• Өнөөдөр 2024-05-08

ХЭРЭЭ БОЛГОНЫ УЛАЙ БОЛСОН УЛААНБААТАР БУЮУ ЛУЙВРЫН ХОТ-IV

2024-03-07,   281

       Магад, одоо Хотын дарга асан М.Энхболд, Сү.Батболд хоёр Төв аймаг дахь хурдан адууны жүчээгээ тордож, Ц.Батбаяр Багахангай дүүрэг дэх нефтийн үйлдвэрээ тосолж, Г.Мөнхбаяр Турк дэх Элчин сайдын яамандаа тэрийж, Э.Бат-Үүл “Эрдэнийн төгөл” хотхондоо хөрвөөж, Д.Сумъяабазар Хөрөнгө оруулалтын банкны оффистоо налайж, Т.Билэгт, С.Амарсайхан хоёр Төрийн ордны тохилог өрөөндөө тухалж суугаа. Ямба эдэлж ханасан тэд хоббигоо хөөж, хувийн бизнесээ тордохоос өөр юу ч хийх билээ. Харин нийслэлчүүд бид утаанд уушгиа эргэтэл бөхшүүлж, угаарын хийнд хордон хорвоог орхиж, урагшлахгүй түгжрэлд хараалаа барж, багталцахгүй автобусандаа чихцэлдэн амьдарч, амь зууж байна. Энэ бүхэн танд туйлын шударга бус санагдаж байна уу. Тийм ээ, энэ бол хулгайлсан нь ямба эдэлж, хулгайлуулсан нь ялтан шиг амьдарч буй, бидний, бас тэдний луйврын хот. 
     Тэртээ 1999 оноос хойш хотыг есөн дарга захирч, өдгөө 10 дахь нт заларчихаад буй. Үе үеийн хотын дарга нар Улаанбаатар хотыг улай гэж харсан хэрээнүүд шиг л аашилсан. Тэд Улаанбаатар хотын сүүлчийн алга дарам газрыг хүртэл тоносон, тоншсон, хумсалсан, бас хулгайлсан. Эцэст нь, Улаанбаатар хот хүүхэд тоглох, хөгшид нарлах талбайгүй бетонон ширэнгэ, бас утаа угаар, уур бухимдлын уурхай, түгжрэл, туйлдлын голомт болж хувирсан. 
 
Иймд, үе үеийн Хотын дарга нар, тэдний орлогчид, газрын албаны дарга болон ерөнхий архитекторуудын хууль зөрчиж хувьдаа авсан газрууд, АН, МАН-ын албан тушаалтнуудын дамлаж худалдсан газрууд, Улаанбаатар хотын төв, Төрийн ордныг тойрсон тансаг шилэн барилгуудын цаад эзэд, бас Дархан цаазат Богдхан уулын ам бүрд “отог” нэртэй тансаг зэрэглэлийн хотхон, хороолол барьж худалдсан эрх мэдэлтнүүдийн баримтыг эрэн сурвалжилж, энэхүү “Хэрээ болгоны улай болсон Улаанбаатар буюу луйврын хот” цуврал нийтлэлийг бэлтгэлээ. 
-ХОЁРДУГААР ХЭСЭГ-
СЭТЭРТНҮҮДЭД “СЭГЛҮҮЛСЭН” БОГДХАН УУЛ БУЮУ ХУУЛЬ ЗАВХРУУЛЖ, МӨНГӨ УГААСАН ЭЗДИЙН ХАУС, ХОТХОНУУД

БХБЯ-НЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА АСАН Ц.ГАНХҮҮГИЙН “INEL ZAISAN VILLAGE”, “CHARIOT RESIDENCE”, “MORITON RESIDENCE” ХОТХОН

     Зайсангийн амны эздийн нэг нь Ц.Ганхүү. БХБЯ-ны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргаар 2021 он хүртэл ажиллахдаа төрсөн хүү Г.Батболд, эхнэр Ш.Сарантуяа, үеэл С.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нарт Зайсангийн амыг “бэлэглэж” дуусгасан гэлцдэг. АТГ-аас Ц.Ганхүүг 2021 оны наймдугаар сард газрын наймаа болон авлигын хэргээр баривчилж, өөрийнх нь болон хүүхдүүдийнх нь гэрт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн хураан авсан ч өнөөг хүртэл хэрхэн нь тодорхойгүй л байна. Ц.Ганхүү газрын наймааг дураараа хийж, харин хууль хяналтынхан түүнийг яаж ч чаддаггүй л мөн л өнөөх М.Энхболдтой холбоотой. Учир нь, М.Энхболд Ц.Ганхүүг 1997 онд төрийн албанд анх оруулсан. Улмаар М.Энхболд Хотын даргаар ажиллах хугацаандаа Ц.Ганхүүг Барилга, хөрөнгө оруулалтын газрын даргаараа дэргэдээ ажиллуулсан гэдэг. 
 
