• Өнөөдөр 2024-04-30

СОНСГОЛ: “ГОЛОМТ”-ЫН Д.БАЯСГАЛАН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА ХОЁРЫН БҮТЭЛГҮЙ ХОРШИЛ БУЮУ МУХАР ТӨМӨР ЗАМЫН БАЛАГ

2023-12-22,   6519

     Нүүрсний хулгайн Нээлттэй сонсгол эхэлсэн цагаас “Голомт”-ын Д.Баясгалан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга хоёрыг “хөтлөлцөөд” орж ирэхийг харахыг хүссэн, хүлээсэн хүн олон байсан. Харамсалтай нь, Х.Баттулга сонсголд суусангүй, “шувуу” болоод нисчихжээ. Харин “Голомт”ын Д.Баясгалан биечлэн оролцов. 
 
Өмнө нь Худалдаа хөгжлийн банкны “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийг “Монголын эзэн” гэцгээдэг байлаа. “Эрдэнэт”, “Дарханы төмөрлөг”, “Хөтөл”, “Монголросцветмет”, “Багануур” гээд бүгдэд эзэн суухыг ид санаархаж явах үед нь түүнийг ингэж “авгайлдаг” байв. Ямар сайндаа л Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж “Эзнийхээ царайг харчихаад үхэх юм сан” гэж “санааширсан” байх вэ дээ. Харин одоо “Голомт”-ын Д.Баясгаланг “Монголын эзэн” гэцгээдэг болжээ. Хууль зүйн сайд Б.Энхбаяр өчигдөр өөдөөс харж байгаад “Д.Баясгалан бол монголын төрийг, хууль, шүүхтэй нь худалдаад авчихсан гэж итгэдэг, түүндээ эрддэг хүн” гэж олон нийтэд онцгойлон танилцуулав.
 
“Голомт”-ын гэж овоглодог банкир Д.Баясгаланг “Бодь”-иор овоглодог төмөр замчин болгож, цаашлаад “Монголын эзэн” гэгдэх хэмжээнд таниулсан хүн бол яалт ч үгүй Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Тэр өөрийнхөө 2008 онд эхлүүлсэн, 2014 онд “танк”-аар сүрдүүлж гацаасан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замын ажлыг 2019 онд Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК-д тендергүйгээр өгсөн. Тэгмэгцээ хаа ч байхгүй өндөр үнээр буюу 1.3 тэрбум ам.доллараар санхүүжүүлж, үүнийхээ 895 сая ам.долларыг нь “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрсээр төлөх оффтейк гэрээнүүдийг байгуулсан. Тэгээд болоогүй, Д.Баясгалангийн гарын үсэгтэй бүх гэрээнүүдийг нь улсын нууцад оруулсан байдаг. 
 
Ингэж Х.Баттулга ҮАБЗ-өөр дулдуйдаж, Д.Баясгалантай хуйвалдаж, олон жил “овоолсон шороо” гэгдсэн далан дээрээ хүчээр шахуу төмөр зам тавьж чадсан. Гэвч Х.Баттулга Хятадын “танк”-наас айдаг зуршлаараа Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг өргөн царигаар тавиулснаас болж Гашуунсухайт боомтод хүрээд мухардчихсан. Хятад нарийн царигтай атал Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам өргөн царигтайгаар тавьсныг Х.Баттулга, Д.Баясгалан хоёроос өөр хэн ч ойлгохгүй өдий хүрч байна. Тэдний энэ балгаас болж өргөн, нарийн царигтай хоёр төмөр замыг хооронд нь хэрхэн холбох тухай асуудал одоо Монгол-Хятадын Засгийн газар хоорондын асуудал болж хувирсан. Илүү ноцтой нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын талтай 2022 онд хил холболтын цэгээ тохирсон ч хариуд нь жил тутам 20 сая тонн нүүрс авах шаардлага тавьсан сураг сонсогдож буй. Мухар төмөр замынх нь балаг мөд дуусахгүй нь бололтой. 
 
Уг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр сонсголд өөрөө оролцсон бол яагаад Д.Баясгалантай нүүрсээр “бартер”-дан байж мухар төмөр зам тавиулсныг нь амнаас нь сонсох байв. Гэвч тэр оролцоогүй учраас Д.Баясгалан дэмий л “Би бол гүйцэтгэгч, хий гэснийг нь хийсэн” гэж өөрийгөө өмгөөлснөөр сонсголыг дуусгасан. Тэгвэл Х.Баттулга, Д.Баясгалан хоёрын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбоотой сонсголоор ил болсон зарим баримтыг танилцуулж байна. 

