Тэд “Өнөөдөр” сониныг байгуулагдаад удаагүй байхад тал талаас сэтгүүлч болохоор редакцдаа ирж байжээ. Тухайн үед өнөөгийн нэрт сэтгүүлч Б.Энхцэцэг дунд сургуулийн англи хэлний багшаас, мөн Балдорж шагналт сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн орон нутгийн телевизээс, өнөө цагийн нэрт нийтлэлч Ш.Даваадорж “Ардын эрх” сониноос “Өнөөдөр” сонинд ирж байсан түүхтэй. Тэдний сэтгүүлчийн ажлын гараа ингэж эхэлжээ.
Ш.Д: “Ардын эрх” сонин Төрийн ордны дөрөв, нэгдүгээр давхарт байрладаг байлаа. Одоогийн “Ардын эрх”-ийн барилга баригдаагүй, “Баригдаж байгаа, ашиглалтад удахгүй орно л” гэдэг байсан юм. ““Ардын эрх” сонин шавь сургалтаар сэтгүүлч бэлтгэнэ” гэсэн зараар анх бүртгүүлж, сэтгүүлч болох эхлэлээ тавьсан. Тэгээд бүр зогсохгүй шавь сургалтаа онц дүнтэй төгсвөл “Ардын эрх” сонинд ажилд авна гэж байсан юм. Би онц дүнтэй төгсөлгүй яах вэ дээ. Тэгээд л төв хэвлэлд сэтгүүлчээр ажилд орж, Олон улсын албанд томилогдож байлаа.
Үнэндээ надад орчуулга хийх сонирхолтой байгаагүй. Халуун цэг рүү явж байж л бусадтайгаа адилхан сэтгүүлч болно гэж боддог байсан юм. Энийгээ ч удирдлагууддаа хэлж байсан удаатай. “Ардын эрх”-ийн энэ барилга шинэ жилийн өмнө ашиглалтад орж байсан. Бал эрхлэгч цементэн шалан дээр шинэ хивс авчирч дэвсээд, шинэ жилээ тэмдэглэж байлаа. Ингэж тэгж явсаар “Ардын эрх” сонины эрхлэгчийн суудлаас Бал эрхлэгчийг буулгаж, тэр “Өнөөдөр” сониноо байгуулсан. Эрхлэгчийгээ хувийн хэвлэл байгуулна гэхэд нь тоогдохыг хүсэж, “Намайг дагуулаад яваасай, дуудаасай” гэж чин сэтгэлээсээ хүсэж, бэлдчихсэн сууж байсан даа. Бодлоор ч болж эрхлэгч миний үеийн хэдэн нөхдийг авч явснаар, “Өнөөдөр” сонины суурь тавигдаж байсан түүхтэй. Ингэж л “Өнөөдөр” сонинтой холбогдсон. Тэгэхээр би энэ хэдээс түрүүлээд сэтгүүлч болчихсон байгаа биз.
Б.Э: Би 1996 оны хавар дээд сургуулиа төгсөөд дунд сургуульд англи хэлний багшаар ажилд орсон. Багшийн мэргэжлээр сураагүй учраас сонирхолгүй, ер нь ажилдаа дургүй байлаа. Багшаар ажиллаж чадахгүй, боломжгүй гэдгээ тэр жил мэдэрчихсэн байсан. Тэгээд тэр оныхоо намар нь идэвхтэй ажил хайж байхад телевизээр “Өдөр тутмын “Өнөөдөр” сонинд Утга зохиолын ажилтан авна” гэсэн зар явдаг байв. Утга зохиолын ажилтан гэхээр би ерөөсөө ойлгохгүй, надад хамаагүй мэргэжил гэж бодоод чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд л байлаа.
Өвөл нь буюу Даваагийн яриад байгаа цементэн шалан дээр хивс дэвсээд, анхныхаа шинэ жилийг хийж байх үед “Өнөөдөр” сонинд ажилд авна” гэсэн өнөөх зар телевизийн эфирийн цаг бүрээр гарсан. Тэгэхэд аз болж, “Утга зохиолын ажилтан биш, Гадаад мэдээний редактор ажилд авна” гэсэн байсан юм. Би Чехийн Элчийн сайдын яам гэж байх үед дадлага хийж байсан учраас хэвлэл надад ойрхон, дөхөм санагдаж “Өнөөдөр” сонины байр руу очиж уулзсан. Тэр үед чех хэлээр гардаг залуучуудын “Браво”, “Окей” сэтгүүлээс материал авч, орчуулж үзүүлсэн юм. Миний орчуулга таалагдаж, би “Өнөөдөр” сонинд ажиллах эрхтэй болсон. Тэгээд 1997 оны нэгдүгээр сарын 2-ноос ажилд орж, “Өнөөдөр”-өөр овоглож эхэлсэн дээ.
Ц.Ц: Би найзуудаасаа хамгийн сүүлд орсон нь байх. Миний ажлын гараа “Хэнтий” телевизээс эхэлсэн юм. Хэвлэлийн хүрээлэнд сураад, төгсөхөд багш нар “Сэтгүүлч болъё” гэж бодож байгаа бол эхлээд бичиж сурах хэрэгтэй. Бичээд сурчихвал аль ч хэвлэлд ажиллах боломжтой, хөрвөх чадвартай, сэтгүүлчийн чинь суурь сайн тавигдана. “Өнөөдөр”, “Өдрийн сонин” гээд хоёр том хэвлэлд дадлага хийх боломжтой” гэж хэлсэн. Тэгээд “Өнөөдөр” сониныг сонгоод, 14 хоног Л.Болормаа сэтгүүлчийн удирдлага дор дадлагаа хийлээ. Дадлагаа дуусаад өмнө нь ажиллаж байсан орон нутгийнхаа телевиз рүү явна гэж боддог байлаа.