Тэгвэл Ц.Ганхүүгийн хүү Г.Батболд, эхнэр Ш.Сарантуяа нар нь “Инэл” ХХК, “Анима интернэшнл” ХХК, “Дөч гол” ХХК-уудаараа Зайсангийн аманд хэд хэдэн хотхон хороолол барьсан. Тухайлбал, “Инэл” ХХК нь л гэхэд тансаг зэрэглэлийн “Inel zaisan village” гэх дөрвөн блок бүхий тансаг зэрэглэлийн орон сууцны хотхон, 76 айлын зургаан блок орон сууц, дөрвөн айлын амины хаус бүхий “Chariot residence” хотхоныг тус тус барьж худалдаад буй. 
 
Түүнчлэн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга асан Ц.Ганхүү “Эфэс” группийн Ерөнхийлөгч С.Мөнхбаттай үеэл. Өөрөөр бол, Ц.Ганхүүгийн ээж, С.Мөнхбатын ээж хоёр төрсөн эгч дүүс юм. Ц.Ганхүү, С.Мөнхбат хоёр 1991 онд “Хулан уул” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, хамтын бизнесээ анх эхлүүлж байсан. Өдгөө С.Мөнхбатын хүү М.Жавхлан, Ц.Ганхүүгийн хүү Г.Батболд нар “Дөч гол” ХХК-ийг хамтран эзэмшиж буй. Тэгвэл С.Мөнхбат, Ц.Ганхүү хоёрын хүүхдүүдийн “Дөч гол” ХХК нь Зайсан толгойн зүүн хаяанд 2021 онд “Морьтон ресиденс” хотхоныг барьжээ. Энэ хотхоны газрыг Ц.Ганхүү Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга байхдаа олгуулсан ажээ. 

ХХААХҮЯ-НЫ АЛБАНЫ ДАРГА О.МӨНХБААТАРЫН “ZAISAN RESIDENCE” ХОТХОН

    Зайсан толгойн зүүн хаяанд “Мон скай” ХХК 4997 ам метр газар авч, өнгөрөгч 2022 онд тансаг зэрэглэлийн “Zaisan residence” хотхоныг барьсан. Тэгвэл “Мон скай” ХХК-ийг Ойзонгийн Мөнхбаатар эзэмшдэг. О.Мөнхбаатар нь ХХААХҮЯ-ны Халх гол үндэсний бүтээн байгуулалтын захиргааны Газар тариалангийн үйлдвэрлэлийн албаны даргаар ажилладаг. Мөн О.Мөнхбаатар нь алдарт Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарын хамаатан ажээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН КЁКҮШЮҮЗАН БАТБАЯРЫН “ARTSAT LUXURY VILLAGE” “GREEN HILL”, “ARTSAT TOWN”

    Богдхан уулын Арцатын амны дээд хэсгийг Кёкүшюүзан Батбаяр УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ албан тушаалаа ашиглаж авсан. Ингэхдээ анх Арцатын амыг “Ахмадын амралт сувиллын цогцолбор барина” гэж авсан. Харамсалтай нь, хамаарал бүхий этгээдүүдтэйгээ нийлж, Арцатын амыг тансаг зэрэглэлийн хаус хотхоноор дүүргэсэн. Өдгөө УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Батбаяр, эхнэр МУГЖ Т.Баясгалангийн хамт залилан, газрын наймаа, мөнгө угаалтын хэргүүдээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж, шүүх хурлаа хойшлуулсаар яваа. 
 
Тухайлбал, Арцатын аманд “Өлзийт голын эх” ХХК 11.9 га газар эзэмшдэг. Тус газар дээр 68 хаус бүхий “Artsat luxury village” хотхоныг барьсан. “Өлзийт голын эх” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Батбаярын эхнэр МУГЖ Т. Баясгалан эзэмшиж байсан. Улмаар Кёкүшюүзан Батбаяр, Т.Баясгалан нар АТГ-т шалгагдаж эхэлмэгцээ “Өлзийт голын эх” ХХК-ийг Жамъяны Жагиймаад шилжүүлсэн. Гэхдээ Ж.Жагиймаа нь Кёкүшюүзан Батбаярын эхнэр МУГЖ Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандуламын төрсөн дүү юм. 
 
Арцатын аманд “Инкоммаш” ХХК нь 5.1 га газар эзэмшдэг. Тус газар дээр тансаг зэрэглэлийн 16 хаус бүхий “Green hill” хотхоныг барьсан. “Инкоммаш” ХХК-ийг Баярмагнайн Чинбат гэгч эзэмшдэг. Б.Чинбат нь УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Батбаяртай нэг байранд өссөн багын найз нь. 
 
