• Өнөөдөр 2024-05-07

ХЭРЭЭ БОЛГОНЫ УЛАЙ БОЛСОН УЛААНБААТАР БУЮУ ЛУЙВРЫН ХОТ-I

2024-03-04,   112

        Магад, одоо Хотын дарга асан М.Энхболд, Сү.Батболд хоёр Төв аймаг дахь хурдан адууны жүчээгээ тордож, Ц.Батбаяр Багахангай дүүрэг дэх нефтийн үйлдвэрээ тосолж, Г.Мөнхбаяр Турк дэх Элчин сайдын яамандаа тэрийж, Э.Бат-Үүл “Эрдэнийн төгөл” хотхондоо хөрвөөж, Д.Сумъяабазар Хөрөнгө оруулалтын банкны оффистоо налайж, Т.Билэгт, С.Амарсайхан хоёр Төрийн ордны тохилог өрөөндөө тухалж суугаа. Ямба эдэлж ханасан тэд хоббигоо хөөж, хувийн бизнесээ тордохоос өөр юу ч хийх билээ. Харин нийслэлчүүд бид утаанд уушгиа эргэтэл бөхшүүлж, угаарын хийнд хордон хорвоог орхиж, урагшлахгүй түгжрэлд хараалаа барж, багталцахгүй автобусандаа чихцэлдэн амьдарч, амь зууж байна. Энэ бүхэн танд туйлын шударга бус санагдаж байна уу. Тийм ээ, энэ бол хулгайлсан нь ямба эдэлж, хулгайлуулсан нь ялтан шиг амьдарч буй, бидний, бас тэдний луйврын хот. 
      Тэртээ 1999 оноос хойш хотыг есөн дарга захирч, өдгөө 10 дахь нт заларчихаад буй. Үе үеийн хотын дарга нар Улаанбаатар хотыг улай гэж харсан хэрээнүүд шиг л аашилсан. Тэд Улаанбаатар хотын сүүлчийн алга дарам газрыг хүртэл тоносон, тоншсон, хумсалсан, бас хулгайлсан. Эцэст нь, Улаанбаатар хот хүүхэд тоглох, хөгшид нарлах талбайгүй бетонон ширэнгэ, бас утаа угаар, уур бухимдлын уурхай, түгжрэл, туйлдлын голомт болж хувирсан. 
 
Иймд, үе үеийн Хотын дарга нар, тэдний орлогчид, газрын албаны дарга болон ерөнхий архитекторуудын хууль зөрчиж хувьдаа авсан газрууд, АН, МАН-ын албан тушаалтнуудын дамлаж худалдсан газрууд, Улаанбаатар хотын төв, Төрийн ордныг тойрсон тансаг шилэн барилгуудын цаад эзэд, бас Дархан цаазат Богдхан уулын ам бүрд “отог” нэртэй тансаг зэрэглэлийн хотхон, хороолол барьж худалдсан эрх мэдэлтнүүдийн баримтыг эрэн сурвалжилж, энэхүү “Хэрээ болгоны улай болсон Улаанбаатар буюу луйврын хот” цуврал нийтлэлийг бэлтгэy хүргэж байна. 
-НЭГДҮГЭЭР ХЭСЭГ-
ЧОНОНД ХАНЬ ХАДГАЛУУЛСАН НЬ БУЮУ ХОТЫН ГАЗРААР ХӨЛЖИГСӨД

М.ЭНХБОЛДЫН ЭРДЭНЭ МЭТ ДҮҮ, ГАЗРЫН НАЙМААНЫХ НЬ ГАЛ ХАМ Б.НАРАНХҮҮ ХОТЫН ТӨВД 2500 АЙЛЫН ХАШААНЫ ГАЗАРТАЙ ТЭНЦЭХ 175 ГА ГАЗАР ЭЗЭМШДЭГ

      Одоогоос 25 жилийн өмнө, 1999 онд М.Энхболд Хотын дарга болж, хувийн жолооч Б.Наранхүү нь газрын наймааны “ченж” болсон. Баримт сөхвөл, М.Энхболд гарын үсгээрээ Б.Наранхүүд газар олгож, харин Б.Наранхүү худалдан борлуулах, хуваарилж тараах ажлыг нь хариуцдаг байсан. Гэхдээ М.Энхболд, Б.Наранхүү хоёр хотоос авсан газруудаа бүгдийг нь зарж үрээд дуусгачихаагүй бөгөөд өдгөө Б.Наранхүүгийн эзэмшиж буй газруудыг жагсаавал тэр Улаанбаатар хотын хамгийн том газартай хүнээр тодорч байна. Ингээд Б.Наранхүүгийн эзэмшиж буй болон худалдан борлуулсан, хуваарилж тараасан газруудын баримтыг танилцуулъя.
 