Гэтэл Болороо эгч “Чи манай Эдийн засгийн албанд үлдэх үү” гэж асуухаар нь шийдвэр гаргаад, “Өнөөдөр” сониндоо үлдсэн. Тэгж л ажилд орж байсан түүхтэй. Намайг анх ажилд орж байхад Даваа, Энхээ, Заяабат нар хэдийнэ сэтгүүлч болчихсон байлаа шүү дээ. Том ах, эгч нар тоож ч харахгүй, намжирдсан л хүмүүс явлаа (инээв).
Б.Э: Намайг “Өнөөдөр” сонинд орж байхад Ш.Даваадорж, Д.Энхболдбаатар, Д.Заяабат, Ж.Гэрэлмөнх, Заяабаатар ах, Цоодолын Хулан ажилладаг байсан. Надаас гурав, дөрвөн сарын өмнө л ирсэн гэсэн үг. Намайг ажилд орсноос хойш нэг сарын дараа сэтгүүлч Р.Эмүжин найз маань орж ирж байсан. Тухайн үед Ц.Балдорж гээд эрхлэгч байдаг л гэж сонсогдоод байдаг. Би ажилд ороод хоёр сар боллоо хүмүүсийн айгаад, яриад байдаг өнөөх хүн нь байдаггүй ээ, харагддаггүй.
НЭРТ СЭТГҮҮЛЧ Ц.БАЛДОРЖ, Б.ЭНХЦЭЦЭГ НАР. ТӨРИЙН ОРДОН, 2005 ОН
Би тэр хүнийг нь нэг харчих юм сан гэж боддог байв. Тухайн үеийн ажил хэрэгч, бизнесмен хүмүүсийн нүдний шил нь хүрээгүй, туяатай гоё шил байсан. Гэтэл төд удалгүй манай эрхлэгч тэр хүмүүсийн зүүдэг шилтэй адилхан шил зүүгээд редакцад ороод ирсэн. Тэгж л нэр нь дуулдаад удсан эрхлэгчийгээ харж байлаа. Би сэтгүүлч мэргэжил эзэмшээгүй учраас телевизээр харсан хүмүүсээрээ л сэтгүүлч хүнийг төсөөлдөг байсан. Тэгээд анх ажиллаж эхлэхэд “Өнөөдөр” сониныхоо үеийн хэдэн сэтгүүлчийг хараад гайхаж байсан шүү. Нэг тийм задгай ч гэх юм уу, билэг танхай ч гэх юм уу хүмүүс байсан. Бичих юм нь бэлэн, гэхдээ юу бичиж байгаа нь тодорхойгүй. Өглөө нь мэдээндээ явна, сурвалжилгадаа гарна гээд сүйд болно. Гэхдээ хийх юм нь хурлаар тодорхой болоогүй, “Даваадорж ийм материал өгөх юм байна” гэж би лав ойлгож, мэдэж байгаагүй, хурлаас. Миний чихэнд хурал дээр тийм зүйл сонсогдож байгаагүй гэсэн үг, анхандаа. Миний хийх ажил тодорхой, гаднын хэвлэлээс орчуулга хийх. Тэгээд дотоодын сэтгүүлчдээ “Ямар лаг, ямар мундаг хүмүүс байдаг юм бэ” гэж бодож байлаа. Энэ Даваадорж чинь асар хурдтай, хар гүйхээрээ орж ирээд, материалаа бичээд суучихдаг байсан юм.
Гэхдээ Ш.Даваадорж, Д.Энхболдбаатар их зантай залуучууд байсан шүү. Мэдэхгүй зүйлээ асуухаар “Чи яагаад тийм мэддэггүй юм бэ” гээд уурлаад, загнаад байдаг байсан. Тэгээд би сүүлдээ юм асуухаас халшраад, дуугардаггүй болчихсон. Би уг нь сэтгүүлчдийн амьдралыг амьхандаа сонирхоод “Та хэд яадаг юм, юу бичдэг вэ, яаж мэдээллээ олдог вэ” гэж л асуух гээд байгаа юм. Даанч энэ хэд их зантай. “Ийм юм мэддэггүй юм уу” гээд л үгээ урсгачихна даа.
Ш.Д: Өөрсдөө юм мэддэг юм шиг үү (инээв).
Б.Э: Гэхдээ өөрсдөө бол лаг хүмүүс байсан. Даваа “Би өнөөдөр аймар хадаас биччихлээ. Маргааш сониноос уншаарай” л гээд онгироод, “бааварлаад” гараад явчихдаг байж билээ. Нээрээ л тийм байсан. Яах аргагүй хадаас л байдаг байлаа.
-Ш.Д: Бидний “Өнөөдөр” сонин бүх юмны анхдагч болж байлаа. Анхны хувийн чөлөөт хэвлэл. Энэ хэвлэлийн анхны багийн гишүүд нь бид болж байсан гэсэн үг. Тэр цагаас л бидний нөхөрлөл эхэлсэн. Сайндаж, муудаж явсаар бид 27 жил болсон байна шүү дээ. Энхээ анх хар ногоон өдөн куртиктэй, хар гуталтай, бондгор охин ажилд орж ирж байлаа. Чех, Оросоос орчуулга хийдэг. Тэгээд аймар хурдан дэвшээд, албан тушаалтай болоод явчихсан (инээв). Харин Цэвээнээ анхнаасаа л ийм туранхай, хөгжилтэй охин байсан. Урсгалаараа л нэг нэгэнтэйгээ найзалчихсан шүү дээ.
