• Өнөөдөр 2024-05-03

БИЕ НЬ ХАРЬД Ч, БИЗНЕС НЬ МОНГОЛД ЦЭЦЭГЛЭСЭЭР БУЙ ХАМГИЙН ХӨРӨНГӨЛӨГ ЭЛИТ ЭЛЧИН САЙДУУД-II

2024-02-20,   1154

       Төр одоо “элит ангийнхан” гэгдэх болсон элчин сайдууддаа онцгойлон анхаарах цаг нь болжээ. Өөрөөр бол, УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдуудаасаа илүү харьд суугаа Элчин сайдууд гэж хагартлаа хөлжицгөөсөн, анги давхарга болтлоо алсарсан, хууль “хүрдэггүй” хэсэг болчихсон байна. Эх орноо харьд төлөөлөх үүрэгтэй элчин сайдын албан тушаалыг ялсан нам нь хөгшдөө дэвшүүлэн зайлуулах, өөрт зүтгэснээ шагнах, өр төлөх хэрэгсэл болгосон. Үр дүнд нь нэг бол насаараа нам дагаж төрийн өндөр алба хашсан хууччуул, нэг бол ногоон паспорт сарвайж гадаадад амьдрах хүсэлтэй толгой баячууд, нэг бол элчин сайд аснуудын хүүхдүүд, нөгөө бол хэн нэгэн том хүний гар хөл л Элчин сайдаар томилогддог болчихсон байна. Ингээд зогсохгүй тэд хөрөнгө чинээгээрээ саарал ордныхныг хол хаях аж. 
 
     Иймд эргэлт.мн мэдээллийн сайдын “эрэн сурвалжлах нэгдэл”-ээс “БИЕ НЬ ХАРЬД Ч, БИЗНЕС НЬ МОНГОЛД ЦЭЦЭГЛЭСЭЭР БУЙ ХАМГИЙН ХӨРӨНГӨЛӨГ ЭЛИТ ЭЛЧИН САЙДУУД” цувралыг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад хамгийн их хадгаламжтай Б.Батжаргал, О.Очирмаа болон хамгийн үнэтэй орон сууцтай Б.Баярсайхан гурвыг танилцуулж байна. 

 

 УИХ-ЫН ДАРГА АСАН Д.ЛҮНДЭЭЖАНЦАНГИЙН ХАДАМ ДҮҮ, 5.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ Д.БАТЖАРГАЛ

 
      2002 оноос хойш Японд суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж, 2018-2023 онд Элчин сайдаар тухалсан Д.Батжаргал 5.3 тэрбум төгрөгийн хадгаламжаараа Элчин сайд нарыг тэргүүлж байна. Тэр Японд суусан хугацаандаа япончуудтай хамтран “Жапан анд Монгол” ХХК, “Монгол шимазукай” ХХК-уудыг байгуулж, Монгол-Японы хооронд худалдаа хийдэг байжээ.
 
Тэгвэл Д.Батжаргал нь УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцангийн эхнэрийнх нь төрсөн дүү. Тиймдээ ч Д.Лүндээжанцан хадам дүү Д.Батжаргалыгаа насаар нь Японд суугаа Элчин сайдын яаманд тухлуулж, Элчин сайд болтол нь дэвшүүлсэн. Тодруулбал, Д.Лүндээжанцан 2000 онд УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн болсон. Ингээд Монголбанканд зээлийн мэдээллийн мэргэжилтнээр ажиллаж байсан хадам дүү Д.Батжаргалыгаа 2002 онд Японд суугаа Элчин сайдын яаманд эдийн засаг хариуцсан зөвлөхөөр томилуулсан байдаг. Тэр цагаас хойш Д.Батжаргал Японд суугаа Элчин сайдын яамнаас салаагүй. Тухайлбал, Д.Батжаргал Японд суугаа Элчин сайдын яаманд 2002-2006 онд зөвлөх, 2009-2011 онд зөвлөх, 2011-2012 онд Осака хотод суух Ерөнхий консул, 2016-2018 онд зөвлөх, 2018-2023 онд Элчин сайдаар буюу нийт таван удаа томилогдож очсон байдаг. 
 
Дээр дурдсанчлан, Д.Лүндээжанцан 2000 оноос хойш УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүнээр таван удаа сонгогдож, 2020 оныг дуустал 20 жил ажилласан. Тэгэхээр Д.Батжаргал Япон дахь Элчин сайдын яамнаас салаагүй, Элчин сайд болтлоо дэвшсэн нь арга ч үгүй юм. Үүний хариуд Д.Батжаргалын хөөцөлдөлгөөгөөр 2021 онд Д.Лүндээжанцанг Японы Эзэн хааны дээд шагнал “Сүр жавхлант тууз” одонгоор шагнасан байдаг. 

АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТЫН ОХИН, 2.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ О.ОЧИРМАА

 
     Элчин сайдуудыг 5.3 тэрбум төгрөгийн хадгаламжаараа Д.Батжаргал тэргүүлж буй бол Орос дахь Элчин сайдын яамны зөвлөх О.Очирмаа 2.7 тэрбум төгрөгийн хадгаламжаараа удаалж буй. Хачирхалтай нь, О.Очирмаад хувийн бизнес байдаггүй ажээ.  
 
