• Өнөөдөр 2024-04-30

ЯЛЛАГДАГЧ НАРАА “ЗУГТААЛГАСАН” ЯДРУУХАН СОНСГОЛ

2023-12-26,   627

  Ардын намынхан бүтэн жил хагас шийрэгнэж байж, шинэ жилийн баяр, шатахууны хомсдолтой хавсарган нүүрсний сонсголоо зохион байгуулав. Түр хорооны дарга Б.Энхбаяр нүүрсний сонсголд нам харгалзахгүй, ах дүү, анд нөхөд гэхгүй, том, жижиг гэхгүй бүгдийг нь дуудаж, “турсага”-ыг нь хуулах аятай сүржин мэдэгдлүүд хийж байсан. Атал том нүүрсчдээ Тусгаар тогтнолын ордондоо нуучихсан, яллагдагч нараа зугтаалгачихсан, ядруухан сонсгол боллоо. Хэрвээ сонсголд нүүрсний хулгайн жинхэнэ "акул"-уудаа оролцуулбал сонгуулиас өмнө "сүйрнэ" гэдгээ тооцоолсон бололтой, Ардын нам. 

ЯЛЛАГДАГЧ Ж.МӨНХБАТЫГ ДАХИАД СОЛОНГОС РУУ “ЗУГТААЛГАЖЭЭ”

 
УИХ-ын гишүүн асан, “нүүрсний хулгай”-н яллагдагч Ж.Мөнхбат сонсголд дуудагдсан ч суусангүй, Солонгос руу “шувуу” болоод нисчихжээ. Сургийг нь гаргавал, Тусгаар тогтнолын ордон хавиар сонсголын тов дуулдаж эхлэхтэй яг зэрэгцээд буюу өнгөрсөн аравдугаар сард Солонгос яваад буцаж ирээгүй. “Сонсгол дуустал Солонгост амарч байгаад ир” гэж хэн нэгэн түүнд шивнэсэн, эсвэл тэгж тохирсон аятай явсан хугацаа нь яг давхцаж байх ажээ. 
 
     Ж.Мөнхбат “нүүрсний хулгай”-н хэрэгт яллагдагчаар татагдахаасаа яг сарын өмнө мөн л Солонгос руу зугтчихаж байлаа. Тодруулбал, тэр өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд “Ээжийгээ эмчлүүлнэ” гэх шалтгаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгчихөөд, тэр өдрөө Солонгос явсан. Түүнийг явснаас 28 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 28-нд АТГ-аас яллагдагчаар татсан байдаг. Улмаар Ж.Мөнхбат дөрөвдүгээр сард буцаж ирж АТГ-т нэг удаа байцаалт өгчихөөд, долдугаар сард Архангай аймгийнхаа 100 жилийн ойд оролцож, аравдугаар сард дахиад явчихсан ажээ. Өөрөөр бол, Ж.Мөнхбат жил тойрон Солонгос, Монголын хооронд амьдарч, нүүрсний хэрэгтэйгээ нүүр тулахаас зугтсаар өдий хүрч байна. Дээр дурдсанчлан, яг нүүрсний хулгай нь яригдах болхоор явчихаад байгаагаас нь үзвэл Ардын намын удирдлагууд түүнд туслаад байгаа нь илт. 
 
Хэргийнх нь тухайд, Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Ариунболдыг томилж, түүгээр дамжуулан нүүрсэнд гүнзгий “гар дүрж”, тус компанийн нүүрсний квотыг дамладаг байсан гэх сэжүүрүүд бий. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ариунболд саяны сонсголын үеэр ч “Ж.Мөнхбат гэдэг хүн ЗГХЭГ-ын даргын хувиар намайг хариуцдаг, намайг шууд удирдлагаар хангадаг байсан. Би түүнд бүх ажлаа тайлагнасан байсан, үнэн” гэж хүлээж байна лээ. Цаашилбал, Ж.Мөнхбат Б.Ариунболдыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед Хүүхдийн паркийн хажууханд 2.0 тэрбум төгрөгөөр орон сууц худалдаж авсан баримт бий. Мөн өөрөө төсвийн цалингаас өөр орлогогүй, эхнэрийнхээ нэр дээр оёдлын жижигхэн үйлдвэрээс өөр ологогүй гэх атлаа 2020 онд хоёр найзтайгаа хамтарч Богдхан уулын Жаргалантын аманд тансаг зэрэглэлийн 46 хаус барьж худалдсан илүү ноцтой баримт ч бий. Товчхондоо, Ж.Мөнхбат сонсголд биечлэн оролцсон бол нүүрсний илүү том хулгай яригдах байв. Тиймдээ ч Ж.Мөнхбатыг “зугтаалгасан” биз. 