Арцатын аманд “Би Эй И” ХХК гурван га газар авсан. Тус газар дээр 32 айлын хаус бүхий “Artsat town” хотхоныг барьсан. “Би Эй И” ХХК-ийг Нямцэрэнгийн Эрдэнэбаатар үүсгэн байгуулж, эзэмшиж ирсэн. Н.Эрдэнэбаатар нь Кёкүшюүзан Батбаярыг УИХ-ын гишүүн болох үеэс туслахаар нь ажиллаж ирсэн. Энэ мэтээр УИХ-ын гишүүн асан Кёкүшюүзан Батбаяр эхнэр МУГЖ Т.Баясгалангийн хамт Арцатын амны газрыг бүхэлд нь хууль бусаар авч, хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан хаус хорооллоор дүүргэж, худалдаж дууссан байдаг. 

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС

     Арцатын аманд УИХ-ын гишүүн Кёкүшюүзан Батбаярын эзэмшдэг газруудын дунд “Монпластик солюшн” ХХК дөрвөн га газар эзэмшдэг. Тус газар дээр тансаг зэрэглэлийн зургаан хаус баригдсан. Хамгийн ноцтой нь, “Монпластик солюшн” ХХК-ийг Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн дүү Магванноровын Бат-Амгалан эзэмшдэг. Газрын наймаа, залилан, мөнгө угаалтын хэргээр хууль хяналтын байгууллагад олон жил ээрэгдэж яваа ч ял авахгүй дэнжгэнэсээр өдий хүрч буй Кёкүшюүзан Батбаярын эзэмшил газруудтай хаяа залгаад Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн төрсөн дүү дөрвөн га газартай болж, айлссан нь санаандгүй тохиолдол уу, эсвэл ард нь асар том “авлига”-ын сэжүүр нуугдаж байна уу гэдгийг хууль хяналтынхан шалгах нь зүйтэй биз ээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯАГИЙН ХҮҮ Ө.ҮНЭНБҮРЭН “КОЙН”-ООР ХАУС ХОТХОН САНХҮҮЖҮҮЛСЭН ЮМ БИШ БИЗ

   Арцатын амны дээд үзүүрт “Хөх монгол говь транс” ХХК 1.3 га газар, хажууд нь “Грэйт стоун хилл” ХХК 1.7 га газар эзэмшдэг. Харин “Хөх монгол говь транс” ХХК, “Грэйт стоун хилл” ХХК-ийг “Грэйтстоун роуд” ХХК-аар дамжуулан Жаргалсайханы Солонго гэх эмэгтэй эзэмшдэг. Ж.Солонго нь дээрх хоёр компанийнхаа нийт гурван га газар дээр “Great Stone Hill Resort Villa” гэх тансаг зэрэглэлийн 30 хаус бүхий хотхон барьж байгаа ажээ. 
 
Хамгийн ноцтой нь, Ж.Солонго нь 2018 онд УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэн, Б.Гантиг, Б.Сабит нартай “Грэйт стоун роуд” ХХК-ийнхаа нэрээр хамтран “Бит мон экс” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Улмаар тэд “Бит мон экс” ХХК-ийнхаа нэр дээр “Bitmonex” нэртэй бирж ажиллуулж, зах зээлд гарсан койнуудыг арилжаалж эхэлсэн. Дараа нь өөрсдийн “MNFT” нэртэй койныг гаргаж, 2021 онд хоёрдогч зах зээлд зарахдаа эхний өдрөө 24 сая ам.доллар буюу 81 тэрбум төгрөг босгосон ажээ. Мөн Ж.Солонго, Ө.Үнэнбүрэн, Б.Сабит нартай “Бит Мон Экс” ХХК-ийг хамтрагч эзэмшигч Б.Гантиг нь О.Мөнхжинтэй хамтарч “IHC” койныг гаргасан бөгөөд цагдан хоригдож байгаад саяхан суллагдсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэн, Б.Гантиг, Б.Сабит нар “Койн”-оор мөнгө босгож, улмаар Ж.Солонгын Арцатын аманд барьж буй “Great Stone Hill Resort Villa” хотхоныг санхүүжүүлсэн байж болзошгүй ажээ. 
 
