Үе үеийн Хотын дарга нараас хил давж, “шувуу” болж зугтаж асан намтартай ганц хүн байдаг нь Т.Билэгт. Тодруулбал, Хотын дарга асан Ц.Батбаяр, Т.Билэгт хоёр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хууль бусаар, хулгайгаар хувьчилж өгсөн хэрэгт 2012 онд яллагдагчаар татагдаж, хэвлэлийн нүүрүүдийг “чимж” байлаа. Гэтэл Т.Билэгт “Бие муудсан, АНУ-д очиж эмчилгээ хийлгэнэ” гэх шалтаг зохиож, хил давж зугтсан байдаг. Одоогийн нэршлээр бол “шувуу” юм л даа. Ингээд Т.Билэгтийг интерполоор жил гаруй эрэн сурвалжилсны эцэст 2013 онд эх орондоо ирсэн. Улмаар 2014 оны долдугаар сард Т.Билэгт, Ц.Батбаяр хоёрыг шүүх хурал болсон. Хоржоонтой нь, Т.Билэгт өршөөлийн хуулиар ялгүй үлдэж, харин Ц.Батбаяр 2.1 жил ялтай хорих руу ачигдаж байв.
Тэгвэл бид хувьчлалын хулгайгаар эчнээ танил болсон Хотын дарга асан Т.Билэгтийн хууль хяналтынхад шалгуулах ёстой хууль бус газрын наймаа, хотхон хороололтой ноцтой баримтыг танилцуулж байна.
Т.БИЛЭГТ ХУУЛЬ БУС ГАЗРЫН НАЙМАА, БАРИЛГЫН БИЗНЕСЭЭ ХҮРГЭН Б.АЛТАЙБААТАРТАА ХАРИУЦУУЛДАГ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Т.Билэгт УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн зөвлөхөөр, харин хүү Б.Дашдаваа нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар, бэр Н.Болормаа нь Эрчим хүчний зохицуулах хороонд Ахлах мэргэжилтнээр, охин Б.Даваасүрэн нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд Ахлах мэргэжилтнээр, хүргэн Б.Алтайбаатар нь Барилга, хот байгуулалтын яаманд Гадаад харилцааны хэлтсийн даргаар гэх мэтээр гэр бүлээрээ төрд ажиллацгааж буй.
Тэгвэл Т.Билэгтийн хүргэн Б.Алтайбаатар нь Барилга, хот байгуулалтын яаманд хэлтсийн даргаар ажиллахын сацуу хадам аавынхаа хууль бус газрын наймаа, барилгын бизнесийг хариуцаж иржээ. Тодруулбал, Б.Алтайбаатар нь “Ихэр-оргил” ХХК, “Грийт халиун” ХХК, “Гэрэлт хус” ХХК, “Фамили центр ко” ХХК-уудыг эзэмшдэг. Ноцтой нь, Т.Билэгт Хотын дарга байхдаа хүргэн Б.Алтайбаатарынхаа нэр дээрх компаниудад бүгдэд нь газар олгож байжээ. Жишээ нь, Т.Билэгт 2008 оны аравдугаар сарын 1-нд А/469 дугаартай захирамж гаргаж, хүргэн Б.Алтайбаатарынхаа “Грийт халиун” ХХК-д Баянзүрх дүүргийн 11-р хороонд орон сууцны зориулалтаар 50,000м2 буюу 5.0 га газар олгожээ. Мөн Т.Билэгт 2008 оны арваннэгдүгээр сарын 20-нд А/559 дугаартай захирамж гаргаж, хүргэн Б.Алтайбаатарынхаа “Гэрэлт хус” ХХК-д Баянзүрх дүүрэгт орон сууцны зориулалтаар 30,000м2 буюу 3.0 га газар олгож байжээ. Гэтэл одоо Б.Алтайбаатарын нэр дээрх компаниудад газар байхгүй, цааш дамлан зарагджээ. Сонирхуулахад, Б.Алтайбаатарын “Ихэр-Оргил” ХХК нь Сангийн дэд сайд асан С.Пүрэвийн “Гангар-Инвест” ХХК-тай “Фамили центр ко” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Гэтэл С.Пүрэвийн “Гангар-Инвест” ХХК нь Т.Билэгтийг Хотын дарга байх үеэс эхлэн Улаанбаатар хотод хамгийн их газартай, хамгийн олон хотхон, хороололтой компани болж тодорсон түүхтэй ажээ.
