• Өнөөдөр 2026-04-16

ҮСХ-НЫ ДАРГА Б.БАТДАВААГИЙН ЭХНЭР Ц.АМГАЛАН 551, ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ч.ЖАРГАЛСАЙХАН 111 АВТОМАШИНААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

2026-04-15,   1045

         Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард “Нүүрс тээврийн бүлэглэлүүдтэй дайтна” гэж зарласан. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ “Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс тээврийн тонн тутмаас 60-80 ам.доллар завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх, илчлэх ажлын хэсэг байгуулж, ахлагчаар Х.Нямбаатарыг томилсон. Тэнд маш олон тооны автомашинууд байгаа. Тэр автомашинуудтай манай парламентын гишүүд, манай нөлөө бүхий маш том лидерүүд холбогдож байгаа. Автомашинаар нүүрс зөөх нь өөрсдөд нь асар их ашигтай учраас Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацааж байсан юм билээ” гэх маш ноцтой мэдэгдэл хийсэн байдаг. Гэвч түүнээс хойш таван сар өнгөрөхөд тэр "Нүүрс тээврийн бүлэглэл"-ийнхээ тухай дахин ам нээгээгүй, Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг нь ч ажиллаж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа. Магад, өнөө "Нүүрс тээврийн бүлэглэл" гэдэгт нь АН-ын, МАН-ын ах нар нь, тэр байтугай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ч багтах учир Л.Оюун-Эрдэнэ "хана мөргөсөн" ч байж болох. 
 
     Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Нүүрс тээврийн бүлэглэл” гэж онцолсон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг БНХАУ руу автомашинаар зөөхөөр гэрээ байгуулсан компаниудыг цувралаар танилцуулж байгаа. Эхний дугаартаа УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн удирдаж байсан, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай дөрвөн компанийн 504 автомашины баримтыг дэлгэсэн. Энэ удаад ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны хүү Б.Ганбат нарын нүүрс тээврийн компаниудыг танилцуулж байна. 

ҮСХ-НЫ ДАРГА Б.БАТДАВААГИЙН ЭХНЭР Ц.АМГАЛАНГИЙН УДИРДДАГ “И-КОММОДИТС МОНГОЛИА ИНТЕЛЛИЖЕНТ ЛОЖИСТИКС” ХХК ТАВАН ОХИН КОМПАНИЙНХАА НЭР ДЭЭР 551 АВТОМАШИНААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ 

       Эрүүгийн цагдаагийн алба болон АТГ-ын мөрдөгчид өнгөрөгч дөрөвдүгээр сард 1000  тонн нүүрс БНХАУ руу хууль бусаар гаргасан ноцтой хэргийн сэжүүрээс атгаж, улмаар өнгөрөгч зургадугаар сард хэд хэдэн баривчилгаа хийж байв. Тодруулбал, Гашуунсухайт боомтын гаалийн байцаагч Э, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албан хаагч Д нарыг баривчилсан байдаг. Мөн Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийсэн. Нэгжлэгээр түүний гэрээс 250 мянган ам.доллар олдсон нь багагүй шуугиан тарьж байв.
 
      Юуны учир Б.Батдаваагийн гэрийг нэгжих болсон гэхээр, түүний эхнэр Ц.Амгалан нь Сингапурын хөрөнгө оруулалттай, БНХАУ-ын иргэний хувь эзэмшилтэй, нүүрс тээврийн “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016 оноос хойш ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК нь БНХАУ руу 1000 тонн нүүрс хууль бусаар гаргасан хэрэгт Гаалийнхантай хамтрагч оролцсон байж болзошгүй сэжүүрээр ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийсэн гэсэн үг юм. 
         
       ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн хувьд УИХ-ын дарга Г.Занданшатарын томилгоогоор Үндэсний статистикийн хороог даргалах болсон. Жилдээ 1.5 тэрбум төгрөгийн орлоготой, 1.2 тэрбумын таван орон сууцтай, 3.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай, төрийн албаныхан дотроо “Тэрбумтан” гэх хочтой нөхөр. Харин түүний эхнэр “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК-ийн захирал Ц.Амгалангийн аав Т.Цэрэнпүрэв нь Түлш, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрдэс баялаг эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газрын дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар тус тус ажиллаж байсан, өнгөрсөн хоёр жил Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийн зөвлөхөөр ажилласан байсан төрд нөлөөтэй нэгэн. 

Тэгвэл ааваараа ч, нөхрөөрөө ч улс төрд нөлөөтэй Ц.Амгалангийн удирддаг, Сингапурын хөрөнгө оруулалттай “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК нь Монголын нүүрс тээврийн бизнесийг “атгаж” байгаа ноцтой баримтыг илчилж байна. 

Тодруулбал, “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК нь Монголд таван охин компани байгуулжээ. Тухайн таван компани бүгд нүүрс тээвэрлэдэг юм байна. Энэ онд л гэхэд тухайн таван компани нийт 551 автомашинаар нүүрс тээвэрлэхээр “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээ байгуулжээ. 
Тодруулбал, “И Коммодитс монголиа интеллижент ложистикс” ХХК-ийн охин компаниуд болох: 
  • “Эко глобал ложистик” ХХК- 292 автомашин
  • “Дэлгэрэх цагаан овоо” ХХК- 34 автомашин
  • “Алтан нууц” ХХК- 80 автомашин 
  • Шанхын цэц” ХХК- 81 автомашин
  • “Цэций гуа” ХХК- 60 автомашин
Харин толгой компани буюу “И Коммодитс монголиа интеллижент ложистикс” ХХК-ийн нэр дээр дөрвөн автомашинаар нүүрс тээвэрлэхээр “Эрдэнэс тавантолгой” ХК-тай тус тус гэрээ байгуулжээ. Ингэхээр нийт 551 автомашин болж байна. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс таван толгой" ХК-ийн нүүрсийг хамгийн олон автомашинаар тээвэрлэж байгаа компани нь “И Коммодитс монголиа интеллижент ложистикс” ХХК болж таарч байна. Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн удирдаж байсан дөрвөн компани 504 автомашинаар удаалж байна. 
 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ч.ЖАРГАЛСАЙХАНЫ “ШАНХ ТРАНС” ХХК 111 АВТОМАШИНААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭХЭЭР ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ 