Цаашилбал, бас нэгэн ноцтой баримт байгаа нь, Ж.Солонго Төв аймгийн Заамарт хэд хэдэн алтны уурхайтай “Илт гоулд” ХХК-тай холбогддог ажээ. Тухайлбал, “Илт гоулд” ХХК-ийг Батдоржийн Байгалмаа, Цийлаагийн Цогтсайхан нар хамтран эзэмшдэг бөгөөд Ц.Цогтсайхан нь Ж.Солонгын ээжийнх нь төрсөн дүү ажээ. Харин Б.Байгалмаа нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын үеэл гэгддэг бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуулиар Ж.Эрдэнэбатын сурталчилгааны санхүүжилтыг “Илт гоулд” ХХК босголцож байсныг дурдах нь зүйтэй биз ээ. 

БОАЖ-ЫН САЙД АСАН Н.ЦЭРЭНБАТ, УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Н.ОЮУНДАРИЙН ХОТХОНУУД

      Арцатын аманд “БМТБ” ХХК 1.4 га газар эзэмшдэг. Тус компанийн газар дээр найман хаус баригдсан. “БМТБ” ХХК-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбат “Герман стандарт” ХХК-аараа дамжуулан эзэмшиж, Гүйцэтгэх захирлаар нь өөрийн туслах Михлайн Төгөлдөрийг ажиллуулж байсан. Харин хаусаа барьж, борлуулсныхаа дараа “БМТБ” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийн хүү Санжжавын Бат-Ерөөлд шилжүүлсэн байдаг. Мөн УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийн хүү С.Бат-Ерөөл нь Арцатын аманд “Мат-Аутдоор Сафарис” ХХК-ийн нэр дээр 1.1 га, “Софт флюорит” ХХК-ийн нэр дээр 1.0 га, “Нано брикет” ХХК-ийн нэр дээр 6079 ам метр газар эзэмшдэг. Тухайн газрууд дээр тансаг зэрэглэлийн хаусууд бариад эхэлсэн. 

ОФФШОР БҮСИЙН ДАНС НЬ ДЭЛХИЙ ДАХИНД ЗАРЛАГДСАН Д.ЭРДЭНЭ, Б.БАТТУЛГА НАРЫН “LAND MARK VILLA” ХОТХОН

     Арцатын аманд “Эс Ви Жи Эйч” ХХК 1.3 га газар эзэмшдэг. Энэ газар дээрээ тансаг зэрэглэлийн найман хаус бүхий “Land mark villa” хотхон барьсан. “Эс Ви Жи Эйч” ХХК-ийг Доржнамжимын Эрдэнэ, Батсүрэнгийн Баттулга нар хамтран эзэмшдэг. Хамгийн ноцтой нь, Д.Эрдэнэ, Б.Баттулга нарын “Сино стар майнинг инвестмент лимитед” компани нь оффшор бүсэд данстай болохыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн “Диваажингийн баримтууд”-д зарлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, “Land mark villa” хотхоныг оффшор бүсээс оруулж ирсэн мөнгөөр санхүүжүүлсэн байж болзошгүй. Мөн бас нэг ноцтой баримт нь, Б.Баттулга нь 2017 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан. Тухайн үедээ ХОМ-тээ 17 орон сууц эзэмшдэг хэмээн мэдүүлж байжээ. 

“АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНЭ, Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯРЦОГТ, “ГАЦУУРТ”-ЫН Л.ЧИНБАТЫН ЕСӨН ХАУС

     Нүхтийн амны хамгийн дээд үзүүрт “Нүүрсний хулгай”-н хэргээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөөд буй “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “Тавантолгой транс” ХХК-ийн захирал Д.Дагвадорж, “Гацуурт”-ын Л.Чинбат, Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Анод” банк, “Аэро Монголиа”-гийн анхны эзэн Х.Дөчинтав нарын нийт есөн хаус бий. Тэд тус есөн хаусыг тал талаас мөнгөө нийлүүлэн хамтарч бариулсан. Тухайн үед Х.Дөчинтав нь барилгын ажлыг хариуцаж, “Гацуурт”-ын Л.Чинбат газар шорооны ажил болон тохижилтын ажлыг нь хариуцсан. Энэ есөн хаусны гурав нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж хоёрынх. Хоёр хаус нь “Гацуурт” Л.Чинбатынх. Харин С.Баярцогтын хаус нь Х.Дөчинтавын нэр дээр, Ч.Сайханбилэгийн хаус нь Х.Дөчинтавын төрсөн эгчийн хүүхэд Н.Эрдэнэбаярын нэр дээр байдаг. Учир нь, Х.Дөчинтав нь С.Баярцогттой 1996 онд Германд хамт сурч байсан, түүнээс хойш найзалж байгаа хамгийн дотнын найз нь. Тиймдээ ч С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёрыг “үндэслэлгүй хөрөнгөжсөн” хэрэгт оруулахгүйн тулд Х.Дөчинтав нь тэдний хувийн хаусыг өөрийнхөө нэр дээр байлгаж, нийтээс нууцалдаг. Товчхондоо, Нүхтийн амны дээд үзүүрийн есөн хаус алт, нүүрс, “авлига”-ын мөнгөөр боссон нь тодорхой харагддаг. 

