МАН-ынхан жагсаалтдаа залуучуудыг багтаасан болж “хуураад”, тойрогтоо өнөөх л хууччуулаа сойв. Ялангуяа УИХ-ын I тойрогт төр, түмэнд танигдаагүй, намтар нимгэн Б.Даваадалайгаас бусдаар албан тушаалын ааг, амтанд хэдийнэ орж хорхойссон, тэгэхдээ төрийг тоносон элдэв хэргүүдэд холбогдож “хар тамга” даруулсан хууччуулаа нэр дэвшүүллээ. Товчхондоо, МАН-ын хамгийн эмзэг, эрсдэлтэй тойрог энэ болов.
Иймд, МАН-аас I тойрогт нэр дэвшигчдийн “хар тамга”-ны дардсыг судлан, сануулж байна.
ХЭВЛЭЛ ҮЙЛДВЭРИЙН ХАТАН “ТЕНДЕР-ЧИН”- Батмөнхийн Батцэцэг
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хувийн компаниудаа төсвийн тендерээр “тэжээдэг”-ээрээ хэзээнээсээ л алдартай байсан. Түүнийг 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайд байх хугацаанд хувийн компаниуд нь төсвийн 41 тендерт ялж байлаа. 2020 онд Гадаад харилцааны сайд болж дэвшсэнээс нь хойш бүр ч нэмэгдсэн. Нэгтгэж тоолбол, “Аз хур” ХХК нь 146 тендерт, “Мөнхийн үсэг” ХХК нь 122 тендерт, “Монголын үнэт цаас” ХХК нь 78 тендерт оролцсон бүртгэл байна. “Монголын үнэт цаас” ХХК нь өнгөрсөн онд л гэхэд архи, тамхины онцгой албан татварын тэмдэг хэвлэх 2.7 тэрбум төгрөгийн тендерийн хоёр багцыг хоёуланг нь авчээ.
Мөн Б.Батцэцэгт “Эко цаас” ХХК, “Эко пак монгол” ХХК гэх компаниуд бий. Сонирхуулахад, 2016 оны УИХ-ын сонгуулиар “Эко пак монгол” ХХК нь санал тоолох хайрцагны нийлүүлэгчээр ганцаараа шалгарч байлаа.
Б.Батцэцэгийн дөрвөн компани ийнхүү төсвийн тендер тасралтгүй “түүхэд” нөхрийнх нь үүрэг оролцоо их бий. Тодруулбал, Б.Батцэцэгийн “Аз хур” ХХК, “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК, “Мөнхийн үсэг” ХХК-иудыг нь түүний нөхөр, Улсын начин Д.Ганбат удирддаг. Д.Ганбатын хувьд төрд эхнэрээсээ ч дутахгүй нөлөөтэй, тэр тусмаа буддын шашнаар “баздаг” нэгэн.
Тухайлбал, Д.Ганбат нь “Жавзандамба хутагт төв” ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Тус төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч гэж танигдсан “Империал гоулд майнинг” ХХК-ийн эзэн Н.Батмагнай нар багтдаг. “Жавзандамба хутагт төв” ТББ олны хэл аманд өртсөн “Богд зонхова” цогцолборыг төсвийн 32 тэрбум төгрөгөөр барих “хуйвалдаан”-ы гол зохион байгуулагч гэж хэвлэлүүдээр бичигдсэнийг санаж буй байх. Мөн Д.Ганбат УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ш.Адьшаа нартай “Монголын бурханы шашинтны нийгэмлэг” ТББ-ыг эзэмшиж, удирддаг.
Түүнчлэн Д.Ганбат Хотын дарга асан Д.Сумъяабазар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, Хамба Д.Чойжамц нартай “Монголын гал голомт цогцолбор төв цэг” ТББ-ыг эзэмшиж, удирддаг.
