• Өнөөдөр 2024-05-04

VIII ТОЙРОГ: ТӨЛӨӨЛӨГЧ СЭТЭРТЭЙ “ТЕНДЕРЧИД”-ЭЭР ТОЛГОЙЛУУЛСАН АН-ЫН ТАВАН ГОРИЛОГЧ

2024-04-22,   808

     Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан “Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж буй. Өмнөх дугаартаа бид Баянзүрх дүүрэг буюу VIII тойрогт МАН-аас горилогчдыг танилцуулсан. Харин энэ удаад тус тойрогт АН-аас горилогчдыг танилцуулж байна. 

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ХЭРГЭЭР ХОРИГДОЖ АСАН Б.ХИШИГДОРЖТОЙ ХАЛААСАА НЭГТГЭСЭН М.ТУЛГАТ

НИТХ-ын төлөөлөгч Майнбаярын Тулгат- Аав, ээжээрээ Булганы уугуул боловч Улаанбаатарт төрж, өссөн. Нийслэлийн 1-р сургуулийг 1996 онд төгсөж, 1998 оноос 2009 он хүртэл Японд амьдарч, гэр бүл зохиосон. Буцаж ирээд 2012 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, улс төрд орох замаа зассан. Улмаар 2016, 2020 онуудад НИТХ-ын төлөөлөгчөөр улиран сонгогдсон. 
 
     М.Тулгатын аав С.Майнбаяр нь Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, “Хонхны дуу”-гаар танигдсан С.Цогтсайхан агсны төрсөн ах. Мөн С.Майнбаяр өөрөө ч ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг бөгөөд МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Баянзүрх дүүргийн МоАХ-ны тэргүүн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж ирсэн. Тиймдээ ч С.Эрдэнэ М.Тулгатыг туршлага нимгэн гэж гололгүй 2021 онд хавар өөрийнхөө талын АН-ын даргаар томилж байлаа. Гэвч дээд шүүх М.Тулгатыг бүртгэж авахаас татгалзсан, улмаар С.Эрдэнэ М.Тулгатыг бусад фракцуудтай “сүүлэрсэн” гэж хардсанаар тэдний түнжин тасарч байв. 
 
     М.Тулгат 2013 оноос хойш “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий менежер, Тэргүүн дэд захирлаар ажиллаж ирсэн. “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж 2022 оны арванхоёрдугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай хамт “нүүрсний хулгай”-н хэргээр баривчлагдаж, цагдан хоригдсоныг санаж буй байх. Учир нь, “Хишиг арвин индустриал” ХХК нь 2019 оноос хойш “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1.7 их наяд төгрөгийн тендерт шалгарсан. Мөн Б.Хишигдорж, Б.Ганхуяг хоёр “нүүрсний хулгай”-н мөнгөө угаахын тулд Богдхан уулын Нүхтийн аманд орон сууцны хороолол хамтран барьж эхлээд байхдаа баривчлагдсан байдаг. 
 
Ноцтой нь, М.Тулгат дээр дурдсанчлан “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж ирснээс гадна “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржтой, түүний хүү Х.Батхишигтэй бүх бизнесээ хамтран явуулдаг. 
 
Тодруулбал, М.Тулгат “Хино индустриал трак” ХХК-ийг “Кэй Эй майнинг” ХХК-тай 40, 60 хувиар хамтран эзэмшдэг. “Хино индустриал трак” ХХК нь Японы “Тоёота”-гийн “Hino” брэндийн уул уурхайн хүнд машин механизмуудаар “Хишиг арвин индустриал” ХХК-ийг хангадаг, мөн засвар үйлчилгээг нь хариуцдаг. Харин “Кэй Эй майнинг” ХХК нь 2017 онд “Хишиг арвин индустриал” ХХК-ийн охин компани болж байгуулагдсан. “Кэй Эй майнинг” ХХК нь 2023 оны тавдугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил”-ын 649.4 тэрбум төгрөгийн тендер, 2023 оны есдүгээр сард “Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил”-ын 893.4 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарсан байдаг. 
 
