-ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН, ГАЗРЫН НАЙМАА ЦЭЦЭГЛҮҮЛСЭН ГЭХ МЭТ ХЭРГҮҮДЭЭР ОГЦРОХ “БОЛЗОЛ”-ОО ХАНГАСАН Б.АЗЖАРГАЛЫГ УИХ-ЫН ГИШҮҮН, СЕХ-НЫ ДАРГА АСАН, ХАДАМ АХ Б.БАТТУЛГА НЬ ХАМГААЛЖ БАЙГАА ЮУ-
Халдварт тахлын хоёр жил Дарханы Засаг дарга Б.Азжаргал “сошиал од” болж байв. Өөрөө ч сошиал маркетинг маш сайтай, сэтгэгдэл бүрд хариу өгөх, дуудлага бүрийг таслалгүй авах, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд таалагдах шийдвэр гаргах гэх мэт “дуулгавар”-тай имижээр иргэдээ өөртөө татаж байсан хэрэг л дээ. Хээ, шаагүй, даргын хэнээгүй, ардынхаа дунд амьдардаг, ажлаа мэддэг гэхчилэн сошиал түүнийг сайлаагүй хүн үгүй байх, тэр үед. Сүүлдээ, Д.Сумъяабазарыг сольж, Б.Азжаргалыг авчиръя ч гэцгээж байлаа, хотынхон.
Гэвч Б.Азжаргалын “ковид”-оор босгосон “карьер” нь удаан үргэлжлээгүй, өнгөрсөн оны хавраас огцом унаж эхэлсэн. Өнөө цэвэр ариун мөртэй, цэх шударга зантай гэгдэж байсан Б.Азжаргалын зэс нь цухуйж, Засаг дарга болсноосоо хойш хөлжиж, хөрөнгөжсөн, газрын наймааг гааруулсан гэх баримтууд нь цуварч эхэлсэн. Насаараа төрд, төсвийн цалингаар амьдарсан намтартай мөртөө Дархан хотын төвд хоёр давхар амины хаустай, гурван орон сууц, нэг үйлчилгээний барилгатай, Дарханы төвөөс холгүйхэн Зулзагын голын эрэг дээр зуслангийн тансаг хаустай, эхнэр нь “Ланд-200” жийп хөлөглөдөг, 100 сая төгрөгийн гурван газар, 50 сая төгрөгийн хадгаламжтай зэргээр бизнесменээс дутахааргүй хөрөнгө хураасан нь ил болсон. Эхнэртэйгээ хамт төрд ажилладаг мөртөө энэ хөрөнгийг яаж цуглуулсан бэ гээд хөөхөөр Дарханы газрын наймаатай холбогдчихдог.
Ийнхүү хураасан хөрөнгүүд, газрын наймааны баримтууд нь захаасаа илэрч эхэлсэн тул Б.Азжаргалыг Засаг даргын зөөлөн сэнтийгээс нь буулгаж, хариуцах тооцох асуудал Тусгаар тогтнолын ордон хавиар өнгөрсөн оны хавраас яригдаж эхэлсэн. Гайхмаар нь тэгсгээд намжсан. Уг нь, М.Энхболдын эхлүүлсэн Улаанбаатар хотын газрын наймааны хуршиж, хуримтлагдсан хэргүүдийг сонгуулиас урьтаж цэгцлэх гэж ядалцаж яваа МАН-ынханд дахиад нэг “хурган газрын наймаачин” хэрэггүй л байлтай. Гэтэл Б.Азжаргалыг хамгаалж, хаацайлсаар, тэгээд болоогүй нөгөөх нь ирэх сонгуульд Төрийн ордон руу горилохоор төлөвлөж байх ажээ. Тэгвэл Дарханы Засаг дарга Б.Азжаргал ардаа асар том хамгаалалттай, Ардын намынхан түүнийг яаж чадахгүй байгаа байж болзошгүй ноцтой нэг сэжүүрийг танилцуулъя.
Б.Азжаргал 2002 онд их сургуулиа төгссөнөөс хойш өдийг хүртэлх 22 жилийнхээ хоёр жилд нь туслах, 20 жилд нь дарга, төлөөлөгч хийсэн ховор, хосгүй намтартай нэгэн. Тодруулбал, Б.Азжаргал 2002 оны хавар МУБИС-ийг төгсөж, намар нь УИХ-ын гишүүны туслах болсон. Хоёр жил туслах хийгээд 2004 оны сонгуулиар Дархан хотын төв буюу Дархан сумын ИТХ-ын дарга болсон. 2008 оны сонгуулиар Дархан сумын Засаг даргын орлогч болсон. 2012 оны сонгуулиар Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Дархан сумын Засаг даргаар томилогдсон. 2016, 2020 оны сонгуулиар Дархан-Уул ИТХ-ын төлөөлөгч дараалан сонгогдож, 2020 намар Засаг дарга болсон, дандаа өгссөн намтартай. Тэгвэл түүнийг цүнх барьсан туслахаас тамга атгасан Засаг дарга болтол дэвшүүлж, замыг нь зассан хүн нь хадам ах Б.Баттулга нь ажээ.
