• Өнөөдөр 2024-04-29

“ШОРОН ШИГ БУУДЛЫН ӨРӨӨНД СОГТУУ ХЯТАДАД ЗОДУУЛЖ, ЯРГАЛУУЛААД ХЭВТЭЖ БАЙСНАА МАРТМААР БАЙНА”

2023-11-01,   14930

            Хятад хүн, тэдний хоорондоо ярьж байгааг  сонсож чаддаггүй юм. Нуруугаар хүйт дааж, биеийн хамаг шар үс босоод, гарын алга хөлрөөд, салгалчихдаг. Хүний наймааны золиос болж, харь газарт тарчилж байсан хар дарсан зүүд шиг өдрүүдээ мартахыг ямар их  хүсдэг гэж санана. Бүр бодохгүй, толгойноосоо авч хаямаар байдаг. Даанч тэр хар дарсан зүүд шиг өнгөрүүлсэн 90  гаруй хоногийг мартаж чадахгүй байна.  Бусдад итгэдэг гэнэн зан, ядуу тарчиг амьдрал минь хүний наймаачдын олз болж, хорвоогийн хамгийн муу хүмүүс урд хөршид хүчээр биеийг минь үнэлүүлж байлаа. Хүсээгүй хүнтэйгээ бэлгийн харилцаанд орно гэдэг бие сэтгэлийн там. Согтуу хятадын гарт зодуулаад хэвтэж байсан шүү дээ.  Дахиж хэзээ ч сөхмөөргүй энэ түүхээ хэн ч  над шиг хохирч, энэ насаараа сэтгэлийн тамд битгий тарчлаасай гэхдээ ярихаар шийдлээ. Хүмүүс хохирогчдыг буруутгадаг. “Хэн ч зүгээр байж байхад чинь биеийг чинь үнэлүүлэхгүй” гэдэг. Хүний эрхшээлд орж, хүний наймааны золиос болно гэдэг бодож байгаа шиг чинь зүйл биш. Энийг л залуу охидод хэлэх гэсэн юм. Өөртөө тохиолдсоноо, хэн биднийг ангуучилж, эрхшээлдээ оруулахаар зэхэж байдгийг ойлгомжтой байх үүднээс эхнээс нь ярьж өгье.

2016 оны нэгдүгээр сарын 20. Улаанбаатар хот

      Дүү бид хоёрыг бага байхад аав, ээж минь салж, тус тусын амьдралаа хөөсөн. Манайх орон нутагт амьдарч байгаад Улаанбаатар хот руу 2014 онд нүүж ирсэн. Би ээжтэйгээ, эмээтэйгээ, дүүтэйгээ амьдарч, захын нэгэн хорооллын сургуульд сурч, төгссөн.  Эмээ гэртээ, ээж ажил хийдэг байлаа. Ээжийн цалин бид хэдийн амьдралд арай л гэж хүрдэг учраас би их сургуульд сурч чадаагүй. Гоо сайхны дэлгүүрийн худалдагч, цэнгээний газрын зөөгч, машин угаалгын газарт угаагч, хэрчсэн гурилын үйлдвэрт туслах ажилтан гээд хийгээгүй ажил ховор. Эмээ тэтгэврийн мөнгөө зээлээд, хөдөө байдаг хүүхдүүддээ өгчихдөг. Ээж, бид хоёрын цалингаар түрээсийн байрны төлбөр, хоол хүнсээ зохицуулдаг. Амьдрал ер нь хүнд байсан.