Цаашилбал, Б.Алтайбаатар нь Т.Билэгтийг Хотын дарга болохын өмнөх жил буюу 2006 онд байгуулсан хятадуудтай хамтран “FCC” ХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж эхэлжээ. Улмаар “FCC” ХХК нь Т.Билэгтийг Хотын дарга, НИТХ-ын дарга байх хугацаанд “Эрхэт”, “Өгөөмөр” нэртэй хотхонуудыг барьж худалдаж амжсан байдаг аж.
Сонирхуулахад, Б.Алтайбаатар 2020 оноос “FCC” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллахаа больсон. Учир нь, 2020 оны наймдугаар сард БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын Б/57 дугаартай албан бичгээр Б.Алтайбаатарт “БХБЯ-нд удирдах албан тушаал хашиж буй атлаа барилгын компанид захирлаар давхар ажиллаж, цалин авч, нийгмийн даатгал давхар төлүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18.5.3 дахь заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр “гурван сарын цалинг 30 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан ажээ. Хэрвээ тэр Т.Билэгтийн хүргэн байгаагүй бол цалингийн хувиар шийтгүүлэх биш халагдах ёстой байв.
"МИШЭЭЛ ГРУПП"-ЫН ТОМОРСОН ТҮҮХИЙГ Т.БИЛЭГТ БИЧСЭН ҮҮ
Дээр товч дурдсанчлан Хотын дарга асан Т.Билэгт одоо ЗТХ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-амгалангийн зөвлөхөөр ажиллаж буй. Т.Билэгт, Б.Энх-Амгалан хоёрын ах, дүүгийн, багш, шавийн барилдлага их эртнийх. Тэр Говь-Алтай аймгийн уугуул, Б.Энх-Амгалангийн нутгийн ах. Тиймдээ ч Т.Билэгт 2008 онд бизнес хийж явсан Б.Энх-Амгаланг НИТХ-ын төлөөлөгч болгож, улс төрд хөтөлж оруулсан түүхтэй. Нэгэнтээ Б.Энх-Амгалан “2008 онд Хотын дарга Т.Билэгт ах намайг өрөөндөө дуудаж, улс төрд орох санал тавьснаар НИТХ-ын төлөөлөгч болж байлаа. Төлөөлөгч болмогцоо би НИТХ-ын тэргүүлэгч болмоор байгаагаа Т.Билэгт ахад хэлээд зад загнуулж билээ. Дараа нь 2012 онд дахин НИТХ-ын төлөөлөгч сонгогдож, жинхнээсээ тэргүүлэгч болж чадсан” хэмээн ахынхаа тухай ам алдаж дурссан байдаг. Ийн Т.Билэгтээс хөтөлж, хормойдож улс төрд орсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан өдгөө ч түүгээр зааварлуулж, зөвлөх нэртэйгээр дэргэдээ ажилуулж буй.
Тэгвэл Т.Билэгт, Б.Энх-Амгалангийн улс төрийн “багш”-аас гадна бизнесийнх нь ард байдаг нууц ноён байж болзошгүй ноцтой сэжүүр байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн намтартаа 2005-2008 онд “Таван-Эрдэнэ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2008-2016 онд “Мишээл групп” ХХК-ийн Ерөнхий захирал байсан гэж бичдэг. Судлаад үзвэл, Б.Энх-амгалангийн “Таван-Эрдэнэ” ХХК-д Т.Билэгт 2008 оны есдүгээр сарын 25-ны 461 дугаартай захирамжаар, Г.Мөнхбаяр 2009 оны зургадугаар сарын 8-ны өдрийн 302 дугаартай захирамжаар нийт 248,324м2 буюу 24.8 га газар олгож байжээ. Улмаар 2011 онд “Таван-Эрдэнэ” ХХК-ийн 24.8 га газар нь “Мишээл групп” ХХК-д шилжсэн аж. Б.Энх-Амгалан Т.Билэгт, Г.Мөнхбаяр хоёроос “Таван-Эрдэнэ” ХХК-ийн нэр дээр 24.8 га газар аваад дараа нь “Мишээл групп” ХХК-даа шилжүүлсэн гэсэн үг. Өдгөө “Мишээл групп” ХХК нь энэхүү 24.8 га газар дээрээ “Мишээл экспо” их дэлгүүрээ өргөжүүлж барьснаас гадна өнгөрсөн оноос “Мишээл резидэнс” хэмээх тансаг зэрэглэлийн хороолол барьж буй. Өөрөөр хэлбэл, Т.Билэгт УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг улс төрд хөтөлж оруулсан багшаас гадна, Б.Энх-Амгалангийн “Мишээл групп” ХХК-ийг толгой компаниудын тоонд оруулсан нууц ноён нь ажээ.