АРДЫН НАМ Т.АЮУРСАЙХАНЫГ Б.ГАНХУЯГТАЙ ХАМТ “ХАВ ДАРАВ”

    УИХ-ын гишүүн асан, “нүүрсний хулгай”-н яллагдагч Т.Аюурсайхан сонсголд дуудагдсан ч “бие өвдсөн” шалтгаар суусангүй. Хууль хяналтынханд шалгагдаад, авлига, хулгай нь илрээд эхэлмэгц архаг хууч нь сэдэрдэг нь Ардын намынхны шалгарсан заль л даа. Нөгөөтээгүүр, сонсголоор Т.Аюурсайханы нүүрсний хулгайг ярих болбол заавал “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг хулгайг хамт ярих, түүнийг дуудах шаардлагатай болно. Тэгэхээр Т.Аюурсайханыг сонсголд зориуд суулгаагүй, зугтаалгачихсан гэвэл үнэнд илүү ойр байх. 
 
Учир нь, Б.Ганхуягийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал байх хугацаанд Т.Аюурсайхан тус компанийн албан бус захирал аятай л байсан. Өөрөөр хэлбэл, Т.Аюурсайхан Б.Ганхуягийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болсноос хойш тус компанийн нүүрсний квотыг дамлах, өндөр дүнтэй тендерүүдийг хуваарилах ажилд шууд оролцдог байсан баримтууд бий. Улмаар Т.Аюурсайхан 2019 оноос оноос угшил сайтай адуунд мөнгө хайрлахаа больж, ам нээвэл ам.доллар ярьдаг болж, илтэд хөрөнгөжөөд эхэлсэн. Хүй долоон худагийн Дааган толгой, Дорнод аймгийн Хөлөнбуйрт тус бүр 100 адууны жүчээтэй ч болж амжсан. 
 
Цаашилбал, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёрын “нүүрсний хулгай”-д голлох үүрэгтэй оролцож байсан шадар туслах И.Даваадорж нь Ар гүнтийн аманд “Ар гүнт вилла” нэртэй, нийт 69 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон барьсан. Тэд тус хотхоны хаусуудыг нийт 20 тэрбум төгрөгөөр зарж, “мөнгө угаасан” хэргээр шалгагдаж байгаа. Мөн Т.Аюурсайханы туслах И.Даваадорж нь Богдхан уулын Арцатын аманд 1.5 га газар авч, тус газар дээрээ 39 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон барихаар газар шорооны ажлаа эхлүүлээд байхдаа баригдсан. И.Даваадоржийн гэрт нэгжлэг хийх үед бэлнээр 100 сая төгрөг гарч ирсэн бөгөөд “Сity garden” хотхонд орон сууцтай, “Ланд-200” маркийн автомашинтай болж, хууль бусаар хөрөнгөжсөн байсан нь тогтоогдсон байдаг. 
 
Хэрвээ Т.Аюурсайханыг сонсголд оролцуулж, нүүрсний хулгайн баримтуудыг нь бүрэн эхээр нь нийтэд дэлгэсэн бол Төрийн ордонд “гал гарч”, түмний уур буцлах байсан. Тиймдээ ч Ардын намынхан нэрээ бодож, Т.Аюурсайханыг “зугтаалгасан” биз. 

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н АНХНЫ 17-ГИЙН НЭГ Ш.РАДНААСЭДИЙГ ДУРССАН Ч ҮГҮЙ

      УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд АТГ-аас анхны 17 нүүрсчний нэгээр зарлаж байв. Гэвч түүнийг сонсголд дуудсан ч үгүй, суусан ч үгүй. Уг нь, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ариунболдын гол хамтрагчдынх нь нэг нь Ш.Раднаасэд. Тодруулбал, Д.Ариунболдыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нүүрс худалдах, тээвэрлэх гэрээг хэнтэй, хэдэн төгрөгөөр хийх гэх мэт хамаг “хор”-ыг хамт хутгалцаж, дундаас нь ашиг хүртэж байсан байж болзошгүй маш ноцтой баримтууд бий. Түүгээр зогсохгүй, Д.Ариунболд 2020 оны УИХ-ын сонгуулиар Говь-Алтай аймгаас нэр дэвших санаархал тээж, Ш.Раднаасэдийг дагаж Говь-Алтай аймгийн сумдаар хоёр бүтэн тойрч, сумдын эмнэлэг, цагдаагийн газруудад автомашин, мотоцикл, малчдад өвс тэжээл, гарын бэлэг тараасан байдаг. Товчхондоо, Б.Ариунболд, Ш.Раднаасэд нар “нүүрсний хулгай”-д хоршиж оролцсон, тэгээд болоогүй “нүүрсний хулгай”-н мөнгөөр сонгуульд бэлдэж байсан байж болзошгүй ноцтой баримтууд гарч ирсэн учраас АТГ-ынхан түүнийг шалгаж, анхны 17 нүүрсчний нэгээр зарласан байдаг. 
 