М.Тулгат “Эрдэнэбатхаан солюшн” ХХК-ийг Хишигдоржийн Батхишигтэй 40, 60 хувиар хамтран эзэмшдэг. Х.Батхишиг нь дээр дурдсан Б.Хишигдоржийн хүү бөгөөд “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Харин “Эрдэнэбатхаан солюшн” ХХК нь уул уурхайн дамп, экскаватор, бульдозер,  автогрейдер зэрэг хүнд машин механизмын жолооч, оператор, засвар бэлтгэх сургалтын төв ажиллуулдаг. Улмаар тус сургалтын төвийн төгсөгчид нь “Хишиг арвин индустриал” ХХК-ийн ажилчид болдог. Өөрөөр хэлбэл, “Хишиг арвин индусриал” ХХК-ийн уул уурхайн ажилчдыг М.Тулгат бэлтгэж өгдөг гэсэн үг. 

ХАЛДВАРТ ТАХЛЫН ХОЁР ЖИЛ ТҮРГЭВЧИЛСЭН ОНОШЛУУРААР ТҮРИЙВЧЭЭ ТҮНТИЙЛГЭЖ АМЖСАН Ц.ЖАДАМБАА

АН-ын дэд дарга Цагаан-Өвгөний Жадамбаа- Дорноговь аймгийн Сайншанд суманд төрж, Хэнтий аймгийн Бор-Өндөрт өссөн. “Их Засаг” их сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. “Глобал удирдагч” сангийн тэргүүн, “Глобал удирдагч” дээд сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2008 онд АН-ын Нарийн бичгийн даргаар томилогдсон. Улмаар 2012 оны УИХ-ын сонгуулиар АН ялж, засаглаж эхэлмэгц Ц.Жадамбаа Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар томилогдож дөрвөн жил ажилласан. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Дорноговь аймагт Д.Сүндийгийн төрсөн ах Д.Алтангэрэлтэй ханьсаж нэр дэвшээд унасан. Ирэх сонгуульд тойргоо сольж, Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр горилж буй. 
 
Ц.Жадамбаа “Агро хаан” ХХК, “Ай Ло Инновэйтив” ХХК, “Женерал эко партнерс” ХХК, “Замтын далан” ХХК, “Говь хүнс мах трейд” ХХК, “Шинэ сэгэ фүүд” ХХК, “Шинэ сэгэ буйлд” ХХК, “Шинэ сэгэ мед” ХХК-уудыг эзэмшдэг. Түүний “Шинэ сэгэ буйлд” ХХК нь Богдхан уулын Зайсангийн аманд “F.I one” гэх 400 айлын орон сууцны хотхон барьж байгаа. Харин “Шинэ сэгэ мед” ХХК нь төрийн өмчит эмнэлгүүдэд  эм, эмнэлгийн хэрэгсэл “шахдаг”. Тэр тусмаа, Ковид-19” халдварт тахлын үед “Шинэ сэгэ мед” ХХК нь Эрүүл мэндийн яаманд 14 тэрбум төгрөгийн түргэвчилсэн оношлуур нийлүүлсэн баримт бий. 
 

Х.БАТТУЛГЫН ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЭХ Т.БАТЦОГТ

Нийслэлийн АН-ын дарга Түмэндэлгэрийн Батцогт- Дарханд төрж өссөн. 2008 оноос Ардчилсан залуучуудын холбоонд ажиллаж байгаад 2012 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр, 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Энэ үеэс Х.Баттулгын ивээлд нь багтаж, дотноссон. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд Х.Баттулгын дэмжлэгээр Баянзүрх дүүрэгт З.Энхболдтой ханьсаж нэр дэвшээд унасан. Гэсэн ч өнгөрөгч 2023 оны арваннэгдүгээр сард Х.Баттулгын дэмжлэгээр Нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдсон. Үр дүнд нь, өдгөө Х.Баттулга хөдөөгийн горилогчдоо хариуцаж, харин Т.Батцогтод нийслэлд горилогчдоо даатгаад буй. 
 
     Т.Батцогтын эхнэр П.Тунгалаг нь “Мон тун фарм” ХХК-ийг эзэмшдэг. “Мон тур фарм” ХХК нь сүлжээ эмийн сан ажиллуулдаг. Мөн “Мон тун фарм” ХХК нь “Чингис хаан” нисэх буудлын “Ковид-19 цар тахлын нэг удаагийн хамгаалах хэрэгсэл”-ийн 195 сая төгрөгийн тендер,  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “Холбогч, хавчаар”-ын 130 сая төгрөгийн тендер зэрэгт оролцож, шалгарч байсан. Сонирхуулахад, Т.Батцогтын эхнэр П.Тунгалаг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогттой “Ховд аймгийн Нутгийн зөвлөл” ТББ-ыг 2012 онд хамтран байгуулж, хамтран удирдаж ирсэн. “Ховд аймгийн Нутгийн зөвлөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн даргаар 2020 он хүртэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажилласан бол, 2020 оноос хойш Т.Батцогтын эхнэр П.Тунгалаг ажиллаж байгаа. Мөн П.Тунгалаг нь “Ховд аймгийн Нутгийн зөвлөл” ТББ-ын эзэмшдэг “Буянт карт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилладаг ажээ. 