2000 оноос хойш өдийг хүртэл Орос дахь Элчин сайдын яаманд зөвлөх, Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч сэтэртэйгээр тухалсан О.Очирмаа анхны Ерөнхийлөгч П.Очирбатын охин. Тиймдээ ч түүнийг Орос дахь Элчин сайдын яамнаас эргүүлэн татаж чаддаггүй гэцгээдэг. Хамгийн ноцтой нь, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 2019 онд Польш улсын хууль хяналтын байгууллагуудад эрэн сурвалжлагдаж байгаа 69 дипломатчийн нэрийн нийтэд зарласан. Тухайн 69 иргэний дунд О.Очирмаагийн нөхөр Шагдарын Батжаргал багтсан байдаг. Ш.Батжаргал нь хуучнаар НАХЯ-нд ажиллаж байсан, хурандаа цолтой. 2005-2009 оны хооронд эхнэр О.Очирмаатайгаа хамт Орос дахь Элчин сайдын яаманд зөвлөх сэтэртэй ажиллаж байсан. Энэ үедээ дипломат паспортаа ашиглан Европын улсуудаар хууль бусаар тамхи зөөж, улмаар Польшийн хууль хяналтынханд эрэн сурвалжлагдаж эхэлсэн байдаг аж. О.Очирмаа хувьдаа бизнесгүй хэрнээ 2.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай болсны цаадах нууц нь нөхөр Ш.Батжаргалынх нь тамхины наймааны орлого ч байхыг үгүйсгэх аргагүй юм. 

Д.СУМЪЯАБАЗАРЫН БИЗНЕС ХАМТРАГЧ, 3.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦТАЙ Б.БАЯРСАЙХАН

 
     Өнгөрсөн 2023 онд Япон дахь Элчин сайд Д.Батжаргалыг эргүүлэн татаж, түүний оронд Б.Баярсайханыг томилсон. Бид өмнөх дугаартаа Элчин сайдуудыг 5.3 тэрбум төгрөгийн 17 орон сууцаараа Францад суугаа Элчин сайд У.Нямхүү тэргүүлдгийг танилцуулсан. Тэгвэл Японд суугаа Элчин сайд Д.Баярсайхан 3.2 тэрбум төгрөгийн таван орон сууцаараа удаалдаг ажээ.
 
Японд суугаа Элчин сайд Б.Баярсайхан Хотын дарга асан Д.Сумъяабазар, Асашорюү Д.Дагвадорж хоёртой Үндэсний хөрөнгө оруулалтын банкыг хамтран эзэмшиж ирсэн, бизнесийн хамтрагчид. Хамтрал, хоршлынх нь түүхийг сөхвөл, 2000 оны эхээс 2010 он хүртэл Японы сүмогийн дэвжээнд Д.Дагвадоржийг ноёрхож байх тэр үед Д.Баярсайхан Японы “Credit saison group”-т ажиллаж байв. Энэ он жилүүдэд тэд дотно нөхөрлөж эхэлсэн бөгөөд 2010 онд монголдоо ирцгээсэн. Улмаар 2010 онд Д.Сумъяабазар, Д.Дагвадорж, Б.Баярсайхан гурав “Асашёорюү”холбоог хамтран байгуулсан. Мөн Б.Баярсайхан Д.Дагвадорж, Д.Сумъяабазар хоёрын Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцааг эзэмшиж эхэлснээр тэд халаас нэгтэй хамтрагчид болсон түүхтэй. 
 
Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баярсайхан 2016 онд Үндэсний хөгжлийн газрын даргаар томилогдож, төрд орж ирсэн. Даргын сэнтийд дөрвөн жил тухлаад, 2020 онд Япон дахь Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдож очсон. Ингээд 2023 онд Элчин сайдаар дэвшсэн. Цахилгаанжуулалтын инженер мэргэжилтэй, хожим ердөө 2020 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн Б.Баярсайханыг Үндэсний хөгжлийн газрын дарга, Элчин сайд болтол нь дэвшүүлсэн хүн Д.Сумъяабазарыг гэдэг. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 
 
 
 

БИЕ НЬ ХАРЬД Ч, БИЗНЕС НЬ МОНГОЛД ЦЭЦЭГЛЭСЭЭР БУЙ ХАМГИЙН ХӨРӨНГӨЛӨГ ЭЛИТ ЭЛЧИН САЙДУУД-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-21 08:49:54
    Зочин: 20 жил нэг газар болсон дипломат гэж түүхэнд байхгүй. Одмаа нь монголд өгаа байлгүй дээ Үнэн юм бичвэл
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-20 13:36:06
    Зочин: Төр засгийн дарга нараа танил тал арын хаалга бэл бэнчин хөрөнгөөр нь албан тушаал өгдөг ялзарсан тогтолцоогоос салаач энэ чинь хөгжихгүй байх эх үүсвэр Монголын гутамшиг шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-20 13:13:41
    Зочин: Монголд байгаа гадаадын элчин сайдууд монголд компани байгуулаад давхар бизнeс хийвэл ёстой ангайх байх даа. Манай элчин сайд нэртэнгүүд хэрэг алгаа, хэдэн наймаачид л аятай байх юм. Мэргэжлийн гэдэг үг ч утгаа алдаж дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188