• Өнөөдөр 2025-04-02

БИЕ НЬ АН-ТАЙ, БИЗНЕС НЬ МАН-ТАЙ ХОЛБОГДСОН НЭР ДЭВШИГЧИД

2024-06-09,   1003

     “Тэлээ хурга” шиг нэр дэвшигчид олон байна аа, АН-д. Өөрөөр бол, албан тушаалд горилохдоо АН-ыг ашиглаж буй ч амин хувийн бизнесээ тордохдоо МАН-ыг түшдэг нөхдүүд гэсэн үг. Ийм “тэлээ хурга” шиг нөхөд төрд тун аюултай. Хүрээлэл нь томорч, хүчирхэгжээд ирэхээрээ өнөөх “нам дамжсан бүлэглэл” болдгийг бид өнгөрсөн хугацаанд, ялангуяа сүүлийн гурван жил хангалттай олон жишээгээр харсан. 
 
Иймд, бие нь АН-тай, бизнес нь МАН-тай холбогдсон нэр дэвшигчдийг танилцуулж байна. 

II ТОЙРОГТ АН-ААС НЭР ДЭВШИГЧ Б.ТҮВШИН БА ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГА Д.БАТБААТАРЫН ТӨРСӨН ДҮҮ Д.ДОЛГОР ХОЁРЫН “МИГ ДААТГАЛ” ХХК

     АН-аас II тойрог буюу Завхан, Увс, Ховд, Говь-Алтай аймагт “Миг даатгал” ХХК-ийн Ерөнхий захирал Банзрагчийн Түвшин нэр дэвшиж буй. Б.Түвшингийн тухайд, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатын “Эрэл” ХХК-д нягтлан бодогч, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны “АПУ” ХХК-д Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байгаад НИТХ-ын төлөөлөгч болсон. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшээд унасан. Энэ удаад аавынхаа төрсөн нутаг Завханыг бараадан, II тойрогт нэр дэвшиж буй. 
 
     Б.Түвшин нь “Миг даатгал” ХХК-ийг “Тэгш арвид” ХХК-тай хамтран эзэмшдэг. Харин “Тэгш арвид” ХХК-ийг Дааданхүүгийн Долгор гэх эмэгтэй эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, “Миг даатгал” ХХК-ийг Б.Түвшин, Д.Долгор нар эзэмшдэг гэсэн үг. “Миг даатгал” ХХК-ийн тухайд даатгалын толгой компаниудын нэг. Зөвхөн өнгөрөгч 2023 онд л гэхэд ИНЕГ-ын нисгэгчдийн эрүүл мэндийн даатгалын 200 сая төгрөгийн тендер, “МИАТ”-ын нисгэх бүрэлдэхүүний амь насны даатгалын 127 сая төгрөгийн тендер, “Шивээ овоо” ТӨХК-ийн хүнд машин механизмын 124 сая төгрөгийн тендер гэх мэтээр төсвийн 27 тендерт шалгарсан баримт бий. 
 
Тэгвэл Б.Түвшинтэй “Миг даатгал” ХХК-ийг эзэмшигч Д.Долгорын тухайд ЗГХЭГ-ын дэд дарга Дааданхүүгийн Батбаатарын төрсөн дүү. Харин Д.Батбаатарын тухайд, МАН-аас авч болох бүх албан тушаал, эдэлж болох бүр эрх мэдлийг эдэлж яваа нэгэн. Тодруулбал, Д.Батбаатар 1992 онд МАН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдож, түүнээс хойш УИХ-ын дарга Л.Энэбишийн зөвлөх, Ерөнхий сайд С.Баярын зөвлөх, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн Ажлын албаны дарга, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар тус тус ажиллаж байгаад сүүлд 2020 онд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2021 онд ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдсон. Тун удахгүй Узбекстан улсад Элчин сайдаар томилогдохоор дэмжигдээд буй. 
АН-ЫН ЖАГСААЛТЫН 13-Т БИЧИГДСЭН Г.ОЧИРБАТ БА МАН-ААС ХАН-УУЛД НЭР ДЭВШИЖ БУЙ Т.МӨНХСАЙХАНЫ ТӨРСӨН АХ Т.БАТМӨНХ ХОЁРЫН ЖИВХ, 00-Н ЦААС, БЭЛЭН ГОЙМОНГИЙН ДӨРВӨН КОМПАНИ
 
      АН-ын жагсаалтын 13-т “ТНГРИ инвест” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ганбатын Очирбат гэх залуу нэр дэвшиж буй. Өмнөх 2020 оны сонгуулиар Г.Очирбат АН-аас СХД-т нэр дэвшээд унаж байсан. Тиймдээ ч энэ сонгуульд жагсаалтаар нэр дэвшиж буй нь энэ. 
 
