Гурван аврагчийн, хоёр иргэний амийг авч одсон Дүнжингаравын уулзварын газны дэлбэрэлт хариуцлагагүй төрийнхний олон ч булхайг олонд илчиллээ. Тухайлбал, дэлбэрэлт болсон уулзварын ойр орчмын газруудыг улстөрчид хууль бусаар авч, хувийн хотхон, хорооллуудаа босгосон байсан нь илчлэгдэж УИХ-аас газрын наймааны хэргээр нээлттэй сонсгол явуулахаар болов. Мөн дэлбэрэлтэд өртөж шатсан “Глобал иннова” сургуулийн гурван блок барилга хоорондоо стандартын бус буюу галын машин доогуур нь орж багтахаарүй тунелээр холбогдсон, гэтэл түүнийг нь Улсын комисс хүлээж авсан байсан нь Улаанбаатарт барилгын стандарт бүрэн алдагдсаныг харууллаа. Цаашилбал, шүргэлцэх төдийд задарчихдаг лац ломбо, бэхэлгээ муутай, нимгэн төмөртэй 60 тоннын цистернээр хотын төвөөр газ тээвэрлэсэн нь ард иргэдийн аюулгүй, амьд явах эрхэнд заналхийлсэн хэрэг болов. Товчхондоо, өнгөрсөн он жилүүдэд төр эзэнгүй мэт байж ирсний гайгаар хотын стандарт хаа хаанаа алдагдаж, хэн хүссэн нь дуртай газраа дураараа барилга барьж, хэн хүссэн нь бүхэл бүтэн 60 тонноор газ тээвэрлэх хэмжээнд назгайрч, адагт нь ард түмний юулгүй амьдрах баталгаа үгүй болсныг энэ осол олонд ил болгов.
Илүү ноцтой нь, энэ осол онцгой байдлын албаныхны бэлэн байдал, техник хэрэгслийнх нь хүчин чадлыг сорилоо. Эмгэнэлтэй нь, сүүлийн 10 гаруй жил Улаанбаатар хотын төвийн тансаг шилэн оффис, орон сууцнуудын талаас илүү нь 15-20 давхар болчихсон атал онцгой байдлын албаны гал унтраах автомашин, өргөгч шат нь есөн давхарт хүрээд л хүчин мөхсөддөг юм байна. 20 давхар барилга шатвал хараад сууж байхаас өөр техник хэрэгслийн чадамж байхгүй бололтой, хөөрхий аврагчдад. Төсвийн мөнийг төрийнхөн өөрсдөө “хусаж”, хүүхдүүддээ сургууль, хөгшиддөө эмнэлэг барьж өгдөггүй шигээ онцгой байдлын албаа ч хөсөр хаясных нь бэлээхэн жишээ бол энэ.
Бүр илүү ноцтой нь, бид төрийн тендерийн сангаас ОБЕГ-аас зарласан тендерүүдийг шүүж үзлээ. Гал, ус, цас зуданд гүйцэтгэдэг үүрэгтэй нь харьцуулахад чамлахаар бага төсөвтэй онцгой байдлын алба төрийн томчуудын “шахаа”-ны талбар мэт болчихжээ. Төрөөс бага төсөв цохож өгнө, тэр төсвөөр нь тендер зарлахаар эргээд төрийнхний халаас руу орчихдог гэсэн үг л дээ. Гал сөнөөгчдийнх нь хувцас хэрэглэлийг Х.Болорчулуун, автомашинуудыг нь Б.Чойжилсүрэн нийлүүлдэг байх юм. Тэр байтугай, ОБЕГ-аас жил бүрийн өвлийг угтан тендер зарлаж, улсын нөөцөд өвс, тэжээл худалдан авч, цас зуд хүндэрмэгц малчдад хүргэдэг. Гэтэл өвс, тэжээлийн тендерүүдийг нь Х.Баттулга нийлүүлдэг байх юм.
Тэгвэл Х.Болорчулуун, Б.Чойжилсүрэн, Х.Баттулга нарын компаниудын хамгийн сүүлд шалгарсан тендерүүдийг танилцуулж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН, ХХААХҮ-ИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУНЫ ТӨРСӨН ДҮҮ Х.БОЛОР-ЭРДЭНЭ БОЛОН Х.БОЛОРЧИМЭГИЙН ХҮҮ О.ТЭМҮҮЛЭН НАР НЬ ОБЕГ-Т ГАЛ СӨНӨӨГЧДИЙН ХУВЦАС НИЙЛҮҮЛДЭГ
ОБЕГ-ын гал сөнөөгчдийн хувцас, хэрэглэлүүдийн тендерт ихэвчлэн УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны хамаарал бүхий компаниуд шалгардаг ажээ. Тодруулбал, Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болор-Эрдэнэ нь ахынхаа буянаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүний сэнтийд тухалж ирсэн нэгэн. Тэгвэл Х.Болор-Эрдэнэ нь “Дорнод газар” ХХК-аараа ОБЕГ-т автомашин, гал сөнөөгчдийн хувцас зэргийг нийлүүлдэг ажээ.
Тухайлбал, “Дорнод газар” ХХК нь
-
“Автомашин нийлүүлэх”- 329 сая төгрөг
-
“Гал сөнөөгчдийн хувцас, хэрэглэл нийлүүлэх”- 334 сая төгрөгийн тендерт тус тус шалгарчээ.
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болорчимэг гэж бий. Барилгын хөгжлийн төвд ажилладаг, төрийн албан хаагч. Тэгвэл Х.Болорчимэгийн хүү О.Тэмүүлэн нь 2020 онд “Саруул өргөө констракшн” ХХК-ийг эзэмшдэг болж, улмаар ОБЕГ-т гал сөнөөгчдий хувцас, хэрэглэл нийлүүлдэг болжээ.
Тухайлбал, “Саруул өргөө констракшн” ХХК
-
“Ариутгалын автомашин нийлүүлэх”- 160 сая төгрөг
-
“Ус зөөврийн автомашин нийлүүлэх”- 260 сая төгрөг
-
“Ариутгалын 5 тоннын багтаамжтай автомашин нийлүүлэх”- 272 сая төгрөг
-
“Гал сөнөөгчийн хүн нэг бүрийн хувцас хэрэглэл нийлүүлэх”- 600 сая төгрөгийн тендерт тус тус шалгарчээ.
УИХ-ЫН ГИШҮҮН, ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ЭХНЭР Д.ЭНХГЭРЭЛ ОБЕГ-Т АВТОМАШИН НИЙЛҮҮЛДЭГ
УИХ-ын гишүүн, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнг барилга, нүүрсний бизнесээр нь төсөөлдөг. Тэгвэл Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэл нь “Хурд авто” ХХК-аараа ОБЕГ-т автомашин нийлүүлэх бүхий л тендерүүдэд оролцож, шалгардаг ажээ.
Тухайлбал, “Хурд-Авто” ХХК нь
-
“Автомашин нийлүүлэх”- 1.0 тэрбум төгрөг
-
“Автомашин нийлүүлэх”- 360 сая төгрөг
-
“Автомашин нийлүүлэх”- 255 сая төгрөг
-
“Автомашин нийлүүлэх- 356 сая төгрөгийн тендерт тус тус шалгарчээ.
.JPG)
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ТӨРСӨН ДҮҮ Х.БАТТУУЛЫН ЭХНЭР Н.АЛТАНЦЭЦЭГ НЬ ОБЕГ-Т МАЛЫН ӨВС, ТЭЖЭЭЛ НИЙЛҮҮЛДЭГ
Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хүрэхгүй салбар, оролцохгүй бизнес гэж үгүй юм. Тодруулбал, Х.Баттулга төрсөн дүү Х.Баттуултайгаа “Баянгол” зочид буудал, “Талх чихэр” ХК, “Мах импекс” ХХК тэргүүтэй бүхий л том бизнесүүдээ хамтарч эзэмшдэг. Харин Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэг нь “Милл хаус” ХХК гэх гурилын үйлдвэрийг эзэмшдэг бөгөөд Х.Баттулгыг ХХААХҮ-ийн сайд байх үеэс төрийн сангуудыг “тонож” ирсэн компани. Тэгвэл Х.Баттулгын бэр Н.Алтанцэцэгийг “Нүүдэл тэжээл” ХХК, “ЧМТО” ХХК компаниуд нь ОБЕГ-ын улсын нөөцөд малын өвс, тэжээл авах бүхий л тендерүүдийг хуу хамдаг ажээ.
Тухайлбал, “Нүүдэл тэжээл” ХХК
-
“Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх”- 1.2 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ.
Цааш хөөвөл, Х.Баттулгын бэр Н.Алтанцэцэг нь өөрийн “Милл хаус” ХХК, “Милл хаус трейдинг” ХХК-уудын гүйцэтгэх захирлаар ажилладаг Ж.Чинзориг гэгчийн нэр дээрх “ЧМТО” ХХК-аар ОБЕГ-ын улсын нөөцөд малын өвс тэжээл нийлүүлэх тендерүүдэд шалгардаг ажээ.
Тухайлбал, “ЧМТО” ХХК нь
-
“Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх”- 193 сая төгрөг
-
“Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх”- 248 сая төгрөг
-
“Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх”-937 сая төгрөг
-
“Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх”- 1.0 тэрбум төгрөг
-
“Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх”- 846 сая төгрөг
-
“Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх”- 1.1 тэрбум төгрөг
-
“Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх”- 733 сая төгрөг
-
“Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх”- 688 сая төгрөг
-
“Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх”- 472 сая төгрөг
-
“Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх”-1.1 тэрбум төгрөг
-
“Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх”- 1.0 тэрбум төгрөг
-
“Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх”- 1.4 тэрбум төгрөг
-
“Улсын нөөцөд малын тэжээл нийлүүлэх”- 1.1 тэрбум төгрөгийн тендерүүдэд тус тус шалгарсан.
.JPG)
ОБЕГ-ын жилийн төсөв 200 гаруй тэрбум төгрөг байдаг. Харин энэ онд 426 тэрбум төгрөг болж нэмэгдсэнийг Сангийн сайд Б.Жавхлан сайрхаж буй. Гал, ус, цас зуданд амь хайргүй ажилладаг онцгой байдлын албаны төсөв нэмэгдсэн нь сайшаалтай. Харамсалтай нь, төсөв нь хоёр дахин нэмэгдсэнээр хоёр дахин олон тендер зарлагдана, ингэснээр Х.Болорчулуун, Б.Чойжилсүрэн, Х.Баттулга тэргүүтэй ОБЕГ-ын тендерүүдийг хуу хамдаг “тендерчид”-ийн түрийвч хоёр дахин илүү түнтийнэ гэсэн үг юм.
ОБЕГ-ЫН ТЕНДЕРҮҮДИЙГ Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ЭХНЭР, Х.БОЛОРЧУЛУУНЫ ДҮҮ, Х.БАТТУЛГЫН БЭР “ТҮҮДЭГ” |
|