• Өнөөдөр 2024-05-08

ХЭРЭЭ БОЛГОНЫ УЛАЙ БОЛСОН УЛААНБААТАР БУЮУ ЛУЙВРЫН ХОТ-II

2024-03-05,   97

     Магад, одоо Хотын дарга асан М.Энхболд, Сү.Батболд хоёр Төв аймаг дахь хурдан адууны жүчээгээ тордож, Ц.Батбаяр Багахангай дүүрэг дэх нефтийн үйлдвэрээ тосолж, Г.Мөнхбаяр Турк дэх Элчин сайдын яамандаа тэрийж, Э.Бат-Үүл “Эрдэнийн төгөл” хотхондоо хөрвөөж, Д.Сумъяабазар Хөрөнгө оруулалтын банкны оффистоо налайж, Т.Билэгт, С.Амарсайхан хоёр Төрийн ордны тохилог өрөөндөө тухалж суугаа. Ямба эдэлж ханасан тэд хоббигоо хөөж, хувийн бизнесээ тордохоос өөр юу ч хийх билээ. Харин нийслэлчүүд бид утаанд уушгиа эргэтэл бөхшүүлж, угаарын хийнд хордон хорвоог орхиж, урагшлахгүй түгжрэлд хараалаа барж, багталцахгүй автобусандаа чихцэлдэн амьдарч, амь зууж байна. Энэ бүхэн танд туйлын шударга бус санагдаж байна уу. Тийм ээ, энэ бол хулгайлсан нь ямба эдэлж, хулгайлуулсан нь ялтан шиг амьдарч буй, бидний, бас тэдний луйврын хот. 
     Тэртээ 1999 оноос хойш хотыг есөн дарга захирч, өдгөө 10 дахь нт заларчихаад буй. Үе үеийн хотын дарга нар Улаанбаатар хотыг улай гэж харсан хэрээнүүд шиг л аашилсан. Тэд Улаанбаатар хотын сүүлчийн алга дарам газрыг хүртэл тоносон, тоншсон, хумсалсан, бас хулгайлсан. Эцэст нь, Улаанбаатар хот хүүхэд тоглох, хөгшид нарлах талбайгүй бетонон ширэнгэ, бас утаа угаар, уур бухимдлын уурхай, түгжрэл, туйлдлын голомт болж хувирсан. 
 
Иймд, үе үеийн Хотын дарга нар, тэдний орлогчид, газрын албаны дарга болон ерөнхий архитекторуудын хууль зөрчиж хувьдаа авсан газрууд, АН, МАН-ын албан тушаалтнуудын дамлаж худалдсан газрууд, Улаанбаатар хотын төв, Төрийн ордныг тойрсон тансаг шилэн барилгуудын цаад эзэд, бас Дархан цаазат Богдхан уулын ам бүрд “отог” нэртэй тансаг зэрэглэлийн хотхон, хороолол барьж худалдсан эрх мэдэлтнүүдийн баримтыг эрэн сурвалжилж, энэхүү “Хэрээ болгоны улай болсон Улаанбаатар буюу луйврын хот” цуврал нийтлэлийг бэлтгэлээ. 
 
-НЭГДҮГЭЭР ХЭСЭГ-
ЧОНОНД ХАНЬ ХАДГАЛУУЛСАН НЬ БУЮУ ХОТЫН ГАЗРААР ХӨЛЖИГСӨД

ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР АСАН, “ГАЗРЫН НАЙМААНЫ ЭЦЭГ” ГЭГДДЭГ Т.БАДАМЖУНАЙ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХУУЛЬ БУСААР 72 ГА ГАЗАР АВЧ, 20 ГА-Г НЬ ХЯТАДУУДАД 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДЖЭЭ

       Т.Бадамжунай 2000 онд Хотын Ерөнхий менежер болж, 2004 он хүртэл ажилласан. Энэ дөрвөн жилийн хугацаанд М.Энхболд, Т.Бадамжунай хоёр хотын хамаг л газрыг худалдаж, халаасаа түнтийлгэсэн гэх яриа өнөө ч байдаг. Улмаар 2004 онд Т.Бадамжунай Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдож, Сонгинохайрхан дүүрэгт газрын наймаагаа үргэлжлүүлсэн. Тодруулбал, Т.Бадамжунай 2005 оны арваннэгдүгээр сарын 29-нд тухайн үеийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Л.Найданд нөлөөлж, түүнээр 259 дугаартай захирамж гаргуулж, “Ёл хангай” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо буюу Найрамдал зуслан өгсөх зам дагуу, Баянголын амны зүүн талын энгэрт орон сууцны зориулалтаар 72 га газар олгуулжээ. 
 
Улмаар Т.Бадамжунай “Ёл хангай” ХХК-ийн нэр дээр авсан 72 га газраа таван жилийн дараа буюу 2010 оны арваннэгдүгээр сарын 30-нд хүргэн Э.Жаргалсайханыхаа “Ёда инвестмент” ХХК-д шилжүүлж авсан байна. Ингээд дараа жил нь буюу 2011 оны арванхоёрдугаар сарын 28-нд Т.Бадамжунай хүргэн Э.Жаргалсайханыхаа “Ёда инвестмент” ХХК-ийн эзэмшлийн 72 га газраас 20 га газрыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти Си Ди” ХХК-д худалджээ. Тэр өдрөө хүргэн Э.Жаргалсайхан нь “Ти Си Ди” ХХК-аас 20 га газрын төлбөр болгож 2.5 тэрбум төгрөг шилжүүлж авсан байдаг.
 
