• Өнөөдөр 2024-05-04

АШИГТ МАЛТМАЛЫН ДЭЭЖИЙГ ШИНЖИЛДЭГ МОНОПОЛ ЛАБОРАТОРИУДЫН АРД ХЭН БАЙДАГ ВЭ

2024-01-15,   2639

   Улс төр, уул уурхайн бизнесийн бүлэглэлүүд хэрхэн хуйвалдаж, байгалийн баялгийг хуу хамж хулгайлж ирснийг өнгөрсөн сард болсон “Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголоор харцгаасан. Тэгвэл үнэн хэрэгтээ нээлттэй сонсголоор бидний сонссон, харсан буюу ухдаг, зөөдөг, хил гаргадаг хулгай бол ердөө ил хулгай нь байсан. Харин улстөрчид, уул уурхайн томчуудын хамгийн гол нууц хулгай лабораторийн аргаар явагддаг аж. 
 
Тодруулбал, “Тавантолгой” ХК, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс силверс ресурс” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК тэргүүтэй төрийн өмчит уурхайнууд болон бусад хувийн уурхайнуудын алт, зэс, жонш, мөнгө, нүүрсний 10 хүрэхгүй хувийг Геологийн төв лаборатори, үлдсэн 90 гаруй хувийг нэр бүхий дөрөвхөн компанийн лаборатори монопол эрхтэйгэр шинжилдэг юм байна.  Өөрөөр хэлбэл, уул уурхайн компаниудын олборлож буй нийт ашигт малтмалыг 100 хувь гэж үзвэл, “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ буюу Геологийн төв лаборатори 10 хувийг нь, “Хан лаб” ХХК-ийн лаборатори 20 хувь, “Алс групп” ХХК-ийн лаборатори 30 хувь, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн лаборатори 30 хувь, “Гео-аналитик” ХХК 10 хувийг нь тус тус шинжилдэг ажээ. Улсдаа ганцхан байдаг төрийн өмчит Геологийн төв лаборатори хувийн хэдхэн лабораторид шахагдаж, төрийн өмчит уурхайнууддаа ч тоогдохоо больчихсон байгааг эндээс харж болно. 
 
Хамгийн ноцтой нь, хувийн хэдхэн лаборатори уул уурхайн салбарт монопол тогтоосны цаана хоёр төрлийн хулгай үйлдэгдэж байдаг гэнэ. Нэгдүгээрт, төрийн болон хувийн хэвшлийн уурхайнууд хувийн лабораториудтай хуйвалдаж, алт, нүүрс, жонш, зэсийн агууламжийг зориудаар дарж дүгнэлт гаргуулах нь татвараас зугтах шалгарсан арга нь аж. Илүү тайлбаргүйгээр нэг тод жишээг эргэн сануулъя. Салхитын мөнгөний ордыг төрийн өмчид авч “Эрдэнэс силверс ресурс” ХХК-д эзэмшүүлэхээс өмнө тус ордод БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Жи Пи Эф” ХХК олборлолт явуулж байв. Тэгвэл 2016 онд “Жи Пи Эф” ХХК-ийн удирдлагууд нь Геологийн төв лабораторийн удирдлагуудтай хуйвалдаж, Салхитын ордоос олборлосон баяжмалын мөнгөний агууламжийг зориудаар дарж, хуурамч шинжилгээний бичгээр хил гаргаж байсан нь ил болж багагүй дуулиан дэгдээж байв. Тодруулбал, Салхитын ордын нэг тонн баяжмал нь 2015 онд дунджаар 1400 грамм мөнгөний агууламж байдаг байсан. Гэтэл “Жи Пи Эф” ХХК-ийн удирдлагууд 2016 оноос Геологийн төв лабораториос “Нэг тонн нь 425 грамм агууламжтай” гэсэн хуурамч шинжилгээний хариу гаргуулан хил давуулж байсныг хууль хяналтынхан тогтоосон байдаг. Шалтгаан нь, “Жи Пи Эф” ХХК-ийнхан 425 грамм мөнгөний агууламжтай баяжмал хил гаргах нь 1400 грамм агууламжтай баяжмал гаргахаас гурав дахин бага татвар төлөх учраас ийм луйвар хийж байсан хэрэг л дээ. 
 
Хоёрдугаарт, алт, нүүрс, зэсийн баяжмалд асар олон төрлийн газрын ховор болон ховор элементүүд дагалдаж байдаг. Гэтэл хувийн лабораториудтай хуйвалдах замаар дагалдах элементүүдийг нь нууцалдаг. Ингээд хилийн цаана гаргаад баяжмалаасаа дагалдах элементүүдийг нь салгаж аваад өндөр үнээр худалддаг гэх. Жишээ нь, “Оюу толгой” компани л гэхэд зэсийн баяжмал гэх ерөнхий нэрээр 21 төрлийн дагалдах элементийг ямар ч татваргүй хил гаргадаг ноцтой асуудал яригддаг. Тэгэхээр төрийн болон хувийн уурхайнуудын зэс, нүүрс, алт, мөнгөний баяжмалыг дагаад асар их хэмжээний байгалийн баялаг ямар ч хувийн хэдхэн лабораторийн дүгнэлтээр хараа хяналтгүйгээр, ямар ч татваргүйгээр гадагшаа гарч байгаа гэсэн үг. 
 
Тэгвэл бид салбараасаа шахагдаж байгаа Геологийн төв лаборатори болон уул уурхайн салбарт монопол тогтоосон “Хан лаб” ХХК, “Алс групп” ХХК, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК, “Гео-Аналитик” ХХК гэх дөрвөн лабораторийн эздийг танилцуулж байна. 

УУХҮ-ИЙН САЙД Ж.ГАНБААТАРЫН ТОМИЛСОН ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН ДАРГА Д.МӨНХБААТАР НЬ УБТЗ-Д ХАМГААЛАГЧ БАЙЖЭЭ 

      УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар салбарынхаа цөм болох Геологийн төв лабораторийн даргаар химич биш, геологич ч биш, хаа холын “Улаанбаатар төмөр зам”-д хамгаалагч байсан, өөрийнхөө дүүргийн ИТХ-ын төлөөлөгч залууг томилжээ. Тодруулбал, “Геологийн судалгаа-шинжилгээний төв” ТӨҮГ буюу Геологийн төв лабораторийг одоо Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Дуламсүрэнгийн Мөнхбаатар гэх залуу удирдаж буй. Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, Сэлэнгэ аймгийн Сант суманд өссөн. 2003 эхлэн “УБТЗ” ХНН-т хамгаалагч, хяналтын байцаагчаар ажиллаж байсан. 2016 оноос Баянгол дүүргийн МАН-ын хороонд давхар ажиллах болж, улмаар 2020 оны орон нутгийн сонгуулиар  МАН-аас Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Түүгээр зогсохгүй, Баянгол дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар, Засаг дарга Ө.Сумъяабаатарын орлогчоор тус тус давхар томилогдсон байгаа юм. Гэтэл УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын тушаалаар 2023 оны нэгдүгээр сарын 13-нд Геологийн төв лабораторийн захирлаар томилогдож, ИТХ-ын төлөөлөгч, бүлгийн дарга, Засаг даргын орлогч, лабораторийн дарга гэх дөрвөн давхар сэтэртэй болжээ. Товчхондоо, Баянгол дүүргийн “эзэн” гэгдэх болсон УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын “тавиул” юм. 
 
Улсдаа ганц байдаг, уул уурхайн салбарт хяналт тавьж байх ёстой Геологийн төв лабораторийнхоо даргаар төмөр замын хамгаалагч байсан хүн томилчихоор хувийн лабораториудад шахагдаж, салбараасаа шахагдах нь арга ч үгүй биз. 
Тайлбар: УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Геологийн төв лабораторийн дарга, БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхбаатар

“ХАН ЛАБ” ХХК-ИЙГ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Б.МЭДРЭЭГИЙН ЭХНЭР ЭЗЭМШДЭГ

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс, “Монголросцветмет” ТӨҮГ-ын жонш, төмрийн хүдэр, алт, “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн мөнгө, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-уудын зэсийг “Хан лаб” ХХК-ийн лаборатори шинжилдэг. Өөрөөр бол, эхэнд дурдсанчлан нийт ашигт малтмалын дээжийн 20 орчим хувийн шинжилдэг монопол компани. Тэгвэл “Хан лаб” ХХК-ийг Цэзээгийн Отгонзаяа гэх эмэгтэй эзэмшиж, удирддаг. Ц.Отгонзаяа нь Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч асан Б.Мэдрээгийн эхнэр. Б.Мэдрээ “Сахал” Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгчөөс гадна “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “Капитрон” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн. Харин одоо Монголын банкны холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Товчхондоо, улстөрчид, уул уурхайн бизнесийнхэн дунд асар нөлөөтэй нэгэн. Тиймдээ ч түүний эхнэрийн “Хан лаб” ХХК нь лаборатори нь томорсон биз. Сонирхуулахад, “Хан лаб” ХХК нь жонш, алт, мөнгө, нүүрс шинжлэхээс гадна Гаалийн ерөнхий газрын харьяа Гаалийн төв лабораторид лабораторийн шилэн сав, урвалж бодис, дээжний сав, хэмжилтийн тоног төхөөрөмжийг нийлүүлдэг ажээ. Зөвхөн 2020 оноос хойш л гэхэд Гаалийн төв лабораторид 1.4 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ. 
Тайлбар: ХХБ-ны Ерөнхийлөгч асан Б.Мэдрээ, "Хан лаб" ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Отгонзаяа

“АЛС ГРУПП” ХХК-ИЙГ ЭЗЭМШИГЧ Ш.ОДБИЛЭГ НЬ УУЛ УУРХАЙН САЛБАРЫН БҮХ Л “МУУ НЭРТЭН”-ҮҮДТЭЙ ХОЛБОГДДОГ

      “Эй Эл Эс” лаборатори буюу “Алс групп” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс, “Эрдмин” компанийн катодын зэс, “Оюу толгой”-н алт, зэс, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний дээжийг шинжилдэг. Мөн л монопол эрхтэй компани. Тэгвэл “Алс групп” ХХК-ийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “АLS inspection UK” компани болон Ширнэнгийн Одбилэг хамтран эзэмшдэг. Харин гүйцэтгэх захирлаар Ш.Одбилэг өөрөө ажилладаг бол Санхүү, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар нь Ш.Одбилэгийн эхнэр Ө.Наранчимэг ажилладаг аж. 
 
Тайлбар: "Алс групп" ХХК-ийг эзэмшигч Ш.Одбилэг
   “Алс групп” ХХК-ийг эзэмшигч Ш.Одбилэг нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягаас нүүрсний дээж шинжлэх 11 тендерт авч, 12.3 тэрбум төгрөгийн санхүүжилт халаасласан асуудлаараа өнгөрсөн сард “Нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголд дуудагдсаныг санаж буй байх. Хамгийн ноцтой нь, уул уурхайн бүтээгдэхүүний 30 орчим хувийг шинжилдэг “Алс групп” ХХК-ийг эзэмшигч Ш.Одбилэг нь уул уурхайн салбарын бүхий л “муу нэртэн”-үүдтэй холбоо хамааралтай нэгэн аж. Түүний аалзны тор мэт сүлжээг товч танилцуулъя. 
 
1. Ш.Одбилэг нь Дамбадаржаагийн Наранхүүтэй “Бизнес инвестмент групп” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Д.Наранхүү нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нарын “нүүрсний хулгай”-н гол хамтрагч байсан гэх. Тиймдээ ч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдлагуудыг саатуулж эхлэхтэй зэрэгцээд 2022 оны арванхоёрдугаар сард хил гарч зугтсан. Улмаар Д.Наранхүүг өнгөрөгч намар Х.Нямбаатар “шувуу” ажиллагаагаар Хятадаас баривчилж авчирсан. Ноцтой нь, Д.Наранхүүгийн хамааралтай 10 орчим компани “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс зөөдөг. Мөн Д.Наранхүү “Монголын энх тайван, найрамдлын байгууллага”-ын дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бол Ерөнхийлөгчөөр нь алдарт Д.Загджав ажилладаг гэх мэт сүлжээ бий. 
 
2. Ш.Одбилэг Цэнддоржийн Эрдэнэбаттай “Нэгди процессор” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн Ш.Одбилэг нь Ц.Эрдэнэбатын эхнэр Н.Энхжаргалтай “Дижитал Номад Ди Эн” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж байсан. Тэгвэл Ц.Эрдэнэбат нь “Алтны магнат” гэгддэг байсан Ц.Мянганбаяртай “Алташ өнгөт металлс” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн Ц.Эрдэнэбат, түүний эхнэр Н.Энхжаргал нар Ц.Мянганбаярын охин М.Маралтай “Сейфтек сийл” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж байсан. Цааш хөөвөл, Ц.Эрдэнэбат нь “Лицензийн наймаачин” гэгддэг байсан Амалхааны Эрдэнэбатын төрсөн дүү Амалхааны Бадрахтай “Гүүмэл” ХХК-ийг хамтран эзэмшдэг гэх мэт ноцтой сүлжээ гарч ирнэ. 
 
     Сонирхуулахад, Ш.Одбилэгийн бизнесийн хамтрагч Ц.Эрдэнэбат нь 1999-2008 он УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан. Харин эхнэр Н.Энхжаргал нь 2004 оноос хойш “МCS”-ийн охин компаниудын гүйцэтгэх захирал, төслийн удирдагчаар ажиллаж иржээ. Тухайлбал, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн “Интерпресс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Спирт бал бурам” ХХК-ийг “MCS”-ийн харьяанд байх үед маркетинг хариуцсан дэд захирал, “М Си Эс холдинг” ХХК-ийн төслийн удирдагчаар тус тус ажиллаж байжээ. 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРС, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ЗЭСИЙГ ШИНЖИЛДЭГ “ЭС ЖИ ЭС АЙ ЭМ ЭМ И МОНГОЛИА” ХХК-ИЙГ ОФФШОРТ БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИ ЭЗЭМШДЭГ

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн тал хувийг “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК шинжилдэг. Тэгвэл “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийг оффшор бүс буюу Швейцарт бүртгэлтэй “SGS SA” компани эзэмшдэг. Харин гүйцэтгэх захирлаар нь БНХАУ-ын иргэн Ян Ян Ли Шин гэгч ажилладаг бол үйл ажиллагаа хариуцсан менежерээр нь Л.Анхбаяр гэх эмэгтэй ажилладаг ажээ. 
 
Ноцтой нь, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК нь “нүүрсний хулгай”-н хэрэгт хутгалдчихсан явж байгаа. Тодруулбал, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК нь “Элгэн” ХХК, “Литопро” ХХК, “Инженер геодези” ХХК-уудтай “Хамтарсан түншлэл” байгуулан, 2022 оны аравдугаар сарын 25-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай 69,7 тэрбум төгрөгийн дүнтэй “Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Улмаар энэ гэрээгээ улсын нууцад оруулж хав дарсан байсныг Засгийн газраас ил болгосон байдаг. Энэхүү 69.7 тэрбум төгрөгийн нууц гэрээ Б.Ганхуягийн хэрэгт шалгагдаж буй. 

“ГЕО-АНАЛИТИК” ХХК-ИЙГ УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Э.ХҮРЭЛБААТАРЫН ОХИН, ТӨРСӨН ДҮҮ ХОЁР ХАМТРАН ЭЗЭМШДЭГ

      “Гео аналитик” ХХК-ийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор асан Э.Хүрэлбаатарын төрсөн дүү Э.Мөнхбаатар эзэмшдэг. Харин “Гео аналитик” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Э.Хүрэлбаатарын охин Х.Мөнхзул ажилладаг. Э.Хүрэлбаатар нь Г.Мөнхбаярыг Хотын дарга байх үед буюу 2010-2012 онд Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор томилогдон ажиллаж байсан, “Хотын фракц”-ын нэг төлөөлөл. Өдгөө “Гео-Аналитик” ХХК нь Э.Хүрэлбаатарын эзэмшдэг Улаанбаатар чуулгын хажуугийн “Архитектор ордон”-д байрлаж, үйл ажиллагаа явуулдаг. 
Тайлбар: "Гео-Аналитик" ХХК-ийг эзэмшигч Э.Мөнхбаатар

ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ХАДАМ АХЫНХ НЬ ЭХНЭР УДИРДДАГ

     Эцэст нь, хилээр гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний дээжинд ГЕГ-ын харьяа Гаалийн төв лаборатори ёс төдий шинжилгээ хийдэг. ГЕГ-ын харьяа Гаалийн төв лабораторийн даргаар Сэд-Очирын Цэрэнчимэд гэх эмэгтэй ажилладаг. Харин С.Цэрэнчимэд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хадам ах, ОБЕГ-ын дэд дарга Л.Болдбаатарын эхнэр юм. 
 

АШИГТ МАЛТМАЛЫН ДЭЭЖИЙГ ШИНЖИЛДЭГ МОНОПОЛ ЛАБОРАТОРИУДЫН АРД ХЭН БАЙДАГ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 22
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-21 13:14:37
    Dd: Naad huviin labaoratoriud chini bolov son huchin,oligtoi bagaj teheeremj baihgui MUIS, ShUTIS-l labotatoriudad guilgaar hiilgej baigaa daa Baigaliin orchnii unelgee hiideg kompaniud ch yalgaagui
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-25 11:38:29
    zochin: Том мөнгөн дүнтэй ажлыг мэдээж төрийн өмчит лабораторит хийлгэхгүй, өгөхгүй ш дээ, цаана нь хувааж авахаар тохирсон хувь хэмжээ гэж байна. АТГ эдгээр хувийн лабораториудыг нэг сайхан ажиллаад өгөөсэй дөө. Тэгээд төр байгууллага руу манайх олон улсын лаборатори гээд томроод суугаад байдаг. Гаалийн лаборатори яахлээрээ хувийн компанитай ийм олон тэрбумын гэрээ байгуулж байдаг юм. Шалгах хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-24 23:27:08
    Зочин: Яанаа улс өөрөө шинжилгээ хийдэг, хяналтаа тогтоодог хүчирхэг бх ёстой биз дээ хэдэн хувийн болон гадны лабораториор шинжилгээгээ хийлгэчээд ямарч агуулгатай ямар баялагаа алдаж байгаа мэдэхгүй л юм бна лдаа мэдэгдсэн нүүрс бна цааших нь бол тодорхой болчлоо бүгд хулгайч нар. Улсын лаборатори хувьд шахуулаад манай төрийн бж бгаа царай арай юмаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-17 08:55:52
    Зочин: Ийм байхад Монгол хөгжихгүй сүйрнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-17 08:05:36
    Хүн: Үe упмаараа үхэж далд орж үз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-16 19:53:24
    Өлзийнасан: Хүрэлсүх л бүгдийг нь байдаг юм шив дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-16 18:17:10
    Geology: Геологийн тал дээр Геологи Судалгаа шинжилгээни төвтэй холбоотой үнэнийг мэдээллэсэн байна улсын баялагаа хараат байлгах хэрэгтэй шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-16 16:09:41
    Өвгөн ах: За за болилдоо.Хулгайгүй юм гэж энэ улсад байна уу.Бүгдийг буудах юмсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-16 14:54:37
    Х: Энэ асуудлыг цаашид нь яаж шийдэх вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-16 14:13:49
    Budee: Юу вэ бас
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-16 11:05:12
    Н.Батболд: Юун хамгаалагч вэ? Естой дүүрсэн хулгайчид юм аа! Арай ч дээ. Энэ улсыг ингэж авч явах ч гэж дээ. Гудамжны гуйлгачинд мөнгө шидэж өгдөг ... гэдэг нь түүнээс хурдан холдож зайлах гэдэгтээ юм гэсэндээ - ард түмэнд жил болгон хаялага шиддэг уламжлал заншил болжээ ... ардчилал бол анархи биш шүү... Гүндалай гаас эхлээд ЖАНШИЛ болжээ ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-16 11:03:27
    Хөдөөнөөс: Яасан айхтар гинжин холбоос вэ.Бүгдийг нь халж солих хэрэгтэй.Авилгалд өртөхгүй , ажил мэргэжилдээ ЭЗЭН БОЛОХзалуу боловсон хүчнүүд ЭД НАРТАЙ ТЭМЦЭЛ ХИЙГЭЭСЭЙ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-16 09:59:18
    Бат: Бүгдийг нь тонилгож байж Монгол хөгжинө. Юун хамгаалагч. ГТЛ ын даргавэ Ганбаатар. Хүүрээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-16 09:31:25
    П,Очирхуяг : Монголын ард түмний өмч эрдэс баялаг энэ хэдэн хувалзны гарт дуусах нь байна даа Хамгийн түрүүнд Геологийн төв лаборатори, Геологийн судалгааны төвийг мэргэжлийн хүнд өгмөөр байна Болдогбол маргааш мэргэжлийн хяналтын дунд тендер задлаад л
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-16 08:12:07
    Өлзий: Үнэхээр аймаар луйварчид юмаа...ийм байхад Улс эх орон маань яаж хөгжих юм бэ....ингэж бна ингэж иддэгийн бна тйм байдалтай нийлж хуйвалдаж ингэж албан тушаал наймаалцдагийн байна гэхийн оронд арга хэ жээгий нь авал даа....шаал худлаа л сүржигнээд байхын ...ядарсан ард иргэдээ л барьж ичдчих гээд л худлаа үнэг ярьж жаахан үг хэлж сөрсөниыг нь аваачиж хориод л нийлээд джугарвал ам руу нь шүлс мэт хэдэн ьөгрөг нэмсэн болж хуураад л....Яачихсан улс ямар эрх ямбатай дээдсүүд гэхээрээ ийм сувдаг шунахай сэтгэл эй ухамсар дорой харалган байдаг байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-16 00:28:47
    Иргэн: Сонгууль болно.доо гайгүй бузруудыг шүүрдэх цаг ирэх л байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-15 23:10:09
    Раднаасэд: Бүх юмны ард Гааль бас Раднаасэд бх юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-15 16:30:28
    Сараачигчид зориулав: Худалдан авагч тал аль болох бие даасан 3дагч лабораторын шинжилгээг нэхдэг юмаа. Төрийн эзэмшлийн лаб-с хуурамч гаргуулсан тухай өөрөө биччээд тэгээд шинжлүүлдэггүй гэж дүнхүүрэхээ болино уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-15 14:22:18
    зочин: Бас дахин нэг хулгай суваг ил гарлаа ер нь улс оронд минь бүх салбарт хулгай нүүрлэж ийм байхад улс орон яаж хөгжих үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-15 12:23:30
    Зочин: Лабораторийн үр дүн ямар үүрэгтэйг ч мэдэхгүй байгаа нь харамсалтай. Геологийн төв лаборатори ямар сайхан байгууллага байлаа. Одоо нэгтгэж салгаж бгаа нэрээр мэргэжлийн бус хүмүүс очиж баахан мэргэжлийн бус хүмүүс аваад сөнөөж байгаад хувьчилна л гэж харж байна да
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-15 10:46:26
    Зочин : Энэ лаборториуд байгаль орчныг яаж сүйдэлдэг билээ. Эс Жи Эс монголиа бол маш хортой химийн бодис ашигладаг түүнийгээ шууд сантехникийн шугам руу цутгадаг,энийг нь хянадаг газар гэж байхгүй дээ.Жоохон байж багад нэрээ сольдог хамгийн түрүүнд хаавал зохих хорт лаборатори шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-15 10:28:11
    irgen: arai l bn shuu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188