• Өнөөдөр 2024-04-27

ХОТ РУУ “НҮҮДЭЛЛЭЖ” БУЙ Х.НЯМБААТАРЫН ТОМИЛГООНЫХОНТОЙ ТАНИЛЦ

2023-10-20,   1647

  Хотын дарга Х.Нямбаатар багаа бүрдүүлж, хажууханд нь байх Хууль зүйн яамныхан ид бужигнаж байна, энэ өдрүүдэд. Х.Нямбаатар Хууль зүйн яамнаас хуучин багаа Хот руу татаж эхэлсэн учраас ийн бужигнаж буй хэрэг л дээ. Энэ долоо хоногт л лав Х.Нямбаатар Хууль зүй яамнаас Төрийн нарийн бичгийн дарга, Хууль зүйн бодлогын газрын дарга, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга гурвыг өөрсдөөр нь өргөдлийг нь өгүүлж, Хорт руу татлаа. Харин Хот руу татагдсан энэ хэдийнхээ орыг хэн хэн нь залгах, тэд нь Б.Энхбаяр сайдын шалгуурт тэнцэж эсэх нь ирэх долоо хоногийн сэдэв байх биз. 
 
Х.Нямбаатар аж ахуйн ажилтай биш, авлига, албан тушаалтын гэмт хэрэгтнүүдтэй зууралдах гэж Хотын дарга болсон нь түүний эхний томилгоонуудаас тодорхой болж байна. Тэр энэ долоо хоногт таван томилгоо хийсний дөрөв нь хуульч байлаа. Ямар сайндаа л, Хүнд гэмт хэргээр мэргэшсэн, хуульч, хурандаа Д.Отгонжаргал автобусны тухай “А” ч үгүй мөртөө Нийтийн тээврийн газрын дарга болж байх вэ дээ. 
 
Тэгвэл Хот руу “нүүдэллэж” буй Х.Нямбаатарын томилгооныхныг танилцуулъя. 

“ХОЁРДУГААР НЯМБААТАР” БУЮУ ХОТЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ П.САЙНЗОРИГ

 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажлын хэсэг болгоныхоо ахлагчаар Х.Нямбаатарыг томилдог байсан шиг, Х.Нямбаатар Ажлын хэсэг болгоноо П.Сайнзоригт хариуцуулж ирсэн. “Хоёрдугаар Нямбаатар” гэж хочлох нь ч бий. Бөхчүүдийн допингийн асуудал дэгдлээ П.Сайнзориг, “нүүрсний хулгай”-н асуудлаар БЭТ томиллоо П.Сайнзориг, Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх Ажлын хэсэг байгууллаа П.Сайнзориг, Машин ачилтын асуудлыг цэгцлэх Ажлын хэсэг байгууллаа П.Сайнзориг гэх мэтээр. Тиймдээ ч Хотын дарга Х.Нямбаатар П.Сайнзоригийг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөх өргөдлийг нь өгүүлж, нэгдүгээр орлогчоороо дэргэдээ авчирлаа. 
 
П.Сайнзориг Отгонтэнгэр их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, Австралийн Нью Сайд Уэльсийн их сургуульд магистр хамгаалсан. Хууль бус газрын наймааны асуудлаар үе үе нэр нь дуулддаг И.Эрдэнэбаатарыг Байгаль орчны сайд байх үед буюу 2006-2008 онд туслахаар нь ажиллаж, төрд орж ирсэн. Улмаар туслахын ажлаа өгмөгцөө 2009 онд Австралид очиж, тэндээ 2012 он хүртэл амьдардсан. 2012 онд буцаж ирээд Байгаль орчны яаманд жил ажиллаад, 2013 оноос Хууль зүйн яаманд ажиллаж эхэлсэн. 2016 онд Хууль зүйн яамныхаа Хууль эрх зүйн бодлогын газрын дарга, 2022 онд Төрийн нарийн бичгийн дарга болж дэвшсэн. Түүний намтар товчхондоо ийм. 

ХОЁРХОН ЖИЛИЙН ДОТОР ХУУЛЬЧААС ХОТЫН ОРЛОГЧ БОЛТЛОО ТОМОРЧ, ТОДОРСОН О.НОМИНЧИМЭГ

    Хотын дарга Х.Нямбаатарын хоёрдугаар орлогчоор О.Номинчимэг томилогдов. Уг нь тэр хоёрхон жилийн өмнө “Номин энд Адвокатс” гэх хувийн хуулийн фирмийнхээ хуульч байлаа. Гэтэл 2021 онд УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга, 2022 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын Хуулийн бодлогын зөвлөх, 2023 онд Хотын дарга Х.Нямбаатарын хоёрдугаар орлогч болж, хоёрхон жилийн дотор тодорч, томорч амжив. 
 
Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар хоёрдугаар орлогчоороо О.Номинчимэгийг томилсны шалтгаан нь түүний нөхөр Д.Амарбаясгалан. Тодруулбал, Хотын орлогч О.Номинчимэгийн нөхөр Д.Амарбаясгалан нь “Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирлаар ажилладаг. Харин Хотын дарга Х.Нямбаатар Хууль зүйн сайд болсон цагаасаа Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх Ажлын хэсгийг ахалсан. Өнгөрсөн хугацаанд Х.Нямбаатарын гол хамтрагч нь “Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Д.Амарбаясгалан байсан. Тиймдээ ч Х.Нямбаатар Хотын дарга болмогцоо Оюу толгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрт гар нийлж хамтарсан Д.Амарбаясгалангийн эхнэр О.Номинчимэгийг хоёрдугаар орлогчоороо томиллоо гэж харагдаж байгаа юм. 
 
Гэхдээ О.Номинчимэг өнгөрсөн хавраас хойш ирэх оны сонгуульд горилж, сошиал сүлжээнд сурталчилгаагаа эрчимтэй явуулж, хөрөг нэвтрүүлгээ ч хийлгээд амжсан. Эндээс харвал, тэр Х.Нямбаатарын орлогчоор түр ирсэн үү, бүр ирсэн үү гэдэг нь одоогоор эргэлзээтэй. 
 
Сонирхуулахад, Хотын орлогч О.Номинчимэгийн дүү О.Оргилмаа нь Монголбанканд Ахлах хянан шалгагч, нөхөр Д.Амарбаясгалангийнх нь дүү Д.Амармэнд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газрын кадастрын мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн гэх мэтээр гэр бүлээрээ төрд ажиллацгаадаг юм билээ. 

“ХАРВАРД” ГЭХ ХОЛБООСООР Х.НЯМБААТАРЫН АХЛАХ ЗӨВЛӨХ БОЛСОН Д.ЦОЛМОН

 
    Хотын дарга Х.Нямбаатарын Хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөхөөр Д.Цолмон томилогдсон. Д.Цолмон 2010 онд МУИС-ийн Хуулийн сургуулийг Хуульч мэргэжлээр төгсөж, 2014 онд Боловсролын зээлийн сангийн 32 мянган ам.долларын зээлээр АНУ-ын Беркли дэх Калифорнийн их сургуульд магистр хамгаалсан. Монголд ирээд “Энержи ресурс” ХХК-д Хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2016 оноос ХЗДХЯ-нд мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Улмаар өнгөрөгч 2022 оны нэгдүгээр сард ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын даргаар томилогдсон. Мөн Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр давхар ажиллаж ирсэн. Харин энэ долоо хоногоос Хотын дарга Х.Нямбаатарын Хуулийн зөвлөхөөр ажиллахаар болж байна. 
 
Х.Нямбаатар Д.Цолмонг дэргэдээ авах болсон нэг шалтгаан бий. Д.Цолмонгийн төрсөн ах Д.Асралт нь МҮХАҮТ-ийн дэргэдэх Бизнес академийн Гүйцэтгэх захирлаар, төрсөн эгч Д.Ерөө нь МҮХАТ-ийн дэргэдэх Бизнесийн академийн Зөвлөхөөр ажилладаг. Тэдний удирддаг Бизнесийн академи нь Харвардын их сургуулийн Бизнесийн сургуульд 1000 СЕО буюу гүйцэтгэх захирал сургаж бэлтгэх “Харвард менежментор” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. 
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд, Харвард төгссөн болоод ч тэр үү, “Харвард” гэж ярьсан болгонд элэгтэй байдаг. Нэг жишээ нь, Хардард төгссөн Б.Солонго Монголд ирмэгцээ ЗГХЭГ-ын дэд дарга болж, өдгөө Хууль зүйн дэд сайдаар ажиллаж буй. Ингэж харвал, Х.Нямбаатар “Хардард”-ын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Д.Асралт, Д.Ерөө нарын төрсөн дүү Д.Цолмонг эхлээд ХЗДХЯ-ныхаа Хууль зүйн бодлогын газрын дарга болгож, одоо Хуулийн зөвлөхөөрөө дэргэдээ авч буй гэж харагдаж байгаа юм. 
 
Цаашилбал, Д.Цолмонгийн нөхөр Л.Загдаа нь мөн Хуульч мэргэжилтэй, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаярын Хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Өдгөө Л.Загдаа “МОЛЗ” ХХК, “Тэнүүн буудай” ХХК, “Хангайн эко хүнс” ХХК, “Эко жуулчлал” ХХК-уудыг эзэмшдэг. Мөн “Өмгөөллийн Дилоз” ХХН, “Өмгөөллийн Херуга” ХХН гэх хоёр хуулийн фирмтэй. 

ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛОГДСОН ХУРАНДАА Д.ОТГОНЖАРГАЛЫН АХ Д.ОЧИРХУЯГИЙН 12 ДАВХАР БАРИЛГЫН АСУУДЛЫГ СЭРГЭЭН ШАЛГАЖ ЧАДАХ УУ 

 
   Хотын дарга Х.Нямбаатар Нийтийн тээврийн газрын даргаар хурандаа Д.Отгонжаргалыг томилов. Д.Отгонжаргалын тухайд, 1998 онд Цагдаагийн дээд сургуулийг төгссөн, Хуульч мэргэжилтэй. Мөрдөх байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх газрын дарга, Мөрдөн байцаах газрын дарга, Нийслэлийн цагдаагийн газрын Дэд дарга бөгөөд Мөрдөн шалгах ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байсан нэгэн. Эндээс харвал, Хотын дарга Х.Нямбаатар Хүнд гэмт хэргээр мэргэшсэн, хурандаа Д.Отгонжаргалаар  Нийслэлийн нийтийн тээврийн газарт үүрлэсэн авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг дотроос нь мөрдүүлэхээр Нийтийн тээврийн газрын дарга болгосон бололтой юм. 
 