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА “ГОЛОМТ”-ЫН Д.БАЯСГАЛАНД ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫГ ӨГСНИЙ ЦААД ШАЛТГААН НЬ ТЭД ЭРТНЭЭС ХАМТАРСАН КОМПАНИТАЙ, ХАЛААС НЭГТЭЙ БАЙСАН

      Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын ажлыг гүйцэтгэсэн “Бодь интернэшнл” ХХК-ийн дөрвөн гэрээг Х.Баттулга улсын нууцад оруулсан. Тодруулбал, Х.Баттулга Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 3.6 их наяд төгрөгийн санхүүжилтийн гэрээ, “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК хоорондын нүүрс нийлүүлэлтийн гэрээ, Богдхан төмөр замын 2.2 их наяд төгрөгийн санхүүжилтийн гэрээ, “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК хоорондын нүүрс нийлүүлэлтийн гэрээ гэсэн нийт дөрвөн гэрээг ҮАБЗ-өөр дамжуулан улсын нууцад оруулсан байсан байдаг. Тэгвэл Х.Баттулга дээрх гэрээнүүдийг улсын нууцад оруулсан хоёр том шалтгаантай байсан нь сонсголоос сонсогдов. Нэгдүгээрт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих ажилд “Бодь интернэшнл” ХХК тендергүйгээр шалгарч, шууд гэрээ байгуулсан. Тэгэхээр нууцлахаас өөр аргагүй. Хоёрдугаарт, “Бодь интернэшнл” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын санхүүжилтийн 895 сая ам.долларыг “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрсээр тооцож авахаар оффтейк гэрээ гэрээ байгуулсан. Ингэхдээ “Бодь интернэшнл” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс худалдаж авдаг компаниудаас 18 хувийн хөнгөлөлттэй үнээр нүүрсээ авсан. Энэ 18 хувийн хөнгөлөлт нь Д.Баясгалангийн халаасанд 204 сая ам.долларын ашиг болж орсон байгаа юм. Ийм ашигтай гэрээг нийтээс нууцлах нь арга ч үгүй биз. 
 
    Тэгвэл Х.Баттулга өөрийнхөө эхлүүлсэн бас гацаасан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ажлыг яагаад Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК-д өгч, тэгээд болоогүй “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрсээр санхүүжүүлж, гэрээнүүдийг нь улсын нууцад оруулсан бэ гээд хөөхөөр шалтгаан нь Х.Баттулга, Д.Баясгалан хоёр эртнээс хамтарсан компанитай, халаас нэгтэй хамтрагчид байж ирснийх аж. 
 
Тодруулбал, “Баян-Исгрийт” ХХК-ийг 2010 оны наймдугаар сарын 3-нд “Голомт”-ын Д.Баясгалан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Чоно групп”-ийн эзэн Т.Энхболдсодон, Сингапур Улсын иргэн Билли Лим Син Пау нар хамтран үүсгэн байгуулсан. Энэ бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Голомт”-ын эзэн Д.Баясгалан нар нэгдмэл ашиг сонирхолтой хамтрагчид гэдгийг батлах баримт гэсэн үг. Харин нөгөө хоёр хамтрагчийнх нь тухайд, Сингапурын иргэн Билли Лим Син Пау гэгч нь монголчуудад Х.Баттулгын найз гэдгээрээ эчнээ танил болсон. Х.Баттулгатай “Баянгол” зочид буудлыг хамтран эзэмшдэг, Х.Баттулгатай хамтарч Чингис хааны морьт хөшөөг босгосон нэгэн. Мөн “Капитрон” банкны үүсгэн байгуулагч бөгөөд хожим “Ажнай” Д.Бат-Эрдэнэд шилжүүлсэн байдаг. “Чоно групп”-ийн эзэн Т.Энхболдсодонгийн хувьд, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай “Капитал” банкийг хамтран эзэмшиж ирсэн. Мөн УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгалантай “Мишээл групп”-ийг хамтран эзэмшдэг. Цаашилбал, Төв талбайн урд талын “Blue sky” барилгыг эзэмшдэг нэгэн. 

“БОДЬ ИНТЕРНЭШНЛ” ХХК-ИЙН ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР АЖИЛЛАСАН 14 КОМПАНИЙН ЦААД ЭЗЭД НЬ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ХК, “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХК, “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН УДИРДЛАГУУД БАЙЖЭЭ

     Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын ажлыг “Бодь интернэшнл” ХХК тавихдаа ЗТХЯ, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Монголын төмөр зам” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагууд, газар, хэлтсийн дарга нарын хамаарал бүхий компаниудыг туслан гүйцэтгэгчээрээ ажиллуулжээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын санхүүжилтээс зөвхөн Х.Баттулга, Д.Баясгалан хоёр биш “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарын цэргүүд ч хувь хүртэцгээжээ гэсэн үг. Тодруулбал, “Бодь интернэшнл” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан 14 компанийг эзэд, хамаарал бүхий этгээдүүдийг танилцуулъя. 
 
