Төрийн өмчит “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн газар, хэлтсийн дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, коридороор дотоожтойгоо сэлгүүцэж буй камерын бичлэг сошиалд цацагдаж, олон нийтийн зэвүүцэл, дургүйцлийг зэрэг хүргэв. Тэр даруйд “Тавантолгой төмөр зам” ХХК-аас дотоожтой дуулиант бичлэгний эздийг ажлаас нь халсан гэж мэдэгдэл гаргасан.
Тэгвэл согтуурсан байдалтай гуйвж, дайж, дотоожтойгоо сэлгүүцэж буй нь хяналтын камерт бичигдсэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга М.Гансэлэм, Санхүү, төлөвлөлтийн газрын дарга Ж.Баатарсүрэн, захиргааны хэлтсийн дарга Ц.Цогтжаргал, нягтлан бодогч Ж.Нэмэхбаяр нар нь цөм Ховдынх ажээ. Илүү ноцтой нь, тэд С.Бямбацогтыг ЗТХ-ийн сайд болсны дараа “Тавантолгой төмөр зам” ХХК-д дээрх албан тушаалуудад томилогдож очицгоожээ. Өөрөөр хэлбэл, тэд ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын “тавиулууд” байж болзошгүй аж. Тиймдээ ч дотоожтой бичлэгнийх нь дуулиан дэгдмэгц С.Бямбацогт “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагуудаар “халсан” гэх мэдэл яаралтай гаргуулж, “гал”-ыг унтраасан дүр зураг харагдаж байна.
Тодруулбал,
Бичлэгийн гол дүр, хар өнгийн дотоожтой явж харагдсан М.Гансэлэм нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2022 онд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Захиргааны удирдлагын газрын даргаар томилогдож очжээ. Тэр Ховд аймгийн Булган сумын уугуул. Илүү ноцтой нь, М.Гансэлэм нь ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын төрсөн дүү С.Алтантунгалагтай 10 жилийн ангийн найзууд ажээ. Тиймдээ ч төв замын цэцэг, зүлэг хариуцаж байсан, дизайнер мэргэжилтэй М.Гансэлэм төмөр замчдыг удирдаж эхэлсэн байж болзошгүй аж.
.JPG)
Бичлэгийн гол дүр, нэлээд хөлчүүрхсэн байдалтай явж харагдсан Ж.Баатарсүрэн нь Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны Санхүү, бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2023 онд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Санхүү, төлөвлөлтийн газрын даргаар томилогдож очжээ. Тэр Ховд аймгийн Зэрэг сумын уугуул. Ж.Баатарсүрэн 2020 оны УИХ-ын сонгуулиар Ховдод очиж С.Бямбацогтыг дэмжихийг онцгойлон уриалж, Хөгжлийн банкны зээлээр барьсан цементийн үйлдвэрийг нь сайрхан сурталчилж явжээ. Тиймдээ ч Замын-Үүдээс “Тавантолгой төмөр зам” ХХК-д дэвшиж ирсэн байж болзошгүй аж.
.JPG)
Бичлэгийн туслах дүр Ж.Нэмэхбаяр нь ХӨСҮТ-ийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2023 оны сүүлчээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн нягтлан бодогч болжээ. Ховд аймгийн Дөргөн сумын уугуул. Мөн л Ховдын гэх угшлаараа “Тавантолгой төмөр зам” ХХК-д томилогдож очсон аж. Бас нэг туслах дүр Ц.Цогтжаргал нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Захиргаа, удирдлагын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2023 онд “Тавантолгой төмөр зам” ХХК-д хуулийн ахлах мэргэжилтнээр томилогдож очжээ. Мөн л Ховд аймгийн уугуул гэх бөгөөд М.Гансэлэмийг дагаж очсон аж.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал “нүүрсний хулгай”-н хэргээр АТГ-ынхан ачигдахаа мэдмэгцээ 2022 оны есдүгээр сард “шувуу” болоод зугтсан. Улмаар Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сарын 12-нд “Тавантолгой төмөр зам” ХХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, ЗГХЭГ-ын Хууль эрхзүйн газрын дарга Н.Мягмарыг Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж байв. Н.Мягмарын БЭТ-ийн тушаалыг С.Бямбацогт өөрөө гаргуулж, ажлыг нь хүлээлцүүлж байлаа. Гэвч Н.Мягмар БЭТ болмогцоо “шувуу” Н.Удаанжаргалыг удирдлагыг багийг бүхэлд л өөрчилж, оронд нь салбарын сайд С.Бямбацогтынхоо нутгийнхнаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг “дүүргэсэн” байж болзошгүй харагдаж байгаа юм. Ингэж харвал, Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой” ХК, “Таван толгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК тэргүүтэй төрийн өмчит том компаниуддаа онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсон нь цаанаа сонгуулиас урьтаж “хоёрдугаар ээлжээ хоолонд оруулах” зорилготой байсан уу гэдэг илүү ноцтой хардлага ч гарч ирж байгаа юм.
.jpg)
ДОТООЖТОЙ ДУУЛИАНТ БИЧЛЭГНИЙ ЭЗЭД С.БЯМБАЦОГТЫН "ТАВИУЛ"-УУД БУЮУ ХОВДЫНХОН БАЙЖЭЭ |
|