• Өнөөдөр 2024-05-03

ЯДАРСАН ИРГЭДИЙНХЭЭ ХАЛААСЫГ СЭГСЭРДЭГ ЗАДАРСАН “EVENT HALL”-УУДЫН ЭЗЭД

2024-02-03,   2911

     Монголд үйлдвэрлэл хөгжихгүй атлаа үйлчилгээний бизнес чухам сайн хөгжиж байна. Булан эргээд л нэг ресторан, нэг зочид буудал, цаашаа паб, караоке, хятад, солонгос хоолны газрууд ярайж байх. Ялангуяа сүүлийн жилүүдэд “event hall”-ууд энд тэнгүй нээгдэх боллоо. Шинэ жилийн цэнгүүн, сар шинийн золголт, хурим, сэвлэг үргээх ёслол, цолны мялаалга, одонгийн найр, хонхны баяр гээд “event hall”-уудад хоосон өнжих өдөр гэж үгүй. Тиймдээ ч борооны дараах мөөг шиг олширч, барилга бүрд нээгдэж буй. 
 
Гол нь, үнэ, үйлчилгээний соёл гэдэг хоёр том асуудалтай. Үнийн хувьд, тэд бүр “галзуурцгааж” байна. Ширээн дээр нь өнөөх л хүйтэн зууш, таваг тахианы мах, ус, ундаа, шил сархад байх атлаа жил бүр үнэ нь өссөөр. Нэг хүний такс багадаа 150 мянга, тэгээд дээшээ талийна.  Ажилчдадаа тавих цалин, төрд төлөх татвартаа “дарлуулж” яваа компаниуд жилдээ нэг удаа “нүдээ аниад” бусдын адил шинэ жилээ тэмдэглэхийг хүснэ. Төр жилдээ 2-3 удаа алдарт эхчүүд, алдартнууд, ахмадуудад одон медаль хэдэн зуугаар нь тараана. Төрдөө “үнсүүлсэн” тэд хоосон суухгүй, тэтгэврээ тултал аваад, танил талаасаа зээллээд ч болов хамаатан садан, хамт олноо цуглуулж найр хийнэ. Хосууд хураасан хэдээ шавхаад, цалин хуйгаа зээллээд хуримлана, ирэх ерөөлийг нь бодож, басхүү уламжлалаа хүндэтгэж хүүхдийнхээ үсний найрыг нижгэр хийхийг хүснэ. Тэдний буруу биш, баяр ёслолыг нүсэр тэмдэглэх бичигдээгүй “соёл” хэдийнэ тогтчихсон учраас дагахаас биш аргагүй. Энэ бүгдэд өнөөх зочид буудал, “event hall”-уудын эзэд л түрийвчээ түнтийлгэнэ. Үйлчилгээний соёлын хувьд, төлбөрөө яс тас авчихаад, хүйтэн хоол идүүлж, царгисан хөгжим сонсгодог цайчихсан газрууд олон бий. 
 