Тодруулбал, Б.Азжаргалын эхнэр Батаагийн Нарантуяа нь Дархан хотын “Дархан-Өргөө” политекник коллежийн захирлаар ажилладаг. Харин Б.Нарантуяагийн төрсөн ах нь Батаагийн Баттулга гэж бий. Б.Баттулга 1994 оноос хойш Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байгаад 2000 онд МАН-аас Дархан-Уул аймагтаа нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Ингээд Б.Баттулгыг УИХ-ын гишүүн болсноос хоёр жилийн дараа, 2002 онд шинэхэн хүргэн Б.Азжаргал их сургуулиа төгсөж, туслах, бие төлөөлөгчөөр нь ажиллаж эхэлсэн ажээ. Өөрөөр бол, Б.Азжаргал их сургуулиа төгсөөд Төрийн ордонд хадам ахынхаа туслах болж, хоёр жилийн дараа Дархан хотын төв Дархан сумын ИТХ-ын дарга болсон хэрэг л дээ. Түүнээс хойш өдийг хүртэл төлөөлөгч, Засаг дарга гэх давхар сэтэрнээс салаагүйг дээр дурдсан.
.JPG)
Харин хадам ах Б.Баттулга 2004 онд УИХ-ын гишүүнээсээ бууж, улмаар 2006 оны дөрөвдүгээр сард МАН-ын даалгавраар Сонгуулийн ерөнхий газрын даргаар томилогдсон. Ингээд Б.Баттулга 2006, 2008 оны УИХ, Орон нутгийн сонгуулийг удирдан явуулсан. Гэтэл 2008 оны УИХ-ын сонгууль будилаантаж, МАН ялж, АН ялагдсан. Улмаар монголын түүхэнд мартагдахгүй хар өдөр буюу “7 сарын 1”-ний үймээн гарч, дөрвөн иргэн буудуулж, нэг иргэн түлэгдэж амиа алдсан. Тухайн үед АН-ын зүгээс сонгогчдын саналыг зохиомлоор нэмж, өөрийнхөө МАН-ыг луйвраар ялуулсан гэж Сонгуулийн ерөнхий хорооны дарга Б.Баттулгыг гол буруутнаар нэрлэж байв. Ингээд Б.Баттулга 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн өөрийн хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны даргын ажлаа өгч, тэр даруйдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалаар шагнуулж, 2013 оныг дуустал ажилласан. Энэ хугацаандаа Б.Баттулга ах дүү, амраг садан, Ардын намынхныхаа хүүхэд, хүргэн, бэрүүд гээд олон ч хүнийг “Эрдэнэт үйлдвэр”-т “чихсэн”, тэд нь одоо ч ажиллацгааж буй. Дараа нь 2015 онд Б.Баттулга Цаг уур, орчны шинжилгээний газрын дэд дарга болж, 2021 он хүртэл ажилласан. 2021 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдохоор нэрээ дэвшүүлсэн ч талаар болсон. Гэхдээ дараагийн ээлжээ хүлээж буй.
Товчхондоо, УИХ-ын гишүүн асан Б.Баттулга МАН-ыг 2006, 2008 оны УИХ, Орон нутгийн сонгуулиудад ялахад онцгой гавьяа байгуулсан, тэр гавьяагаараа МАН дотроо хүндлэгдэж, даргын суудлаас мултрахгүй явж ирсэн нэгэн. Ингэж харвал, анхных нь туслах, хүргэн дүү Б.Азжаргалыгаа Засаг даргын сэнтийд нь хамгаалж үлдээх хангалттай нөлөө Б.Баттулгад бий гэж харагдаж байгаа юм. Тиймдээ ч Б.Азжаргал хураасан хөрөнгө, хууль бус газар олголтуудынх нь баримтууд захаасаа ил болоод байхад Засаг даргын сэнтийдээ тухалсаар байгаа биз ээ. Сонирхуулахад, Б.Азжаргал 2010 онд АНУ-ын Фербанксын их сургуульд суралцахаар Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан нь өнгөрсөн онд ил болсон. Хэрвээ УИХ-ын гишүүн, СЕХ-ны дарга асан хадам ах нь байгаагүй бол 2010 онд сумын Засаг даргын орлогч байсан Б.Азжаргалд 32 мянган ам.долларын зээл олдох байсан эсэх нь эргэлзээтэй.
Үргэлжлэл бий...
ЗАДАРСАН ЗАСАГ ДАРГА-II: ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, “ПОП” Б.АЗЖАРГАЛЫН ҮНЭН ТӨРХ |
|