ҮХЦ-ИЙН ГИШҮҮН Ц.НАНЗАДДОРЖ, СОЁЛЫН САЙД Ч.НОМИНГИЙН ХАДАМ ААВ Т.ГАНХУЯГ, ЗТХ-ИЙН САЙД АСАН Д.ГАНБАТЫН ДОЛООН ХАУС

     Зам, тээврийн сайд асан, “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдоод буй Д.Ганбатын хоёр давхар хувийн хаус бий. Хажууханд нь, Соёлын сайд Ч.Номингийн хадам аав Т.Ганхуяг, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нарын зургаан хаус бий. Хувийн хаусуудаа хаяа нийлүүлэн барьж, айлссан Д.Ганбат, Т.Ганхуяг, Ц.Нанзаддорж нарын хувьд бизнесийн хамтрагчид. Тухайлбал, Т.Ганхуяг, Ц.Нанзаддорж нар “Сарны титэм үзэсгэлэн” ХХК, “Гурвангол холдинг” ХХК-ийг эзэмшдэг. “Гурвангол холдинг” ХХК-аар дамжуулан “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийг эзэмшдэг. “Баян-Айраг эксплорэйшн” ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин суманд Алтны уурхай ажиллуулдаг. Түүнчлэн, ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддоржийн хүүхэд Н.Өөдөс нь Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбаттай “Өндөрбуянт холдинг” ХХК-ийг эзэмшдэг. “Өндөрбуянт холдинг” ХХК нь Улаанбаатар зочид буудлын урд байрлах “UBH” гэх 16 давхар оффисын барилгыг эзэмшдэг. Энэ мэтээр Т.Ганхуяг, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар хувь, хувьсгалын хамтрагчид учраас хувийн хаусуудаа ч хаяа нийлүүлэн барьжээ. 

“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТ, УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА БОЛОН “ХУРГАН” ДАРГА НАРЫН ХАУСУУД

     Нүхтийн амыг өгсөн замаас зайдуухан, модны захад УИХ-ын гишүүн асан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хоёр давхар хувийн хаус бий. Түүний хаус сумын сургуулиас дутахгүй том харагддаг бөгөөд гадна спортын талбайтай. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат Хөгжлийн банканд 200 тэрбум төгрөгийн өртэй боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Хөгжлийн банк өрөө нэхэмжилж Б.Эрдэнэбатыг 2019 онд шүүхэд өгсөн боловч шүүх хурал нь 20 орчим удаа хойшилж, түүхэн рекорд тогтоогоод буй. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хувийн хаусаас холгүйхэн УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хоёр давхар хоёр хаус, БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролын төрсөн дүү Д.Дамдинсүрэнгийн хаусууд бий. Хажуугаар нь “хурган” дарга нарын буюу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Захиргааны хэлтсийн дарга О.Дагвадоржийн гурван давхар хаус, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хэлтсийн дарга Л.Энхтөрийн төрсөн дүү Л.Амаржаргалын дөрвөн хаус, Улаанбаатар хотын гаалийн газрын орлогч дарга Г.Болортуяагийн гурван барилга тус тус баригджээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ЛҮНДЭЭЖАНЦАНГИЙН “СОЛОНГО” ХОТХОН

     Нүхтийн аманд УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, эхнэр Д.Оюунцэцэг нарын тансаг зэрэглэлийн зургаан блок бүхий “Солонго” хотхон бий. 1992-2020 он хүртэл 28 жил тасралтгүй Төрийн ордонд түшээгээр суусан Д.Лүндээжанцан бусад томчуудын адил хаус хотхонтой болоод амжжээ. Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан нар Австралид очиж казино тоглосон тухай дуулиан 2020 онд дэгдэж байв. Хоржоонтой нь, тухайн үед Д.Эрдэнэбат “Бид хэд казино орсон. Гэхдээ бидний хэн хэнд нь мөнгө байхгүй учраас сонирхоод л гарсан. Манай муу Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий” гэж байв. 

УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТЫН “ХАН ТӨГӨЛ” ХОТХОН

     УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод тансаг зэрэглэлийн “Хан төгөл” хотхон бий. С.Бямбацогтын “Хан төгөл” хотхон нь Нүхтийн амны 19 га талбайг эзэлдэг бөгөөд тансаг зэрэглэлийн 51 хаус, бизнес зэрэглэлийн 40 айлын орон сууцтай. “Хан төгөл” хотхоны 206 ам метр нэг хаус нь 1.3 тэрбум төгрөгийн үнэтэй гэхээр 51 хаусыг 66 тэрбум төгрөгөөр худалдсан тооцоо гарна. Мөн С.Бямбацогтын “Хан төгөл” хотхоны яг хажууд УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Ганбатын үүсгэн байгуулсан “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн “Green art”, “Sunset house” гэх нийт 23 блок хаус, орон сууц бүхий тансаг зэрэглэлийн хоёр хотхон Нүхтийн аманд бий. 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Б.ГАНХУЯГИЙН “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н МӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛСЭН ГЭГДДЭГ ОРОН СУУЦ, СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГА

     Нүхтийн амны нэг хотхон “Нүүрсний хулгай”-н хэрэгтэй буюу мөнгө угаалттай шууд утгаараа холбогддог. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг Нүхтийн аманд орон сууц, спорт цогцолборын барилга бүхий хорооллыг “Нүүрсний хулгай”-н мөнгөөр санхүүжүүлэн бариулж байхдаа баривчлагдсан. Б.Ганхуяг тус хорооллын барилгад 5.0 тэрбум орчим төгрөг зарцуулаад байсан бөгөөд одоогоор барилга 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй гацчихаад байгаа. 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БУЙ Х.ГАНХУЯГИЙН 92 АЙЛЫН “ЖАРГАЛАНТ ГАРДЕН” ХОТХОН

     Жаргалантын аманд барьсан “Жаргалант гарден” хотхоныг “Агролюкс” ХХК эзэмшдэг. “Агролюкс” ХХК-ийг Чулуунбатын Мөнгөнсүх эзэмшдэг. Харин Чулуунбатын Мөнгөнсүх нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн “цэрэг” бөгөөд түүний эзэмшлийн “Хера пропертийз” ХХК, “Херамайнинг экуйпмент” ХХК, “Хера экуйпмент” ХХК, “Хера автомотив” ХХК, “Говь экуйпмент рентал флийт” ХХК, “Нэйшнл лизинг сервис” ХХК, “Майн технологи марк” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн Ч.Мөнгөнсүх Х.Ганхуягийн ээж П.Бямбасүрэн, төрсөн ах Х.Гантулга, эгч Х.Хашчимэг нартай “Ремикон” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, “Жаргалант гарден” хотхоны жинхэнэ эзэн нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг болж таарч байгаа юм. Х.Ганхуягийн “Жаргалант гарден” нь хаус болон орон сууц хосолсон 92 айлын тансаг зэрэглэлийн хотхон. “Жаргалант гарден” хотхоны хаусуудыг хэмжээ, давхраас хамаарч 550 саяас 1.5 тэрбум төгрөгөөр зарагдаж буй. Хамгийн ноцтой нь, “Жаргалант гарден” хотхоны II ээлжийн хаусуудыг 2021 онд барьж, 2022 онд хатуу хучилттай авто замаар холбож, бүрэн ашиглалтад оруулжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2020 онд Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсны дараа “Жаргалант гарден” хотхон хаусууд баригдаж, бүрэн ашиглалтад орж дууссан байгаа юм. Тэгэхээр Богдхан уулын Жаргалантын аманд аялал жуулчлалын зориулалттай газарт хууль бусаар барьсан Х.Ганхуягийн “Жаргалант гарден” хотхоны санхүүжилтийн эх үүсвэрийг хууль хяналтынхан шалгах нь зүйтэй биз ээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛИЙН 45 АЙЛЫН “PALM SPRINGS RESORT AND VILLA” ХОТХОН

     Жаргалантын аманд барьж буй 45 айлын тансаг зэрэглэлийн “Palm Springs Resort and Villa” хотхон нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийнх. Тодруулбал, “Palm Springs Resort and Villa” хотхоныг “Экспокс” ХХК эзэмшдэг. Харин “Экспокс” ХХК-ийг Сайнжаргалын Болор эзэмшдэг. С.Болор нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн төрсөн ах О.Сайнжаргалын охин бөгөөд О.Цогтгэрэлийн “Тэсо” ХХК, “Тэсо фүүдс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн “Palm Springs Resort and Villa” хотхоны хамгийн жижиг буюу 126 ам метр талбайтай хаус нь л гэхэд 700 сая төгрөгөөр зарагдаж байгаа. 
 