Тэдний зовлон, жаргал ив ижил, ав адилхан. Мэргэжил нэгтэй найзууд байхын гоё, сайхныг тэд ижил тэнцүү үүрч, нэгнийгээ харцаараа ойлгож, хайрлаж, ээнэгшиж дасжээ. Дуу хураагуур бариад ганцаараа гүйхээс, өөрийнхөө нэрийг тодоор бичүүлэхээс илүү тэдэнд “Өнөөдөр” гэдэг нэр хамгийн чухал байлаа. Харин одоо тэдэнд өнөөдөрт хүрсэн нөхөрлөл нь чухал ажээ.
Б.Э: Биднийг сэтгүүлч болж байх үед хувь сэтгүүлчийн амбиц гэж яг үнэндээ байгаагүй. Зөвхөн “Өнөөдөр” сонин гоё гарах, “Өнөөдөр” гэж сайнаар яригдах нь л чухал байлаа. Цэвээнээ материалаа сайн мухарлах нь, Даваа хадаас мэдээ, ярилцлага олоод ирэх нь бүгдэд маань гоё. Учир нь, “Өнөөдөр” сонины маань нэр гарч байна шүү дээ. Би сайн материал хийвэл энэ хэд маань дагаж баярлаад, муу юм хийвэл адилхан гуниглаад л явж байдаг. Тэрнээс Ц.Цэвээнхэрлэн гэдэг нэр өндөрт гараад, Ш.Даваадорж гэдэг автор мандаад, цойлоод, Б.Энхцэцэг гэж хэн бэ гэдэг нь олонд танигдаад байхдаа чухал байгаагүй. Бидний жаргал, зовлон нэг байсан юм шиг. “Өнөөдөр”-өөрөө гоёдог, “Өнөөдөр”-ийнхөө нэрийг барьж явдаг байлаа. Хэвлэлийн хурал дээр очоод “Би “Өнөөдөр”-өөс явж байна” гэж хэлэхэд “За, тэр хүүхэд ороод ир” гэдэг. Ийм л үед бид ажиллаж, ийм л үеийг бид бүтээлцсэн шүү дээ. Энэ бол бидний хамгийн жаргалтай, сайхан үе минь юм.
Тэр үеийн редакцын соёл, нөлөө, хүч их байлаа. Бид нийтлэл бичихдээ ч дураараа “Би, би” гэдэг үгийг хэрэглэж үзээгүй. Би сонины сэтгүүлч байхдаа би гэж бичиж үзээгүй мэдээллийн сайтын сэтгүүлч болж байлаа. Одоо л заримдаа би гэж цэг тавьчих гээд байна шүү дээ. Гэхдээ аль болох ингэхгүй юм сан л гэж хичээж байна. “Өнөөдөр” сонинд ажилласан хорин жилийн сэтгүүлчийн ажил хэзээ ч би байгаагүй, бид л байсан.
Ш.Д: Бид сэтгүүл зүйд 30 орчим жил ажиллажээ. Сонин, хэвлэлд ажилласан бидний зовлон, жаргал нэг байлаа. Бидний материал, ярилцлага, сурвалжилга, орчуулга сонин дээр хэвлэгдэж гарах нь чухал байсан. Энэ л бидний хувьд жаргал. Бидний хоорондоо муудаж, сайдаж явсан он цаг хугацаа баллуурдаж болохооргүй их. Яг үнэнийг хэлэхэд, үхтлээ муудалцаж, чи, би дээрээ тулна, нэгнийгээ үзэн ядна. “Чи чадах уу, би чадах уу” гэж нэгнийгээ гомдооно, уучилна, бусдаас илүү хайрлана, хамгаална, харамлана. Ийм л замаар туучиж бид энд хүрсэн.
Олон жил ингэж явахаар нэгнийгээ хайрладаг болчихдог юм байна. Одоо бид биеэ харцаараа ойлгож, мэддэг болжээ. Бичиж байгаа бичвэр, сэдэв, сонгосон үгнээс нь л мэдэрдэг болчихсон байна. Сэдвээ хэлэхээр нь “Энхээгээс минь, Цэвээнээгээс маань ийм л зүйл гарна даа” гэдгийг баараггүй мэддэг болжээ. Нөхөрлөлийн хамгийн гоё зүйл нь торго шиг бие биеэ мэдэрч, чин сэтгэлээсээ хайрладаг болчихдог юм байна. Сүүлдээ нэгнийхээ бүтээлээс нь л жаргалыг мэдэрч байна даа. Сайн материал бичсэнийх нь дараа “Энийг яаж зовж, жаргаж бичсэн бол. Бичвэрээ хараад өөрөө яаж байгаа бол” гэдгийг хараагүй байсан ч мэддэг, хажууд байгаа юм шиг мэдэрдэг болсон. Бусдын мэдэрч чаддаггүй гоё зүйлийг л бид 20 гаруй жил ижил тэнцүү мэдэрч, нөхөрлөж явна даа. Одоо ч залуугийнх шиг би, чи гэсэн хэрүүл байхгүй болжээ.
Амьдралын минь 90 хувь энэ хэдтэй хамт өнгөрсөн учраас бидний харилцаа гэр бүл шиг болчихсон. Эд эрч хүчтэй, омголон, дураараа, гэнэн үеэ бид нэг хүн шиг өнгөрүүлчихсэн байна. Нэгнээсээ бутраад явчих вий гэж айсандаа сонин дээрээ өнжиж, дандаа хамт байдаг байхыг хүсдэг байлаа. Өдөржин редакц дээрээ, заримдаа шөнөжин цэнгээний газарт цагийг өнгөрөөдөг байсан. Ер нь гэртээ хариад хоолоо идэх, унтах хоёрт л хамт байгаагүй. Одоо ч хэвлэл олон болсон учраас тал тал тийшээ салах, удаан хугацаанд нөхөрлөх боломж байхгүй байж магад. Бидний давуу тал нэг газраа удаан, дандаа хамт байсан.