Цаашилбал, өнгөрсөн есдүгээр сард Засгийн газрын “шувуу” ажиллагаагаар хятадаас Д.Наранхүү гэгчийг “шүүрч” авчирсан. Хамгийн ноцтой нь, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдлагууд баривчлагдаж, нүүрсний хулгайн дуулиан дэгдмэгц буюу 2022 оны арванхоёрдугаар сард Солонгос руу гарч, улмаар зүсээ хувилган Шанхай, Макао, Бээжингээр дамжин орогнож байсан “шувуу” Д.Наранхүү гэгч нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бие төлөөлөгчөөр ажиллаж байсан, нүүрсний хулгайн хамаарал бүхий этгээд нь болж таарсан. Илүү ноцтой нь, Д.Наранхүү гэгч нь “Божманайзууд” ХХК, “Гранд феликс” ХХК, “Аз хур трэйвел” ХХК, “Эм Эн Жи Си Эн” ХХК, “Шижир гэгээ” ХХК, “Ар Си Эм транс” ХХК, “Алоха систерс” ХХК-уудаар дамжуулан “Эрдэнэс тавантолгой” ХК-уудаас нүүрс тээвэрлэж ирсэн байдаг. Сонсголын үеэр дээрх компаниуд нэр дурдагдсан боловч Д.Наранхүүг, цаашлаад Ш.Раднаасэдийг огт дурсахгүйгээр дарагдуулж өгсөн. 
 
Товчхондоо, Ардын нам Говь-Алтайн фракцын том төлөөлөл Ш.Раднаасэдийг нүүрсний хулгайн хэргээс нь мулталж үлдлээ. 

“ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ЦААД ЭЗДИЙН НЭГ Н.НАРАНБААТАР ГАНЦХАН ШИРХЭГ “ЛАНД-105”-ЫН ХЭРЭГТЭЙ МУЛТРАХ УУ 

      “Нүүрсний хулгай”-н хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар таван жил, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил, Засаг даргаар дөрвөн жил, Өмнөговь аймгийн МАН-ын даргаар таван жил тус тус ажилласан. Тиймдээ ч Н.Наранбаатар “нүүрсний хулгай”-н хэрэгт гүнзгий хутгалдсаныг хууль хяналтынхан илрүүлж, яллагдагчаар татсан байдаг. Хоржоонтой нь, нээлттэй сонсголд яллагдагч Н.Наранбаатарыг дуудсангүй. Ердөө “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар 2004-2009 онд ажиллахдаа “Land cruiser-105” автомашин урамшуулалд авсан гэх ганц өгүүлбэрээс өөрөөр Н.Наранбаатар нэрийг дурдсан ч үгүй. 
 
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Очгэрэл нь “Өлзийт ойл” ХХК, “Жавхлант оч транс” ХХК, “Сэрсэн говь” ХХК, “Эвт повер майнинг” ХХК-ийг эзэмшдэг. Эдгээр компани нь нүүрс тээврийн компаниуд. Тухайлбал, Н.Очгэрэл нь “Эвт повер майнинг” ХХК-ийг “Хос тамга групп” ХХК, “Энбо тайж транс” ХХК-уудтай хамтран эзэмшдэг. “Энбо тайж транс” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 187 автомашинаар нүүрс тээвэрлэдэг байсан. Харин “Хос тамга групп” ХХК нь Хонконгийн “Аnda investment international” компанитай хамтран “Оюут болор эрдэнэс” ХХК-ийг эзэмшдэг. “Оюут болор эрдэнэс” ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд нүүрс угаах үйлдвэр барьж байгаа. Гэх мэтээр УИХ-ын гишүүн Н.Наранбаатартай холбоотой нүүрсний компаниудын жагсаалт үргэлжилнэ. 
 
Цаашилбал, дээр цухас дурдсанчлан Н.Наранбаатар өөрөө 2004-2009 онд “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Улмаар 2016 онд Өмнөговь аймгийн Засаг дарга болмогцоо 10 жилийн ангийн найзуудыгаа “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, ТУЗ-ийн гишүүнээр тус тус томилон ажиллуулсан байдаг. Тухайлбал, Н.Наранбаатар 2017 онд 10 жилийн найз С.Мөнхбаярыг “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болгож, 2019 он хүртэл хоёр жил ажиллуулсан. Хоржоонтой нь, С.Мөнхбаяр нь био химич мэргэжилтэй, ЗӨСҮТ-д технологичоор ажиллаж байсан мөртөө ийнхүү Н.Наранбаатарын томилгоогоор “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар хоёр жил ажилласан байдаг. Мөн Н.Наранбаатар 2017 онд 10 жилийн найз Д.Батзоригийг “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилж ажиллуулсан. Д.Батзориг нь Н.Наранбаатарыг 2020 онд УИХ-д нэр дэвших үед сонгуулийн менежерээр нь ажиллаж, ачийг нь хариулсан байдаг. Гэх мэтээр Н.Наранбаатарын “Тавантолгой” ХК дахь ноёрхол үргэлжилнэ. 
 
Гэтэл Ардын намынхан УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг нээлттэй сонсголд дуудсангүй, нүүрсний хулгайн сэжүүрүүд нь баримттайгаа байсаар атал хав дарж, хамгаалж үлдлээ. Гол асуудал нь, Н.Наранбаатар Өмнөговь аймгийн МАН-ын хороог буюу тус аймгийн бүхий л том нүүрсчдийг “атгадаг”. Тиймдээ ч Ардын намынхан сонгууль хаяанд ирсэн энэ үед хамгийн баян аймгийн намын хорооны экс “эзэн”-ийг оролдохоос айсан биз ээ. 

АРДЫН НАМ ХАМГИЙН ТОМ “ХАНДИВЛАГЧ”-АА ХАМГААЛЖ ҮЛДЭВ

     УИХ-ын гишүүн Ц.Анандбазар уг нь АТГ-аас зарласан анхны 17 нүүрсчний нэг. Гэтэл түүнийг сонсголд дуудсангүй. Сонгууль хаяанд болоод ч тэр үү, Ардын нам хамгийн том “хандивлагч”-аа ийнхүү ил цагаан хамгаалж үлдлээ. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт “Эрдэнэс тавантолгой” ХК-тай шууд холбогддог олон сэжүүрүүд бий. Тодруулбал, Ц.Анандбазар “Сод монгол групп” ХХК-аараа л гэхэд 2018-2020 онд гурван удаагийн гэрээгээр 12 тэрбум төгрөгийн шатахуун “шахсан” байдаг. 
 
Цаашилбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг АТГ-аас УИХ-ын дарга асан З.Энхболдын хамаарал бүхий “Страто” ХХК-тай холбоотой хэргээр шалгаж буйгаа мэдэгдэж байв. Тодруулбал, УИХ-ын дарга асан З.Энхболдын дүү З.Хишигтогтох нь Ц.Анандбазарын “Содмонгол газ” ХХК-д хувь эзэмшдэг. Өөрөөр бол, З.Энхболд, Ц.Анандбазар хоёрын “гагнаас” нь З.Хишигтогтох. Цаашилбал, З.Хишигтогтох нь А.Баттүшиг гэгчтэй хоёр компани хамтран эзэмшиж, тухайн компаниуд нь З.Энхболдын “Интер” ХХК-ийн байранд оффислодог. Харин А.Баттүшиг нь “Страто” ХХК-ийн хувь эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. “Страто” нь “Эрдэнэс тавантолгой” ХК-аас хямд үнээр нүүрс худалдан авч, угааж баяжуулаад урагш нь гаргаж үнэ хүргэх зорилготой байгуулагдсан үйлдвэр. Ингэж харвал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт нүүрсний сонсголд нэн түрүүнд дуудагдах ёстой байв. Гэвч Ардын Ц.Анандбазарын хэргийг хав дарсаар, хамгаалж үлдлээ. 

З.ЭНХБОЛДТОЙ ХОРШИЖ, “МИНИ МАНАН” ҮҮСГЭСЭН Б.ЭНХ-АМГАЛАН НЭР ЦЭВЭР МУЛТРАВ

     УИХ-ын гишүүн, “нүүрсний хулгай”-н хэргийг яллагдагч Б.Энх-Амгалан нээлттэй сонсголд нэр төдий дууджээ. Өөрөөр бол, гэрчүүдийн жагсаалтад нэр нь орсон ч хэрэг нь яригдсангүй, олны өмнө өөрөө ч гарсангүй сонсголыг дуусгав. Уг нь УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн холбогдсон нүүрсний хулгайн хэргийн баримтуудыг иргэдэд ил болгосон бол бас нэгэн МАНАН тодорхой болох байв. 
 