Тэгвэл Г.Очирбат нь Эрүүл мэндийн сайд асан, энэ сонгуульд МАН-аас ХУД-т нэр дэвшиж буй Т.Мөнхсайханы төрсөн ах Т.Батмөнхтэй “Сүлд шонхор” ХХК, “ТНГРИ инвест” ХХК, “ТНГРИ трейдинг” ХХК, “Баргилт орд” ХХК-уудыг хамтран эзэмшдэг. Т.Батмөнхийн тухайд, МАН эрх барьж эхэлснээс хойш буюу 2016-2022 онд ХНХЯ-ны харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар ажилласан. Улмаар 2023 оноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байгаа.  
 
Харин Г.Очирбат гэгч нь ахлах сургуульд байхаасаа Т.Батмөнх, Т.Мөнхсайхан хоёрын аав Б.Тогтмолын “Хүчит шонхор” махны захын цувдайны тасагт туслах грушигээр ажилладаг байсан. Ахлах сургуулиа төгсөөд “Хүчит шонхор” захын менежер болж дэвшсэн. Улмаар 2013 оноос Т.Батмөнхийн бизнесийн хамтрагч нь болж “мандсан” түүхтэй. 
 
Сонирхуулахад, АН-ын Г.Очирбат, МАН-ын Г.Батмөнх хоёрын “Сүлд шонхор” ХХК, “ТНГРИ инвест” ХХК,  “ТНГРИ трейдинг” ХХК-ууд нь “Тоди” живх, “Өд” ариун цэврийн цаас, “Амт” бэлэн гоймон зэргийг зах зээлд худалдаалдаг.

АН-ЫН ЖАГСААЛТЫН 2-Т БИЧИГДСЭН УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯАГИЙН ХҮҮ, БЭР ХОЁРЫН МАН-ЫНХАНТАЙ ХОРШСОН БИЗНЕСҮҮД

     АН-ын жагсаалтын 2-т УИХ-ын гишүүн С.Одонтуяа бичигдсэн. С.Одонтуяа 2016 оны сонгуулиар Баянгол дүүрэгт нэр дэвшээд унасан. Улмаар 2020 онд Баянгол дүүрэгтээ дахин дэвшээд, МАН-ын Х.Ганхуяг, Ж.Ганбаатар хоёрт сураггүй ялагдаж, сүүлийн мөчид Д.Лүндээжанцанг 250 хүний саналаар арай л гэж давж сонгогдсон. Тиймдээ ч энэ удаад тойрогт дэвшвэл унахаа тооцоолж, АН-ын жагсаалтыг тэргүүлсэн нь энэ. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн “Лотс инвест” ХХК, “Сод трейд” ХХК-уудыг өдгөө хүү Ө.Үнэнбүрэн нь удирддаг. Харин Ө.Үнэнбүрэн, түүний эхнэр Б.Алтантариа хоёр МАН-ынхантай бизнесээрээ “нэвт” холбоотой. 
 
- УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэнгийн эхнэр буюу бэр Б.Алтантариа нь эрх баригч МАН-ынхны эцэг шахуу гэгддэг ХХААХҮ-ийн сайд асан, өдгөө шүүгдэж буй “шувуу”  Т.Бадамжунайгийн охин Б.Гаваа, хүргэн Э.Жаргалсайхан хоёртой “Смартчойсе транс” ХХК-ийг 2019 оноос хойш хамтран эзэмшиж ирсэн.  “Смартчойсе транс” ХХК нь автозам, төмөр зам, агаарын замаар ачаа тээвэрлэх буюу тээвэр ложистикийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн төрийн өмчит үйлдвэрүүдэд сэлбэг, техник, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдэд оролцдог ажээ. 
 
- УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн нь 2012-2016 оны наймдугаар сар хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрыг удирдаж, шатахууны импортыг гардан хариуцаж байсан нэгэн. Тэгвэл С.Одонтуяа, Г.Өлзийбүрэн нарын хүү Ө.Үнэнбүрэнгийн эхнэр буюу бэр Батбаярын Алтантариа нь 2017 оноос хойш Цэнгэмаагийн Амраа, Паламын Баярцог нартай хамтран шатахуун импортын “Веллком” ХХК-ийг эзэмшиж буй. “Веллком” ХХК нь “Бүх төрлийн шатахуун импортлох тусгай зөвшөөрөл”-тэй, 2017 оноос хойш ОХУ-аас шатахуун, тос, тослох материал импортолж, голдуу уул уурхайн компаниудад бөөндөж буй. Өөрөөр хэлбэл, С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн 2016 он хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллахдаа ОХУ-аас шатахуун оруулж ирэх бүх “нүх сүв”-ээ бэлдэж, улмаар 2017 оноос бэр Б.Алтантариагаараа дамжуулан ОХУ-аас шатахуун зөөдөг болсон схем тун тодорхой харагдаж буй байх. 
 
 Ноцтой нь, Б.Алтантариатай “Веллком” ХХК-ийг хамтран эзэмшигч Паламын Баярцог гэгч нь МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбаттай “Өсөх зоос” ХХК, “Баялаг энержи ресурс” ХХК-ийг хамтран эзэмшдэг. “Өсөх зоос” ХХК, “Баялаг энержи ресурс” ХХК-ууд нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах алдарт “Хүрэн шанд”-ын нүүрсний уурхайг ажиллуулдаг. “Хүрэн шанд”-ын уурхайн техникүүдийн шатахууныг дээр дурдсан “Веллком” ХХК нийлүүлдэг гэх. 
 
Харин “Веллком” ХХК-ийн нөгөө хамтран эзэмшигч Цэнгэмаагийн Амраа гэгч нь С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэнг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга байх үед орлогч даргаар нь ажиллаж байсан цэрэг нь. Мөн Ц.Амраа нь шатахуун нийлүүлэлтийн толгой компани болох “Петровис групп”-ын эзэн Ж.Оюунгэрэл агсантай 2014 оноос “Бритиш скүүл монголиа” ХХК буюу хамгийн өндөр төлбөртэй хувийн сургууль болох British school of Ulaanbaatar сургуулийг хамтран эзэмшиж ирсэн байдаг. Ж.Оюунгэрэл агсан МАН-ын гишүүн, “Петровис групп” ч мөн Ч.Давааням, О.Содбилэг, С.Баяр нараар дамжин МАН-ынх гэгдэж ирсэн. 
 
- УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэн нь 2018 онд Соёлын сайд, өдгөө МАН-аас СХД-т нэр дэвшиж буй Ч.Номин, түүний нөхөр Г.Бат-Эрдэнэ, хадам дүү Г.Золбоо нартай “Скинни” ХХК, “Скинни констракшн” ХХК-ийг хамтран байгуулж байв. Энэ компаниуд нь оффис, орон сууцны хотхонуудыг зураг төсөл, архитектор төлөвлөлт, засал чиглэглэлийн үйлчилгээ үзүүлдэг. Сонирхуулахад, “Скинни” ХХК нь Ч.Номингийн “Монгол тв”-ийн “Войс монголиа”, “Авьяаслаг монголчууд”, “Шарк танк” шоунуудын тайзны дизайн, угсралтыг хариуцдаг. Мөн Төрийн ордны зүүн талын “Таванбогд”-ын эзэмшлийн “Галлериа Улаанбаатар” барилгын зураг төсөл, архитектор төлөвлөлтийг “Скинни” ХХК боловсруулсан байдаг. 