Ц.Ц: Сэтгүүлчдийн сэдвээ, өнцгөө, гарчгаа олтлоо, бичтэлээ зовох зовлон адилхан байдаг. Жаргал нь ч бас ижилхэн. Материалаа бичитлээ холхих, бусдыгаа өдөх, хатгах, зовоох, хамтдаа хөгжилдөх гээд яг адилхан. Тэгээд бүх зүйлийн цаг хугацаа болоход бүгд чив чимээгүй, аниргүй болчихсон тачигнатал бичээд суучихдаг. Бидний ядрахаа ч мэдэхгүй хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа хамгийн жаргалтай үе.
Б.Э: Хэдэн ч насандаа эргээд уулзсан анх тааралдсан, найзалсан харилцаа маань амь халуунаараа байж байдаг. Тухайлбал, Даваадорж бусдад харагддаг шигээ надад харагдахгүй шүү дээ. Анх ярьдаг байсан яриагаараа, тааралдсан төрхөөрөө л хадгалагдаж үлдсэн. Ямар байсныг нь, хэн байсныг нь мэддэг учраас улам хайр хүрч, дурсамжаа зузаатгаад амьдарч явна. Одоо хэдийгээр нэг газарт ажиллахгүй байгаа ч гэсэн анх тааралдсан, учирсан салбартаа зүтгэж яваа учраас хамтдаа л байгаа юм шиг санагддаг. Нэгнийхээ хийсэн бүтээлүүдийг харж баясаад, жаргаад л явж байна.
Ц.Ц: Анх “Өнөөдөр”-т ажиллаж байх үед хамт орсон сэтгүүлчид Даваагийн талаар ярьж байгаа юм. “Энэ Даваа ах үнэхээр лаг сэтгүүлч гэсэн. Сурвалжилгыг үнэн тасархай бичдэг” гээд шуугиад л байдаг байсан. Тэгээд би Давааг сурвалжилга бичихийг нь хүлээгээд л байлаа, хүлээгээд л байлаа. Тэгж, тэгж Даваа Тэрэлж рүү сурвалжилгад яваад, ирээд бичээд сониндоо оруулсан. Бичсэн сурвалжилгыг нь уншсан чинь үнэхээр бусдаас өөр амьд бичсэн байсан. Телевизийн сурвалжилга, нэвтрүүлэг чинь дүрстэй байж байж амьд харагддаг биз дээ. Гэтэл Даваагийн сурвалжилгаас бүх дүрс, дүрслэл, тухайн цаг үеийн зүйлийг мэдэрч уншиж билээ. Тэгээд сурвалжилгыг ийм амьд, ингэж бичдэг юм байна гэдгийг ойлгож байлаа.
Б.Э: Даваа миний дарга ч, хамтран зүтгэгч ч байж үзсэн. Энэ чинь зан чанарын хувьд гал шиг хүн. Би “Зууны мэдээ” сонинд ажиллаж байгаад ирсэн чинь эрхлэгч болчихсон байсан. Тэгсэн бүр хүмүүсийг загнаад л, хачин байсан.
-Ш.Д: Эрхлэгч болохоор хүмүүсийг загнадаг юм байна лээ (инээв).
Б.Э: Би нэг удаа авторгүй мэдээ тавьчихсан байсан юм. Гэтэл Даваа “Энэ авторгүй мэдээг хэн оруулсан бэ” гээд улаан гүйхээрээ хашхирч орж ирлээ. Би бүүр гайхаад “Би...” гэсэн чинь “Өө, чи...” гэснээ гараад явчихсан. Гэхдээ дараа нь надтай зарчим ярьж, ойлгуулсан л даа. “Би муу ч, сайн ч энэ сониныг чиглүүлж явж байна. Оруул гэсний дагуу оруулчихаж болохгүй шүү дээ” гэж хэлж байсан.
Ц.Ц: Би энэ хоёрыг тэр үед нь хараад зогсож байлаа. Тэгээд би суудалдаа суугаад дөнгөж сурвалжилгаа эхлүүлж байсан юм. Сурвалжилгаасаа ирээд ердөө 20, 30 минут болж л байсан байх. Гэтэл Даваа Энхээтэй тийм зүйл ярьчихаад шууд над руу сүр сар гэж ирээд “Хөөе, Цэвээнээ чи сурвалжилгаа хурдан өгөөч. Цаг оройтлоо, сонин буулаа” ч гэнэ үү нэг юм хэлэхээр нь би мөчөөгөө өгөхгүй “Хөөе, би дөнгөж орж ирж байна” гэсэн чинь аймар том харснаа яваад өгчихөж билээ.
Б.Э: Бас л Даваагийн онигоо. Би Ерөнхий сайд асан Сү.Батболдын гадаадын гурван орноор дамжсан айлчлалд хамт явсан юм. Сэтгүүлч хүн чинь явсан томилолтоосоо олон юм гаргах гэж үзнэ шүү дээ. Тэгээд айлчлал, аяллын тэмдэглэл бичлээ. Угтаа аяллын тэмдэглэл хоёрдугаар нүүрнээс биш, өөр нүүрэнд орох ёстой л доо. Тэр үед зай талбай нь ч байхгүй байсан юм уу, бүү мэд. Ямартай ч хоёрдугаар нүүрнээс аяллын тэмдэглэлээ эхлүүлээд, дараагийн нүүр рүү шилжүүлсэн байсан юм. Гэтэл Даваа бас л хар хурдаараа орж ирээд, “Чи одоо хаашаа юм бэ. Сү.Батболдоос мөнгө авчихсан юм уу” гэдэг юм даа.