Б.НАРАНХҮҮ М.ЭНХБОЛДООС 2000 ОНД АНХ 50 ГА ГАЗАР АВЧ “ГАЗРЫН НАЙМАА”-НЫ ГАРААГАА ЭХЭЛСЭН
       Дээр дурдсанчлан Б.Наранхүү 1999 онд “Мон-Уран” ХХК-аа байгуулсан. Улмаар Хотын дарга М.Энхболд 2000 оны наймдугаар сарын 29-нд 282 дугаартай захирамжаар “Мон-Уран” ХХК-д Баянзүрх дүүргийн XXXVI хороо, “Нарантуул” захын баруун урд 30 га, Сонгинохайрхан дүүргийн XX хороо, Толгойт өртөөний урд 18 га газар тус тус олгосон. Мөн 2000 оны арванхоёрдугаар сарын 15-нд 445 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн II хороо, одоогийн "Бөмбөгөр" худалдааны төвийн 1.3 га газрыг олгосон. Дараа жил нь буюу 2001 оны гуравдугаар сарын 1-нд М.Энхболд дахиад 36 тоот захирамжаар “Мон-Уран” ХХК-д Баянзүрх дүүргийн I хороо, Чингис зочид буудлын ард 2.1 га газар олгосон байгаа юм.
 
Ингээд Б.Наранхүү “Мон-Уран” ХХК-ийнхаа нэр дээр нийт 50 га газартай болж, тэр даруйдаа дээрх газруудыг зарж үрэх, хуваарилж тараах ажилдаа орсон. Б.Наранхүү эхлээд Баянзүрх дүүргийн I хороо, "Чингис" зочид буудлын арын 2.1 га газрынхаа нэг га газрыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын “Сөүл групп” ХХК-д худалдсан. Улмаар Д.Өнөрболор энэ газар дээр “Рояал кастле” хотхон, “Сөүл” бизнес төвийг барьж, барилгын бизнесээ эхлүүлсэн түүхтэй. Харин үлдсэн 1.1 га газрынхаа 7100 ам метр газрыг “Оргил” рашаан сувиллын эзэн Д.Ганбатын “Эмдаблви холдинг” ХХК-д худалдсан. Энэ мөнгөөрөө “Анод” банкны өрөө төлсөн гэдэг. Харин 3000 ам метр газар нь одоог хүртэл Б.Наранхүүгийн хүргэн, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг дэмжих газрын дарга В.Үнэнбатын “Янус хяз” ХХК-ийн нэр дээр байдаг.
 
Харин Сонгинохайрхан дүүргийн XX хороо, Толгойт өртөөний урдах 18 га газраа Б.Наранхүү Г.Алтан агсны “Алтжин” группын охин компани болох “Өлзийт ус” ХХК-д худалдсан. Чингэлтэй дүүргийн II хорооны 1.3 га газар дээрээ мөн л Г.Алтантай хамтарч “Бөмбөгөр” худалдааны төвийг байгуулсан түүхтэй.
 
