Энэ сонгуулийн хамгийн балчир, басхүү улс төрд хамгийн хурдан хугацаанд хөл тавьсан нэр дэвшигчээр 27 настай Саруулсайханы Цэнгүүн гэх эмэгтэй тодроод буй. Тодруулбал, С.Цэнгүүн өнгөрөгч нэгдүгээр сард АН-ын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдож, дөрөвхөн сарын дараа АН-ын жагсаалтын дөрөвт бичигдэн нэр дэвшиж буй нь энэ юм. Гол асуудал нь, АН-ын дарга Лу.Гантөмөр намынхаа 200 мянган гишүүн дундаас, тэр тусмаа “Gen Z” үеийн гишүүд дотроосоо С.Цэнгүүнийг ямар “шалгуур”-аар түмнийг төрд төлөөлүүлэхээр сонгосон бэ гэдэг асуулт. Уг нь ард түмэн өөрсдийгөө хэнээр төлөөлүүлж, төр бариулах гэж байгаагаа мэдэх эрхтэй. Гэвч энэ асуулт одоог хүртэл хариултгүй байсаар байгаа.
Иймд бид энэ асуултад хариулт хайж, АН-ын жагсаалтын 4-т бичигдсэн хамгийн балчир нэр дэвшигч С.Цэнгүүн нь АН-ын дарга, жагсаалтын 1-т бичигдсэн Лу.Гантөмөр болон АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн, жагсаалтын 15-д бичигдсэн А.Ганбаатар хоёртой хамааралтай болохыг баримтаар илчилж байна.

С.ЦЭНГҮҮНИЙ ААВ С.САРУУЛСАЙХАН НЬ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЗӨВЛӨХ АСАН, ӨДГӨӨ АН-ЫН ЖАГСААЛТЫН 15-Д БИЧИГДЭН НЭР ДЭВШИГЧ БУЙ А.ГАНБААТАРТАЙ 10 ЖИЛИЙН НЭГ АНГИЙН НАЙЗУУД
Нэр дэвшигч С.Цэнгүүн 2017 онд ШУТИС-ийг маркетингийн менежерээр төгссөн. Төгсмөгцөө аав Сүхээгийн Саруулсайханыхаа “Атмор” ХХК-ийн маркетингийн менежер болж, улмаар 2020 оноос “Атмор” ХХК-ийнхаа ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа. Тэгвэл С.Цэнгүүний аав С.Саруулсайхан нь АН-ын жагсаалтын нэр дэвшигч Амгаланбаатарын Ганбаатартай 1989 онд Нийслэлийн 13-р сургуулийг нэг ангид төгссөн найзууд. Ингэхдээ, зөвхөн нэг ангийн найзууд төдийхөн биш, тун ч дотно болохыг хоёр баримтаар харуулъя.
Нэгдүгээрт, С.Саруулсайхан, А.Ганбаатар хоёр 2009 онд “Нийслэлийн арван гуравдугаар сургуулийн төгсөгчдийн холбоо” ТББ-ыг хамтран байгуулж, хамтран удирдаж байгаад 2023 онд татан буулгасан.
Хоёрдугаарт, А.Ганбаатар 2015 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хэвлэлд бүрэн хэмжээний ярилцлага өгч байсан. Тухайн үед сэтгүүлч “Таны өөрийн “Арвис” клуб дээд лигт хэзээ тоглож эхлэх вэ” гэж асуухад А.Ганбаатар хариуд нь “Тамирчид маань сайн тоглож байгаа ч дээд лиг бол өөр зүйл. Лигийн багийн тоглогчдод цалин урамшуулал хэрэгтэй. Аягүй бол легионер шаардана. Нуулгүй хэлэхэд гаргах зардал нь надад арай чангадаад байна. “Атмор” ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Саруулсайхан манай дунд сургуулийн ангийн хүүхэд. Тэр маань нааштай юм ярьсан. Цаг нь болохоор болно доо” гэж хариулж байжээ. Өөрөөр хэлбэл, А.Ганбаатарын өөрийнхөө хөлбөмбөгийн “Арвис” клубээ найз С.Саруулсайханаараа санхүүжүүлэхээр болсноо ийнхүү ярьж байжээ.
А.ГАНБААТАР, ЛУ.ГАНТӨМӨР ХОЁР 20 ГАРУЙ ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ, УЛС ТӨРИЙН Ч, БИЗНЕСИЙН Ч ШУУД ХАМААРАЛТАЙ НАЙЗУУД
А.Ганбаатар, Лу.Гантөмөр хоёрын тухайд, олон жилийн түүхтэй найзууд, басхүү улс төр, бизнесийн хамтрагчид. Тодруулбал, А.Ганбаатар 2002-2004 онд Г.Батхүү агсны “АПУ” ХХК-ийн Маркетингийн албаны дарга, 2004-2006 онд Г.Батхүү агсныг Зам тээвэр, аялал жуулчлалын сайд байхад тус яамны Аялал жуулчлалын газрын дарга, 2006-2009 онд Г.Батхүү агсны “NTV” телевизийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан. Харин Лу.Гантөмөрийн тухайд, 2000-2007 онд Г.Батхүү агсны Ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Ардчилсан залуучуудын холбоо”-ны Дэд ерөнхийлөгч байлаа. Өөрөөр хэлбэл, А.Ганбаатар, Лу.Гантөмөр хоёр анх Г.Батхүү агсны баруун, зүүн гар болж дотноссон. Дараа нь, тэд Ц.Элбэгдоржийн “цэрэг”-үүд болцгоосон. Тодруулбал, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар А.Ганбаатар Ц.Элбэгдоржийг “Пи-ар” багийг удирдсан. Харин Лу.Гантөмөр тухайн үед Ц.Элбэгдоржийн баруун бүсийн сурталчилгааг хариуцан ажиллаж байв. Сонгуулийн дараа А.Ганбаатар Ц.Элбэгдоржийн Хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөхөөр томилогдсон. Ингээд 2009 ондоо А.Ганбаатар, Лу.Гантөмөр хоёр Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр АН-ын дэргэд “Нэг ардчилал клуб”-ыг байгуулж байлаа. Сүүлд, А.Ганбаатар, Лу.Гантөмөр хоёр 2017 онд “Астра рүүт” ХХК-ийг хамтран байгуулж, Хэнтийд хунчир тарьж эхэлснээр халаасаа ч нэгтэж байв.
.JPG)
Дээр баримтуудыг нэгтгэвэл, С.Саруулсайхан, А.Ганбаатар хоёр 10 жилийн нэг ангийн найзууд. Мөн дээр дурдсанчлан С.Саруулсайхан нь А.Ганбаатарын санхүүжүүлэгч ч байж болзошгүй. Харин А.Ганбаатар, Лу.Гантөмөр хоёр 20 гаруй жил нөхөрлөж буй найзууд, бас улстөр, бизнесийн салшгүй хамтрагчид. Ингэж харвал, Лу.Гантөмөрийн найз А.Ганбаатар өөрийнхөө 10 жилийн найз С.Саруулсайханы охин С.Цэнгүүнийг АН-ын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар томилуулж, улмаар АН-ын жагсаалтыг толгойлуулан УИХ-д нэр дэвшүүлж байж болзошгүй схем тодорч байгаа юм.
ТАНИЛЦ: АН-ЫН ЖАГСААЛТЫГ ТОЛГОЙЛЖ БУЙ Л.ГАНТӨМӨР, С.ЦЭНГҮҮН, А.ГАНБААТАР ГУРВЫН ХАМААРАЛ |
|