ЦАГААН ХАЛАДТАЙ “САН-ЧИН”- Аюушийн Цогцэцэг
Хоржоонтой ч юм даа, Төрийн ордонд 24 жил тухалсан Н.Энхболд сая нэг тэтгэвэртээ суухаар болтол зөрүүлээд Эрүүл мэндийн сайд асан, худ А.Цогцэцэгийг нь нэр дэвшүүлчихлээ. Ингэхдээ нөхөр А.Амарсайхан нь Архангайнх учраас ийнхүү I тойрогт нэр дэвшүүлэв. Ноцтой нь, А.Цогцэцэг ЖДҮХС болон БЗС-ийн “хулгай”-гаас хоцорч байгаагүй “хар түүх”-тэй нэгэн. Тухайлбал,
- Хүү А.Азжаргал нь АНУ-ын Сан Францискогийн их сургуульд, охин А.Золжаргал нь АНУ-ын Стайерын их сургуульд суралцахаар Боловсролын зээлийн сангаас тус бүр 32 мянган ам.долларын зээл асуудал өнгөрсөн намар ил болж, хэвлэлүүдийн эхний нүүрт заларсан.
- 2019 онд ЖДҮХС-г тоносон дуулиан дэгдэж, тэр дунд Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгийн хамаарал бүхий “Өлзий дэн” ХХК нь ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн зээл авсан баримт гарч ирж байсныг санаж буй байх. Судлаад үзвэл, “Өлзийдэн” ХХК нь жирийн жижиг дунд бизнес эрхлэгчидтэй 500 сая төгрөг булаацалдаад байхааргүй том компани ажээ. Тухайлбал,
“Өлзий дэн” ХХК нь БГД-т 10 давхар, арьс харшлын “Аллерги мед” эмнэлэг ажиллуулдаг. Хамгийн ашигтай ажилладаг хувийн эмнэлэг гэх бөгөөд А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдын ажлаа өгснөөсөө хойш “Аллерги мед” эмнэлгийнхээ Зөвлөх эмчээр ажиллаж буй. Мөн “Өлзий дэн” ХХК нь Улсын нэгдүгээрт төв эмнэлэг дотор, UBH центр дотор болон “Аллерги мед” эмнэлэг дотроо гурван эмийн сан ажиллуулдаг. “Өлзий дэн” ХХК-ийн энэхүү салбар эмийн сангуудыг А.Цогцэцэгийн төрсөн дүү А.Эрдэнэцэцэг нь удирдан ажиллуулдаг. Хоржоонтой нь, “Өлзий дэн” ХХК нь эмнэлэг, эмийн сан ажиллуулдаг мөртлөө 2019 онд ОБЕГ-ын “Улсын нөөцөд малын тэжээл авах” 471 сая төгрөгийн тендерт оролцоод шалгарчээ.
Цаашилбал, “Өлзий дэн” ХХК нь “Өлзий дэн фүүдс” ХХК гэх охин компанитай бөгөөд А.Цогцэцэгийн төрсөн дүү А.Жаргал удирддаг. “Өлзий дэн фүүдс” ХХК нь “МИАТ” ТӨХК болон “УБДС” ТӨХК-ийн ажилчдын хоолыг хариуцдаг юм байна. Товчхондоо, 10 давхар эмнэлэг, гурван салбар эмийн сан болон хамгийн олон ажилтантай “МИАТ” ТӨХК, “УБДС” ТӨХК-ийн хоолыг хариуцдаг мөртөө жирийн жижиг дунд бизнес эрхлэгчдээс 500 сая төгрөг булаацалдаж, бүр “дээрэмдэх” шударга санагдаж байна уу. Сонгогч та тунгаах биз ээ.
Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэгэн баримт байгаа нь, А.Цогцэцэгийн төрсөн дүү А.Дашмягмар нь “Аж констракшн” ХХК-ийг эзэмшдэг. “Аж констракшн” ХХК нь өдгөө А.Цогцэцэгийн нэр дэвшиж буй Өвөрхангай аймгийн төвд сургууль барих 3.8 тэрбум төгрөгийн тендер, Баянхонгор аймгийн төвд Нийгмийн халамжийн үйлчилгээний төвийн барилга барих 1.4 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарч байв.