Б.Наранхүү Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, “Нарантуул” захын баруун урд хэсгийн 30 га газрынхаа ихэнхийг буюу одоогийн “Дүнжингарав” худалдааны төвөөс баруун тийш ЗЦГ-ын гүүрний урд уулзварын “Хоум плаза” хүртэлх газрыг “Их үйлсийн эрэлд” ХХК-д 9.0 га, “Дунд мандал” ХХК-д 2.6 га, “Ажигана хунчир” ХХК-д 3.0 га, “Сүрэг-Агт” ХХК-д 3.0 га, “Алтай констракшн” ХХК-д 3.9 га, “Шилмэл шилтгээн” ХХК-д 1.3 га гэх мэтээр тарааж худалдсан. Б.Наранхүүгээс газар авч хотхон, хороолол босгосон дээрх компанийн эзэд нь тун сонирхолтой хүмүүс бий. Тухайлбал, “Их үйлсийн эрэлд” ХХК-ийг алдарт Ц.Сандуйгийн найз Ж.Бямбабаатар эзэмшдэг, Б.Наранхүүгээс авсан газар дээрээ “Баянмонгол”, “Их монгол” хорооллуудыг барьсан. “Дунд мандал” ХХК, “Ажигана хунчир” ХХК-уудыг Монголбанкны Дэд ерөнхийлөгч асан, Д.Сүхбаатар жанжны зээ хүү Д.Сүх-Эрдэнийн хүргэн Б.Агар эзэмшдэг, Б.Наранхүүгээс авсан газар дээрээ “Эмиралд резиденс”, “Кристал таун” хотхонуудыг барьсан. “Сүрэг-Агт” ХХК-ийг Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар эзэмшдэг, Б.Наранхүүгээс авсан газар дээрээ “Сүмбэр орд” хотхоныг барьсан. “Алтай констракшн” ХХК-ийг М.Энхболд, Т.Бадамжунайн “цэрэг” гэдгээрээ танигдсан Х.Бат-Эрдэнэ эзэмшдэг, “Саруул” хорооллыг барьсан. “Шилмэл шилтгээн” ХХК-ийн 1.3 га газрыг “Инэл” ХХК авч, “Дүнжингарав” хотхоныг барьсан. “Инэл” ХХК-ийг Ц.Ганхүү эзэмшдэг бөгөөд М.Энхболдыг Хотын дарга байхад Хот тохижилтын Ерөнхий инженерээр ажиллаж байсан цэрэг нь. Энэ мэтээр Б.Наранхүү М.Энхболдоос авсан 30 га газраа баруун солгойгүй зарж үрж, тараасан байгаа юм.
 
М.ЭНХБОЛДООС АВСАН ГАЗРАА ЗАРЖ ҮРСЭН Б.НАРАНХҮҮ ДАХИАД Ц.БАТБАЯР, Т.БИЛЭГТЭЭС 155 ГА ГАЗАР АВСАН
 
       Б.Наранхүү “Мон-Уран” ХХК-ийнхаа нэр дээр авсан 50 га газрынхаа ихэнхийг зарж, үрээд дууссан учраас 2005 онд “Инвекс” ХХК-ийг байгуулсан. Ингээд “Инвекс” ХХК-ийн нэр дээр Хотын дарга Ц.Батбаяраас 2006 оны гуравдугаар сарын 22-нд А/126 дугаартай захирамжаар 26 га, Хотын дарга Т.Билэгтээс 2008 оны зургадугаар сарын 25-нд А/312 дугаартай захирамжаар 123 га газар авсан. Мөн “Инвэкс” ХХК-ийнхаа доор “Инвэкскантийн” ХХК-ийг байгуулж Т.Билэгтээс 2008 оны арваннэгдүгээр сарын 20-нд А/557 дугаартай захирамжаар таван га газар нэмж авсан. Ингээд нийт Б.Наранхүү “Инвэкс” ХХК-ийнхаа нэр дээр нийт 155 га газартай болсон байгаа юм.
 
Дараа нь Б.Наранхүү 2010 онд “Дүнжингарав” ХХК-ийг байгуулсан. Улмаар Хотын дарга Г.Мөнхбаяраар 2010 оны арванхоёрдугаар сарын 9-нд А/825 дугаартай захирамж гаргуулж, “Инвекс” ХХК-ийнхаа 155 га газрыг “Дүнжингарав” ХХК-даа шилжүүлсэн байдаг. Харин одоо Б.Наранхүү 155 га газраа “Дүнжингарав” ХХК-ийнхаа 13 охин компаниар дамжуулан эзэмшиж байна. 0.07 га-гаар тооцвол 2225 айлын газар буюу “Дүнжингарав” захаас Амгалангийн гүүр хүртэлх 155 га газрыг бүхэлд нь Б.Наранхүү эхнэр, хүүхдийнхээ нэр дээр эзэмшдэг гэсэн үг. 
 
Аль компани нь хэчнээн га газар эзэмшиж байгаа жагсаалтыг танилцуулъя.
 