АН-ЫН ЖАГСААЛТЫН 10-Т БИЧИГДСЭН Б.ПУНСАЛМААГИЙН НӨХӨР Р.БАТБАЯРЫН СҮ.БАТБОЛД, “АЛИМ” Ц.БАТБАЯРТАЙ ХОЛБОГДОХ СҮЛЖЭЭ

     АН-ын жагсаалтын 10-т “М-ойл групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Бадамдоржийн Пунсалмаа нэр дэвшиж буй. Б.Пунсалмаа 2020 онд АН-аас СХД-т нэр дэвшээд унасан. Тиймдээ ч энэ удаад унахгүйн тулд жагсаалт бараадсан нь энэ. 
 
Тэгвэл Б.Пунсалмаагийн нөхөр, “М-Ойл групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Р.Батбаяр нь МАН-ынхантай, тэр тусмаа Сү.Батболд, Хотын дарга асан “Алим” хочит Ц.Батбаяр нартай гүн, гүнзгий бизнесийн харилцаатай. Хэдэн жишээ дурдъя. 
 
- Р.Батбаяр нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, төрсөн ах С.Бат-Очир хоёртой шатахуун импортын “Глобал лайн” ХХК-ийг 2008 оноос хойш хамтран эзэмшиж байгаа. Б.Пунсалмаа анх “Глобал лайн” ХХК-ийн санхүүгийн менежерээр ажиллаж байгаад “М-Ойл групп” ХХК-ийнхаа Гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. 
 
- Р.Батбаяр нь Хотын дарга асан Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Бат-Эрдэнэтэй “Тайширын хүдэр” ХХК-ийг 2011 оноос хойш хамтран эзэмшиж байгаа. “Тайширын хүдэр” ХХК нь Говь-Алтай аймгийн Тайшир сумны нутагт байх MV-017077 дугаартай Бор нуур гэх төмрийн хүдрийн ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг. 
 
- Р.Батбаяр, Б.Пунсалмаа хоёр “М-Ойл групп” ХХК-аараа “Бумбын шовх” ХХК-ийг эзэмшдэг. Ноцтой нь, “Бумбын шовх” ХХК-ийг Хотын дарга асан Ц.Батбаярын төрсөн дүү Ц.Ганцэцэг эзэмшдэг байсан. 2008 онд Ц.Батбаяр УИХ-ын гишүүн болмогцоо төрсөн дүү Ц.Ганцэцэгийнхээ “Бумбын шовх” ХХК-ийн нэр дээр Хотын дарга Т.Билэгтээр захирамж гаргуулж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойно, БНСУ-ын Элчин сайдын яамны баруун талд 1.8 га газар олгуулж авсан. Ингээд “Бумбын шовх” ХХК-ийгаа 1.8 га газартай нь хамт Р.Батбаяр, Б.Пунсалмаа хоёрт шилжүүлсэн. Өдгөө Р.Батбаяр, Б.Пунсалмаа хоёр “Бумбын шовх” ХХК-ийн өнөөх 1.8 га газар дээр нь “Глобал таун” гэх тансаг зэрэглэлийн дөрвөн блок 22 давхар орон сууцны хотхон барьж байгаа.

БАЯНХОНГОРТ ЭЭЛЖЛЭН ЗАСАГЛАЖ БУЙ АН, МАН-ЫН ХАДАМ, ХҮРГЭН ХОЁР

      АН-ын I тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт Хөдөлмөрийн баатар Дамдинсүрэнгийн Жаргалсайхан гэгч дэвшиж буй. Д.Жаргалсайхан анх АН ба Шинэ намын угсаатай УИХ-ын гишүүн асан Лу.Болдын төрсөн дүү Лу.Болдхуяг, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир хоёрын хамтын эзэмшлийн “Баянхонгор трейд центр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан. Улмаар 2010 онд Баянхонгор аймгийн АН-ын дарга болж, 2012 онд АН ялахад Баянхонгор аймгийн Засаг дарга болж дэвшсэн. Ингээд 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болмогц ЕТГ-ын Зохион байгуулалтын хэлтсийн даргаар томилогдож, 2019 онд ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын даргаар дэвшиж, Х.Баттулгын шууд удирдлагаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг удирдсан. 2021 онд Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухынхаа өмнө Тавантолгой-Зүүнбаян төмөр замын төслийг амжилттай удирдсан гэж Н.Удаанжаргал, Д.Жаргалсайхан хоёрыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байв. 
 