Тэгвэл бид шинэ жилийн цэнгүүн, сар шинийн золголт, хурим, сэвлэг үргээх ёслол, цолны мялаалга, одонгийн найр, хонхны баяр бүх төрлийн хүлээн авалтуудыг хамгийн олон хүнтэйгээр зохион байгуулдаг зочид буудлууд, “event hall”-уудын эздийг танилцуулж байна. 
     Эхэнд нь, улс төр, бизнесийн томчуудын эзэмшдэг, тэр тусмаа хамгийн олон хүний хүлээн авалтын танхимтай зочид буудлуудыг дурдах нь зөв байх. Тухайлбал, УИХ-ын гишүүн Сү.Батболдын “Чингис” зочид буудал, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнгийн “Новотел” зочид буудал, УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын “Сөүл” ресторан, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Бишрэлт” зочид буудал,  Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “Баянгол” зочид буудал, “Таван богд”-ын Ц.Баатарсайхан “Кемпински” зочид буудал, “Макс”-ын Д.Ганбаатар “Холидэй инн”, “Рамада” зочид буудал, “Мишээл”-ийн Т.Энхболдсодонгийн “Блю скай” зочид буудал, “MCS”-ын Ж.Оджаргалын “Шангри-Ла” зочид буудал, ЕТГ-ын дарга асан П.Цагааны “Степпе арена” цогцолбор зэргийн ресторан, хүлээн авалтууд танхимууд өнгөрсөн сард өдөр алгасахгүй хүлээн авалттай байсан. Жишээ нь, ЕТГ-ын дарга асан П.Цагааны “Степпе арена” л гэхэд Х.Баттулгын 800 гаруй ажилтантай “Талх чихэр” ХК-ийн шинэ жилийг зохион байгуулжээ. 
Тайлбар: ЕТГ-ын дарга асан П.Цагаан-Steppe arena
- Замын цагдаагийн гүүрний урд дор байрлах “Хоме” плаза дотор “One event hall” гэж бий. Нэг удаад 1000 хүний хүлээн авалт зохион байгуулдаг нүсэр заал. Тэгвэл “One event hall”-ыг “Элс партнерс” ХХК хариуцаж ажиллуулдаг. Харин “Элс партнерс” ХХК-ийг НИТХ-ын дарга асан, “60 тэрбум”-ын Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү Б.Лхагвадорж хоёр хамтран эзэмшдэг. 
- БНСУ-ын Элчин сайдын яамны зүүн талд “Сorporate hotel and Convention centre” гэж бий. Дотроо 800 хүний хүлээн авалт зохион байгуулдаг таван төрлийн танхимтай. Тэгвэл “Сorporate hotel and Convention centre”-ийг “Корпорейт хотел энд конвейшн центр” ХХК хариуцдаг. Харин энэ компанийг УИХ-ын гишүүн асан, Монголбанкны Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал, “хоцордог” хочит С.Дэмбэрэлийн төрсөн дүү С.Мандалдулам эзэмшдэг. Хэдий С.Мандалдуламын нэр дээр байдаг боловч “Корпорейт хотел энд конвейшн центр” ХХК-ийн Ерөнхий менежерээр нь С.Дэмбэрэлийн охин Д.Энэрэл ажилладаж, бүх үйл ажиллагааг нь удирддаг. “Корпорейт”-ыг “Алтан дорнод”-ын эзэн Т.Ганболдынх гэдгээр хүмүүс илүү сайн мэддэг. Учир нь С.Мандалдулам нь Т.Ганболдын ээж  бөгөөд С.Дэмбэрэл бол Т.Ганболдын нагац ах юм. 
- Хүүхдийн паркаас зүүн тийш, Натурын гүүрний баруун талд “МPM event hall” 2020 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нэг удаад 800-1200 хүний хүлээн авалт зохион байгуулдаг. Тэгвэл “МPM event hall”-ыг УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын “Монполимет групп” ХХК барьж, ажиллуулж буй ажээ. 
- Богд хааны ордон музейн баруун талд “Aurug place-event hall” үйл ажиллагаа явуулж буй. Нэг удаад 350 хүний, тэр тусмаа тансаг зэрэглэлийн хүлээн авалтуудыг зохион байгуулдаг гэдгээрээ 2019 оноос танигдсан. Тэгвэл “Aurug place-event hall”-ыг “Грийт эмпайр” ХХК ажиллуулдаг. Харин “Грийт эмпайр” ХХК-ийг “АПУ”-гийн гэж овоглодог П.Батсайхан эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь түүний хүү Б.Гантиг ажилладаг. 
- Хан-Уул дүүрэг, “Таван богд”-ын замын урд “Crocus event hall” гэж бий. Нэг удаад 800-1200 хүний хүлээн авалт зохион байгуулдаг. Зөвхөн найр хурим ч биш, хамтлаг дуучдын тоглолтууд ч болдог. Тэгвэл “Crocus event hall”-ыг “Гүргэм эвент энд хоспиталити” ХХК ажиллуулдаг. Харин энэ компанийг Мягмарын Есөнмөнх эзэмшдэг. М.Есөнмөнх “Номадс” сүлжээний рестаронуудын эзэн гэдгээрээ илүү танигдсан. Мөн М.Есөнмөнх Сангийн сайд асан С.Баярцогтын сайн найз. Тиймдээ ч М.Есөнмөнх нь С.Баярцогт болон түүний эхнэр Ч.Нарантуяатай хуйвалдаж, “Оюу толгой”-н ажилчдын кэмп, катерингийн үйлчилгээг хариуцаж, 63 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан хэргээр шалгагдаж байсан.  
- Замын цагдаагийн гүүрний зүүн талын “Их наяд” плазагийн VI давхарт байрлах “Triple event hall” болон “UB place”-ийн зүүн хойно байрлах “Evento event hall”-ыг “Мондакт” ХХК ажиллуулдаг. Харин “Мондакт” ХХК-ийг Олонбатын Ганзориг, Жадамбаагийн Мөнхсайхан нар эзэмшдэг ажээ. Сонирхуулахад, О.Ганзориг нь Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Хөдөлмөрий гавьяаны улаан тугийн одонт, Улсын сайн малчин П.Олонбатын хүү, харин Ж.Мөнхсайхан нь Баянхонгор хотын захирагч Ж.Мөнхсоёлын дүү аж. 
- УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга асан С.Эрдэнийн ээж Б.Цэнд-Аюуш нь “Молор трейд” ХХК-ийг эзэмшдэг. “Молор трейд” ХХК нь “Өргөө” кино театрын зүүн талд долоон давхар барилгатай. Тэгвэл “Молор трейд” ХХК-ийн барилгын VI давхарт 200 хүний хүлээн авалт зохион байгуулах хүчин чадалтай “Light event hall” ажиллаж буй. 
- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж Д.Дэнсмаагийн “Спа цогцолбор” ХХК-ийн эзэмшдэг. Харин “Спа цогцолбор” ХХК нь ГССҮТ-ийн зүүн хойно “Говь цогцолбор” барилгын эзэмшдэг. Тэгвэл “Говь цогцолбор” барилгын IV давхарт 150 хүн хүлээн авах хүчин чадалтай “Сiel event hall” ажиллаж буй. 