        Намайг 18, дүүг 12 настай болоход ээж ахимаг насны нэгэн эрэгтэйтэй гэр бүл болсон. Тэр эрэгтэй бид дөрөвтэй хамт амьдарч, манайд байдаг байлаа. Ээжийн сүүлд ханилсан эрэгтэй  эмээ, дүү бид гурвыг байнга загнаж, доромжилж, дээрэлхэнэ. Дүүг минь заримдаа зодно, намайг элдэв янзаар харааж, зүхнэ. Сонсголын бэрхшээлтэй эмээг минь гэрээс нь хүртэл хөөж байсан удаатай.  Тэр хүнийг манай гэрт ирснээс хойш бид дотно байхаа больж, эхэлсэн. Биднийг өмөөрөхөөр тэр хүн ээжийг аймшигтай зодно. Алахаас наагуур л юм болно. Гэрээсээ хөөхөөр “Шөнө ирж, унтаж байхад чинь бүгдийг нь шатааж ална” гэж заналхийлнэ.  Ингэж явсаар би 20 настайдаа нэг залуутай гэр бүл болж, нийтийн байр түрээслээд тусдаа гарсан. Нөхөр маань надаас хоёр ах. Ажил хийж, нийтийн байр түрээсэлж, заримдаа манай гэрт амьдардаг байсан. Намайг төрөөд удаагүй байхад тэр хүн өөр хүнтэй болоод хаяад явчихсан. Түрээсэлж байсан нийтийн байранд нь хүү бид хоёр ү. Заримдаа идэх хоолгүй, цахилгааны мөнгөө ч төлж чаддаггүй болчихдог байлаа. Хэцүү байдалд орох болгондоо нөхөр рүүгээ залгаж, тусламж гуйна. Ар гэрийнхэндээ хандана. Тэд сүүлдээ тоохоо больж, бид хоёрыг хөсөр хаясан. Түрээсийн байрны хажуу өрөөнд хоёр эмэгтэй ирж очин амьдардаг байлаа. Нэг нь байнга байж, нөгөөх нь хааяа нэг залуутай ирдэг байсан. Гэртээ байнга байдаг нь өдөржин хятадаар утсаар ярьдаг байсан. Тэр хоёр намайг хүүтэйгээ амьдардаг гэдгийг мэдсэнээс хойш тусалж, сайн ханддаг болсон. Тэгээд л би ийм муухай хэргийн золиос болчихсон юм.

2018 оны долдугаар сар. Улаанбаатар хот Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг.

       Хажуу талд амьдардаг байсан хоёр эмэгтэй хүний наймааны хэргийн зуучлагчид. Биеэ үнэлэлтийг зохион байгуулж, охидыг бусдад зуучилж өгдөг. Үүнийг нь би хэдэн сарын дараа мэдсэн. Хүүхдэд маань сайн хандаж, хоол хүнс дөхүүлж, мөнгөөр тэтгэдэг байлаа. Хүүхдийг минь харах хүн байхгүй учраас би ажил хийдэггүй. Ээж, эмээ рүүгээ очих гэхээр жижиг нийтийн байранд нь багтахгүй, өнөөх эрэгтэй нь хүү бид хоёрыг ад үзээд оруулахгүй. Хүү бид хоёрыг гэх хүн олдохоо больсон.  Хөрш хоёрын нэг нь “Хүүхдээ манай эгчид харуулчих. Хүүхдэд их хайртай хүн байгаа. Чи бид хоёртой гадуур гарч, ажил хий” гэсэн. Тэгээд манай хүүг эгч нь өдрийн 25 мянган төгрөгөөр харахаар болсон. Нөгөө хоёр эгч надад шинэ хувцас, утас авч өгч, гоо сайханд оруулсан. Төлбөр нь 750 мянган төгрөг болсон гэсэн. Эхний хэдэн өдөр сайхан байсан. Би орой гэртээ харихдаа хэдэн төгрөгтэй болоод, хүүдээ хэрэгтэй зүйлийг нь авч, хүүхэд харуулсан төлбөрийг нь төлдөг байсан. Ингэж явсаар 10 гаруй хоногийн дараа хоёр эмэгтэйн нэг нь “Чиний хэд хоногийн хэрэглэсэн мөнгө хоёр сая гаруй төгрөг боллоо. Ойрын үед орлого муутай, нааш, цааш ч хүргэж өгөх хүн олдохгүй байна. Чи хэд хоног хэрэглэсэн мөнгөө маргааш гэхэд өг. Хэрэв олж өгч чадахгүй бол хүүхдийг чинь өгөхгүй, залилан хийсэн гэж цагдаад хандана. Мөн охидыг нааш, цааш хүргэж, зуучилдаг байсан талаар чинь хэлнэ” гэж сүрдүүлсэн. Ажил гэж тэр хоёрын машинд суугаад, хэдэн охиныг нааш, цааш хүргэж өгөөд л болоо. Цахим хуудаст “Санхүү авна” гэж зар оруулдаг байсан. Тэгээд зарын дагуу охидыг хүргэж өгдөг. Ингэж л би тэднийг биеэ үнэлэлт зохион байгуулдаг гэдгийг баттай мэдэж авсан. Тэдний орогнож, охидыг байлгадаг газар нь Баянзүрх, Сүхбаатар дүүрэг дэх гэр хорооллын дундах нийтийн байр.