Сонирхуулахад, Т.Билэгт, Б.Энх-Амгалан хоёрын дээрх сэжүүрээс цааш хөвөрдөж хөөвөл, өнөөх л Т.Бадамжунай дээр хөтөлж очно. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энх-амгалан дээр дурдсан “Таван-Эрдэнэ” ХХК, “Мишээл групп” ХХК, “Мишээл экспо” ХХК-уудыг Төмөрхуягийн Энхболдсодон гэгчтэй хамтран эзэмшиж, удирдаж ирсэн. Тэгвэл Т.Энхболдсодон гэгч нь Т.Бадамжунайгийн худ, хуурай дүү нь. Тайлбарлавал, Т.Бадамжунайн хүргэн нь Энхбатын Анар гэж залуу бий. Хадам аав Т.Бадамжунайгаа 2009 онд ХХААХҮ-ийн сайд болмогц Булганы Хутаг-Өндөр, Жаргалант сумдад 3000 га тариалангийн газар авч, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тэрбум гаруй төгрөг гаргуулж техник аваад тариаланч болж хэсэг “манаргасан”. Дараа нь 2016 онд Су.Батболдыг Хотын дарга болмогц хадам аав Т.Бадамжунайгаараа крандуулж Улаанбаатар хотын Ерөнхий архитектор болж мандаж явсан нэгэн. Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор гурван жил ажиллахдаа Т.Бадамжунайн даалгавраар хичнээн барилгад хууль бусаар зөвшөөрөл олгосныг нь өдгөө АТГ-аас шалгаж буй.
Харин Э.Анарын аав Төмөрхуягийн Энхбат нь “Шинэст” ХХК, “Шинэст констракшн” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг. Элитүүдийн эдлэн, улс төр, бизнесийн томчуудын зусланд загварлаг модон хаус барьж өгдгөөрөө “Шинэст” ХХК нь алдартай. Харин Т.Энхбатын төрсөн дүү нь дээр дурдсан “Мишээл экспо” ХХК, “Мишээл групп” ХХК-ийн эзэмшигч Төмөрхуягийн Энхболдсодон юм. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунайгийн худ гэсэн үг. Т.Энхболдсодонгийн тухайд, Т.Бадамжунайтай төрсөн ах Т.Энхбатаасаа ч илүү дотно харилцаатай гэж хэлж болно. Жишээ нь, Т.Энхболдсодон Т.Бадамжунайгаар зуучлуулж Н.Энхбаяртай танилцаж, улмаар тэр гурав Төв талбайн урд талын “Вlue sky” барилгыг хамтран барьсан нь улс төрийн хүрээлэл дунд өдгөө ч домог мэт яригддаг. Өдгөө “Blue sky” барилгыг Т.Энхболдсодонгийн “Чоно групп” ХХК нь эзэмшдэг. Товчхондоо, дээр баримтаас харвал, Т.Билэгт Т.Бадамжунайтай “Мишээл групп” ХХК дээр огтлолцдог ажээ.
Энэ мэтээр 1992 оноос хойш Хан-Уул дүүргийн Засаг дарга, НИТХ-ын дарга, Хотын дарга гэх даргын суудлууд дамжиж, одоо ч УИХ-ын гишүүний зөвлөх сэтэртэй суугаа Т.Билэгтэд хотоос хулгайлсан газар, хууль бусаар барьсан хотхон, хороолол бишгүй бий ажээ.
ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ АСАН АНХНЫ “ШУВУУД”-ЫН НЭГ Т.БИЛЭГТ ХҮРГЭНИЙХЭЭ НЭР ДЭЭР ХОТООС ГАЗАР ХУЛГАЙЛЖ, ХОТХОН БАРЬЖ ХУДАЛДДАГ БАЙЖЭЭ |
|