Ш.Д: Би тэгж хэлсэн гэж үү. Би юү...
Б.Э: Тийм ээ, чи. Ямар ч мэндийн зөрөөгүй тэгж хэлж байгаа юм. Тэгээд миний сандлыг савчуулаад бөөн юм болж байгаа юм чинь. Би тэр үед урдаас нь “Юу гээд байгаа юм бэ, чи” гэж хэлмээр байсан ч шоконд ороод үг дуугарч чадаагүй. Даваа шилбээ эргүүлээд аймар хурдан явдаг байхгүй юу. Хуй салхи шиг л байдаг. Яг л тийм дүрээрээ галзуу хүн шиг орж ирээд, тэгж билээ. Тэгснээ “Өдөр болгон Сү.Батдолдын мэдээг оруулдаг сонин биш шүү, манайх Энхцэцэг гуай” гэснээ гараад явчихсан. Гэхдээ байгууллага удирдаж, чиглүүлж явна гэдэг өөр өөр онцлог, зарчим байна байх. Хэдийгээр найз минь миний эрхлэгч ч гэсэн нүдэнд Даваа л харагдаад уйлчих гээд л хоцорч байлаа.
Б.Э: Бас нэг юм ярихад Бал эрхлэгч Цэвээнээд “Цэвээнээ, буриад хүмүүс бүгдээрээ омголон, эрч хүчтэй байдаг ч эмэгтэйчүүд нь арай гайгүй л байдаг сан даа” гэж хэлж билээ (инээв). Цэвээнээ өглөөний шуурхайгаас хоцроод л, өмнөх өдөр нь болох, болохгүй газраар яваад тэгсэн байх...
Ц.Ц: Бид хэд залуу байхдаа Урт цагааны ойролцоо байх үйлчилгээний газарт байнга ордог байсан юм. Хоол ч иднэ, “хориотой” ч юм ууна. Нэг удаа Бал эрхлэгч “Ажил таслаад байгаа юм уу, та нар. Тэр “Broadway”-г чинь хаалгана шүү. Б-гийн группийнхэн босоцгоо” гэхэд залуучууд нэгэн зэрэг босоод зогсож билээ. Би болохоор хүний араар нуугдаад суугаад үлдтэл Бал эрхлэгч “Толгойлогч Цэвээнээ чи бос” гээд хашхирч байсан даа. Миний, бидний хамгийн гоё он жилүүд “Өнөөдөр”-т өнгөрсөн. Залуу ч байж, хурдтай, эрч хүчтэй ч байж дээ.
Ш.Д: Энэ хоёр намайг ингэж л байг. Гэхдээ редакц удирдахаар болоод, намайг багаа сонго гэвэл би энэ хоёрыгоо л сонгоно. Энэ хэд маань мэргэжлийн сэтгүүл зүйд үнэхээр номер нэг нь гэдгийг бардам хэлж чадна. Цэвээнээ шиг байгаль, экологийн сэдвээр тууштай бичиж байгаа сэтгүүлч ховор байна. Энхээгийн шинэ төрөл, жанр өөрийг нь эвдэж, уярааж, догдлуулж байна шүү дээ. Энхээ шиг хөрөг найрууллаар бичиж байгаа хүн хэн байгаа юм бэ. Энд бид гурав л яриад сууж байгаа болохоос олон мундаг залуу байгаа. Манай Заяабат, Энхмаа, Эмүжин, талийгаач Болороо эрхлэгч гээд...
Сүнсээ өгөх шахдаг өглөөний шуурхайгаа, магтаал, шүүмжлэл дунд материалаа хэлэлцүүлдэг редакцын соёлоо аваад үлдэхийг, ахиад үргэлжлүүлэхийг үргэлж хүсдэг сэтгүүлчид бол тэд.
-Ц.Ц: Өглөөний шуурхай ширүүн болно. Жинхэнэ алуулдаг байсан шүү. Сонины гол амин сүнс чинь өглөөний шуурхай. Өглөөний шуурхай дээр магтуулчихвал тэр өдөржин “нисдэг” байлаа. Харин загнуулбал эсрэгээрээ...
-Ш.Д: Одоо өглөөний шуурхай хийдэг редакц байдаг болов уу. Үнэнийг хэлэхэд байхгүй болчихсон байх. Бал эрхлэгч сайн материал хийвэл тэдэн төгрөгөөр шагналаа гээд самбар дээр хийсэн сурвалжилга, ярилцлагатай нь хамт томоор бичээд хадчихдаг байсан. Тэгээд тэрнээсээ сайн материал хийх гэж тэмүүлдэг, урам авдаг байсан юм. Өглөөний шуурхай дээр сэтгүүлчид заавал мэдээ хэлэх ёстой байдаг. Тэр үед чинь интернэт, цахим сүлжээ гэдэг чинь байхгүйтэй адил байлаа. Интернэтэд орно гэдэг ховор байсан. Би өдөр нь орчуулах гэж байгаа мэдээгээ хэлчихнэ. Тэгэхээр “Энэ сэтгүүлч дандаа сайн мэдээ хэлдэг” гээд магтуулаад байдаг. Гэхдээ өглөө нь сайхан магтуулж аваад, орой нь би ажлаасаа халагдчихдаг байсан. “Халах тушаал гарга” гээд л халаад хаячихдаг байсан.
-Ц.Ц: Миний мэдэхийн Даваа ажлаасаа гурав халагдаж, гурав орж ирж байлаа.
