• Өнөөдөр 2024-05-07

БААРНЫ ЭЗЭН БАЙСАН Э.БАТ-АМГАЛАН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД БАРИЛГЫН “ЭЗЭН” БОЛОВ УУ

2024-03-12,   1075

     Төрийн ордон түшээгээр заларсан дөрвөн жилдээ хамгийн их хөлжиж, хөрөнгөжсөн “эрхэм”-ээр Э.Бат-Амгалан тодрох нь бололтой. Тодруулбал, Э.Бат-Амгалан НИТХ-ын төлөөлөгч байхдаа буюу 2019 онд жилдээ 172 сая төгрөгийн орлоготой, 1.2 тэрбум төгрөгийн нэг орон сууцтай, 5.2 сая төгрөгийн хадаламжтай, 614 сая төгрөгийн өр зээлтэй гэж мэдүүлж байв. Э.Бат-Амгалан аав Б.Энхтайван, эхнэр Б.Заяа хоёрынхоо нэр дээр Баянгол дүүргийн IV хороо буюу олны мэдэхээр  “Варьете” чуулгын ард “Батхаан” гэх зочид буудалтай, Баянзүрх дүүргийн VII хороо буюу олны мэдэхээр “Кемпински” зочид буудлын ард “Батхаан центр” гэх баар, караокетэй. Энэ зочид буудал, баар, караокеноосоо жилдээ 172 сая төгрөгийн орлого олдог гэж ХОМ-тээ тайлагнадаг байсан хэрэг л дээ. 
 
Гэтэл Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн болсныхоо дараа буюу 2022 онд жилдээ 1.4 тэрбум төгрөгийн орлоготой, 2.5 тэрбум төгрөгийн нэг орон сууцтай, 362 сая төгрөгийн хадгаламжтай, өр зээлгүй, бусдаас 300 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн. Мөн “Опту” ХХК-д хувьцаа эзэмшдэг болсон гэж мэдүүлсэн байдаг. Хангарьд ордноос Төрийн ордонд шилжээд ердөө хоёрхон жилийн дотор орлого нь 1.2 тэрбум төгрөгөөр, орон сууц нь 1.3 тэрбум төгрөгөөр дахин нэмэгдэж, 614 сая төгрөгийн өр зээлээ тэглэж, эсрэгээрээ 362 сая төгрөгийн хадгаламжтай болчихсон гэсэн үг. 
 
Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хоёрхон жилийн дотор ингэж хөлжиж, хөрөнгөжиж чадсан цаад шалтгааныг судалж үзлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХУВЬ ЭЗЭМШДЭГ “ОПТУ” ХХК НЬ 2020 ОНООС ХОЙШ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ 10 ДАВХАР ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР, 966 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ХОТХОН БАРЬЖЭЭ

     УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан 2022 оноос Опту” ХХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлдэг болсныг дээр дурдсан. Тэгвэл Э.Бат-Амгалангийн хувь эзэмшдэг “Опту” ХХК нь 2021 онд Баянзүрх дүүргийн 8, 16-р хороо буюу Улаанхуарангийн эцэст “Кайду молл” гэх 10 давхар худалдаа, үйлчилгээний төвийг ашиглалтад оруулсан. Үргэлжлүүлэн, 2022 оноос“Опту” ХХК нь “Кайду молл”-ынхоо замын урд найман блок, 23 давхар, нийт 966 айлын “Кайду сити” хотхоныг барьж байгаа ажээ. 
Тайлбар: УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн ХОМ
Тайлбар: УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн хувь эзэмшдэг "Опту" ХХК-ийн Улаанхуаран дахь "Кайду молл" цогцолбор
Тайлбар: УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн хувь эзэмшдэг "Опту" ХХК-ийн Улаанхуаран дахь "Кайду сити" хотхон
    “Опту” ХХК-ийн “Кайду молл” нь сүүлийн үед “Өргөө”, “Тэнгис” кино театруудтай өрсөлдөхүйц “Cinema next” кино театраараа илүү танигдаад буй. Мөн “Кайду молл”-д дотоодын болон дэлхийн брэндийн дэлгүүрүүд, сүлжээ хоолны ресторанууд, тоглоомын төв зэрэг байрладаг. Тэгэхээр “Опту” ХХК нь 10 давхар худалдаа, үйлчилгээний барилгатай болсон учраас УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан жилдээ 1.4 тэрбум төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн болсон ажээ. 
 