Улмаар Э.Жаргалсайхан нь өнөөх 2.5 тэрбум төгрөгөө өөрийн эзэмшлийн “Авшиг-Од сэр” ББСБ-аар дамжуулан иргэдэд өндөр хүүтэй зээлдүүлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж эхэлжээ. Ингэхдээ “Авшиг-Одсэр” ББСБ нь сарын 3-5 хувийн хүүтэй Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, 5-8 хувийн хүүтэй Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, 4-7 хувийн хүүтэй Бизнесийн хэрэглээний зээл тус тус олгож байжээ. 
 
Т.Бадамжунайгаас 2.5 тэрбум төгрөгөөр 20 га газар худалдаж авсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти Си Ди” ХХК нь тус газар дээрээ 2012 оны наймдугаар сараас 5000 айлын “Буман өлзий” гэх орон сууцны хороолол барьж эхэлсэн бөгөөд 2016 онд I ээлжийн 11 блок орон сууцаа ашиглалтад оруулсан. Т.Бадамжунай хүргэн Э.Жаргалсайханыхаа “Ёда инвестмент” ХХК-ийн эзэмшилд үлдсэн 52 га газар дээр Орон сууцны хотхон барихаар 2016 оны гуравдугаар сарын 17-нд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаяраар 2016/06-14 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан байна. 

Г.МӨНХБАЯР ХОТЫН ДАРГА БАЙХДАА ХУВЬДАА АВСАН 14.5 ГА ГАЗАР ДЭЭРЭЭ 1800 АЙЛЫН ХОРООЛОЛ БАРЬЖ, ХАГАС ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАХААР ЗЭХЭЖ БАЙНА

      Улаанбаатар хотыг хүүхэд тоглох, хөгшид нарлах талбайгүй бетонон ширэнгэ болгож хувиргасан гол буруутнуудын нэг нь Хотын дарга асан Г.Мөнхбаяр. Үүнийг намтар нь ч хэлээд өгнө. Тэр 2000 оноос хойш Ардын намаас албан тушаалын “аагтай” болгоныг авч, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга, Хотын ерөнхий менежер, НИТХ-ын дарга, Хотын дарга, Барилга, хот байгуулалтын сайд гэх мэтээр даргын суудал дамжиж заларсан. Угтаа Улаанбаатар хотод 2000 оноос хойш барьсан барилга, байшин бүр Г.Мөнхбаярын гараар дамжсан гээд хэлчихэд хилсдүүлсэн болохгүй. Өдгөө тэр Туркэд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын сэнтийд тухалж буй. 
 
Тэгвэл Г.Мөнхбаярын төрсөн дүү Г.Мөнхбал нь “Ти энд Эс Эн Эйч” ХХК-ийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тулгат-Өргөө” ХХК-тай хамтран эзэмшдэг. Судлаад үзвэл, “Ти энд Эс Эн Эйч” ХХК-ийг 2011 оны гуравдугаар сарын 31-нд байгуулжээ. Ингээд ердөө 21-хэн хоногийн дараа буюу 2011 дөрөвдүгээр сарын 21-нд Хотын дарга Г.Мөнхбаяр 348 дугаартай захирамжаар төрсөн дүү Г.Мөнхбалынхаа “Ти энд Эс Эн Эйч” ХХК-д Хан-Уул дүүргийн XVI хороо, Сонсголонгийн гүүрнээс Нисэхийн тойрог явах зам дагуух 14.5 га газрыг орон сууцны цогцолборын зориулалтаар олгосон байгаа юм. Тэгээд болоогүй, энэхүү 14.5 га газрыг Туул голын эрэгт тавхан алхмын зайд шахаж, онцгой хамгаалалтын бүс дотор хууль зөрчиж олгосон. Өөрөөр бол, албан тушаалаа урвуулан ашиглаж, Усны тухай хууль ноцтой зөрчин байж энэ газрыг төрсөн дүүдээ олгосон гэсэн үг л дээ. 
 
Ингээд Г.Мөнхбаярын төрсөн дүү Г.Мөнхбалын “Ти энд Эс Эн Эйч” ХХК нь 14.5 га газар дээрээ 1800 айлын “Элеганс” нэртэй цогцолбор хороолол барьж эхэлсэн. “Элеганс” цогцолбор хороолол нь дотроо дөрвөн давхар спорт цогцолбортой, 150 хүүхдийн цэцэрлэгтэй, 145 айлын амины хаустай, тус бүр 16 давхар 17 блок орон сууцнаас бүрдэх нүсэр хороолол ажээ. 
 
Дээр дурдсанчлан Г.Мөнхбал нь “Ти энд Эс Эн Эйч” ХХК-ийг “Тулгат-Өргөө” ХХК-тай хамтран эзэмшдэг. Харин “Тулгат-Өргөө” ХХК-ийг БНХАУ-ын иргэн Су Ямин, Гуо Жиашин гэх хоёр иргэн эзэмшдэг. Судлаад үзвэл, БНХАУ-ын иргэн Су Ямин, Гуо Жиашин хоёр нь “Элеганс” хорооллыг барих санхүүжилтийг гаргаж байгаа Г.Мөнхбалын хөрөнгө оруулагчид нь ажээ. Өөрөөр хэлбэл, Г.Мөнхбал 14.5 га газраа гаргана, харин Су Ямин, Гуо Жиашин хоёр хороолол барих мөнгөө гаргана. Ингээд “Элеганс” хорооллыг хамтран барьж, худалдсаны дараа ашгаа тэнцүү хувааж авах гэрээтэй ажээ. Өөрөөр бол, 14.5 га газрын эзэн Г.Мөнхбаяр “Элеганс” хорооллыг барьж, зарж дуусмагц нийт ашгийн талыг халааслахаа тэвчээртэй хүлээгээд сууж байхад л хангалттай аж.
 
