Газрын тос ачсан том тэрэгнүүд Ялалт багийн урдуур хурдаараа давхилдаад, Баянхошуу боомтын хаалгаар жолооч нар нь аахилж, уухилсаар ороод ирдэг юм байна. Гадаад паспорт, тусгай зөвшөөрөл зэрэг бичиг баримтаа барьчихаад, бусдаасаа ачаандаа түрүүлж хэмжилт хийлгэх гээд боомтын умгар өрөөнд ёстой тачигнаж гарах юм. “Өчигдөр гарсан шүү дээ. Өнөөдөр юуг нь шалгаад байгаа юм бэ. Орой боллоо, хурдлаач дээ. Буцаад 200 гаруй километр зам туулна” гээд л гааль, боомтын ажилтнуудыг загнаж нэг, хэрэлдэж нэг үзэх юм. Тэр хавьдаа л бөөн асуудал болж байлаа. Тэгж байтал өнөөх омогтой жолооч нарын чинь хэн нэгнийг хятад эзэд нь утсаар дарамтлаад байгаа бололтой гэмээр зөөлөн зөөлөн яриад л, бөхөлзөөд унах юм. Ярьж дуусаад л гаалийн хэдэн байцаагчийг зодох нь холгүй загнаж байснаа “Шалавлаад өг л дөө” гэж аргадаад эхлэх юм. Тэгж тэгж ачаатай машинаа арай чүү зүтгүүлсээр, боомтын хашаагаар дамжаад, хил рүү гараад давхичих ажээ. 1.2 км газар яваад хил дээр тулж, Хятадын гаалийн хашаанд ачаатай чиргүүлээ үлдээгээд, хоосон чиргүүл чирч, тачигнуулсаар боомтын хашаанд буцаад ирдэг аж.

БНХАУ-ын Амгаланбаатар хот. Баянхошуу боомт
Монголын баялгийг чиргүүл чиргүүлээр нь зөөж, 10 минут ч болохгүй хугацааны дараа хил дээрээс хоосон чиргүүл хангинуулсаар хүрээд ирж байгаа дээрх үйл явдлыг Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, Баянхошуу боомтын дэнж дээрээс өнгөрсөн долоо хоногт томилолтоор явж байхдаа харлаа. Монголын газрын тос өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зөвхөн Баянхошуу боомтоор гарч байгаа юм байна. Өмнө нь Бичигтийн боомтоор тэн хагас нь гардаг байсан ч цар тахлын улмаас хил, гааль хаасан учраас өдгөө зөвхөн Баянхошууны боомтоор гаргадаг болжээ. Монгол Улсын газрын баялаг болох түүхий нефтийг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийнхан тусгай эрхтэйгээр олборлож, дөрвөн монгол компани өдөр, шөнөгүй Хятадын хил рүү зөөж байна.

Эл боомтоор зөвхөн ачаа, тээвэр гарч байгаа учраас том тэрэгний хэдэн жолоочоос өөр хүн алга. Дээрээс нь боомтын цөөн ажилтан, тэдний амьдардаг дөрөв, таван байшин Монголын хил дээр оршин байх ажээ. Харин Хятадын хил дээр том том сүрлэг байшингууд сүндэрлэж, 10 гаруйхан жилийн дотор Амгаланбаатар гэх хот босжээ. Анх 2005, 2006 оны үед арав гаруйхан шавар тагзнаас өөр барилга, байгууламж байгаагүй гэнэ. Тэгвэл өдгөө байхгүй юмгүй бүхэл бүтэн хот болон төвхнөсөн байна. Түүхий нефтиэ тушааж байгаа монголчуудын амьдрал өдрөөс өдөрт дордож, авч байгаа Хятадуудын бүтээн байгуулалт хоногоос хоногт хөгжсөөр байгаа аж.
Бид сурвалжилга хийж явахдаа Баянхошуу боомтын дарга Г.Мандахтай уулзаж, цөөн хором ярилцсан юм.
Тэрбээр “Манай боомт 30 жилийн түүхтэй. Цар тахлаас өмнө зорчигч тээвэр хийдэг байсан. Харамсалтай нь, хил хаагдсанаас болж, боомтын амьдрал нам жим болчихоод байгаа юм. Зорчигчийн хөдөлгөөнийг нээх сураг байна лээ. Гэхдээ чухам хэзээ гэдгийг нь бид мэдэхгүй. Энэ хавийн иргэд биднээс “Хил хэзээ нээгдэх вэ” гэж байнга шална. Боомт дагаж худалдаа, наймаа эрхэлдэг байсан иргэдийн бизнес зогсож, хэцүүхэн байдалтай болчихоод байна. Баянхошуу боомтыг бараадаж Халхгол сумын Ялалт багийнхан амьдардаг. Уг багт 1000 гаруй иргэн суурин бүртгэлтэй юм байна лээ. Газрын тосны 19, 21 гэсэн хоёр талбай бий. Өдөрт 2300 тонн газрын тос олборлодог хүчин чадалтай. Өдөрт 30-40 тонн газрын тос ачсан 50-60 машин хилээр гардаг. Монгол Улсын хэмжээнд аюултай ачааг улсын хилээр нэвтрүүлж байгаа ганц боомт нь манайх” гэлээ.