Сонирхуулахад, Э.Бат-Амгалангийн хувь эзэмшдэг “Опту” ХХК-ийн захирлаар Ц.Ялалт гэгч ажилладаг. “Опту” ХХК нь өмнө нь вакум цонх үйлдвэрлэдэг байснаа 2020 оноос ийнхүү худалдаа, үйлчилгээний цогцолбор, орон сууцны хотхон бариад эхэлсэн ажээ. Харин Ц.Ялалт гэгч нь Э.Бат-Амгаланг НИТХ-ын төлөөлөгч байхаас нь үг, үйлдэл бүрийг нь сошиалд сурталчилж иржээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ Э.БАТБАЯР, БЭР Э.ЭНХМАА НАР НЬ 2022 ОНД “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ХАЖУУД ЖИЛДЭЭ 300 ТЭРБУМ ОРЛОГОТОЙ КАТОДЫН ЗЭСНИЙ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛЖЭЭ

     УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр нь 2021 оны тавдугаар сар хүртэл төрийн албан хаагч байсан. Тодруулбал, Э.Батбаяр нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Хөрөнгийн зах зээлийн газрын захирал, АНУ дахь Элчин сайдын яаманд консул, Сангийн яамны орлогын газрын захирлаар тус тус ажиллаж байсан. Хамгийн сүүлд, 2020 оны есдүгээр сард ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлаар томилогдож, 2021 оны тавдугаар сар хүртэл ажилласан байдаг. 
Тайлбар: Баруун гар талаас УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, түүний аав Б.Энхтайван, Э.Батбаярын хадам аав Т.Энхбаатар, Э.Батбаяр
      Тэгвэл Э.Батбаяр нь эхнэр Э.Энхмаагийнхаа нэр дээр “Би Эй Ти девелопмент партнерс” ХХК-ийг 2019 оны арванхоёрдугаар сарын 16-нд үүсгэн байгуулсан. “Би Эй Ти девелопмент партнерс” ХХК нь 2021 оны нэгдүгээр сарын 22-нд “Бльюмон металс” ХХК-ийн дөрвөн хувьцаа эзэмшигчийн нэг болсон. Дараа нь дахиад эхнэр Э.Энхмаагийнхаа нэр дээр 2021 оны тавдугаар сарын 13-нд “Квантум электрик монголиа” ХХК-ийг үүсгэн байгуулсан. “Квантум электрик монголиа” ХХК нь мөн л “Бльюмон металс” ХХК-ийн дөрвөн хувьцаа эзэмшигчийн нэг болжээ. Харин Э.Батбаяр өөрөө “Бльюмон металс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч болсон байна. 
 
Ноцтой нь, “Бльюмон металс” ХХК нь “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 70 хувийг эзэмшдэг, үлдсэн 30 хувийг нь Орхон аймгийн буюу Эрдэнэт хотын 24 мянган иргэн эзэмшдэг. “Зэс эрдэнийн хувь” ХХК нь 2022 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн хүдрийн овоолгыг ашиглан жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэр барьж, ашиглалтад оруулсан. Илүү ноцтой нь, энэ үйлдвэрийн жилийн борлуулалтын орлого нь 300 орчим тэрбум төгрөг байдаг. Харин Э.Батбаяр “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан захирал, “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 70 хувийг эзэмшигч “Бльюмон металс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. Тэгэхээр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр яаж жилдээ 300 орчим төгрөгийн орлоготой “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 70 хувийг эзэмшигч “Бльюмон металс” ХХК-ийн эзэн, эцсийн өмчлөгч болж чадсаныг хууль хяналтын байгууллагууд шалгах нь зүйд нийцэх биз ээ.
Тайлбар: "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хувьцааны задаргаа 
Тайлбар: "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн катодын зэсний үйлдвэр
Сонирхуулахад, өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн хүдрийн овоолгыг ашиглан “Эрдэнэт үйлдвэр”-ийн өөрийнх нь “Эрдмин” ХХК болон ЕТГ-ын дарга асан П.Цагааны “Ачит ихт” ХХК-ууд катодын зэс ялган авах үйлдвэр ажиллуулж, ашиг олж ирсэн. П.Цагаан “Ачит ихт” ХХК-аараа “Эрдэнэт үйлдвэр”-ийн хүдрийн овоолгоос катодын зэс ялган авдаг болсноосоо хойш хэрхэн хөлжсөнийг нийгэм даяараа мэддэг болцгоосон. Тэгвэл 2022 оноос ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн хүдрийн овоолгод дахин шинэ “эзэн” нэмэгдсэн нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр ажээ.  
 

БААРНЫ ЭЗЭН БАЙСАН Э.БАТ-АМГАЛАН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД БАРИЛГЫН “ЭЗЭН” БОЛОВ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-12 15:44:08
    ард : баарны эзнээр төр бариулахаар улс орон нь яг л шөнийн баар шиг байгаа нь аргагүйш дээ: төр доройтох нь ойлгомжтой. ганцхан энэ хүн ч биш их хурал тэр чигээрээ бараг бичиг үсэг тайлагдсан уу үгүй юу. ихэнхи нь монголд сургууль төгссөн. Ёрөнхийлөгч Жёнко.хятадуудтай монгол-хятад хэлний толь бариад харьцдаг бас нэг ёрөнхийлөгч гэх мэт хүмүүсийн боловсролын түвшин ""естэй"гайхмаар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-12 10:20:13
    S: ANYSDN XUSNEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-12 10:09:45
    Отгоо: Үнэхээр маш сайн шалга барны эзэн яаж баяжив сайн шалга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-12 09:34:16
    S: SEKSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-12 08:52:20
    Амраа: Шалгавал их зүйл тодорно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-12 08:52:11
    Амраа: Шалгавал их зүйл тодорно.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188