ӨРӨӨ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ ЦАГДААД БАРИГДАЖ, ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАЖ ЧАДАХГҮЙ ГЭЖ АЙСАНДАА БИЕ ҮНЭЛСЭН

           Хүүхдээсээ салж, өрөө төлж чадахгүйн улмаас шоронд орох вий гэж айсандаа аргагүйн эрхэнд тэдний саналыг хүлээж авсан. Надад дахиж шинэ хувцас авч өгөөд, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн буудалд хүргэж өгсөн. Намайг буулгахдаа “Нэг хүнтэй тохирсон байгаа. Чи гарахдаа 120 мянган төгрөг аваад ирээрэй. 30 хувийг нь бид хоёр авч, үлдсэнийг нь чи аваарай. Мөнгөтэй болохоороо өрөө дарж дуусгаарай” гэсэн. Анх маш хэцүү байсан. Надаас хэд дахин ах, бараг өвөөтэй маань чацуу шахуу эрэгтэйтэй бэлгийн харилцаанд орж, хэд хэдэн удаа үсдүүлсэн. Анх “Чадахгүй юм байна” гээд нөгөө хоёр руу залгасан ч дарамталж, сүрдүүлсэн. Ямар ч гарц байхгүй учраас би хоёр цаг гүрийж байгаад гарч ирсэн. Үнэхээр ой гутмаар байсан ч хүний эрхшээлээс гарах аргагүй юм билээ. Дараа нь янз бүрийн насны хүнд үйлчилдэг боллоо. Гэр бүлтэй, бүлгүй, ажилтай, ажилгүй. Тэр хүмүүсийн нүүр рүү бараг харж ч үзээгүй. Нэг оройны цалин 200-250 мянган төгрөг байдаг байсан. Үүнийхээ 30 хувийг нөгөө хоёр эмэгтэйд, 35 мянган төгрөгийг хүүхэд харуулж байгаа хүндээ өгдөг байсан. Надад бараг л мөнгө үлдэхгүй. Надаас өөр олон охин байсан. Заримдаа гурав, дөрвөн өдрийнхөө цалинг нэг өдөрт олчихдог байсан. Ийм байдалтай тав, зургаан сар явж, би тэр хоёрт өрөө төлж дуусгасан.

ЛАМД ҮЗҮҮЛЭХЭД “УРАГШАА ХИЛ ДАВБАЛ ХҮҮХДЭЭ АВАХУУЛЖ ЧАДНА” ГЭЖ ХЭЛСЭН

        Өрөө төлөө дууссан ч харамсалтай нь би жирэмсэн болчихсон байсан. Нөгөө хоёрт жирэмсэн болсон гэдгээ хэлсэн. Тэр хоёр таньдаг эмнэлэг хайж, эмчээр үзүүлсэн ч гурван сартай болсон учраас хүүхдээ авахуулах боломжгүй болсон байсан. Хэнийх нь ч мэдэхгүй хүүхэд төрүүлнэ гэдэг үнэхээр хэцүү санагдаж байлаа. Бага насны хүүхэдтэй, биеэ үнэлэгч, эцэг нь тодорхойгүй хүүхэд гэдсэндээ тээж байгаа гээд л... Тэр цаг хугацаа надад маш хэцүү байсан. Нөгөө хоёрын нэг нь “Манай найз хүүхэд төрүүлж чаддаггүй юм. Чамайг хажууд байлгаж байгаад хүүхдийг чинь үрчилж авъя” гэнэ. Чи залуу хүн юм чинь амьдралаа бод. Алийн болгон биеэ үнэлж, эцэггүй хүүхдүүдээ тэжээж явах вэ” гэсэн.

Гэтэл нөгөө эмэгтэй нь “Хэрэв янз бүрийн өвчтэй байвал яах юм бэ. Хүүхдийг нь төрөхөөр “Үрчилж авахаа болилоо” гэвэл яах вэ. Ламд үзүүлье. Манай найзын нөхөр нь маш мундаг лам байдаг” гэж хэлсэн. Бид маргааш нь түүний хэлсэн ламд үзүүлэхээр Нисэхийн ойролцоо очсон. Саарал өмд, цагаан пудволктой эрэгтэй “Ямар хэргээр явж байна. Гуйсан болохоор нь үзэж өгье. Тэрнээс надад зав алга” гэж хэлсэн. Тэгээд намайг үзээд “Хуучин нөхөртэйгөө эргэж нийлэх юм байна.  Тэр хүн архи ууж, чамайг хөнөөж магадгүй. Чи энэ байдлаараа Монголд байвал хэцүү юм байна. Урд зүгийн сайн эмнэлэгт очвол хүүхдийг чинь асуудалгүй авч өгнө. Тэндээ ажил төрөл хийгээд амьдарвал амьдрал чинь сайхан болно. Байрны мөнгө хийгээд ирж чадахаар харагдаж байна” гэсэн.