Тэгвэл Г.Мөнхбал болон Су Ямин, Гуо Жиашин гурвын “Элеганс” хорооллоос хүртэх ашгийг тооцоолж үзлээ. Тооны машинд ч “багтахааргүй” том тоо гарч ирж байгааг онцлох нь зүйтэй. Тодруулбал, өдгөө “Элеганс” хороолол ид баригдаж буй бөгөөд эхний ээлжийн орон сууцнууд нь өнгөрөгч 2022 онд ашиглалтад орж, борлуулагдаж эхэлсэн. Нэг айлын орон сууц нь дунджаар 71.3 ам метр талбайтай, нэг ам метр нь 2.5 сая төгрөгөөр буюу 177.5 сая төгрөгөөр зарагдаж буй. Нэг айлын орон сууц нь 177.5 сая төгрөгөөр зарагдах нийт 1800 айлын хороолол гэж тооцохоор нийт 319 тэрбум төгрөгөөр зарагдана гэсэн үг. Нэмээд дөрвөн давхар спорт цогцолбор, үйлчилгээний төв, 145 айлын амины хаус, 150 хүүхдийн цэцэрлэг зэрэг нь зарагдана, түрээслэгдэнэ гэж тооцож үзвэл нийт 500 тэрбум буюу хагас их наяд төгрөгөөр борлуулагдах хороолол гэсэн үг юм. Бүх зардлаа хасаад, үлдэх цэвэр ашгаа хөрөнгө оруулагч хятадуудтайгаа тэнцүү хуваана гэж үзвэл Г.Мөнхбалын халаасанд хамгийн багадаа 100 тэрбум төгрөг орж ирэх нь л дээ. Мэдээж, энэ мөнгө Г.Мөнхбалын халааснаас Г.Мөнхбаярын халаас руу дамжих нь ойлгомжтой. 
 
Ингээд харвал, Г.Мөнхбаярын Хотын дарга байхдаа хувьдаа авсан 14.5 га газар нь одоо багадаа л 100 тэрбум төгрөг болж түүний халаасанд орох нь. “Газар олгов” гэсэн ганцхан гарын үсэг нь 10 гаруйхан жилийн дараа 100 тэрбум төгрөг болно гэсэн үг шүү дээ. Газрын наймаа ямар ашигтайн ганцхан жишээ бол энэ. Товчхондоо, Туркэд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын сэнтийд тухалж байгаа Г.Мөнхбаяр хотын даргын эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийнхөө гарын үсгээр өөртөө 14.5 га газар олгосон, хятадуудтай хамтарч хагас их наядын хороолол босгосон, хууль бусаар хөрөнгөжсөн, хөрөнгөө нуун дарагдуулсан гэх мэтээр АТГ-т дуудагдах, цаашлаад торны цаана суух “болзол”-оо хэдийнэ хангачихсан ажээ.

НИТХ-ЫН ДАРГА АСАН Ц.САНДУЙ “ГАЗРЫН НАЙМАА”-НЫ ХУУЛЬ БУС МӨНГӨӨ ТӨРСӨН ДҮҮ Ц.СЭРГЭЛЭНГЭЭРЭЭ ДАМЖУУЛАН “УГААСАН” УУ

Ц.Сандуй 1997 онд Ж.Наранцацралт агсныг Хотын дарга байх үед Нийслэлийн газрын албанд ахлах мэргэжилтнээр анх ажилд орсон. Ингээд 2001 онд М.Энхболдыг Хотын дарга байх үед Нийслэлийн газрын албаны Кадастрын хэлтсийн дарга, 2006 онд Ц.Батбаярыг Хотын дарга байх үед Нийслэлийн газрын албаны орлогч дарга, 2008 онд Т.Билэгтийг Хотын дарга байх үед Нийслэлийн газрын албаны даргаар тус тус ажиллаж байв. Товчхондоо, 2000 оноос хойш олгосон бүх газрын гэрчилгээ Ц.Сандуйгийн гарын үсэгтэй гээд хэлчихэд хилсдэхгүй. 
 
Тэгвэл Ц.Сандуй нийслэлийн газрыг албыг гартаа “атгадаг” байхдаа төрсөн дүү Ц.Сэргэлэнгийнхээ нэр дээр 10 гаруй компани байгуулж, тухайн компаниуддаа хууль бусаар газар олгож, цааш нь дамлаж худалддаг байсан ноцтой баримтууд бий. Хамгийн ноцтой нь, өдгөө Ц.Сэргэлэн нь хотын төвийн бүх л үнэтэй, ашигтай байршлуудад үйлчилгээний барилгуудтай болжээ. Тэр бүү хэл, одоо Тасганы овооны хажууд “Тасган тауэр” гэх 18 давхар оффис барьж буй. Өөрөөр хэлбэл, 2000 оноос хойш Улаанбаатар хотын газар олголтыг ганцаараа шахуу хариуцсан Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн хотын хамгийн үнэтэй байршлуудад барилгуудтай, ресторан, баар цэнгээний газартай, 18 давхар оффистой болсны цаана газрын наймааны мөнгө угаалт ч байж болзошгүй ажээ. Ц.Сандуй, Ц.Сэргэлэн хоёр газрын наймаагаар хөлжиж, хотын төвийн үнэтэй барилгуудын эзэд болсон байж болзошгүй ажээ. 
 