ЯДУУ “ТОМИЛГОО-ЧИН”- Дуламдоржийн Тогтохсүрэн
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн саяхан сонгуульд өрсөлдөх хөрөнгөгүйгээ гайхаж, хамаатан саднуудыгаа сурталчилгаандаа үнэгүй гүйлгэж, мөн тэднээсээ хандив гуйна гэж “попорсон”. Ер нь ч Д.Тогтохсүрэн олон хамаатантай, тэд нь ч 2016, 2020 оны сонгуулиудаар түүний санхүүжилтийг босгох гэж халаасаа “сэгсэрсэн” баримт бий. Тэгвэл Д.Тогтохсүрэн сонгуулийн дараа өөрт нь хандив өргөсөн хамаатнуудаа төрд татаж, ачийг нь хариулдаг байж болзошгүй ноцтой сэжүүрүүд байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн 2020 оны сонгуульд нэр дэвшихдээ 47 иргэнээс нийт 217 сая мөнгөн хандив авч, сурталчилгаандаа ашиглажээ. Тэдгээр 47 иргэний ихэнх нь түүний хамаатнууд, үлдсэн нь найз нөхөд, намын дүү нар нь бөгөөд тус бүр 5.0 сая төгрөг хандив өгсөн байгаа юм. 2020 онд хуулиараа нэг иргэн 5.0 сая төгрөгийн хандив өгөхийг л зөвшөөрч байсан. Өөрөөр бол, дээд хэмжээнд нь тулгаж өгцгөөсөн байгаа юм. Сонирхолтой нь, Д.Тогтохсүрэнгийн “хандивлагчид”-аас ихэнх нь төрийн албанд орж, албан тушаалд хүрцгээсэн байдаг аж. Заримаас нь сонирхуулъя.
- Д.Тогтохсүрэнгийн төрсөн ах Д.Тогтох нь 2016, 2020 онд 5.0 сая төгрөг хандивласан. Төрсөн ах Д.Тогтох Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын харьяа Музейн захирлаар томилогдсон. Мөн Д.Тогтохын охин Т.Алтантүлхүүр нь 2022 онд Булган аймгийн Прокурорын газрын Тамгын хэлтсийн даргаар томилогджээ.
- Д.Тогтохсүрэнгийн хүргэн Цэрэнбатын Энхмөрөн нь 2020 онд 5.0 сая төгрөг хандивласан. Ц.Энхмөрөн нь 2020 онд Монголбанкны Тайлан мэдээ, бодлогын хэлтсийн даргаар томилогдсон. 2022 оноос Гадаад харилцааны яаманд Нэгдүгээр нарийн бичгийн даргаар шилжин ажиллаж байгаа. Харин Ц.Энхмөрөнгийн ээж буюу худ Н.Оюунчимэг нь 2020 оны долдугаар сард Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын даргаар томилогдсон.
- Д.Тогтохсүрэнгийн төрсөн ах Д.Тогтохдуламын хүү Т.Чимэдбавуу 5.0 сая төгрөг хандивласан. Т.Чимэдбавуу Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажилладаг болсон. Харин Т.Чимэдбавуугийн эхнэр Л.Загарзүсэм нь Өвөрхангай аймаг дахь Баруун бүсийн эмчилгээ оношилгооны төвийн Хүний нөөцийн менежерээр ажилладаг болсон.
- Д.Тогтохсүрэнгийн эхнэр Д.Оюунбилэгийн төрсөн эгчийн охин Г.Болорцэцэг 5.0 сая төгрөг хандивласан. Г.Болорцэцэгийн нөхөр Л.Хосбаяр нь 2020 онд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирлаар томилогдож байсан.
- Д.Тогтохсүрэнгийн эхнэр Д.Оюунбилэгийн үеэл Мягмарын Даваабат нь 5.0 сая төгрөг хандивласан. М.Даваабат нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон.
- Д.Тогтохсүрэнд 2020 онд Цог-Очирын Бямбасүрэн гэх иргэн 5.0 сая төгрөг хандивласан. Цог-Очирын Бямбасүрэнгийн нөхөр Дулмаагийн Баярмандах нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргаар томилогдсон.
Энэ мэтээр хөөвөл, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн сонгуулийн өмнө ядуугаа гайхдаг ч, ямбаны суудалд тухалсныхаа дараа “хандивлагчид”-аа тун ч сайн халамжилдаг бололтой юм.