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ХЭРГЭЭР УИХ-ААС “ХӨӨГДСӨН” Ж.МӨНХБАТЫН “ЖАРГАЛАНТ” ХОТХОН
 
    “Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдмогцоо хил давж “зугтсан” УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат багын найз Б.Чойжилжалбуу, Х.Батжаргал нартайгаа хамтарч 2020 онд Жаргалантын аманд тансаг зэрэглэлийн 46 айлын хаус бүхий “Жаргалант” хотхоныг барьж, худалдсан. “Жаргалант” хотхоны хаусууд нь хоёр давхар, 211 ам метр талбайтай бөгөөд тус бүрийг нь 630 сая төгрөгөөр худалдсан. Нийт 46 хаусыг 630 сая төгрөгөөр худалдсан гэхээр Ж.Мөнхбат, Б.Чойжилжалбуу, Х.Батжаргал нар 28 тэрбум төгрөгийн ашиг хүртсэн тооцоо гарч байгаа. 
 
Тэгвэл Ж.Мөнхбат, Х.Батжаргал, Б.Чойжилжалбуу нар “Жаргалант” хотхоныг мөнгө угаах зорилгоор барьсан гэх маш ноцтой сэжүүр бий. Тухайлбал, Ж.Мөнхбат нь Б.Ариунболдоор дамжуулан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг Хятадын компаниудад дамлаж, асар их ашиг хүртэж байсан. Харин Х.Батжаргал нь БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж ирсэн. Б.Чойжилжалбуу нь хувьдаа “Марс гранд” ХХК гэх барилгын компанитай. Өөрөөр хэлбэл, Х.Батжаргал нь Жаргалантын аманд газар бэлдэж, Ж.Мөнхбат нь “Нүүрсний хулгай”-н мөнгөөр санхүүжүүлж, Б.Чойжилжалбуу нь барилгын ажлыг нь хариуцсан байх схем гарч ирж байгаа юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН “НУУЦ” 48 ХАУС

     УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эхнэр Д.Энхгэрэлийнхээ “Эйжн ложистик бридж” ХХК-ийн нэр дээр Жаргалантын аманд 5.5 га газар авч, өдгөө тансаг зэрэглэлийн 48 хаус бүхий хотхон барьж байна. Гэхдээ УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Хурд” группийнхээ болон охин компаниудынхаа алинаар ч сурталчилгаа хийхгүй “нууцалж” байгаа. Магад, Ерөнхий сайд нь “Газрын наймаачидтай тэмцэнэ, гранат тэсэлнэ” гээд зарлачихсан учраас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Дархан цаазат Богдхан уулын Жаргалантын аманд хууль зөрчин хаус хотхон барьж байгаагаа хэнд ч мэдэгдэхийг хүсэхгүй байгаа биз. Нөгөөтээгүүр, Б.Чойжилсүрэн, төрсөн дүү Б.Балдоржтойгоо хамтран ажиллуулдаг “Айл баян” нүүрсний уурхай нь хувийн уурхайнууд дундаас хамгийн ашигтай ажиллаж байгаа нь. Тэгэхээр “нууц” 48 хаус бүхий хотхоноо “нүүрсний” мөнгөөр санхүүжүүлж байж ч болох юм. 

БОАЖ-ЫН САЙД АСАН Н.ЦЭРЭНБАТ, МҮХАҮТ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ О.АМАРТҮВШИН ХОЁРЫН “EDELWEISS JARGALANT VILLA” ХОТХОН

     Жаргалантын аманд “Пассив хаусинг девелопмент” ХХК 2.0 га газар эзэмшдэг. Энэ газар дээрээ тансаг зэрэглэлийн 21 хаус бүхий “Edelweiss jargalant villa” хотхоныг барьж байгаа. Тэгвэл “Edelweiss jargalant villa” хотхон БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин нарынх. Тодруулбал, “Пассив хаусинг девелопмент” ХХК-ийг МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшингийн төрсөн дүү О.Отгонбаатар үүсгэн байгуулсан. Мөн О.Отгонбаатар нь БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбаттай “Трансинконсулт” ХХК-ийг хамтран эзэмшдэг, Н.Цэрэнбатын дүү Н.Отгонжаргалтай “Тоэк скод” ХХК-ийг хамтран эзэмшдэг, товчхондоо тун ойрын хамаарал бүхий этгээд нь. Харин О.Амартүвшин, Н.Цэрэнбат хоёрын хувьд, дотнын найзууд бөгөөд “Герман стандарт” ХХК, “Герман стандарт констракшн” ХХК, “Эм Эйч девелопмент” ХХК, “Хан империал” ХХК-иудыг хамтран эзэмшдэг. Товчхондоо, Н.Цэрэнбат БОАЖ-ын сайд байх үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, найз, бизнесийн хамтрагч МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшингийн дүүд хоёр га газар олгож, улмаар тансаг зэрэглэлийн 21 хаус бүхий “Edelweiss jargalant villa” хотхоныг бариулжээ. 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЭЭ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛСАН “МОНОС”-ЫНХНЫ 11 ХАУС