ЭРЭЭН РҮҮ НЬ ХУДАЛДАГДСАН НЬ

2019 оны аравдугаар сар. БНХАУ-ын Эрээн хот, ....... зочид буудал.

Тэр хоёр ламын хэлснээр намайг “Эрээнд очиж хүүхдээ авахуулаад, ажил төрөл хий” гэж ятгасан. Мөн “Хүүг чинь манай эгч асуудалгүй харж байна. Чи хүүхдээ авахуулаад, ажил хийгээд мөнгийг нь явуул” гэсэн. Би хүүдээ санаа зовж байсан ч ирээдүйгээ бодож, 2019 оны аравдугаар сард БНХАУ руу явсан. Замын-Үүд хүртэл тэр хоёрын машинаар явсан. Хилээр гарах гээд жижиг машинд суух гэж байхад тэр хоёр “Хүн асуувал ганцаараа явж байна” гэж хэлээрэй. Гэдсээ сайн татаарай” гэж хэлсэн. Тэгээд хил гараад “Том босс” гэж хүнтэй утсаар яриад, “Хүн явууллаа. Та 2500 юань бэлдээрэй” гэж ярьсан. Тухайн үедээ үр хөндүүлэхэд тийм хэмжээний мөнгө хэрэгтэй юм байх гэж бодож байсан. Мөн намайг “Жирэмсэн гэдгээ босст хэлж болохгүй шүү. Бид зохицуулна. Удахгүй хүүхдийг чинь авахуулна” гэсэн. Ингээд бид нэгэн зочид буудлын гадаа очиж, хүмүүстэй уулзсан. Миний гадаад паспортыг хурааж аваад, “Өрөөнд ороод амарч бай. Эмнэлэг ороод ирье” гэж хэлээд сураггүй алга болсон.  Гаднаас түгжиж, хааш нь ч гаргаагүй. Тэгж л биеэ үнэлэхээр ирсэн, тэд намайг хятадуудад зуучилсан байна гэдгээ мэдсэн. Хүний нутагт, оготнын нүх шиг жижигхэн цонхоор харж, хаалга балбах дуунаар айж, цочиж, мөнгөө төлсөн болгоны хүслээр нохой шиг амьдарна гэдэг ямар аймшигтай гэж санана. Би жирэмсэн, биеэ үнэлэхгүй гэдгээ хэлсэн ч гадаад паспортыг маань өгөөгүй. Паспортгүй учраас яаж ч чадахгүй байсан. Тэгээд “Гадаад паспортоо 2000 юань төлөөд ав. Гэдсээ томортол ажлаа хий. Би чамайг мөнгө төлж авсан” гэж буудлын эзэн хятад эр хэлсэн. Ингээд харь элгийнхэнд биеэ үнэлсэн аймшигт өдрүүд эхэлсэн. Амиа хорлочихмоор өдөр, шөнө ээлжилж байсан ч үрээ бодож, өнөөдөрт ирсэн юм.