Гэхдээ нэг асуудал байна. Д.Отгонжаргалын ах Д.Очирхуяг нь “Чингис шар айраг” ХХК-ийн эзэн. Шар айраг үйлдвэрлэхээс гадна “Чингис шар айраг” ХХК-аараа дамжуулан дампуурлаа зарласан алдарт “Анод” банкны гол хувьцааг эзэмшдэг байв. Д.Очирхуяг 2020 оны УИХ-ын сонгуулиар Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн өвдөг шөрөөдсөн. 
 
Асуудлын гол нь, Д.Очирхуягийн “Чингис шар айраг” ХХК нь Чингэлтэй дүүргийн 6-р хороо буюу СУИС-ийн зүүн хойд талын залгаа гурван давхар барилга болон хажуугийн 12 давхар оффисын барилгыг эзэмшдэг. Гэхдээ энэхүү 12 давхар оффисын барилгыг 2012 онд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар барьсан гэх бөгөөд тухайн үед НМХГ-аас барилгын ажлыг нь зогсоох албан шаардлагыг 10 гаруй удаа хүргүүлсэн ч зогсоож чадаагүй гэдэг. Өдгөө энэ барилгадаа Д.Очирхуягийн “Чингис шар айраг” ХХК нь оффислож буй. 
 
Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн хугацаанд нийслэлд хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр баригдсан барилгуудын хэргийн эхнээс нь сөхөн шалгаж, тухайн барилгуудтай авлигаар холбогдсон албан тушаалтнуудыг АТГ-аар шалгуулах ажиллагааг эхлүүлээд буй. Тэгвэл Х.Нямбаатар Нийслэлийн тээврийн газрын даргаар томилсон Д.Отгонжаргалынхаа ах Д.Очирхуягийн 12 давхар барилгын асуудлыг сөхөж шалгаж чадах эсэх нь тун сонирхолтой асуулт болж үлдэж байна. 

Х.НЯМБААТАРЫН САНХҮҮГ ГУРВАН ЖИЛ ХАРИУЦСАН Л.ХОСБАЯР ОДОО ТҮҮНИЙ ТАМГЫГ ХАРИУЦАХ НЬ...

      Хотын дарга Х.Нямбаатар Хууль зүйн яамнаасаа Хот руу татсан дарга нарын нэг нь Л.Хосбаяр. Түүний Нийслэлийн ЗДТГ-ын даргаар томилсон. Л.Хосбаярын хувьд, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байгаад Х.Нямбаатарын Хууль зүйн сайд болмогц Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Ерөнхий нягтлан бодогчоор нь томилогдож ирсэн. Гурван жил Х.Нямбаатарын санхүүг хариуцсан Л.Хосбаяр энэ долоо хоногоос түүний тамгыг хариуцахаар болж байна. 
 
Сонирхуулахад, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Л.Хосбаяр фитнесийн тамирчин бөгөөд энэ онд Япон улсад болсон тэмцээнд оролцоод иржээ. 
 
     Хотын дарга Х.Нямбаатар багаа бүрдүүлж дуусаагүй байгаа бөгөөд ирэх долоо хоногт үргэлжилнэ. Наанадаж л энэ долоо хоногт АТГ-т шалгагдаж эхэлсэн Нийслэлийн Ерөнхий архитектор Ц.Тулгыг чөлөөлөх, түүний орны хүнийг томилох эсэх асуудал яригдаж эхэлнэ. Иймд, бид Х.Нямбаатарыг дагаж Хот руу “нүүдэллэж” буй томилгооныхныг  тухай бүрд нь танилцуулах болно. 
 

ХОТ РУУ “НҮҮДЭЛЛЭЖ” БУЙ Х.НЯМБААТАРЫН ТОМИЛГООНЫХОНТОЙ ТАНИЛЦ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-03 14:02:15
    Zochin: Bag bolj UB hotiig hot shig hot bolgoj hugjuulj chadbal bolj BN.Noo garbal Nyambaatar yaaj uuruusuu holduulhaa medeh biz
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-21 11:07:26
    гайхашрагч: ажил явж л байвал хэн ямар хамааралтай нь дүүрч. хуульч хүн хуулиа барина гэж найдах л үлдлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-21 09:21:04
    хуулийнхан шударга байж чадах уу?: Хурандаа Отгонжаргалын ахын асуудлыг сэтгүүлчид гаргаж тавьж байна. ЭНЭ хүнд итгэж болох уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-20 10:24:40
    S: SEKSDN80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188