Тодруулбал, Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн нь Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү Б.Лхагвадоржтой бүх бизнесээ хамтран явуулдаг. Тухайлбал, Ц.Сэргэлэн, Б.Лхагвадорж хоёр “Их түмэн трэйвел” ХХК, “Элс партнерс” ХХК, “Нью сил” ХХК,“Сэлбэ партнерс” ХХК-уудыг хамтран эзэмшиж ирсэн. Дээрх дөрвөн компани нь ямар үйл ажиллагаа явуулж, ямар хөрөнгө эзэмшиж байгааг нь тус бүрчлэн танилцуулъя. 
 
Замын цагдаагийн гүүрний урд доор байрлах, төв замын тэг голд баригдсан, түгжрэлийн гол зангилаа “Хоум плаза” барилгыг Ц.Сандуйгийн эзэмшлийнх гэж олон жил ярьсан. Харин Ц.Сандуй “Минийх биш, надтай хамаагүй” гэж гүрийсээр өдий хүрсэн. Тэгвэл Ц.Сэргэлэн, Б.Лхагвадорж хоёрын “Элс партнерс” ХХК нь “Хоум плаза” барилгын II, IV давхрыг бүхэлд нь эзэмшдэг бөгөөд “One Event Hall” нэртэйгээр хурим найр, хурал цуглаан, хүлээн авалтын заал хэлбэрээр ашигладаг. Харин Ц.Сэргэлэн, Б.Лхагвадорж хоёрын “Их түмэн трэйвэл” ХХК нь “Хоум плаза” барилгын зүүн жигүүрийн I давхрыг эзэмшдэг бөгөөд “Минт” нэртэй баар ажиллуулдаг. Товчхондоо, “Хоум плаза” барилга Ц.Сандуйгийнх гэхэд хилсдэхгүй аж. 
 
Ц.Сэргэлэн, Б.Лхагвадорж хоёрын “Ньюсил” ХХК нь Сүхбаатар дүүргийн I хороо, Төв номын сангийн дэргэд байрлах “Mazzy” гэх зургаан давхар шилэн барилгыг эзэмшдэг. Дотор нь 24 цагийн сүлжээ дэлгүүр, ресторан, паб бүгд бий. 
 
Цаашилбал, Ц.Сэргэлэн, Б.Лхагвадорж хоёрын “Сэлбэ партнерс” ХХК нь одоо Чингэлтэй дүүргийн V хороо, Баянбүрдийн тойргоос Гэсэр сүм явах зам дагуу, Тасганы овооны зүүн доор “Тасган тауэр” гэх 16 давхар оффисын барилгыг барьж буй. Он гармагц бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. “Тасган тауэр” барилга нь 31-74 ам метр хүртэлх өрөөний сонголттой, оффисын 400 өрөөтэй, хажуудаа долоон давхар авто зогсоолтой. Зөвхөн 31 ам метр талбайтай оффис нь л гэхэд 200 сая төгрөгөөр захиалгаа аваад эхэлчихсэн байна. Энэ үнээр дунджилж тооцож үзвэл оффисын 400 өрөөг багадаа 200 тэрбум төгрөгөөр худалдана гэсэн үг юм. Бүхэл бүтэн 200 тэрбум төгрөгийн барилгыг Ц.Сэргэлэн, Д.Лхагвадорж хоёр хэрхэн санхүүжүүлж байгааг хууль хяналтынхан шалгахад илүүдэхгүй. М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр нарын үед нийслэлийн Газрын албаны даргын сэнтийд дархлагдаж, оффшор данстай болтлоо хөрөнгөжсөн Ц.Сандуйгийн мөнгө угаалт ч байж болзошгүй гэж хардах бүрэн үндэслэлтэй.

Э.БАТ-ҮҮЛ ХОТЫН ДАРГА БАЙХДАА “ЭРДЭНИЙН ТӨГӨЛ” ХОТХОНЫГ БАРЬЖ, 25 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ХУДАЛДЖЭЭ

     Э.Бат-Үүл Хотын дарга байхдаа “Сонор рекордс” ХХК-аараа 32 айлын “Эрдэнийн төгөл” гэх тансаг зэрэглэлийн хаус хотхон барьж, “элит”-үүдэд худалдаж хөлжсөн. “Сонор рекордс” ХХК-ийг эхлээд эхнэр Б.Дэлгэртуяа нь эзэмшдэг байсан, дараа нь хүү Б.Чулуудайд нь шилжиж, харин одоо охин Б.Хулан нь эзэмшиж буй. 
 