- “Эм Ар трейд” ХХК-ийг Хөхөөхийн Өлзий-Орших эзэмшдэг. Х.Өлзий-Орших нь Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын эхнэр Балдангомбын Энхтуяатай “Монголиан лэдир фактори” ХХК-ийг хамтран эзэмшдэг, нэгдмэл ашиг сонирхолтой. 
 
- “Ухаалаг зам консалтинг” ХХК-ийг Цэнд-Аюушийн Бямбацоож эзэмшдэг. Ц.Бямбацоож нь ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийн хүү Б.Идэртэй “Глобалсофт лайн” ХХК-ийг хамтран эзэмшдэг, нэгдмэл ашиг сонирхолтой. 
 
- “Үүртээл” ХХК-ийг Алгирмаагийн Даваадорж эзэмшдэг. А.Даваадорж нь “Монголын төмөр зам” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж.Ганхуягийн эхнэр Осоржингийн Отгонцэцэгтэй “Би Си Кэй Си” ХХК-ийг хамтран эзэмшдэг, нэгдмэл ашиг сонирхолтой. 
 
- “Дорнод газар” ХХК-ийг Хаянгаагийн Болор-Эрдэнэ эзэмшдэг. Х.Болор-Эрдэнэ нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, мөн УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны төрсөн дүү. 
 
- “Зэт ди эн смарт энержи” ХХК-ийг Гүнсэнгийн Зоригоо эзэмшдэг. Г.Зоригоо нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албаны дарга Б.Тунгалагийн ээж Нямсанжаагийн Энхцэцэгтэй “Үнэт металлын сорьцийн төв” ХХК-ийг хамтран эзэмшдэг, нэгдмэл ашиг сонирхолтой. 
 
- “Рэд рок катеринг” ХХК-ийг Пүрэвийн Батхүү эзэмшдэг. П.Батхүү нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн Ажлын албаны дарга С.Батсүрэнгийн эхнэр. 
 
- “Түм арвижих” ХХК-ийн Буяндэлгэрийн Болд эзэмшдэг. Б.Болд нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбаярын төрсөн ах. 
 
- “Монголиан интернэшнл куалифайд инженеринг” ХХК-ийг Батнасангийн Гончигдамба эзэмшдэг. Б.Гончигдамба нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Хүний нөөц, хөгжил сургалтын хэлтсийн дарга Б.Ариунзаяагийн төрсөн дүү Бадрахын Болд-Эрдэнэтэй “Хар сувд говь ренталс” ХХК-ийг хамтран эзэмшдэг, нэгдмэл ашиг сонирхолтой. 
 
- “Аръяма юнайтед” ХХК-ийг Нанжаагийн Өнөржаргал эзэмшдэг. Н.Өнөржаргал нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалт хариуцсан газрын захирал С.Ашидмөнхийн эхнэр. 
 
- “Турботек” ХХК-ийг Содномын Батцэнгэл эзэмшдэг. С.Батцэнгэл нь “Тавантолгой төмөр кам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын ангийн найз ажээ. 
    Төгсгөлд нь, Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК нь 2019 он хүртэл алдагдалтай ажилладаг байжээ. Гэтэл 2019 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын гүйцэтгэгч болсноосоо хойш буюу 2020 онд 130, 2021 онд 140, 2022 онд 150 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Товчхондоо, Х.Баттулга, Д.Баясгалан хоёрын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам монголчуудад биш, харин “Бодь интернэшнл” ХХК-д л ашгаа өгчээ. 
 
 
 
 