НЭГ ӨДӨРТ 10-15 ХЯТАДАД БИЕЭ ҮНЭЛДЭГ БАЙЖЭЭ

        Миний очсон буудалд надаас гадна хоёр монгол охин байсан. Тэд удаж байгаа гэж хэлсэн. Нэг нь дөнгөж 17, 18 нас хүрч байгаа юм шиг харагдсан. Өдөрт тэнд10-15 хятадад үйлчилж, биеэ үнэлдэг байсан. Хэл нэвтрэлцэхгүй учраас намайг зодож, ёс бус харьцана. “Монголын я.н.а.н ажлаа сайн хийж сур” гээд ам руу маань даавуу чихдэг.  Үсдэж унагаагаад, дээрээс дэвсдэг байсан. Согтуу хятадуудад зодуулж, үг хэлээр доромжлуулж, тарчилж байсан өдөр хоног үнэхээр аймшигтай. Зочид буудлын эзэн “Тэмбүүний эсрэг хүчтэй тариа тарина. Хүүхэд чинь өсөлтгүй болохоор авна. Чи үйлчлүүлэгчдээ жирэмсэн гэдгээ хэлж болохгүй” гэж хэлсэн. Тэнд очсоноосоо хойш хүүхдээ авахуулахгүй гэж шийдэж, зугтах тухай бодож эхэлсэн. Надад цалин гэж өгдөггүй байсан. “Хүүхэд рүү чинь явуулсан учраас цалин буухгүй шүү” гэдэг байлаа. Тэр буудлын цонх төмөр сараалжин хаалттай, байнгын харуул хамгаалалттай, надад зугтах ямар ч боломж байгаагүй. Хэрэв зугтах үйлдэл хийвэл алуулна. Өмнө нь хамт байсан хоёр охины нэг нь оргох гэж байгаад баригдаж, хэвтэрт ортлоо зодуулсан. Тэгээд биднийг “Битгий ярвалзаад бай, инээ” гээд алгадна. Мөн “Цагдаа ирэх юм бол юу гэж хэлэхээ мэдэж байгаа биз дээ. “Ард чинь хүн байгаа юу” гэвэл байхгүй гэж хэл” гэж байнга хэлдэг байсан. Бидэнд хоол, унд бага өгч, буудлын цэвэрлэгээ хийлгэж, орой нь биеийг маань үнэлүүлдэг байсан.  Зоорийн давхрын өрөөнд унтаж, өглөө эрт босно. Тэр буудалд эрэгтэйчүүдээс гадна монголчууд, замын хүмүүс ордог учраас биднийг байнга хянаж, хүмүүстэй харилцуулдаггүй юм. Биднээс гадна Эрээний буудалд маш олон эмэгтэй байдаг юм билээ. Зарим нь амар хялбар аргаар мөнгө олох гээд өөрсдөө ирнэ. Зарим нь над шиг хууртагдаад оччихсон. Биеийг нь үнэлүүлж байгаа охидын олонх нь 16-18 настай. Тэд бүгд сүлжээтэй. Монголоос зуучилж өгдөг хүнтэй, хилээр гарах, угтаж авах эзэнтэй. Захиалгыг нь биелүүлээд буюу биднийг хүргэж өгөөд монголчууд цалин авдаг.

ТЭМБҮҮТЭЙ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖЭЭ

2020 оны нэгдүгээр сар. Монгол Улс, Улаанбаатар хот

     Тэнд очоод байхад гурван сар орчмын дараа нэг монгол эрэгтэй ирсэн. Би тэр хүнтэй хулгайгаар харилцаж, үнэн учраа хэлсэн. Миний байдлыг ойлгосон залуу буудлын эзэнд 1000 ион төлж, гадаад паспортыг маань авч өгсөн. Мөн тэр залуу хятад хэлтэй учраас “Биеэ үнэлэлт зохион байгуулж, охидыг хүчирхийлж байсныг чинь цагдаагийн байгууллагад хэлнэ” гэж тэдэнд хэлсэн юм билээ. Тэгээд биднийг буудлаас гаргасан. Нөгөө залуу намайг хилээр гаргаж, Замын-Үүдээс унаанд суулгаж өгөөд явсан. Тэр залуутай дахиж уулзаагүй. Би унаанд суугаад ар гэрийнхэнтэйгээ холбогдож, учир байдлаа хэлсэн. Өглөө Улаанбаатарт буугаад нөгөө хоёр эмэгтэй рүү залгахад “Яах гэж ирж байгаа юм бэ. Тэндээ хүүхдээ төрүүлсэн бол хятадууд өргөж авах гэж байсан юм. Том хүүхдийг чинь өгөхгүй. Хүүхдээ авмаар байвал гурван сарын төлбөрийг өдрийн 40 мянган төгрөгөөр бодоод аваад ир” гэж сүрдүүлж, элдэв янзаар хараасан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандаж, тэдний бүлэглэлийг илчилж өгсөн.

Хэргийг шалгаж, шүүх эмнэлэгт шинжилгээ өгсөн. Шинжилгээгээр “Бэлгийн замын халдварт тэмбүү, трихомонад өвчтэй. Тэмбүү өвчин нь цочмог шатандаа байна. Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний зан төрхийн бусад органик эмгэгтэй, сэтгэц өөрчлөлттэй. Долоон сартай жирэмсэн” гэж хариу гарсан.

Шүүх хурал болж, намайг худалдсан хоёр эмэгтэйд 4-7 жилийн хорих ял оноосон. Эцэст нь, би төрөлхийн тэмбүүгийн халдвартай хүүхэд төрүүлж, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болж үлдсэн. Миний амьдралын хамгийн аймшигтай, ой гутмаар өдрүүд өнгөрсөн жилүүдэд үргэлжилж байна.