ДОПИНГТОЙ “ЖДҮ-ЧИН”- Ганзоригийн Тэмүүлэн
2020 онд Архангайгаас Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн гурав сонгогдож, өөрсдийгөө “Архангайн гурвал” хэмээн хөөрцөглөж байв. Харамсалтай нь, Ж.Мөнхбат нүүрсний хулгайгаар, Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны хулгайгаар тус тус “хар тамга” даруулж, нэр дэвших эрхээ хасуулсан. Ингэснээр Архангайгаас гурвуулаа гарсан Г.Тэмүүлэн дөрвөн жилийн дараа ганцаараа буцаад очиж буй. Гэхдээ Г.Тэмүүлэн нэр, мөр цэвэрдээ, хулгайд холбогдоогүйдээ үлдсэн хэрэг биш. Магад, Т.Бадамжунайн туслах байсан Ё.Баатарбилэг, ядруухан яруу найрагч байсан Ж.Мөнхбат хоёрыгоо бодвол Ардын намд ааваараа ард томтой учраас л үлдсэн байх. Жишээ нь, Г.Тэмүүлэнд хусавч, хүсэвч арилахгүй “ЖДҮ-чин” гэх автор бий. Цаашилбал, Г.Тэмүүлэнгийн ЖДҮ-ийн энэ хэрэг нь өнгөрсөн онд авлига, албан тушаалын хэргээр сүр дуулиантайгаар баривчлагдсан “Допингийн эсрэг үндэсний төв”-ийн Ж.Хатанбаатарын хэргүүдтэй шууд холбогддог байж болзошгүй маш ноцтой сэжүүрүүд бий.
Тодруулбал, Г.Тэмүүлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал асан Ч.Ганзоригийн хүү, “Ханбүргэдэй” их дэлгүүрийн эзэн Ж.Сандагдоржийн хүргэн. Хоёр талаасаа л хурааж, хадгалсан, хав дарсан хөрөнгөтэй. Гэвч Г.Тэмүүлэн энгийн нэг эсгий тавчиг, ширэн тэлээ үйлдвэрлэгчдийн боломжийг булааж, ЖДҮХС-гаас Ээж Д.Дэнсмаагийнхаа “Спа цогцогбор” ХХК-д 700 сая төгрөг, нагац ах Д.Баатар, төрсөн дүү Г.Энх-Үүлэн хоёрынхоо хамаарал бүхий “Төв түшээ” ХХК-д 1.0 тэрбум төгрөгийн зээл авсан өгч дуулианд холбогдсоныг санаж буй байх.
Тэгвэл нагац ах Д.Баатар, төрсөн дүү Г.Энх-Үүлэн хоёрынх нь хамаарал бүхий ЖДҮХС-аас 1.0 тэрбум төгрөг авсан “Төв түшээ” ХХК Төв аймгийн Баянчандмань сумын нутагт “Говь ресорт” спорт амралтын цогцолборыг ажиллуулдаг. “Говь ресорт” спорт цогцолборт улсын баяр наадамд оролцох бөхчүүд, олимпод оролцох чөлөөт болон жудо бөхийн тамирчид бэлтгэлээ хангадаг. “Говь ресорт” баазад бөхчүүд бэлтгэл хангадаг болсны цаана том шалтгаан байж болзошгүй. Тодруулбал, “Төв түшээ” ХХК-ийн захирлаар “Допингийн эсрэг үндэсний төв”-ийн Ж.Хатанбаатар охин Х.Мандахцэцэгийн хүү М.Дэнзэнтавхай ажиллаж байсан. Харин одоо М.Дэнзэнтавхайгийн эхнэр Баатарын Ариунзаяа “Төв түшээ” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа. Гэтэл “Төв түшээ” ХХК-ийн захирал Б.Ариунзаяа нь Г.Тэмүүлэнгийн нагац ах Д.Баатарын охин гэх мэдээлэл байна. Ингэвэл, Г.Тэмүүлэн, Ж.Хатанбаатар хоёр худууд болж таарна.