УТАА, УГААРААР УЛС ТӨРД ОРОХ ЗАМАА ЗАСАЖ БУЙ ГОО САЙХНЫ МЭС ЗАСЛЫН ЭМНЭЛГИЙН ЭЗЭН Г.УУГАНЦЭЦЭГ

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Ганболдын Ууганцэцэг- Ааваараа Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, Улаанбаатарт төрж, өссөн. АШУҮИС-ийг төгссөн, хүний их эмч мэргэжилтэй. 2008-2018 онд 10 жил “NTV” телевизийн “ТВ доктор” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилласан. Улмаар 2019 онд “Күинс мед” ХХК-ийг байгуулж, “Queens med” гэх гоо сайхны мэс заслын эмнэлэг ажиллуулж байгаа. 
 
   Өнгөрөгч 2023 оны аравдугаар сараас Улаанбаатар утаа, угаарын хийн хордлого гэх хоёр сэдвээр дагнан сошиалд цуврал контентууд хийж, сайт, телевизүүдэд ярилцлага өгч эхэлсэн. Мөн өнгөрөгч нэгдүгээр сард “Утаанаас болж хохирсон иргэдэд нөхөн олговор олгохыг шаардаж байна” гэх агуулгатай хэвлэлийн хурал ч хийсэн. Улмаар УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх болж, ирэх сонгуульд Баянзүрх дүүрэгт  горилж буйгаа зарлаад буй. 

ҮЕ ҮЕИЙН АН-ЫН “ЭЗЭД”-ИЙГ БАРААДАЖ ИРСЭН Т.БАЯСГАЛАН

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Төмөрийн Баясгалан- Ховд аймгийн Буянт сумын уугуул. МУИС-ийг төгссөн, хуульч мэргэжилтэй. Монголын өмгөөлөгчийн холбооны гишүүн өмгөөлөгч, “JCI Congress” сангийн гүйцэтгэх захирал, АН-ыг засаг барьж байх үед Авто тээврийн үндэсний төвийн дэд захирлаар ажиллаж байсан. Хэдий олонд төдийлөн танигдаагүй ч АН-ын үе үеийн томчуудтай тун ойр байж ирсэн нэгэн. 
 
   Тодруулбал, Т.Баясгалан анх 2010 онд АН-ын дарга асан С.Эрдэнэ, УИХ-ын дарга асан З.Энхболд хоёртой “Ардчилсан хүчний холбоо” ТББ-ыг хамтран байгуулж байсан. С.Эрдэнэ “Ардчилсан хүчний холбоо” ТББ-ыг Х.Баттулгын “Монголын ардчилсан холбоо” ТББ-ыг сөргүүлэн байгуулсан ч гэдэг. Гэтэл 2021 онд АН-ын даргаас С.Эрдэнийг “зайлуулж”, орны даргыг нь залах АН-ын даргын сунгаанд Х.Баттулга МҮХАҮТ-ийн О.Амартүвшинг нэр дэвшүүлж байв. Гэтэл тухайн үед О.Амартүвшингийн сонгуулийн штабын хуульчаар нь Т.Баясгалан ажиллажээ. 
 
АН-ын хуваагдал, арслантай тамганы хэрүүл хоёр жил гаруй үргэлжилсний эцэст өнгөрөгч 2023 онд АН-ын даргаар Лу.Гантөмөрийг сонгосон. Гэтэл Т.Баясгалан Монголын хуульчдын холбооны хуульчийн хувиар “АН-ын тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг эзэмших эрхтэй цорын ганц хүн бол Л.Гантөмөр” гэх гарчигтай ярилцлага өгч байжээ. 
 
 

VIII ТОЙРОГ: ТӨЛӨӨЛӨГЧ СЭТЭРТЭЙ “ТЕНДЕРЧИД”-ЭЭР ТОЛГОЙЛУУЛСАН АН-ЫН ТАВАН ГОРИЛОГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-22 15:19:53
    S: SEXSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-22 14:53:07
    Зочин: Тулгат нь уг нь гайгүй харагддаг гэвч бас нүүрсчин юм билээ. Бусад нь ч хэрэг алгаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188