-“Дүнжингарав” ХХК-ийн нэр дээр 1331600250 нэгж талбарын дугаартай, Э-2204013252 улсын бүртгэлийн дугаартай 520658 ам метр буюу 52.0 га газар
-“Дүнжингарав” ХХК-ийн нэр дээр 1331600012 нэгж талбарын дугаартай, Э-2204013237 улсын бүртгэлийн дугаартай, 308946 ам метр буюу 30.8 га газар
-“Дүнжингарав” ХХК-ийн нэр дээр 1331600269 нэгж талбарын дугаартай, Э-2204027292 улсын бүртгэлийн дугаартай 97055 ам метр буюу 9.7 га газар
-“Шинэ зуун айл зах” ХХК-ийн нэр дээр 1331600218 нэгж талбарын дугаартай, Э-2204018520 улсын бүртгэлийн дугаартай 119904 ам метр буюу 11.9 га газар
-“Инвекс спортс” ХХК-ийн нэр дээр 1331600204 нэгж талбарын дугаартай, Э-2204017424 улсын бүртгэлийн дугаартай 16144 ам метр буу 16.1 га газар
-“Шандас рийл эстэйт девелопмент” ХХК-ийн нэр дээр 1331600267 нэгж талбарын дугаартай, Э-2204027288 улсын бүртгэлийн дугаартай 99998 ам метр буюу 9.9 га газар
-“Шандас проперти лизинг” ХХК-ийн нэр дээр 1331600265 нэгж талбарын дугаартай, Э-2204027284 улсын бүртгэлийн дугаартай 99995 ам метр буюу 9.9 га газар
-“Хүлэг проперти лизинг” ХХК-ийн нэр дээр 1331600268 нэгж талбарын дугаартай, Э-2204027290 улсын бүртгэлийн дугаартай 99998 ам метр буюу 9.9 га газар
-“Эхлэл рийл эстэйт девелопмент” ХХК-ийн нэр дээр 1331600270 нэгж талбарын дугаартай, Э-2204027305 улсын бүртгэлийн дугаартай 28770 ам метр буюу 2.8 га газар
-“Унаган буурь” ХХК-ийн нэр дээр 1331600266 нэгж талбарын дугаартай, Э-2204027286 улсын бүртгэлийн дугаартай 82201 ам метр буюу 8.2 га газар
-“Тэгш чухаг” ХХК-ийн нэр дээр 1331600041 нэгж талбарын дугаартай, Э-2204020977 улсын бүртгэлийн дугаартай 19984 ам метр буюу 1.9 га газар
 -“Инвэкс мэншоп” ХХК-ийн нэр дээр 1331600173 нэгж талбарын дугаартай, Э2204017426 улсын бүртгэлийн дугаартай 4127 ам метр газар
-“Шинэ зуун айл маркет” ХХК-ийн нэр дээр 1331600176 нэгж талбарын дугаартай, А-2204000110 улсын бүртгэлийн дугаартай 19984 ам метр буюу 1.9 га газар
-“Синомон консалтинг корпораци” ХХК-ийн нэр дээр 1331600177 нэгж талбарын дугаартай, Э-2204018519 улсын бүртгэлийн дугаартай 9992 ам метр газар
-“Зуун айл констракшн” ХХК-ийн нэр дээр 1331600162 нэгж талбарын дугаартай, Э-2204017417 улсын бүртгэлийн дугаартай 9992 ам метр газар тус тус эзэмшиж байна.
 
     Б.Наранхүүгийн эзэмшдэг газар зөвхөн дээрх 155 га газраар дуусахгүй. Цааш хөөвөл, Хүүхдийн паркийн хашаанд 1.0 га, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд 10 га, Өвөр гүнтийн зусланд 11 га гэх мэтээр үргэлжилнэ.
 