Ноцтой нь, Д.Жаргалсайхан ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын дарга байхдаа буюу 2020 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 228.3 метр урттай гурван ширхэг бетон гүүрний гүйцэтгэгчээр төрсөн эгч Д.Одсүрэнгийнхээ  “Их богд зам” ХХК нь тендергүйгээр шалгаруулж, 14.4 тэрбум төгрөг гэрээ байгуулсан байдаг. Хоржоонтой нь, Д.Жаргалсайханы төрсөн эгч, “Их богд зам” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Одсүрэн нь одоогийн Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга Д.Мөнхсайханы эхнэр юм. Одоогоор АН, МАН-ын хадам ах, хүргэн хоёр нэг аймгийг ээлжилж удирдсан, басхүү хадам ах нь хүргэнийхээ компанитай 14.4 тэрбум төгрөгийн гэрээ үзэглэсэн тохиолдол төрийн түүхэнд гараагүй байна. 
 
 

БИЕ НЬ АН-ТАЙ, БИЗНЕС НЬ МАН-ТАЙ ХОЛБОГДСОН НЭР ДЭВШИГЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-06 22:10:41
    Зочин : МАН АН-ийн алан бомбоонууд яг л аалзны тор шиг орооцолдсон, эр эм нь мэдэгдэхгүй манин гомо нар шиг л хөгийн ёс бус юмнууд байдгийн байна дөө? Бас лалрын өлөн шуналтай луйвраа бизнес компанитай ч гэх шиг!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-06 08:55:10
    ч: хөдөлмөрийн баатарч гэх шиг,ацных нь баатар байдын
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-05 22:56:18
    Зочин: Эд нар яах гээд наймаагаа хийхгүй төрд шургах гээд чичрээд байдаг юм бэ. Түвшин гэхэд л өнгөрсөн өвлөөс л Завханы иргэдийг хятад руу бөөн бөөнөөр нь аялуулж эхэлсэн. Одоогоор 10 тэрбумыг зарцуулсан гэж байгаа. Энэ их мөнгөө буцааж олж авах гээд л төрөөс хусна даа. Түвшин бол Хурдын Чойжилсүрэнгийн үeэл дүү шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-05 21:46:41
    Зочин: Бид ч цөөхүүлээ дээ. Ухвал бүгд л холбогдчих байх. Болохгүй нь ч пу байхав. Нийлж хулгай хийгээгүй, албан тушаалаа ашиглаж нөлөөлөөгүй л бол болох л байх. Энд энэ Одонтуяа гэж нэг цайчихсан эд хөрөнгөнд ч эрх мэдэлд ч нүдээ ухахаас буцахгүй эмгэн л муухай харагдаад байна даа. Төрд ямар хэрэгтэй юу бүтээж чадах шидтэй болоод том намын жагсаалтын аман хүзүүнд бичигддэг байна. Идсэн уусан, эвдсэн сүйтгэсэн хорлосон, сүйрүүлсэн нь багадаа юу.. Гишүүн болох нь тодорхой. Гутамшигьай байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-05 17:13:12
    Зочин: 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-05 17:12:42
    Зочин: XUCHINUUI855877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-05 12:04:13
    [зочин: Ээ хөөрхий, сүлбэлдэж идэж уудаг төртэй болжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-05 12:00:21
    Наран: Одонтуяа дүүрэгийн засаг дарга байхдаа хувьдаа л ажилласнаас иргэдийн төлөө юу ч хийгээгүй их хуралд мөнгөөр сонгогчдын саналыг худалдан авч ороод юу хийв нэг л их шүүмжилсэн хүн тойрогт гарч чадахгүйгээ мэдрээд жагсаалт руу мөнгөтэй хүн ордог л юм байна .шүүмжлэхээс өөр мэдрэмжгүй ийм пмнууд хувийн амбицаа орхин болимоор юмдаа хангалттай хөрөнгө мөнгөтэй юм байна шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-05 09:37:15
    Зочин: SEXSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-06-05 09:18:49
    хуульч: Төр үнэн дампуурчээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188