Э.Бат-Үүл “Эрдэнийн төгөл” хотхоныхоо хаусуудыг Худалдаа хөгжлийн банкны эзэн “Сахал” Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос эхлээд улс төр, бизнесийн томчуудад өндөр үнээр шахсан гэгддэг. Үнэхээр ч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнийн “Бидний монгол мөрөөдөл” ТББ, Элчин сайд Ө.Батбаярын “Монголын сигар клуб” ТББ, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Элчин сайд Ц.Жамбалдоржийн охин Ж.Танын “Тана глобал солюшинс” ХХК гэх мэт томчуудын компани, ТББ-ууд одоо ч “Эрдэнийн төгөл” хотхоны хаусуудын хаяг дээр бүртгэлтэй байдаг ажээ. 
 
Ноцтой нь, “Эрдэнийн төгөл” хотхоны барилга угсралт болон худалдан борлуулах ажлыг Э.Бат-Үүлийн охин Б.Хулангийнх нь нөхөр Б.Идэр хариуцсан. Ингэхдээ нэг айлын хаусыг 700-800 сая төгрөгөөр буюу 32 айлын хаусыг 25 тэрбум төгрөгөөр худалдсан. Улмаар Э.Бат-Үүлийн хүргэн Б.Идэр нь “Эрдэнийн төгөл” хотхоны хаусуудыг зарж дуусмагцаа буюу 2015 онд “Утпала финанс” ББСБ-ыг байгуулж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж эхэлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнийн төгөл” хотхоныг худалдаж олсон 25 тэрбум төгрөгөө “Утпала финанс” ББСБ-аар дамжуулан “угаасан” байж болзошгүй байгаа юм. 

Ц.БАТБАЯРЫГ ХОТЫН ДАРГА БАЙХ ҮЕД ТӨРСӨН ДҮҮ Ц.БАТ-ЭРДЭНЭ НЬ ОРОН СУУЦНЫ ГУРВАН ХОТХОН БАРЬЖ, ТӨРСӨН ДҮҮ Ц.ГАНЦЭЦЭГ НЬ “ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН”-ГИЙН ХАЖУУД 1.8 ГА ГАЗАР АВЧ ХУДАЛДЖЭЭ

     Ц.Батбаяр хотын дарга байхдаа төрсөн дүү Ц.Бат-Эрдэнийнхээ нэр дээр “Ганьт” ХХК-ийг байгуулж, улмаар “Ганьт” ХХК-даа аль ашигтай гэсэн байршлуудад хууль бусаар газар олгож, орон сууцны хотхонууд бариулж худалдсан. Жишээ нь, “Ганьт” ХХК нь олны мэдэхээр “Модны 2” автобусны буудлын ард таван блок, 500 айлын “Саруул дэнж” гэх хотхон барьж худалдсан. Мөн “Peaсe mall” худалдааны төвийн ард 85 айлын орон сууц, Их дэлгүүрийн зүүн хойно 125 айлын нэг орон сууц барьж, худалджээ. Илүү ноцтой нь, Ц.Батбаяр төрсөн дүү Ц.Ганцэцэгийнхээ нэр дээр “Бумбын шовх” ХХК-ийг эзэмшдэг байсан. Тэгвэл 2008 онд Ц.Батбаяр УИХ-ын гишүүн болмогцоо “Бумбын шовх” ХХК-даа Хотын дарга Т.Билэгтээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойно, БНСУ-ын Элчин сайдын яамны баруун талд 1.8 га газар олгуулж, хав даржээ. Ингээд саяхан “Бумбын шовх” ХХК-ийгаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажуугийн 1.8 га газартай нь хамт “М-Ойл групп”-ийн эзэн Р.Батбаяр, Б.Пунсалмаа болон “Таванбогд”-ын эзэн Ц.Баатарсайханы төрсөн дүү “Од групп”-ийн эзэн Ц.Отгонбаатар нарын дундын эзэмшлийн “Глобал бридж констракшн” ХХК-д худалджээ. Улмаар “Глобал бридж констракшн” ХХК нь “Бумбын шовх” ХХК-ийн 1.8 га газар дээр нь “Глобал таун” гэх тансаг зэрэглэлийн дөрвөн блок 22 давхар орон сууцны хотхон барьж байна. Энэхүү газрыг Ц.Батбаяр “М-Ойл”-ын эздэд хэдэн тэрбум төгрөгөөр худалдсаныг АТГ-ынхан шалгах нь зөв биз ээ.

ХОТЫН ДАРГА АСАН СУ.БАТБОЛД ХУУЛЬ БУСААР ГАЗАР ЗАРЖ, ОЛСОН МӨНГӨӨ ХҮҮ Б.ТӨРБОЛДЫНХОО ББСБ-ААР ДАМЖУУЛАН УГААСАН УУ

         “Макс групп” ХХК-ийн эзэн, тод манлай уяач Д.Ганбаатар 2000 онд хуучнаар улсын наадмын морь бариа буюу Яармагийн дэнжийн 70 га газрыг “морин тойруулга”-ын зориулалтаар анх авч байжээ. Гэвч Д.Ганбаатар газрын төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй тул 2015 онд Хотын дарга Э.Бат-Үүл 70 га газрынх нь эзэмших эрхийг нь цуцалсан байгаа юм. Гэтэл Су.Батболд 2017 оны аравдугаар сарын 4-нд А/716 дугаартай захирамж гаргаж, Д.Ганбаатарын “Монголиан рэйсинг трак” ХХК-д өнөөх 70 га газрынх нь 54 га газрыг дахин олгожээ. Харин үлдсэн 16 га газраас Су.Батболд өөрийн шадар туслах Энхболдын Анарт 2.2 га, том хүү Б.Төрболдынхоо эхнэр Батцэнгэлийн Оюун-Эрдэнэд 2.2 га газар тус тус олгожээ. Өөрөөр хэлбэл, Су.Батболд “Макс групп”-ийн эзэн Д.Ганбаатарын цуцлагдсан 70 га газрын 54 га-г нь дахин олгож өгснийхөө хариуд 4.4 га газрыг нь хувьдаа аваад үлдчихсэн гэсэн үг.
 
Хамгийн ноцтой нь, Су.Батболд Хотын даргаас чөлөөлөгдөхөөсөө ердөө гуравхан хоногийн өмнө буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 7-нд А/1177 дугаартай захирамж гаргаж, шадар туслах Э.Анар, бэр Б.Оюун-Эрдэнэ нарынхаа нэр дээрх өнөөх 4.4 га газрыг “Их монголын эзэнт гүрэн” ТББ-ын нэр дээр шилжүүлжээ. Шинэ Хотын шинэ захиргааны хажууханд буюу Яармагийн дэнжид байрлалтай эрүүл тэгш 4.4 га газар бол багадаа 6.0 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх ажээ.
 
Цааш хөөвөл, Су.Батболд ийнхүү 4.4 газрыг будлиулснаас таван сарын дараа буюу 2019 оны дөрөвдүгээр сард том хүү Б.Төрболд, бэр Б.Оюун-Эрдэнэ нар нь “Сэнд Эм Эн” ББСБ-ыг байгуулан зээл, гадаад мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Эндээс, Хотын дарга Су.Батболд хотын газрыг наймаалж, хууль бусаар олсон мөнгөө хүү, бэр хоёрынхоо нэр дээрх ББСБ-аар угааж байсан уу гэдэг ноцтой асуулт гарч ирж байгаа юм.

ХОТЫН ОРЛОГЧ АСАН Н.БАТАА СЭЛБЭ ГОЛЫН ЭРЭГТ ГАЗАР АВЧ, 24 ТЭРБУМЫН ОРОН СУУЦ БАРЬЖ ХУДАЛДСАН БАРИМТ

     Түүх сөхвөл, 2012 оны наймдугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүл томилогдож, тэр өдрөө анхны захирамжаараа өөрийн Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Н.Батааг томилж байв. Э.Бат-Үүл, Н.Батаа хоёр цэцэрлэгт нэг ангид хүмүүжиж, 1975 онд нийслэлийн I сургуулийг нэг ангид төгссөн, багын найзууд. Нөгөөтээгүүр, 2012 онд Нийслэлийн Ардчилсан намын даргаар Э.Бат-Үүл, Тэргүүн дэд даргаар нь Н.Батаа ажиллаж байв. Тиймдээ ч Э.Бат-Үүл Засаг дарга болсон эхний өдрөө багын найз, намын нөхөр Н.Батаагаа өөрийн орлогчоор томилсон хэрэг. Ийнхүү найзынхаа буянаар Хотын орлогч болж дэвшсэн Н.Батаа Сүхбаатар дүүргийн VIII хороо, хуучнаар Төв бассейны чанх урд Сэлбэ голын эрэгт хоёр давхар хауст амьдардаг болжээ. Хотын орлогчийн эрх ямба эдлүүлж, ийнхүү Сэлбэ голын эрэгт хоёр давхар хауст тухлуулсан хэрэг л дээ. 
 
Улмаар Н.Батаа 2014 оны долдугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээр А/645 тоот захирамж гаргуулж, хоёр давхар хаусныхаа 1443 ам метр газрыг өөрийн “Шим” ХХК-ийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй болжээ. Ингээд болоогүй, жилийн дараа буюу 2015 оны нэгдүгээр сарын 19-нд “Шим” ХХК-ийнхаа нэр дээрх 1443 ам метр газар дээрээ 12 давхар орон сууц барихаар тухайн үеийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржоор “Архитектур төлөвлөлтийн даалгавар” батлуулж авсан байна. 
Ийнхүү Хотын орлогч байхдаа Сэлбэ голын эрэгт хоёр давхар хаус бүхий 1443 ам метр газартай болж, тус газар дээрээ орон сууцны “А” даалгавар батлуулж авсан Н.Батаа ажлаа өгснөөсөө хоёр жилийн дараа буюу 2018 онд өнөөх хоёр давхар хаусаа нурааж, оронд нь “Star tower residence” нэртэй тансаг зэрэглэлийн 16 давхар орон сууц барьжээ. Н.Батаагийн барьсан “Star tower residence” нь тус бүр 147 ам метр талбай бүхий таван өрөөтэй, нийт 30 айлын орон сууц бөгөөд нэг бүрийг нь 800 сая төгрөгөөр худалджээ. Өөрөөр хэлбэл, Н.Батаа Хотын орлогч байхдаа өөрийн болгосон хоёр давхар хаусныхаа газар дээр 30 айлын 16 давхар орон сууц барьж, нийт 24 тэрбум төгрөгөөр худалдсан байна.

ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД БУЮУ ДҮНЖИНГАРАВЫН УУЛЗВАРЫН ОЙР ОРЧМЫН ГАЗРЫГ ЭЗЭМШДЭГ УЛСТӨРЧИД

      Дүнжингаравын уулзварын газны дэлбэрэлт цаашид газрын наймааны дэлбэрэлт болж даамжрах нь. УИХ-аас үе үеийн Хотын дарга нарын газрын наймааг нийтэд илчилж нээлттэй сонсгол явуулах Түр хороо байгуулсан. Түр хороог Хууль зүйн сайд Б.Энхбаяр ахлах бөгөөд нэн яаралтай нотлон баримтуудыг цуглуулж, тун удахгүй Төрийн ордонд газрын наймаачдыг гэрчээр дуудна гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ Б.Энхбаяр “Дүнжингарав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчмын газрын наймааны асуудлыг эхлээд шалгана. Тэр хавийн газрыг ёстой хүний өөрийнгүй хэсэгчилж зарсан. Ерөнхий прокуророосоо эхлээд Тагнуулын ерөнхий газрын дарга хүртэл энэ газрын наймаанд оролцсон мэдээлэл бий” гэж онцолсон. Ямартай ч гурван аврагчийн халуун амийг авч одсон газын дэлбэрэлтээс үүдэж 20 гаруй жил бугшсан газрын наймаа авлигын хэргүүд ар араасаа “дэлбэрэх” нь. 
 
Тэгвэл бид Баянзүрх дүүргийн XXVI хороо буюу Дүнжингаравын уулзвар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчмын газруудыг хэн гэдэг Хотын дарга хэн гэдэг яндартанд худалдаж, ямар хотхон, хороолол босгоныг танилцуулж байна. 
 
1. Газны дэлбэрэлтэд өртөж шатсан “Глобал иннова” сургууль, “Эдү апартмент” хотхоныг 14,988 ам метр газартай нь хамт “Таванбогд”-ын эзэн Ц.Баатарсайхан төрсөн дүү Ц.Отгонбаатар “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК-аараа эзэмшдэг. Анх энэ газар, сургууль, хотхоны барилгууд Тагнуулын ерөнхий газрын эзэмшилд байсан. Өөрөөр бол, Тагнуулын ерөнхий газрын төв оффисын зориулалтаар анх баригдсан. Улмаар Засгийн газраас 2013 оны арваннэгдүгээр сарын 30-нд хувьд худалдах шийдвэр гаргасан. Ингээд Ц.Отгонбаатар 2014 оны есдүгээр сарын 23-нд “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК-аараа 10 тэрбум төгрөгөөр худалдан авч, “Глобал иннова” сургууль, “Эдү апартмент” хотхон болгосон түүхтэй. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг, ТЕГ-ын даргаар Б.Ариунсан, БШУ-ы сайдаар Л.Гантөмөр ажиллаж байсан. Ноцтой нь, одоо Л.Гантөмөр Ц.Отгонбаатарын “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК-ийн харьяа “Глобал иннова” сургуулийн Зөвлөхөөр ажилладаг. Ц.Отгонбаатар, Л.Гантөмөр нар эртний найзууд бөгөөд “Глобал иннова” сургуулиас гадна “Гарааны бизнесийн дэмжих холбоо”-г хамтран эзэмшиж ирсэн нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд. Эндээс, Л.Гантөмөр Ц.Элбэгдоржоор нөлөөлүүлэх замаар Тагнуулын ерөнхий газрын эзэмшлийн газар, барилгыг Ц.Отгонбаатарт хувьчлуулж, улмаар сургууль, хотхон болгож, хувь хүртсэн байж болзошгүй ноцтой схем гарч ирнэ. Энэ асуудал УИХ-ын Түр хорооны нээлттэй сонсгол дээр дэлгэрэнгүй яригдах биз. 
 
2. Дэлбэрэлтэд өртсөн “Эдү апартмент” хотхоны зүүн талд “Монголиан энд глобал лоёорс” ХХК 10,044 ам метр газар эзэмшдэг. Энэ газрыг 2012 онд Г.Мөнхбаяр олгосон. Улмаар “Монголиан энд глобал лоёорс” ХХК энэ газар дээрээ гурван блок, 15 давхар, 240 айлын “National park town” хотхоныг барьж худалдсан. “Монголиан энд глобал лоёорс” ХХК-ийг УЕПГ-ын Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Бат-Орших эзэмшдэг. Б.Бат-Орших Увс аймгийн Зүүнговь сумын уугуул буюу Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын нутгийн дүү нь. Тиймдээ ч Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокурор байх, ХЗДХ-ийн сайд байх үед Б.Бат-Орших Улсын ерөнхий прокурорын туслах, Нийслэлийн прокурор, УЕПГ-ын Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга гэх мэт өндөр албан тушаалуудыг хашиж байсан. Түүгээр зогсохгүй, Д.Дорлигжав Улсын ерөнхий прокуророос буухдаа өөрийнхөө оронд Б.Бат-Оршихыг томилуулахаар зүтгүүлж байсан. Тэгэхээр “Монголиан энд глобал лоёорс” ХХК-ийн ард Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав байж болзошгүй гэж хардах тал талын үндэслэлтэй. 
 
3. “National park town” хотхоны зүүн талд “Женерал тек” ХХК 16,487 ам метр газартай. 2012 онд Г.Мөнхбаяр 10,000 ам метр газар олгож, 2013 онд Э.Бат-Үүл 6500 ам метр газар нэмж олгосон. Энэ газар дээрээ “Женерал тек” ХХК зургаан блок 560 айлын “Чухаг” хотхоныг барьж худалдсан. “Женерал тек” ХХК-ийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатар эзэмшдэг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноосоо хойш хувийн бизнесүүдээ хадам дүү Х.Болдбаатартаа хариуцуулж ирсэн. Харин Х.Болдбаатарын эхнэр П.Эрдэнэтуяа нь Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирлаар ажилладаг. Ц.Элбэгдорж, түүний хадам дүү Х.Болдбаатар хоёрын хотын төвд эзэмшдэг газар, хотхон ганц энэ биш. 
 
