Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт “Хармагтай” гэж зэс, алтны асар баян орд бий. Асар баян гэж тодотгохын учир нь, “Хармагтай” ордыг "Хоёр дахь “Оюу толгой” гэдэг бөгөөд улстөрчдийн, уул уурхайн компаниудын эздийн шуналыг хөдөлгөсөөр ирсэн. Тиймдээ ч “Хармагтай”-н ордын 34 хувийг төртэй, түмэнтэй хуваалцахгүйн тулд нөөцийнх нь хэмжээг зориуд дарж мэдээлдэг ч гэх яриа бий. Ямартай ч, энэ оны нэгдүгээр сард “Хармагтай” ордын нөөцийг 3.4 сая тонн зэс, 8.5 сая унц алттай гэж дэлхий нийтэд зарласан байдаг.
“Хармагтай” зэс, алтны ордыг “Оюут-Улаан” ХХК эзэмшдэг. Харин “Оюут-Улаан” ХХК-ийг Австралийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компанийн Монгол дахь охин компани болох “Монгол металс” ХХК эзэмшдэг. Мөн “Xanadu Mines” компани "Хармагтай"-н ордоос гадна Дорноговь аймагт байрлах алт, зэсний “Улаан уул”, Булган аймагт байрлах “Шар чулуут” ордуудын лицензийг эзэмшдэг.

“Xanadu Mines” компани өнгөрсөн онд БНХАУ-ын “Zijin mining” компанитай “Хармагтай” ордыг хамтарч ашиглах түншлэлийн гэрээ байгуулж, урьдчилсан ТЭЗҮ боловсруулах 52 сая ам.долларын хөрөнгө оруулалт авсан. 2027 оны намар гэхэд “Хармагтай”-н ордоос анхны зэсийн баяжмалыг гаргахаар төлөвлөж байгаагаа Xanadu Mines” компаниас мэдэгдээд буй. Мөн Xanadu Mines” компанийн ТУЗ-ийн дарга Колин Мурхэд Австралийн “The West Australian” сайтад “Монголын говь байх “Хармагтай”-н ордын олборлолт эхэлснээр “Оюу толгой”-н дараа орох том зэсийн уурхай нээгдэнэ гэсэн үг” гэх ярилцлага өгсөн байна. Товчхондоо, улстөрчид, уул уурхайн компаниудын шуналыг хөдөлгөж ирсэн “Хармагтай” ордыг Австрали, Хятадын компаниуд хамтран тун удахгүй олборлож эхлэх нь ээ гэсэн үг.
Тэгвэл илүү ноцтой нэг баримт байна. Тодруулбал, “Хармагтай” ордыг эзэмшигч Австралид бүртгэлтэй “Xanadu Mines” компанийн Монгол талын нууц эзэн нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг байж болзошгүй ажээ. Ийм сэжүүр байна.
“Хармагтай”-н ордыг эзэмшигч, Австралид бүртгэлтэй “Xanadu Mines” компанийн хамтран үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Лхагвасүрэнгийн Ганбаяр гэх Монгол залуу ажилладаг. Мөн Л.Ганбаяр нь “Xanadu Mines” компанийн Монгол дахь охин компаниуд болох “Монгол металс” ХХК, “Оюут-Улаан” ХХК, “Занаду металс монголиа” ХХК, “Занаду эксплорейшн монголиа” ХХК, “Занаду коппэр монголиа” ХХК-уудын гүйцэтгэх захирлаар давхар ажилладаг ажээ. Өөрөөр хэлбэл, Лхагвасүрэнгийн Ганбаяр гэгч нь “Хармагтай”-н ордын Монголын талын эзэн гэсэн үг юм.