Б.НАРАНХҮҮ ХУУЛЬ ХЯНАЛТЫН ХУРАНДАА, ГЕНАРАЛУУДТАЙ ҮГСЭЖ, АЛДАРТ “СУРУГА МОНГОЛ”-ЫН 10 ГА ГАЗАРТ ЭЗЭН СУУСАН НЬ
     Дээр дурдсан Б.Наранхүүгийн 155 га газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойно байдаг. Тэгвэл Б.Наранхүүгийн хүү Н.Эрдэнийн нэр дээрх “Нью даун таун” ХХК-ийн эзэмшилд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд буюу Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хүннү-2222” хотхонтой хаяа залгаа 1780600685 нэгж талбарын дугаартай 100,022 ам метр буюу 10 га газар бий. Энэ газрыг Б.Наранхүү өөрийн болгосон түүх нь маш ноцтой. Өөрөөр бол, Б.Наранхүү хууль хяналтын хурандаа, генералуудтай үгсэн хуйвалдаж, “Суруга Монгол”-ын эзэн, Японы иргэн Цүнэяки Хара гэгчид хар тамхины зохиомол хэрэг тохох замаар тус компанийн эзэмшлийн 10 га газрыг өөрийн болгосон байж болзошгүй нь өдгөө хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй.
 
Энэ хэрэг яаж эхэлсэн гэхээр, 2000 онд “Суруга Монгол” ХХК-ийг байгуулж, Удирдлагын академиас зүүн тийш Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл 60 га газрыг авч, тансаг зэрэглэлийн “Жапан таун” хотхоноор барилгын бизнес эхлүүлсэн Япон Улсын иргэн Цүнэяки Хара 2012 онд хар тамхины хэргээр баривчлагдсан байдаг. Цүнэяки Хара гэгчийн түр байрлаж байсан зочид буудлын ажилтан нь Хар тамхитай тэмцэх хэлтэст дуудлага өгч, тэр дагуу нь тусгай тасгийнхан өрөөг нь нэгжих явцдаа гудсан доороос нь хар тамхи олсон тул ийн баривчилсан гэдэг. Гэхдээ Цүнэяки Хара хар тамхи хэрэглэх нь байтугай, харж ч байгаагүй гэдгээ хэдэн мянга тайлбарлаж, цуснаас нь ч хар тамхи илрээгүй тул дөрвөн сар гаруй хоригдсоны эцэст суллагдсан. Зохиомол хэргийн золиос болж торны цаана дөрвөн сар суусан Цүнэяки Хара тэр даруйдаа бүх бизнесээ хаяад нутаг буцсан. Ингээд түүнийг явснаас хойш “Суруга Монгол” ХХК-ийн эзэмшлийн 60 га газар нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд” групп, Ш.Баярсайханы “Номин” холдинг, Зам тээврийн сайд, “Буурал” А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболдын “Монгол корпорэйшн” ХХК, Б.Наранхүүгийн “Нью даун таун” ХХК-д тус тус шилжсэн. Хамгийн ноцтой нь, Б.Наранхүү “Нью даун таун” ХХК-ийг анх ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал М.Ганболд, ЦЕГ-ын Тусгай тасгийн дарга асан, Хууль зүйн дэд сайд асан, хошууч генерал Ц.Уугангэрэл, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцын төрсөн эгчийн хүү Д.Энэрэл, Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан болон өөрийн төрсөн эгч Б.Одончимэг нартай хамтран байгуулсан байдаг. Өөрөөр бол, Б.Наранхүү хошууч генерал М.Ганболд, Ц.Уугангэрэл, Б.Хурц, Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан нартай үгсэн хуйвалдаж, “Суруга Монгол”-ын эзэн Цүнэяки Харад хар тамхины хэрэг тохож, улмаар бизнесээ хаяад зугтмагц нь газрыг нь өөрсдийн болгосон байж болзошгүй байдаг.
 
ХОТ Ч, ХУУЛЬ Ч ДИЙЛДЭГГҮЙ ХАР ДҮНЗЭН БАЙШИН БУЮУ Б.НАРАНХҮҮГИЙН ХҮҮХДИЙН ПАРКИЙН ХАШААН ДОТОРХ 10 ГА ГАЗАР
     Хотдоо ганцхан байдаг Хүүхдийн паркийн газар олон эзэнтэй. Хүүхдийн парк одоо 31 га газартай бөгөөд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК эзэмшдэг. Харин “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн 26 хувь нь Хотын захиргааны, 74 хувь нь “Голомт”-ын Д.Баясгалангийн мэдэлд байдаг. 2007 онд Ц.Батбаяр Хотын дарга байхдаа Хүүхдийн паркийн зүүн хойд булангаас 3.3 га газрыг тасалж “М си эс” ХХК-д олгосон, улмаар “Шангрилла” зочид буудал баригдсан. Харин баруун талаас нь 1.0 га газрыг Г.Мөнхбаяр тасалж аваад Б.Наранхүүд өгсөн.
 