-Б.Э: Өглөөний шуурхай шиг сайхан юм байгаагүй. Ерөөсөө л их сургууль гэсэн үг. Өглөөний шуурхай дээр намайг магтвал “Бүгдээрээ намайг сонссон болов уу. Бүүр чанга хэлээсэй” гэж боддог байсан гээд бод доо. Ямар ч сайн сэтгүүлч байсан эрхлэгчээсээ, багийнхнаасаа, найз нөхдөөсөө санаа, зөвлөгөө, дэмжлэг авч, багаараа хийснээр ажил бүтэн болдог.
Өдөр тутмын сонин эрчээ авч байх үед, сэтгүүл зүй чамбай, редакцууд нөлөөтэй, хүчтэй байх үед сайн материал их гардаг байлаа. Яагаад сэтгүүлчдийн бүтээл тэр үед чамбай, чанга байсан бэ, гэвэл өглөөний шуурхайтай шууд холбоотой. 40, 50 хүн нэг сэдвийн талаар өглөөний шуурхай дээр ярьж байхад муу материал гарах үндэс байхгүй. Сэтгүүлчийн материал дээр шүүмж хэлэлцүүлнэ гэдэг чинь мэргэжлийн үйл явц байлаа. Энэ бүгдийг сонсож байгаа залуу сэтгүүлчид тогтмол өсөж байдаг юм. Сүүлийн үеийн редакцууд цөөхөн хүнтэй болчихсон учраас өглөөний шуурхай гэдэг гоё соёлоо алдчихсан байх.
Ц.Ц: Өглөөний шуурхай дээр мэдээ байхгүй бол тэвдэж өгнө. Хаанаас, юу олж хэлэх вэ гээд л сандарч байгаа юм чинь. Бараг л зохиогоод хэлчихмээр санагддаг байсан. Гэхдээ зохиогоод хэлчихвэл баларна. Зохиогоод хэлбэл “Өө, наад материалынхаа араас яваад олоод ир. Өнөөдрийн гол материал шүү” гэвэл яах юм. Би байдалд хүмүүс орж байсан шүү дээ. Нэг удаа баахан хэвлэлийн хурлын мэдээ тэмдэглээд хуралдаа орлоо. Урдуур суусан хүмүүс болох хэвлэлийн хурлыг маань бүгдийг нь хэлчихлээ шүү. Над дээр ирээд, Бал эрхлэгч “Дадлагын хүүхдэд мэдээ, сэдэв байна уу” гэлээ. Тэгэхээр нь би сандарч, сандарч “Уг нь байсан юм. Даанч миний тэмдэглэж авсан мэдээнүүдийг хэлчихлээ” гэсэн чинь бүгд инээж билээ. Энэ бараг миний хамгийн анхны өглөөний шуурхай байсан байх.
Б.Э: Манай ажлын нэг эмэгтэй хүүхдээ аваад, ажилдаа ирсэн юм байна л даа. Тэгээд өглөөний шуурхай болоход ард суулгаад байж байсан чинь хүүхэд нь “Ээж ээ, энэ шүүх хурал чинь хэзээ дуусах юм бэ” гэж асуусан гэсэн. Тэгж ойлгогдохоор л болдог байсан байгаа юм шүү дээ.
Ш.Д: Өглөөний шуурхай дээр биднээс хамгийн олон мэдээтэй байдаг нь манай Д.Заяабат. Цагдаагийн мэдээг 10, 20-оор нь эгнүүлээд “Тэнд тийм гэмт хэрэг гарсан, тэр тэгсэн” гээд л биччихсэн байдаг. Тэгээд би “За, чамд баараггүй мэдээ байгаа нь тодорхой, хоёрыг нь өгчих” гээд гуйчихдаг байсан. Мэдээ хэлдэг байсан нь сэтгүүлчдийг сэтгэх, юмсыг анзаардаг, ажигладаг болгочихдог байсан.
Тэдний ид байх үеийн, хөлийнхөө тавхайг, гутлынхаа улыг эргэтэл явдаг, эрэл хайгуул хийдэг байсан сэтгүүл зүй ямар байсныг залуу сэтгүүлч бид мэдэхгүй. “Та хэдийн үед оюун санаа тань юу бодож, юунд зорьж байсан бэ. Нийгэм нь юу бичихийг шаардаж, нэхдэг байсан юм бэ” гэж асуувал...
Ш.Д: Бидний сурсан юм нь баримт, баримт, баримтаа дахин нягтлах. Хэдийгээр баталгаатай гэж бодсон ч хэн нэгнээс лавшруулахгүйгээр, баталгаажуулахгүйгээр сонин дээрээ олж ирсэн баримтаа шууд тавьж зүрхэлдэггүй байсан шүү дээ. Нягтлагдаад, баталгаажсаны дараа нийтэлдэг дэгт бид суралцсан. Өдөр тутмын сонин биднийг нягтлахыг, баараггүй болгохыг зааж байлаа. Одоо ч энэ дэг хэвээрээ. Харин одоо манай сэтгүүл зүй яагаад нийгэмд үл ойлголцол төрүүлээд байна вэ гэхээр баримттай, баримтгүй хүссэн зүйлээ өөрийнхөө хувийн хэвлэлээр цацаад байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл, бид хариуцлагатай сэтгүүл зүйн үед суралцаж, тийм редакцад төлөвшсөн. Одоо ч өөрсдөөсөө хариуцлагатай байхыг шаардаж байдаг. Сэтгүүл зүй өөрийнхөө хувийн дэвтэрт өдрийн тэмдэглэл бичиж байгаа салбар биш шүү дээ. Ийм л учраас сэтгүүлчид сайн редакцад төлөвшиж, бусдаас зөвлөгөө авч байх хэрэгтэй. Нийгэм биднээс ийм л зүйлийг үргэлж хүсэж байдаг.