Судалж үзвэл, Л.Ганбаяр нь 2006 онд Австралид суралцахаар очсон, тэгмэгцээ “Xanadu Mines” компанийг Австралийн хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулсан, өдгөө “Хармагтай” ордын Монгол талын эзэн нь болсон, ерөнхийдөө тун нууцлаг намтартай нэгэн ажээ. Сонирхуулахад, 2020 онд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцын хүү Х.Тайван хоёрын согтуу зодооны бичлэг сошиалд цацагдсан, одоо ч бий. Тухайн үед Н.Номтойбаяр, Х.Тайван хоёрын зодооныг зохицуулж, өөрөө ч мөн зодуулж буйгаар бичлэг үлдсэн хар савхин хүрэмтэй залуу нь “Xanadu Mines”-ийн эзэн Л.Ганбаяр гэгч байжээ.
Гол асуудлаа оръё. “Xanadu Mines”-ийн буюу “Хармагтай” ордын эзэн Л.Ганбаярын аав нь Г.Лхагвасүрэн нь насаараа ЗХЖШ-ын Хүн эмнэлэгт ажилласан, цэргийн эмч, хурандаа цолтой. Төрсөн эгч Л.Ганчимэг нь мөн ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн даргаар ажилладаг байсан, хурандаа цолтой. Ээж Цэцэгдалайн Цэцгээ нь мөн л насаараа БХЯ-ны харьяа ахуй үйлчилгээний “Зэв цонцерн”-д ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Одоо “Эр цэргийн хатан ээж” ТББ-ын тэргүүнээр ажилладаг бөгөөд ЗХЖШ-тай хамтран жил бүр зэвсэгт хүчний ахмад зүтгэлтэн эмэгтэйчүүдэд “Хатан ижий” шагналыг гаргуулдаг аж.
Хамгийн ноцтой нь, Л.Ганбаярын ээж Цэцэндалайн Цэцгээ нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн эзэмшдэг “Эх говийн чулуу” ХХК-тай “Блэкрок” ХХК-ийг 2015 оноос хойш хамтран эзэмшиж иржээ. “Блэкрок” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь мөн л УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг байх ажээ. Өөрөөр хэлбэл, шууд утгаараа “Блэкрок” ХХК-ийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Л.Ганбаярын ээж Ц.Цэцгээ хоёр хамтран эзэмшдэг гэсэн үг. Цаашилбал, “Эх говийн чулуу” ХХК, “Блэкрок” ХХК-ууд нь УИХ-ын Ц.Цэрэнпунцагийн эзэмшдэг, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг” компанийн охин компаниудын бүрэлдэхүүнд багтдаг ажээ. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн “Аспайр майнинг” компани Хөвсгөл, Орхон, Сэлэнгийн бүсийн бүх нүүрсний орд газруудыг эзэмшдэг. Тиймдээ ч охин компани нь болох “Блэкрок” ХХК нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт байрлах Төмөртийн амны нүүрсний ордыг эзэмшдэг. Харин “Эх газрын чулуу” ХХК нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт байрлах Нүүрстэй болон Эрдэнэбулагийн нүүрсний ордыг тус тус эзэмшдэг ажээ.


Гол асуудал нь, өдгөө 75 настай, насаа зэвсэгт хүчинд зүтгэсэн Ц.Цэцгээ УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай “Аспайр майнинг”-ийн охин компаниудын нэг “Блэкрок” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсний цаад учир юу вэ. Энэ сэжүүрээс харвал, “Xanadu mines”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал гэх Л.Ганбаярын цаад эзэн нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг байж болзошгүй дүр зураг гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоёр дахь “Оюу толгой” гэгддэг “Хармагтай”-н ордын цаад жинхэнэ эзэн нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг байж болзошгүй гэсэн үг юм.
ХОЁР ДАХЬ “ОЮУ ТОЛГОЙ” ГЭГДДЭГ АЛТ, ЗЭСНИЙ “ХАРМАГТАЙ”-Н ОРДЫН НУУЦ ЭЗЭН НЬ УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ЦЭРЭНПУНЦАГ УУ |
|