Цааш хөөвөл, Г.Тэмүүлэнгийн тойргийн хамтрагчид болох Ё.Баатарбилэг, цаашлаад Ж.Мөнхбат ч Ж.Хатанбаатартай холбогдоно. “Допингийн эсрэг үндэсний төв”-ийн тэргүүн Ж.Хатанбаатар ньУИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг БШУ-ны сайд байх үед Зөвлөхөөр нь ажиллаж байлаа. Харин Ж.Хатанбаатарын хүү Х.Дэлэг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн төрсөн эгч Ё.Цэрмаатай 2009 оноос хойш “Асралт төгөл” ХХК болон “Сайн үйлсийн эрин” ТББ-ыг хамтран эзэмшиж буй. Өөрөөр хэлбэл, Ж.Хатанбаатар, Ё.Баатарбилэг хоёр өөрсдөө ч, гэр бүлээрээ ч холбоо, хамааралтай гэсэн үг. Ё.Баатарбилэгээс хөвөрдөж хөөвөл Архангайн “Бөх билэгт” дэвжээтэй холбогдоно. Тодруулбал, Архангайн “Бөх билэгт” дэвжээний тэргүүнээр УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, дэд тэргүүнээр нь ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай ажиллаж ирсэн. Т.Бадамжунай, Ё.Баатарбилэг хоёрын хувьд нутгийн ах дүүс, басхүү багш, шавь, дарга цэрэг хоёр.
Нэгтгэж харвал, дээрх сэжүүрүүдээс бөхчүүдийн шинжилгээг хольж, сольж, дундаас нь их хэмжээний хууль бус ашиг олж байсан болзошгүй авлига, албан тушаалын асар ноцтой хэргээр сүр дуулиантайгаар баривчлагдаж байсан Ж.Хатанбаатарын хэрэгтэй Г.Тэмүүлэн холбогдох схем гарч ирж байгаа юм.
“МАНАН-ЧИН”-Батсуурийн Даваадалай
Ах, дүүгээрээ АН, МАН-д хуваагдаж, аль нь ч засагласан айхгүй байх тактикийг олон гэр бүл ашигладаг. Тод жишээ нь, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн гэр бүл. Тэгвэл яг энэ тактикийг энэ сонгуульд Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалайгийн гэр бүл ашиглаж буй бололтой юм.
Тодруулбал, Б.Даваадалай Дэлхийн банканд эдийн засагчаар ажиллаж байгаад 2021 онд ирмэгцээ Сангийн сайдын зөвлөх болж, удалгүй Ерөнхийлөгчийн зөвлөхөөр дэвшиж, МАН-д нэг мөр “үүр”-ээ зассан. Харин Б.Даваадалайгийн эхнэр П.Ариунзаяа нь 2021 оноос УИХ-ын гишүүн Д.Ганбатын төрсөн дүү Д.Ганцэцэгийн “Ти Ай Ложистик” ХХК-ийн Ерөнхий менежерээр ажиллаж эхэлсэн байдаг ажээ.
Судлаад үзвэл, Б.Даваадалай ХОМ-тээ хувьдаа ямар ч бизнесгүй, хөрөнгөгүй, харин төрсөн ах Б.Цэдэвсүрэндээ 293 сая төгрөгийн өртэй гэж мэдүүлсэн байх ажээ. Тэгвэл төрсөн ах Б.Цэдэвсүрэн нь АН-ынх бөгөөд 2020 оны сонгуулиар Баянхонгорт УИХ-ын гишүүн Д.Ганбатын сонгуулийн ерөнхий менежерээр ажиллажээ. Үүгээр зогсохгүй, Б.Цэдэвсүрэн бетон зуурмагийн “Оптима конкрет” ХХК-аараа Д.Ганбатын сурталчилгааг санхүүжүүлсэн байна. Улмаар Д.Ганбат ч УИХ-ын гишүүн болсон. Ингээд “хариуд” нь Д.Ганбат дээр дурдсанчлан Б.Даваадалайгийн эхнэр П.Ариунзаяаг төрсөн дүү Д.Ганцэцэгийнхээ “Ти Ай Ложистик” ХХК-ийн Ерөнхий менежер болгосон түүхтэй ажээ. Товчхондоо, Б.Даваадалай өөрөө МАН-ынх, эхнэр, төрсөн ах хоёр нь АН-ынх гэхээр “гэр бүлийн МАНАН” болчихож байгаа юм.
Үргэлжлэл бий...
ЖДҮ, ТЕНДЕР, НҮҮРС, ТОМИЛГООНЫ “ХАР ТҮҮХ”-ТЭЙ I ТОЙРГИЙН НЭР ДЭВШИГЧИД МАН-ЫГ УНАГАХ ВИЙ |
|