Б.Э: Ер нь хэвийн биш, арай өөр өгөгдөлтэй, нэг зөв үг дуугарчих юм сан, зөв өнцөг гаргах юм сан, бусдын сайн сайхны төлөө явж чадна гэсэн итгэлтэй, бусдаас арай илүү, толгой дээгүүр бодолтой, хүсэлтэй хүмүүс сэтгүүлч болдог байх. Гэхдээ одоо дэг сургуулилтын нь алдагдчихсан сэтгүүл зүй яваад байгаа учраас олон нийтэд буруу бодол төрүүлээд байгаа юм. Угтаа бол нийгмийн сайн сайхны төлөө, соён гэгээрүүлэх, хүмүүсийн өмнө зогсох, зүг чиг нь байх хүсэл эрмэлзэл байнга байдаг, сэтгүүлчдэд. Миний хувьд орчуулгын албанаас сэтгүүл зүй рүү шилжсэн болохоор барууны сэтгүүл зүйн бичлэгийн хэв маяг, гаргаж байгаа баримт, фактуудыг яаж илэрхийлж байна гэдгийг судалж, энэ хэв маягийг өөриймшүүлчих юм сан гэж боддог байлаа. Барууны сэтгүүлч шиг байх юм сан гэж боддог байж билээ.
Тэдний “Өнөөдөр” сонинд уягдаж, “Өнөөдөр” гэдэг нэрийг өндөрт өргөж явахыг, өөрөөсөө илүү хайрлаж, тэмцсэн шалтгаан нь Ц.Балдорж гэх сэтгүүл зүйн ноён оргил байлаа. Бал эрхлэгчийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж, гараас нь хөтөлж, сэтгүүл зүйд хөл тавьсан тэдний хувьд сэтгүүлчийн дайтай сэтгүүлч, хүний дайтай хүн болох чухал байсан. Тэд зорилгодоо, мөрөөдөлдөө хэдийнэ хүрчихээд эрхлэгчийгээ ингэж дурслаа.
Б.Э: Нэгдүгээр нүүрэнд маш жижигхэн материалыг сэтгүүлчид бичиж өгдөг байхгүй юу. Эрхлэгчийн зурвасаас арай өөр. Тэгээд би нэг удаа материал бичээд, санаандгүй нэрээ тавиагүй хэвлүүлчихсэн. Гэтэл Бал эрхлэгч өглөөний шуурхай дээр “Энэ хэн нэргүй материал оруулсан бэ” гэж асуулаа. Би өөрийгөө нэрээ тавиагүй гэдгээ ч үнэндээ мэдээгүй байсан юм. Бараг л ямар юм нь нэрээ тавиагүй юм бэ гээд бурууг бусдаас хайгаад л сууж байсан байх. Гэтэл дугаар удирдагч нь Б.Энхцэцэг нэрээ тавиагүй байна гэж хэлээд бүх хэрэг мандсан. Бал эрхлэгч “Ийм чухал материалыг, ийм гоё өнцөг гаргачихаад, ингэж гоё биччихээд нэрээ тавиагүй байна. Энхцэцэг ээ, чи угаасаа ийм өөртөө итгэлгүй. Би чамайг мэднэ шүү дээ” гэсэн. Миний царай хувьсхийгээд л өөрчлөгдчихсөн. Гэтэл Бал эрхлэгч “Энэ хүн хэргээр биш, санаандгүй нэрээ тавиагүй юм байна” гэдгийг миний байгаа байдлаас ойлгоод, хоолойны өнгө, биеийн хэлэмжээ өөрчлөөд, “За сониноо яръя. Алив Энхцэцэг ээ” гэж билээ. Би тэр үед нэрээ тавихгүй байх чинь ямар асуудалтай юм бэ. Бид ер нь яагаад нэрээ тавьдаг юм бэ. Нэр тавих чинь ямар чухал юм бэ гэдгийг ойлгож билээ. Тэр үеэс сахиж зогсож байгаад, “За, яг одоо миний нэрийг тавь” гэдэг болсон. Тэрнээс гадна миний тоогдохыг хүсдэг, үнэлж хүндэлдэг эрхлэгч маань намайг өөртөө итгэлгүй гэдгийг санаандгүй биш, ажиглаж, ойлгосноороо уурласандаа ч биш хэлсэн нь өөртөө дүгнэлт хийх, өөрчлөгдөх боломж олгосон. Эрхлэгчийн хэлсэн үг намайг өөртөө итгэлтэй болгосон доо. Бал эрхлэгч “Манай компаниас хос төрвөл өнгөт зурагт бэлэглэнэ” гэсэн чинь Даваа “Энхээ хоёулаа суусан гэж худлаа яриад телевизийг нь аваад зарчихъя. Тэгээд хуваагаад авъя” гэж хошигнож байсан шүү дээ.
Бал эрхлэгчийн цэрэг байсан, би тийм хүний удирдлага дор ажиллаж байсан гэдэг нь түвшин тогтоочихдог. “Өнөөдөр” сониноос хүн, даруу, ёс зүйтэй байхыг сурсан. “Өнөөдөр” сонин гэдэг чинь тэр чигтээ чансаа, том брэнд байлаа шүү дээ. Хэвлэлийн зах зээлд түүчээлдэг, огт байхгүй байсан хэвлэлийн стандартыг тогтоож өгсөн байдаг.