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, УИХ-ын дарга асан З.Энхболдын хамааралгүй бүхий “Страто” ХХК-ийн нүүрсийг зөөх “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д Цогтцэций-Шивээговь чиглэлийн 407 км шороон замыг эзэмшүүлэх тушаал гаргасан байдаг. Тайлбарлавал, УИХ-ын дарга асан З.Энхболдын хамаарал бүхий “Страто” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс худалдан авч, улмаар Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байх нүүрс угаах үйлдвэртээ тээвэрлэн авч угаагаад, урагш нь гаргадаг. Энэхүү тээвэрлэлтирйг нь “Их дэлгэмэл ингүүн” ХХК гүйцэтгэдэг гэсэн үг. Харин Б.Энх-Амгалан ЗТХ-ийн сайд байхдаа хууль бусаар Цогтцэций-Чойр чиглэлийн шороон замыг “олон улсын чанартай авто зам” гэж бүртгээд, улмаар “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлж, тус замаар нүүрс тээвэрлэх эрх олгосон. Өөрөөр бол, Б.Энх-Амгалан З.Энхболдод нүүрс тээврийн замыг нь хууль бусаар бэлдэж өгч, давуу байдал олгосон, хариуд нь асар их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэргээр АТГ-т яллагдагчаар татагдсан. Гэтэл нүүрсний сонсголд Б.Энх-Амгаланг нэр төдий дуудсан болоод тайлбар ч авсангүй тавиад явуулчихав. 
    Энэ мэтээр Ардын намынхан АТГ-т яллагдагчаар татагдсан нүүрсний хулгайн жинхэнэ “акул”-уудаа нээлттэй сонсголоор ард түмний өмнө ил гаргасангүй, зугтаалгачихлаа. Магад, Ардын намын нүүрсний хулгайн жинхэнэ “акул”-ууд буюу яллагдагч нар нь нээлттэй сонсголоор нийтийн өмнө ам нээсэн бол ард түмэн хэдийнэ төв талбайд гарчихсан байх байсан биз. Түүнийг ч тооцоолж, Ардын намынхан “жарайхай”-нуудаар туг тахиад өнгөрөв бололтой. 
 

ЯЛЛАГДАГЧ НАРАА “ЗУГТААЛГАСАН” ЯДРУУХАН СОНСГОЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 09:15:22
    Зочин: Сонсголоор гэрчүүдийг дуудаж мэдүүлэг гаргуулсн гэдгийг энэ Цогтбаяр гэгч ерөөсөө ойлгоогүй юм байна. Дээр нэр дурьдагдсан этгээдүүдийн авлига авсан байж болох, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болох, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон г.м үйлдлүүдэд нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа тул хуулийн байгууллагуудын ажлыг шүүрэн авч поопорлолгүй, УИХ-аас олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд сонсголыг сайн зохион байгууллаа гэж бодож байна. Ер Энхбаяр сайд өндөр мэдлэгтэй, тулхтай сайн хуульч гэдгээ харуулж чадлаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсч, мөнгөний хүчээр бүхнийг шийдэх гэсэн хар хүчинтэй хийж байгаа хүч тэнцвэргүй тулаанд зориг мохож болохгүй шүү гэж захимаар байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-27 08:48:51
    яя: метро бэнзины үйлдвэрээ барих мөнгөггүй төр дахиад л зээлээс зуурах байх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 15:21:51
    Ролмаа: Нүүрснтй худгай тендерийн хулгайч төсвийн рулгайч өмнөговийн ралтар ухна Н.НАРАНБААТАРЫГ бөгсбөөрнтй явдалаар нь бичир хэрэгтэй. Хэдийгээр хүний эрхийн ? Блдовч төрийн хүнд ёс суртахуун гэж байх ёстой. Өм/гоюьд байгаа ихнр хүүхэдтэй авгайгаа яаж тэжээж байгааг нь слниоох. Бушуу ялал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 12:47:53
    Тогтохгүй.: Н.нарагбаатар чл авна. Аюахгүй блл юу ыолохыг хараарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 10:53:04
    Шүүр: Цогтбаяр гэгчээ чиний эрэн сурвалжилна гэж ёстой нохойн бөгс долоо.!!! Чам шиг юм тэр сэдэвээр ыичдэггүй байхгүй юу? Чамд хэн гээч нв хэдэн төг амалаад чамайг ийм бичүүлсэн бэ? Эхэлээд бичих зүйлээ ёайн судал ойлго. Одоо үүнд чинь итгэх хүн нэгч байхгүй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188