ЯДАРСАН ИРГЭДИЙНХЭЭ ХАЛААСЫГ СЭГСЭРДЭГ ЗАДАРСАН “EVENT HALL”-УУДЫН ЭЗЭД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-03 12:28:22
    Зочин: Виетнамд очиж хуримаа хийж шинэ жил цагаан сар алдар цолны цайллагаа хийж байвал хамаагүй хямд байх болно шүү монголчуудаа. Энэ хулгайчуудын мөлжлөгө шулаанд дээрэмдүүлэх хэрэггүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-23 12:45:29
    hi5: хуцна биз та нарыг ямар чирээд оруулчихсан биш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-22 23:29:29
    sdsd: nairaa l bolchholdoo tegeel asuudal shiidne
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-22 09:34:44
    Зочин: Чадарсан хүн найр хийхгүй ш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-22 07:29:18
    Зочин: Шадар сайдаа дурссангүй тэр нь ядуурчихав уу эсвэл санаатай мартчихав уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-21 13:52:22
    zochin: Nair naadam shine jiliin bayar xiixee boliod xuduu agaar salxind garaad xed xonog amarch baigaad irexed bolno shuu dee Zaaval ix mnugu tulj iim gazraar uilchluulex albagui biz dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-19 19:32:07
    123: Орж байгаа хүмүүсийг хүчээр оруулсан юм бол байхгүйл байх..насан ганц тохиох хурим найраа яаж хийгээд сайхан хийх гэж үзэх байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-17 12:59:46
    Зочин : Үйлдвэр ЖДҮ маш бага дандаа шоу цэнгээний газрууд эсвэл том том худалдааны төвүүд зах Моллууд. Баялаг бүтээх гэж зовохгүй шоу, худалдаа түрээс импортоор бараа оруулж зарах бизнес нь хамаагүй амар хялбар бизээ! Ийм байхад яаж ч хөгжихгүй байх нь ойлгомжтой!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-17 12:13:37
    Zochin: Ядарсан хүн Event Hall-д орохгүй байхаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-17 10:39:16
    Зочин: Монгол орон хулгайчууд ба хулгайчуудын мөнгө угаалтаар хахаж цацаж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-17 09:55:07
    х: Бизнэсменүүдийг сонгож, хулгайч луйварчид төрүүлдгээ зогсооё.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188