4. Дүнжингаравын уулзвараас зүүн тийш Амгалангийн гүүр хүртэлх замын хойд хэсгийн 155 га газрыг бүхэлд нь УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү 13 компаниараа дамжуулан эзэмшдэг. Жишээ нь, Б.Наранхүү “Дүнжингарав” ХХК-ийнхаа нэр дээр эзэмшдэг 520,658 ам метр буюу 52 га газар дээрээ “Дүнжингарав” худалдааны төвөө барьсан. “Дүнжингарав” худалдааны төвийн хажуугийн хоосон 19.984 ам метр газрыг том хүү Н.Эрдэнийнх нь “Тэгш чухаг” ХХК эзэмшдэг. Энэ мэтээр Б.Наранхүү өөрийнхөө болон эхнэр, хүүхдүүдийнхээ нэр дээрх 13 компаниараа Дүнжингаравын уулзвар, түүнээс зүүн тийших 155 га газрыг эзэмшдэг. Энэ газраас 26 га-г 2006 онд Ц.Батбаяр, 123 га-г 2008 онд Т.Билэгт тус тус олгосон. Мөн М.Энхболд Хотын дарга байхдаа 2000 онд Б.Наранхүүд Дүнжингаравын уулзвараас баруун тийш Замын цагдаагийн гүүр хүртэлх 30 га газрыг олгосон байдаг бөгөөд тэд худалдаад дууссан. Жишээ нь, Б.Наранхүүгийн худалдсан тус 30 га газар дээр “Баянмонгол” хороолол баригдсан. УИХ-ын Түр хорооны газрын наймааны нээлттэй сонсголын хамгийн халуун, басхүү хамгийн бухимдуулсан хэсэг нь Б.Наранхүү болон М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт нарын газрын наймааны сүлжээ байна гэдэг нь эргэлзээгүй. 
 
5. Дүнжингаравын уулзварын урд “Шинэ Монгол хаад групп” ХХК 4996 ам метр газар эзэмшдэг. 2014 онд Э.Бат-Үүл олгосон. Одоогоор барилга барьж эхлээгүй байгаа. “Шинэ Монгол хаад групп” ХХК-ийг НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн зөвлөхөөр ажиллаж байсан А.Ганбаатар эзэмшдэг. А.Ганбаатар Г.Доржзодовтой хамтарч “60 тэрбумын схем”-ыг зохиосон гэгдэж илүүтэй танигдсан нэгэн. 
 
6. Дүнжингаравын уулзварын баруун урд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно “Эйч Эс Би” ХХК 7772 ам метр газар эзэмшдэг. 2011 онд Г.Мөнхбаяр олгосон. Улмаар “Эйч Эс Би” ХХК энэ газар дээрээ дөрвөн блок 297 айлын “Нарлаг өргөө” хотхоныг барьж худалдсан. “Эйч Эс Би” ХХК-ийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүх эзэмшдэг. Б.Энхсүх өмнө нь БНХАУ-ын Элчин сайдын яаманд Консулын хэлтсийн дарга, Оюуны өмчийн газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, даргаар тус тус ажиллаж байсан, төрд нөлөө бүхий этгээд. 
 
7. Дүнжингаравын уулзварын баруун талд “Ай Би Эй групп” ХХК 6964 ам метр газар эзэмшдэг. Одоогоор барилга барьж эхлээгүй, суурь цутгаж эхэлж буй. “Ай Би Эй групп” ХХК-ийг Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүүгийн нөхөр А.Даваадорж эзэмшдэг. 
 
8. Дүнжингаравын уулзварын баруун талд, “Баянмонгол” хорооллын хажууд “Сүрэг агт” ХХК 30,000 ам метр газар эзэмшдэг. Энэ газар дээрээ “Сүмбэр орд” хотхоныг барьж худалдсан. “Сүрэг агт” ХХК-ийг Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар эзэмшдэг. 
 
9. Дүнжингаравын уулзварын баруун талд, “Баянмонгол” хорооллын хажууд “Алтай констракшн” ХХК 3.9 га газар эзэмшдэг. Энэ газар дээрээ “Саруул” хотхоныг барьж худалдсан. “Алтай констракшн” ХХК-ийг Хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайгийн “баруун гар” гэдгээрээ танигдсан Х.Бат-Эрдэнэ эзэмшдэг. 
 
10. Дүнжингаравын уулзварын баруун тийш, “Хоум плаза"-гийн зүүн талд “Инэл” ХХК 1.3 га газар эзэмшдэг. Энэ газар дээрээ “Дүнжингарав” хотхоныг барьж худалдсан. “Инэл” ХХК-ийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга асан Ц.Ганхүү эзэмшдэг. Ц.Ганхүү өмнө нь М.Энхболдынг Хотын дарга байх үед Хот тохижилтын Ерөнхий инженерээр нь ажиллаж байсан нэгэн.
 
 

ХЭРЭЭ БОЛГОНЫ УЛАЙ БОЛСОН УЛААНБААТАР БУЮУ ЛУЙВРЫН ХОТ-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188