      Жаргалантын аманд “Суу ариг” ХХК 1.2 га газар эзэмшдэг. Энэ газар дээр тансаг зэрэглэлийн 11 амины хаус барьсан. “Суу ариг” ХХК-ийг Хүрэлбаатарын Ананд эзэмшиж байгаад Мандахын Дөлгөөн, Бямбаагийн Одбаатар нарт шилжүүлсэн. Тэгвэл Х.Ананд нь УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн төрсөн ах Л.Хүрэлбаатарын хүү бөгөөд “Монос” ХХК, “Монос холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Л.Эрдэнэчимэг, Л.Хүрэлбаатар, Х.Ананд нар “Монос” ХХК-аараа Хөгжлийн банкнаас 5.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Гэхдээ энэ мөнгөө бэлнээр гаргуулан авч зарцуулсан тул хаана, юунд зарцуулсныг нь тогтоох боломжгүй байгаа. Өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд болсон УИХ-ын Түр хорооны Хөгжлийн банкны нээлттэй сонсгол дээр Л.Эрдэнэчимэг, Х.Ананд нарыг гэрчээр дуудсан ч Болгар Улсад ажлаар явсан шалтгаанаар сонсголд оролцоогүй байдаг. 

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ХЭРГЭЭР ЦАГДАН ХОРИГДОЖ БУЙ Д.АРИУНБОЛД “ЭНХ ӨГЛӨӨ” ХОТХОНД ХӨРӨНГӨ ОРУУЛСАН УУ

     Жаргалантын аманд “Хан Натур Тур” ХХК долоон га газар эзэмшдэг. Энэ газар дээрээ тансаг зэрэглэлийн хаус, орон сууц хосолсон “Энх-Өглөө” гэх хотхоныг барьж эхэлсэн. “Хан Натур Тур” ХХК-ийг Нямрагчаагийн Баярцэцэг эзэмшдэг. Гэтэл Н.Баярцэцэг нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан, өдгөө “Нүүрсний хулгай”-н хэргээр цагдан хоригдож буй Д.Ариунболдын бизнес хамтрагч ажээ. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд барилгын “Буянпэл” ХХК-ийг эзэмшдэг. Тэгвэл Д.Ариунболд “Буянпэл” ХХК-аараа дамжуулан Н.Баярцэцэг, түүний ах Н.Баярсайхантай “Люксерюм” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин “Люксерюм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунбодын хүү А.Жигүүр ажилладаг ажээ. Өөрөөр хэлбэл, Н.Баярцэцэг, Д.Ариунболд нар тун ойрын хамтрагчид гэсэн үг. Илүү ноцтой бас нэгэн баримт нь, Д.Ариунболд “Буянпэл” ХХК-ийн борлуулалтын албаныхан Жаргалантын аманд баригдаж буй “Энх-Өглөө” хотхоны борлуулалтыг хариуцаж байгаа ажээ. Товчхондоо, энэ бол “Нүүрсний хулгай”-н хэргээр цагдан хоригдож буй Д.Ариунболд “Энх-Өглөө” хотхоныг санхүүжүүлсэн байж болзошгүй ноцтой сэжүүр юм. 
 
     Түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр, Богдхан уулыг XII зууны үеэс тайж, тахиж эхэлсэн бөгөөд 1778 онд албан ёсоор анхны дархан цаазат газар болгосон түүхтэй. Хожим нь, 1809 онд Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож, тийшээ очих, орохын тулд зөвхөн Богд хаанаас зөвшөөрөл авах журамтай болгож байв. Бүр хожим нь 1957, 1974, 1995 онд Богдхан уулыг “Тусгай хамгаалалттай дархан цаазат газар” хэмээн гурав дахин баталгаажуулж дархалсан бөгөөд тухайн үеийн тогтоолууд нь архивт эхээрээ буй. Мөн 1996 онд Богдхан уулыг “ЮНЕСКО”-гийн Хүн ба Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэж, дан ганц Монголд бус, дэлхийд дансалсан гэрчилгээ ч бий. Товчхондоо, Богдхан уулыг бид 900 жил тахин шүтэж, дархлан хамгаалж иржээ. Харамсалтай нь, есөн зууны турш, 900 жилийн турш хүний гараар сүйтгүүлж, сэндийчүүлэхгүй хамгаалсан Богдхан уулыг сүүлийн 20-хон жилийн дотор хаус хотхон, хувийн тансаг харш, орон сууцны хороолол, оффисын шилэн барилгаар дүүргэж орхижээ, бид. 
 

ХЭРЭЭ БОЛГОНЫ УЛАЙ БОЛСОН УЛААНБААТАР БУЮУ ЛУЙВРЫН ХОТ-IV
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188