Ш.Д: “Өнөөдөр” сонин анх удаа барууны сонины соёлыг Монголд нэвтрүүлж байлаа. Эко сэдвээр дагнасан сэтгүүлчийг сэтгүүл зүйд гаргаж ирсэн хүн бол Бал эрхлэгч. Одоо манай Цэвээнээ тасралтгүй үргэлжлүүлээд аваад явж байна. Экологийн сэдвийг сэтгүүл зүйд оруулж ирсэн нь манай “Өнөөдөр” сонин.
Ц.Ц: Би хүүхэд байхын байгальд хайртай, авран хамгаалахыг хүсдэг байлаа. “Өнөөдөр”-т ороод Эдийн засгийн албанд сэтгүүлчээр ажилладаг байхдаа ч байгаль орчин, экологийн сэдвээр бичдэг, сониндоо материал нийлүүлдэг байсан юм. Байгаль орчинд дуртай байгааг минь Эрхлэгч ажиглаад, “За, Цэвээнээ би өөрийнхөө бичдэг сэдвийг чамд өглөө шүү. Олигтойхон авч яваарай. Чи байгаль орчны чиглэлд дуртай юм шиг байна” гэж хэлж, захиж байсан. Дуртай, дурласан ажил гэдэг чинь шал өөр шүү дээ. Миний, бидний бичсэн материал, сурвалжилга, мэдээ, нэвтрүүлгийн үр шимээр байгаль хамгаалагдаж байна л гэдэг хамгийн сайхан. Эндээс л урам авч, илүү ихийг байгаль орчны төлөө зориулахыг хүсэж, тэмцэж ирсэн.
Сэтгүүлч Б.Энхцэцэг найзуудыгаа гал, ус, эр зориг, урам, эрэмгий, хутагт хувилгаан гэж тодорхойлоод инээж байна лээ. Тэд байнга уулзаад, урьдынх шигээ нэг редакцад өнө удаан жил ажиллахгүй ч гэлээ сэтгэл зүрхээрээ үүрд хамт байх нь ярианаас нь тодорхой байлаа.
Б.Э: Шал өөр хүмүүсийн дунд орж нөхөрлөх боломж бидний хэн хэнд нь байсан. Бид бие биенийхээ хувь тавилангийн нэг нь. Залуу насны амьд гэрч, хэн байгаад хэн болсон, юунд хүрсэн гэдгийг нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрч амьдарлаа шүү дээ. Бид чинь бие биеийгээ бүтээлцсэн байхгүй юү. Найзуудтайгаа тэр бүр уулзаад байж чаддаггүй. Гэхдээ Даваатай байнга утсаар ярьдаг. Даваатай ярихаар урам орж, бодол цэгцэрчихдэг юм. “Найз нь ийм сэдэв бодоод байна” гэхэд Даваа “Тэгэлгүй яах юм бэ. Наадах чинь чиний сэдэв шүү дээ. Чи л бичиж чадна” гээд л хаанаас нь гардаг эрч, хүч, энерги, сайхан сэтгэл юм. Тэгээд утсаар яриад дуусахдаа өөрийгөө бичсэн байгаагаар, Давааг уншиж байгаагаар төсөөлөхөд л хамаг ажил бүтчихсэн юм шиг санагддаг даа. Ер нь Даваагийн хамаг энергийг авчихсан, эрч хүч нь надад орчисон ч юм шиг санагдаад зоригтой болчихдог.
Ш.Д: Ийм гэгээн хүмүүстэй тааралдаж, хэн хэнээсээ илүү нэгийгээ ойлгож, нөхөрлөсөн найзуудтай болсондоо хэн ч талархана шүү дээ. Хэрэв амьдралынхаа ихэнх хувийг энэ хэдтэй өнгөрөөгөөгүй, хамт ажиллаагүй байсан бол хэн ч байх байсан юм билээ. Миний мэдэрч байгаа мэдрэмж, хэний ч төсөөлж, ойлгож чадахгүй зүйлийг миний найзууд мэдэрдэг нь хамгийн сайхан. Нэгнийгээ сайхан бүтээл хийхээр эрхгүй баярлаад, омогшино. Саяхандаа, манай Энхээ ямар янзын хөрөг хийгээд, Монголыг шуугиулсныг санаж байгаа биз. Манай Цэвээнээ “Ногоон шошго” гээд өөрийнхөө брэнд нэвтрүүлгийг яаж мухарлаж, яаж тэмцэж, нэг шугамаараа, нэг зарчмаараа хичээж, төв телевизээр тогтмол гаргаж байгааг мэддэг биз. Миний найзууд бол цэвэр уран бүтээлч хүмүүс.
“ӨНӨӨДӨР”-ӨӨС ӨНӨӨДӨРТ ХҮРСЭН НӨХӨРЛӨЛ |
|
2025-05-08 10:55:13
2025-05-08 10:51:53
2025-05-08 08:58:39
2025-05-08 08:08:40
2025-05-08 07:00:03
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
2025-05-08 07:00:00
2025-05-07 18:50:33
2025-05-07 18:34:46
2025-05-07 18:11:00
2025-05-07 17:48:01
2025-05-07 16:11:29
2025-05-07 15:35:42
2025-05-07 13:47:19
2025-05-07 12:52:10
2025-05-07 12:42:51
2025-05-07 12:34:38
2025-05-07 12:32:54
2025-05-07 12:18:13
2025-05-07 12:08:35
2025-05-07 11:40:08
2025-05-07 11:39:09
2025-05-07 11:32:11
2025-05-07 10:45:47
2025-05-07 10:29:15
2025-05-07 09:49:14
2025-05-07 09:34:58
2025-05-07 07:43:41
2025-05-07 07:40:00
2025-05-07 07:00:16
2025-05-07 07:00:00
2025-05-07 07:00:00
2025-05-07 07:00:00
2025-05-07 07:00:00
2025-05-07 07:00:00
2025-05-07 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |