа хөтлөөд дэвшиж байна. Эсвэл энэ сонгуульд унах магадалтай түшээдээ сугадаад дэвшиж байна. Харин зарим нь тойрог нэртэй “вант улс”-ыг нь өнгөрсөн дөрвөн жил сайн “манасан” засаг дарга нараа дагуулаад дэвшиж байна.
БАЯНЗҮРХЭД ГОЛОГДОЖ, СОНГИНОХАЙРХАНД ДҮГНЭГДСЭН П.АНУЖИН ААВЫНХАА ТОЙРГИЙГ “ӨВЛӨЖ” АВАХААР Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ БАРААДАВ
П.Анужин 2016 онд Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд унасан. 2020 онд Сонгинохайрханаас сонгогдсон. Харин энэ удаад Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг буюу VI тойрогт нэр дэвшиж буй. Тэгвэл П.Анужин Сонгинохайрханаас хаа байсан Сүхбаатар, Хэнтий, Дорнодод очиж нэр дэвшиж буй нь үндсэн хоёр шалтгаантай.
Нэгдүгээрт, Тахилт, Толгойт, Баянхошуу, Баруун, Зүүнсалаагаар сунайсан гэр хороололтой, хамгийн олон хүн амтай атлаа харанхуй, ажилгүйдэл, архидал хавтгайрсан Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн дөрвөн жил П.Анужингийн автортой ажил бараг л хийгдээгүй. Буцаж очих нүүргүй, санал авах “шаанс”-гүй гэдгээ ч П.Анужин өөрөө мэдэж байсан. Тиймдээ ч П.Анужинг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг бараадах нь найдвартай гэж тооцоолсон харагдаж буй. Өөрөөр бол, “гуя дагуулж хүзүү” гэх зарчмаар Л.Оюун-Эрдэнэтэй хамт өөрийг нь сонгоно гэж тооцоолсон хэрэг. Нөгөөтээгүүр, П.Анужин, Л.Оюун-Эрдэнэ хоёрт гар, ганзага нийлж асан түүх, туршлага бий. Жишээ нь, П.Анужин, “Херо” Б.Баатар хоёрын “100 чухал сэдэв” төслийн “Хөгжлийн торлог” нэвтрүүлгийн хөтлөгчөөр Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байсныг санаж буй байх.
Хоёрдугаарт, П.Анужингийн төрсөн аав Р.Буд нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, Сүхбаатар аймгаас 2004, 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. 2012 онд улс даяар цэнхэртэхэд Р.Буд М.Зоригтод мянга гаруйхан саналаар ялагдсан. 2016 онд Сүхбаатартаа дахин нэр дэвшихээр яригдаж байсан ч нэрээ татсан. Улмаар 2016, 2020 оны сонгуулиар П.Анужингийн штабт ажилласан байдаг. Энэ тухай Р.Буд өөрөө ярьсан нь бий. Тодруулбал, П.Анужин 2019 онд “Монгал товчоон” нэвтрүүлгийнхээ зочноор төрсөн аав Р.Будыгаа оролцуулж, гитарчин Д.Өлзий-Оршихтой хамтран хөтөлж байв. Тус нэвтрүүлгийн үеэр Д.Өлзий-Орших “Та охиноо бодоод улс төрөөс зайгаа авсан юм уу” гэж асуухад Р.Буд “2016 онд М.Энхболд дарга намайг нутагтаа нэр дэвш гэж л байсан. Гэхдээ би аав, охин хоёр УИХ-д зэрэгцээд сууж болохгүй гэж бодоод татгалзсан. Бас эцэг хүний үүрэг, ёс зүй гэж юм байна. Тэгээд л охиныхоо штабт ажилласан даа” гэж дурссан байдаг. Тэгэхээр П.Анужин энэ удаад аавынхаа нутаг Сүхбаатар аймгийг, ингэхдээ Р.Будынхаа дэмжигчдийг бараадаж, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын тойрогт нэр дэвшиж буй харагдаж байгаа юм. Сонирхуулахад, Р.Буд аймгийн алдарт уяач цолтой, Сүхбаатартаа хамгийн олон хурдан удмын адуутай гэгддэг. Харин П.Анужин хурдан удмын 244 адуутай буюу УИХ-ын гишүүд дундаа хамгийн олон хурдын удмын адуутай гэж мэдүүлдэг.
Б.ДАВААДАЛАЙ ИЖИЛ МЭРГЭЖИЛ, АДИЛ НАМТРААРАА НУТГИЙН АХ Г.ЗАНДАНШАТАРЫГАА “ХОРМОЙДОЖ”, ТОЙРГИЙГ НЬ ХУВААЛЦАВ
Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай УИХ-ын дарга Г.Занданшатартай нэг нутаг, эдийн засагч нэг мэргэжилтэй, бас Монголбанканд ажиллаж асан адилхан намтартай. Тиймдээ Б.Даваадалай эхлээд Сангийн сайд Б.Жавхлангийн зөвлөх болж, тэндээсээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх болж, улмаар УИХ-ын дарга Г.Занданшатарт наалдсан. Хэрвээ анхнаасаа Г.Занданшатарын зөвлөх болсон бол дарга, зөвлөх хоёр хамтдаа нэр дэвшиж байна гэж шүүмжлүүлэх байсан учраас У.Хүрэлсүхийн зөвлөх болж, Г.Занданшатарт дөхөж суусан гэж харагддаг.
Ингээд Б.Даваадалай өнгөрөгч 2023 оны хавраас Г.Занданшатарыг “хормойдож”, Баянхонгороор хэдэнтээ тойрсон. Тодруулбал, 2023 оны хоёрдугаар сарын эхээр Г.Занданшатар, Б.Даваадалай хоёр Баянхонгор аймгийн бүх сумдаар тойрч, иргэдтэй уулзалт хийсэн. Мөн 2023 оны хоёрдугаар сарын сүүлчээр тэд дахин Баянхонгорт очиж “Аймгийн хөгжлийн зөвлөгөөн” нэрээр аймгийнхаа төрийн албан хаагчид болон бизнес эрхлэгчидтэй уулзалт хийсэн. 2023 оны гуравдугаар сард мөн л хамтдаа очиж “Баянхонгор аймгийн ойн салбарын анхдугаар чуулган” гэгчийг зохион байгуулсан. 2023 оны долдугаар сард дахиад Баянхонгор аймгийн 80 жилийн ойг “далимдуулан” очиж, аймгийнхөө хөгшдөд төрийн одон, медаль гардуулж байлаа, гэх мэтээр. Ийнхүү бүтэн жил Г.Занданшатарын хажууд харагдсан учраас тойргийнхон нэр, зүсийг нь тогтоосон. Ингээд эцэст нь Б.Даваадалай Г.Занданшатартай тойргийг нь хуваалцан нэр дэвшиж байна.
ТЕГ-ЫН ДАРГА АСАН Б.ЗАЯАБАЛ БАГШ, БАС ДАРГА Ч.ХҮРЭЛБААТАРААСАА ХӨТЛӨН НЭР ДЭВШИВ
Ч.Хүрэлбаатар, Б.Заяабал хоёр нэг нутгийн ах дүүс, бас багш, шавь, дарга, цэрэг байж ирсэн. Тухайлбал, Ч.Хүрэлбаатарыг МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш байхад Б.Заяабал шавь нь байсан. Дараа нь, Ч.Хүрэлбаатар Дэлхийн банкны тогтвортой амьжиргааг дэмжих төслийн удирдагч байхдаа Б.Заяабалыг төслийн мэргэжилтнээрээ дэргэдээ ажиллуулж байлаа. Түлш, эрчим хүчний сайд байхдаа Б.Заяабалыг хэлтсийн даргаараа дэргэдээ ажиллуулж байлаа. Улмаар 2012 оны УИХ-ын сонгуулиар менежерээ хийлгэж, 2012-2015 онд зөвлөхөөрөө дэргэдээ ажиллуулж байлаа. Сүүлд, Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа буюу 2019 онд Б.Заяабалыг Татварын ерөнхий газрын даргаар томилж байв.
Товчхондоо, Ч.Хүрэлбаатар Б.Заяабалыг 20 настайгаас нь хойш өдий хүртэл хөтөлж, “хойд дүр”-ээ болгохоор бэлтгэж яваа энэ.
ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР СОЁЛЫН САЙД Ч.НОМИНД САНАЛ НЬ БЭЛЭН ТОЙРГОО “ЗЭЭЛДҮҮЛЭВ”
Хотын дарга Х.Нямбаатар энэ сонгуулийг өнжиж буй тул Соёлын сайд Ч.Номинд тойргоо “зээлдүүллээ”. Тодруулбал, Соёлын сайд Ч.Номин нэр дэвших нь аль эрт тодорхой болсон ч эхлээд Сүхбаатар, дараа нь Хан-Уулд нэр дэвшинэ гэж яригдаж байгаад эцсийн мөчид Сонгинохайрханд нэр дэвшсэн. Хэрвээ унавал УИХ-ын гишүүн ч үгүй, Соёлын сайд ч үгүй болох учраас аль тойрог найдвартай вэ гэж удаан бодсон хэрэг л дээ. Ингээд эцсийн мөчид Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар Ч.Номинд найдвартай сонгогдох тойрог санал болгосон нь өөрийнх нь Сонгинохайрхан байсан. Тус дүүрэг бүхэлдээ улаан тойрог буюу сонгууль бүрээр МАН засагладаг. 2012 онд улс даяар шахуу АН-ыг сонгож байхад Сонгинохайрханд МАХН-ын Д.Тэрбишдагва 42 мянган саналаар хол тасархай сонгогдож байсан гэхээр ойлгомжтой биз. 2020 онд Сонгинохайрхан дүүрэг 27, 28 гэх хоёр тойрогтой байсан. 27-р тойрогт Х.Нямбаатар хол тасархай ялж, “бонус”-нд нь Б.Жаргалмаа сонгогдсон. Харин 28-р тойрогт Н.Учрал, Д.Сумъяабазар хоёр илүүрхэж, “бонус”-нд нь П.Анужин сонгогдож байв. Харин энэ удаад Х.Нямбаатар, Н.Учрал, Б.Жаргалмаа, П.Анужин, Д.Сумъяабазар нарын аль аль нь байхгүй. Тэд байхгүй ч МАН-ыг дугуйлах сонгогчид нь бий. Тэгэхээр Ч.Номин “ногоон гэрэл”-ээр сонгогдох тооцоолол гарч байгаа хэрэг л дээ.
УВСЫН Б.ЧОЙЖИЛСҮРЭН БАЯН-ӨЛГИЙН Х.ЖАНГАБЫЛД НЭРЭЭ, БАС ЗӨВЛӨХИЙН СЭТРЭЭ “ЗЭЭЛДҮҮЛЭВ”
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрөө Увс, Ховд, Завхан, Говь-алтайн тойрогт нэр дэвшиж буй ч Баян-өлгийд нэр дэвшиж буй Х.Жангабылд нэрээ зээлдүүлэн дэвшүүлээ. Тодруулбал, “Рысжан” ХХК-ийн Ерөнхий захирал, Х.Жангабыл гэх эр 2022 оны аравдугаар сард МАН-д элссэн. Улмаар 2023 онд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх сэтэртэй болж, сонгогчдыг тойглох ажилдаа орсон. Сая нэр дэвшигчдийг нийтэд танилцуулахад ч Х.Жангабылыг “Рысжан” ХХК-ийн Ерөнхий захирал биш, Эрчим хүчний сайдын зөвлөх гэж танилцуулсан. Өөрөөр хэлбэл, Б.Чойжилсүрэн Х.Жангабылд нэрээ зээлдүүлэн, өөрийнхөө “зөвлөх” сэтэр зүүлгэж, сонгогчидтой уулзалт хийхэд нь нүүрийг нь тахалж өгч буй. Түүнээс биш Баян-Өлгийд суугаа Х.Жангабылээс Б.Чойжилсүрэн зөвлөгөө аваад байдаг гэсэн үг биш л дээ. Б.Чойжилсүрэн, Х.Жангабыл хоёр нас чацуу. Бас тэд цахилгааны инженер гэх адилхан мэргэжилтэй. Дээрээс нь, Х.Жангабыл Б.Чойжилсүрэнтэй адилхан барилгын бизнестэй. 2020 онд Баян-Өлгий аймагтаа 10 давхар зочид буудал, бас хамгийн том худалдааны төвийг барьж ашиглалтад оруулсан. Тиймдээ ч Б.Чойжилсүрэн Х.Жангабыл төрд орж ирвэл өөрт нь хань болно гэж тооцоолж, ийн тусалж буй биз.
ЭРХЭЛДЭГ БИЗНЕС, ТУУЛСАН НАМТАР ИЖИЛ НАЙЗУУД ДӨРӨӨ ХАРШУУЛАВ ДЭВШИВ
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх хоёр эртний найзууд. 2002 онд Э.Бат-Амгалан “Баян хадат тур” ХХК-ийг, Н.Баярмөнх “Старжин” ХХК-ийг байгуулж, диско баарнаас бизнест зэрэг орж байлаа. 2008 онд хоёулаа БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч болж, улс төрийн гараагаа зэрэг эхэлж байлаа. Мөн Э.Бат-Амгалан, Н.Баярмөнх хоёр 2011 онд “Монголын цамцгүй хэвтээ шахалтын холбоо” ТББ-ыг хамтран байгуулж байлаа. 2016 онд хоёулаа БЗД-ээс НИТХ-ын төлөөлөгч болж байлаа. Улмаар Э.Бат-Амгалан 2017, 2019 онд БЗД-ийн Засаг даргаар батламжлагдсан ч тус дүүргийн ИТХ маргаантай байсан учраас засаглаж чадаагүй. Ингээд 2020 онд Э.Бат-Амгалан БЗД-ээс УИХ-ын гишүүнээр сонгогдож, харин Н.Баярмөнх нь БЗД-ийн Засаг дарга болсноор хэн хэнийх нь хүсэл биелсэн байдаг. Харин энэ сонгуульд Э.Бат-Амгалан Н.Баярмөнхтэйгөө хамт нэр дэвшиж байна.
Товчхондоо, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн гэдэг найзууд шиг, эсвэл Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин гэдэг найзууд шиг Э.Бат-Амгалан, Н.Баярмөнх гэдэг найзууд энэ удаад дөрөө харшуулан нэр дэвшиж байна.
Ж.ГАНБААТАРЫН ХӨТӨЛГӨӨ МОРЬ
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Ж.Ганбаатар БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг хөтлөн нэр дэвшлээ. Арга ч үгүй байх. Өнгөрсөн дөрвөн жил Ө.Сумъяабаатар Ж.Ганбаатарыг арыг сайн дааж, БГД-ийг түүний “вант улс” болгоход гол үүргийг гүйцэтгэсэн гэлцдэг. 2020 оноос хойш Ж.Ганбаатарын хамаарал бүхий хэчнээн хүн БГД-ийн төрийн албанд “шургалж”, тэднийг нь Ө.Сумъяабаатар хэрхэн хамгаалж буй тухай хэвлэлүүд хангалттай мэдээлж байсан тул нурших илүүц байх. Дээрээс нь, Ж.Ганбаатар өөрөө Ө.Сумъяабаатарыг “нүдний цөцгий” мэт хамгаалж ирсэн. Жишээ нь, өнгөрөгч 2023 онд Ө.Сумъяабаатарыг БГД-ийн Засаг даргаас огцруулах асуудал гурван ч удаа яригдсан. Тухайлбал, 2023 оны гуравдугаар сард БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанаар БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг найман үндэслэлээр огцруулахаар шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах захирамж гаргаж байв. Тухайн үед Ж.Ганбаатар БГД-ийн МАН-ын хорооны байран дээрээ “Би Ө.Сумъяабаатарыг огцруулсан захирамжийг цуцлуулахаар болсон” гэж ярьсан нууц бичлэг сошиалд цацагдаж байлаа. Үнэхээр ч Ө.Сумъяабаатар Засаг дарга сэтэртэйгээ байсаар сонгуультай золгож, саарал ордонд буурь сэлгэхээр нэр дэвшиж буй.
“СКҮҮТЕР” Г.ДАШНЯМ ХОББИ НЭГТ ХУУРАЙ АХ Д.ЦОГТБААТАРЫГ БАРААДАВ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Магнай трейд” ХХК-ийн дэд захирал, “Жи-мобайл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Дашнямын дагуулан нэр дэвшлээ. Д.Цогтбаатар, Г.Дашням хоёрын тухайд, жүдо, жиү жицү бөхийн хоббигоороо нэгддэг хуурай ах дүүс. Тухайлбал, Д.Цогтбаатар Монголын жүдогийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Харин Г.Дашням Монголын жүдогийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Цаашибал, Г.Дашням өнгөрсөн хавар “Дашнямтай өдрийн подкаст” гэх нэвтрүүлэг эхлүүлж, улмаар Д.Цогтбаатарыг зочноор оролцуулаад, тэрнээс хойш тэр нэвтрүүлгээ хаачихаж байв. Өөрөөр бол, Г.Дашням нэр дэвшигчээр тодорхоосоо өмнө Д.Цогтбаатарыг сурталчилаад явж байлаа.
Ж.ЭРДЭНЭБАТ УНАЖ, ТУСЛАХ АСАН Н.ЛХАГВАДОРЖ НЬ ОРЫГ НЬ ЗАЛГАХААР БОЛОВ
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг энэ удаад унагаасан. Харин түүний оронд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг нэр дэвшүүлсэн. Хоржоонтой нь, Н.Лхагвадорж нь 2012-2016 онд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын туслахаар ажиллаж байсан. Улмаар 2016 онд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болж, харин Н.Лхагвадорж Зүүнхараа буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар томилогдож байв.
ТОМЧУУДАД НААЛДАЖ, ТОЙРГИЙГ НЬ ХУВААЛЦСАН “ШИНЭКОВ”-УУД |
|