      Энэ онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг БНХАУ руу зөөхөөр гэрээлсэн компаниуд дотроос хамгийн олон автомашинтай компаниудын нэг нь “Шанх транс” ХХК. Тодруулбал, тус компани нийт 111 шланзаар нүүрс тээвэрлэхээр гэрээлжээ. 
 
Судлаад үзвэл, “Шанх транс” ХХК-ийг Чойжилын Жаргалсайхан, Чойжилын Батжаргал гэх ах дуу хоёр эзэмшдэг юм байна. Ноцтой нь, ах Ч.Жаргалсайхан нь Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, дүү Ч.Батжаргал нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч асан ажээ. 
 
“Шанх транс” ХХК-ийн эзэн Ч.Жаргалсайханы хувьд, УИХ-ын гишүүн “Ажнай” Б.Бат-Эрдэнийн бизнесийн хамтрагч юм байна. Тодруулбал, Ч.Жаргалсайхан нь УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй хамт “Гурван сайхан интернэшнл” ХХК-ийг эзэмшиж иржээ. Мөн тэд Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийг хамт удирддаг. Дээрээс нь Ч.Жаргалсайхан нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн ээж Д.Хуушааны эзэмшдэг “Мон Ит булигаар” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан гэхээр хэр ойр дотно холбоотой нь тодорхой харагдана. Тиймдээ ч Өмнөговь аймгийн ИТХ-д төвөггүй сонгогдож, нүүрс тээврийн автомашинууд ч нэмэгдсээр буй ажээ. 
       
     Түүнчлэн, Ч.Жаргалсайхан “Шанх транс” ХХК-иас гадна “Алтанговь групп” ХХК-ийг эзэмшдэг. Тус компани нь Өмнөговь аймагт Аялал жуулчлал, Тээвэр ложистик, Барилга, Гадаад дотоод худалдаа, Оёдлын үйлдвэр, хими цэвэрлэгээ гээд бүхий л салбарт монополь шахуу болжээ. 

Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ Б.ГАНБАТ, Б.ГАНХӨЛӨГ НАРЫН “БАТГАН ТРАНС” ХХК ЗУРГААН АВТОМАШИНААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭДЭГ

     “Шунхлай” группийг мэдэхгүй хүн үгүй биз. Тэгвэл “Шунхлай” группийн том хувьцаа эзэмшигчид буюу УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны хоёр хүү Б.Ганбат, Б.Ганхөлөг нар “Батган транс” ХХК-иараа зургаан автомашинаар нүүрс тээвэрлэхээр “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээлжээ. 
       
Үндэсний хамгийн том групп компаниудын нэг гэгддэг “Шунхлай”-н өв залгамжлагчид Өмнөговьд зургаан автомашинаар нүүрс тээвэрлэх гэрээ байгуулж байна гэхээр нүүрс тээврийн бизнес асар их ашигтайн бэлээхэн жишээ гэж болно. 
 
       Энэ онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг БНХАУ руу 157 компани 9181 автомашинаар зөөхөөр гэрээлсэн. Тэдгээр 157 компаниас ердөө гурван компанийг нь сонгож цаад эздийг нь тодруулахад ийм байна. Цаашилбал, эхэнд дурдсанчлан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн компани ч дээрх 157 компани дотор багтаж байгаа буюу нүүрс зөөж буй. Илүү ноцтой нь, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий этгээдүүд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамаарал бүхий этгээдүүдтэй хамтарсан бизнестэй буюу ашиг сонирхол ойр. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "Нүүрс тээврийн бүлэглэлтэй тэмцэнэ" гэх мэдэгдэл нь түүнийг нам дотроо ганцаардах бас нэг шалтгаан ч болсон гэдэг.  Бид дараагийн дугаартаа дэлгэрүүлэн хүргэх болно. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

ҮСХ-НЫ ДАРГА Б.БАТДАВААГИЙН ЭХНЭР Ц.АМГАЛАН 551, ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ч.ЖАРГАЛСАЙХАН 111 АВТОМАШИНААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-07 09:49:11
    Зочтн: Өлөн гарууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-04 17:26:59
    өм: ажнай хэмээх морь батэрдэнэ сахал жаргалсайхан 2 ах дүүсийн хүүхдүүд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-04 16:11:53
    Зочин: Т.Цэрэнпүрэв Сү.Батболдын үеэл юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-04 13:01:56
    irgen: pooh, yamar shunaltai hulgaichuud vee, ichdegguim bh daa, yum uzeegui guilgahcinguud l ingene dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-03 09:03:01
    Хүрэлсүх, амарбаясгалан нар байгаа бол энэ бүлэгтэй тэмцэх боломж алга: Хүрэлсүх, амарбаясгалан нартайгаа МАН тэмцэж чадах уу? Шударга царайлсан луйварчид төр барьж байхад нүүрсний бүлэглэлийг ус гаж чадахгүй.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188