СОНСГОЛ: “ГОЛОМТ”-ЫН Д.БАЯСГАЛАН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА ХОЁРЫН БҮТЭЛГҮЙ ХОРШИЛ БУЮУ МУХАР ТӨМӨР ЗАМЫН БАЛАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-26 03:21:27
    Ganaa: Estoi ichih nuurgui yumaa ulsiinhan ni eronhiilegch yadahdaa muhar bish zam tavchihaad uldsen mongoo idehguidee heleh muu ugch oldohgui yum yasan idej uuj hanadagui humuus be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-24 19:50:50
    Үнэн: Гэрээний үнэ ийм өндөр үнэтэй байхад ажил гүйцэтгэсэн компануудад маш бага мөнгө өгч ажлаа хийлгэсэн. Шүүхийхэн жинхэнэ ажил гүйцэтгэсэн компаниудтай хэдэн төгрөгийн гэрээ Бодь байгуулсаныг ил болго, тэгсэн цагт төмөр замын жинхэнэ өртөг гарна. Мөн хир их мөнгө дундуур нь цувчуулсан нь ил болно. Төмөр замын ажил хийсэн компануудаас илүү Бодийн дотоод зардал хэд дахин өндөр гарсан байгаа, нууц гэрээний цавчаа гэж. Ийм болохоор ажил хийдэг залуучууд солонгос гарч, эднүүс нууц гэрээний ашгаа хүртээд монголыг дампууруулж дуусаж бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-24 19:35:15
    Үнэн: Яс юман дээрээ Бодь болон наадуул чинь хжил хийж чадахгүй, хийгээчгүй. Төмөр замын ажлыг халуун халж, ковидын хөл хориогоор өөрийхөө өчүүхэн хөрөнгөөр жинхэнэ ажил хийсэн хийсэн компаниуд л хохирч үлдсэнийг хэн ч ярихгүй юмдө. Бодь яг ажлыг үүрч хийсэн туслан компануудтай маш бага гэрээ байгуулж төмөр зам бариулсан шү. Ичихгүй манай инженерүүд гэцэн хуцаж блээ, аль насандаа эднүүс ажил хийжийсийн, мөнгө хүүлсэнээс өөр юу ч хийгээгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-24 07:22:31
    ЗОЧИН: Х.БАТТУЛГЫН ХУЛГАЙ, ШУНАЛЫГ ГҮЙЦЭЭНЭ ГЭВЭЛ МОНГОЛЫН ТӨР, МОНГОЛ УЛС БАГАДНА. ЛАЙВЧИН МӨНХЭРДЭНИЙН ХЭЛСНЭЭР ТЭР БОЛ "ЗУУНЫ ТОНУУЛЧИН" АРГАГҮЙ МӨН ЮМ. МОНГОЛЫГ ХОРЛОЖ ОРОСТ ҮЙЛЧИЛДЭГ УРВАГЧ, ХУЛГАЙЧААС МОНГОЛЫН ТӨР ЯЛ АСУУХ ЦАГ АЛЬ ХЭДИЙН БОЛСОН. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ МЭДЭЛ, ӨНДӨР АЛБАН ТУШААЛЫГ МАШ ОВЖИН АШИГЛАЖ ЯМАРЧ АШИГГҮЙ, ӨЧҮҮХЭН АЧАА ЗӨӨХ ШИНЭ ТӨМӨР ЗАМУУДЫГ ХАМСААТНУУДТАЙГАА НИЙЛЖ ЗӨВХӨН ӨӨРСДӨӨ ХУЛГАЙ ХИЙХ, МОНГОЛЫГ ХОРЛОХ ЗОРИЛГООР БАРИУЛСАН.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-23 21:44:24
    0: Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-23 01:21:14
    Зочин: Ирээдүйд юу болохыг тэнгэр мэднэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-22 22:12:50
    гайхашрагч: ЧОНОО ЧОНО.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-22 22:11:26
    гайхашрагч: ТӨМӨР ЗАМАА МУХАР БИШ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ. БУРУУТАЙ ЮМ БОЛ ХЭРЭГ ҮҮСГЭЖ БОЛДОГГҮЙ ЯМАР СОНИН МУХАРДСАН ХЭРЭГ ВЭ. БУРХАНЫГ АРАЙ ӨМГӨӨЛӨГ ЧӨӨР АВЧИХААД БАЙГАА БИШ БИЗДЭЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-22 21:19:02
    Наран: Баттулга гэдэг хүний шуналыг монголын ард түмэн дийлэхгүй юмаа ямар их шунал вэ ирж буцдаг хорвоо нүцгэн ирээд нүцгэн буцна шүү дээ тэгээд ч ард түмнээр яасан их даажигнаж сэтгэлээр нь нааддаг хүн бэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-22 20:24:44
    LGanbaatar: Нэгэнт ил болсон ийм тоймгүй луйвраас төр иргэн улсын тусгаар тогтнол бодитой эрсдэлд орсон байдал харагдаж бн.монгол улс төртэй л юм бол луйварчдаас хохирлоо бодит мөнгөн болон үл хөдлөх хөрөнгийг нь хураах замаар барагдуулах ёстой. луйварчдаас эхний ээлжинд байгаа өмч хөрөнгийг н
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-22 13:01:19
    zochin: Энэ Х.Баттулгын гай лай дуусахгүй юмаа, новш гэж , , ,
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188