Гэхдээ энэ 1.0 га газрыг Б.Наранхүүд албан ёсоор өгсөн хүн нь Г.Мөнхбаяр болохоос биш, албан бусаар “бэлэглэсэн” хүн нь М.Энхболд ажээ. Б.Наранхүү М.Энхболдыг Хотын дарга байх үед Хүүхдийн паркийн газраас 1.0 га газрыг хашаалж аваад, хар дүнзэн байшин бариад шууд л эзэн суучихсан. Хотын даргаас, газрын албанаас ямар ч газрын зөвшөөрөл, гэрчилгээ гаргуулахгүйгээр шууд л авчихдаг гэдэг. Тэр бүү хэл, Б.Наранхүү “Анод” банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл авч дампууруулахдаа Хүүхдийн паркийн хашаан дотор 1.0 га газраа барьцаалж байсан баримт сэлтүүд ч байдаг. Ингэж явсаар Б.Наранхүү Хотын дарга Г.Мөнхбаяраар 2011 оны гуравдугаар сарын 1-нд А/198 дугаартай захирамж гаргуулж, Хүүхдийн паркийн хашаан доторх Сүхбаатар дүүргийн I хороо, Хүүхдийн паркийн хашаан доторх 10.992 ам метр буюу 1.0 га газраа “Мон-Уран” ХХК-ийн нэр дээр албажуулж авсан байдаг ажээ.
 
ӨВӨР ГҮНТИЙН АМЫГ МОДТОЙ, УСТАЙ НЬ ХАШСАН Б.НАРАНХҮҮГИЙН 11.6 ГА ЭДЛЭН
       Б.Наранхүү хотын төвийн “А” зэрэглэлийн өнгөтэй, өөдтэй, үнэ хүрэх газар бүрд эзэн суусан ч сэтгэл ханасангүй. Өвөр гүнтийг амыг горхитой, ойтой нь өөрийн болгож, хувийн харшаа барихыг хүсчээ. Ингээд өөрийн хүү Н.Эрдэнийн “Шарихэрд” ХХК-ийн нэр дээр Хотын дарга Г.Мөнхбаяраас 2011 оны дөрөвдүгээр сарын 21-нд Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Өвөр гүнтийн аманд 55 га газрыг авчээ. Улмаар Б.Наранхүү мөн л 55 га газрынхаа зах зухаас зарж үрээд өдгөө “Шарихэрд” ХХК-ийнх нь эзэмшилд 11.6 га газар нь байдаг аж. Ар, Өвөр гүнтийн зусланд жирийн иргэдэд ганц дүнзэн байшин барих байтугай,  таван ханатай гэр хатгах алга дарам газар ч олддоггүй. Гэтэл Б.Наранхүү бүхэл бүтэн 11 га-г буюу Өвөр гүнтийн амыг бүхэлд нь хашчихаад эдлэн болгоод эзэмшиж буй ажээ. Өдгөө энэ газар дээр Б.Наранхүүгийн хувийн хаус, хамаатан садан, хамсаатнууддаа өвөл, зундаа түрээслэдэг байшингууд, таван ханатай гэрүүд, ресторан зэрэг бий. Тэр байтугай “Дүнжингарав секьюрити” ХХК гэх харуул хамгаалалтын компаниараа Өвөр гүнтийн эдлэнгээ өдөр, шөнөгүй мануулдаг ажээ. 2021 онд “Дүнжингарав секьюрити” ХХК-ийн хамгаалалтын ажилтан нь Өвөр гүнтийн эдлэнгээс нь дөрвөн ширхэг зулзаган гацуур хулгайд алдсан шалтгаанаар ажлаасаа халагдаж, тэрбээр үндэслэлгүйгээр халагдсан гэж Б.Наранхүүгийн хүү Н.Эрдэнэтэй шүүхээр заргалдсан захирамж ч байдаг аж.
 
Үргэлжлэл бий...

ХЭРЭЭ БОЛГОНЫ УЛАЙ БОЛСОН УЛААНБААТАР БУЮУ ЛУЙВРЫН ХОТ-I
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188