Биднийг, охидыг зарж идэх хүн нь монголчууд л юм билээ. Хар дарсан юм шиг амьдрал минь хэзээ дуусахыг мэдэхгүй. Шорон шиг буудлын өрөөнд өвдгөө тэвэрч, үрдээ очихыг яарч, өдөржин, шөнөжин уйлсан өдрүүд дууслаа гэж бодсон. Гэвч бэлгийн замын халдвартай эмэгтэй, үр хүүхдийн заяагаар тоглосон өвчтэй ээж, дурандаа биеэ үнэлсэн биеэ үнэлэгч л болж үлдлээ. Дэндүү харгис  нийгэм, дэндүү аймшигтай хэргийн золиос нь би болчихлоо. Энэ харгислалын дараагийн хүн нь таны жаахан охин ч байж мэднэ. Иймээс л хэнийг ч буруутгаж, шүүхгүйгээр охидоо хамгаалаарай, хайрлаасай гэж хүсэж байна.

Энэ бол хүний наймааны золиос болж, Эрээн рүү худалдагдсан эмэгтэйн яриа. Амьдралдаа хар тамга даруулж, амьсгалахад ч хэцүү өдрүүдийг туулсан түүний түүхийг хүргэлээ.

 


“ШОРОН ШИГ БУУДЛЫН ӨРӨӨНД СОГТУУ ХЯТАДАД ЗОДУУЛЖ, ЯРГАЛУУЛААД ХЭВТЭЖ БАЙСНАА МАРТМААР БАЙНА”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 16
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-10 11:30:31
    S: SEKSDN XUSNEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-10 10:21:57
    Хххх: Одоо юу хийдэг бэ тусламж хэрэгтэй бол хэлээрэй би ч бас 2016 онд нэг охиныг монголд авчирч байсын
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-04 11:34:45
    xx: АЖИЛ хөдөлмөр хий сайханэ хувцас өмсөөд хүн хуураад байхаа больцгоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-20 10:25:09
    зочин : gehdee ooroo barag 3 jil ter humuustei holbootoi ajillaj biye unelsen ym bn shdee. yagaad? anhnaas n tsagdaad helchihej boloogui ym bhdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-30 11:06:08
    Иргэн: Монгол нь монголоо алдаг юм байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 19:12:26
    Нархан: Аль 7 р ангид бдаа л энэ талаар уншижмэдэж ойлголттой болж бсан бараг 20 жилийн дараа ч хүний наймааны золиос болсоор бгаа бол энэ талаарх мэдээлэл сургалт дутдаг юм бна даа дунд ангиас нь эхлээд эр эм гэлтгүй зааж сурналт орж бхгүйболч .... энэ үргэжилсээр л бна бх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 15:02:01
    Хосоо: Аймшигтай юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 13:13:47
    Zochin: Nuuts hulgaigaar gargaj bgaa uls hi when gargah n yu Ch bish bhoo ehners n buudaad buudaad yawbal yadag yum bgn baliar yumnuidiig
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 13:13:46
    Zochin: Nuuts hulgaigaar gargaj bgaa uls hi when gargah n yu Ch bish bhoo ehners n buudaad buudaad yawbal yadag yum bgn baliar yumnuidiig
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 13:13:46
    Zochin: Nuuts hulgaigaar gargaj bgaa uls hi when gargah n yu Ch bish bhoo ehners n buudaad buudaad yawbal yadag yum bgn baliar yumnuidiig
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 13:13:45
    Zochin: Nuuts hulgaigaar gargaj bgaa uls hi when gargah n yu Ch bish bhoo ehners n buudaad buudaad yawbal yadag yum bgn baliar yumnuidiig
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 13:13:45
    Zochin: Nuuts hulgaigaar gargaj bgaa uls hi when gargah n yu Ch bish bhoo ehners n buudaad buudaad yawbal yadag yum bgn baliar yumnuidiig
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-24 13:13:43
    Zochin: Nuuts hulgaigaar gargaj bgaa uls hi when gargah n yu Ch bish bhoo ehners n buudaad buudaad yawbal yadag yum bgn baliar yumnuidiig
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-23 23:35:06
    Иргэн: Манай Монгол хүүхнүүд цэвдэг араатан болж дээ, тиймэрхүү балиар хүүхнүүдийг улсын хоолоор тэжэжж яадагюм,шууд буудаж алах хэрэгтэй!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-23 22:58:33
    hh: nurshuu bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-17 12:59:58
    Zochin: Mongolchuud hun hunee amidaar ni barij idej ehelj baigaagiin neg barimt ene baina.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188