Тус боомтын ажилтнууд амралтгүй ажилладаг гэнэ. Өөрөөр хэлбэл, долоо хоногийн долоон өдөр ажилладаг гэсэн үг. Ийм учраас хүний нөөц цөөн, боомтын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин тогтохгүй байгаа талаар албаны хүн ярьж байна лээ.
Хятадын хил дээрээс улаан цээжтэй, цагаан чиргүүлтэй машин давхиад ороод ирлээ. Ачаагаа тушаачихаад буцаад талбай руугаа явахаар ирж байгаа нь энэ гэнэ. Түүнийг Б.Төмөртогоо гэдэг. Нефть тээврийн компанид тэрбээр өнгөрсөн намар ажилд оржээ. Тэрбээр 40 хоног ажиллаад, 20 хоног амардаг аж.
Тэрбээр “Өдөрт нэг удаа хилээр гардаг. Хоёр талбайгаас дөрвөн компани 60 орчим машинаар нефть зөөдөг. Машинаа зогсоохгүй байвал өдөр болгон ачаагаа ачаад, хил дээр тушаадаг юм. Зарим компани машин муутай учраас хол замд машин нь эвдрээд явахгүй. Миний машины аккумуляторын толгой суларч, боолт нь тасарснаас болоод гурав хоног ажилдаа гарч чадсангүй. Хятад эзэн машинаа эвдсэн, хайнга хандсан гэх шалтгаанаар ажилд гаргаагүй. Уг нь өдөр болгон явж байж л бид цалингаа бүтэн авна шүү дээ. 30 хоног тасралтгүй явбал зургаан сая төгрөгийн цалин авдаг. Хэрэв дунд нь гарахгүй өнжих, хуваарьт ороогүй бол цалин багасна. Машин эвдэрвэл бүүр өнгөрлөө л гэсэн үг. Зарим компанийн жолооч нар шатахуун, машины эвдрэлээ өөрсдөө хариуцах гэрээ хийгээд, ажилладаг. Тэд сарын 10 гаруй сая төгрөгийн цалин авдаг юм. Бид Хятадын хилээр ороод цаашаа явах эрхгүй. Машинаасаа буух ч үгүй, царайгаа таниулаад л гараад ирнэ. Хил дээр жаахан удах л юм бол хятадууд хөөгөөд сүйд болдог” гэсэн юм.
Баянхошуу боомтоор 30 жилийн дараа газрын тосноос өөр ачаа гарсан нь нүүрс гэнэ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 18-ны өдөр анх удаагаа тус боомтоор нүүрс тээвэрлэж, туршилт хийжээ. Цаашид уг ажлыг эрчимжүүлэхээр Хятадын талаас бэлтгэл ажлаа хангаад байгаа гэнэ. Нүүрсний том том үйлдвэрүүд баригдаж эхэлсэн бололтой.
Энэ талаар Боомтын дарга Г.Мандах ярихдаа “Туршилтын журмаар нүүрс гаргасан. Одоогоор бэлтгэл ажил хангагдаж байна. Хятадууд Монголын талаас нүүрс их хэмжээгээр авах хүсэлтэй байгаа учраас энэ хамтын ажиллагаа богино хугацаанд албажих байх гэж бодож байна” гэсэн юм.
Хэдхэн жилийн өмнө зүүн гурван аймгийн иргэд зээрийн сүргээ буудаж, хүйс тэмтэрч байлаа. Хүнсэндээ хэрэглэх нь хэрэглэж, зарж, борлуулдаг байсан гэдэг. Тэгвэл өдгөө нэг цагаан зээр агнахад сая төгрөгийн торгуультай болж, хууль чангарсан учраас зээр агнахаа больжээ. Харин нефть тээврийн жолооч нар цагаан зээрийг хэдэн арваараа нь дайрч, хядаж байгаа гэнэ.
Нутгийн иргэдийн хэлснээр “Хятадынхны газрын тоосоо зөөхөөр тавьсан зам дээр хядлага болдог шүү дээ. Цагаан зээрийг хэд л бол хэдээр нь дайраад хаячихдаг юм. Цагаан зээр заавал ч үгүй машины урдуур цахилдаг амьтан. Зам тавьснаас хойш цагаан зээрийн сэг зэм ихсэж, осол аваар гарах нь элбэг болсон. Ан амьтныг хамгаалах зам, зориулалтын, ээлтэй гарц байхгүйн улмаас ийм харамсалтай зүйл байнга болж байна. Зээр агнасан иргэдээ торгоод сүйд болдог ч хамгаалах тал дээр нь анхаарч ажиллахгүй байна, орон нутгийн удирдлагууд. Хулгайн анчдаас илүү машин, машины жолооч хоёр цагаан зээрийн тоо толгойг бууруулахад хувь нэмэр оруулж байгаа шүү дээ” гэлээ.
Өнгөрсөн өвөл Улаанбаатар хотын тэмцэгчид болон Дорнод аймгийн иргэд хамтран “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК манай улсад төлөх 312 тэрбум төгрөгийн татвараа нуун далдалж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байсныг эсэргүүцэж, тэмцэж эхэлжээ. Тэмцэл одоо ч өрнөсөөр байгаа бөгөөд тэд зам хаах, автомашиныг нь боомтын хашаа руу оруулахгүй хэмээн жагсах зэргээр тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа гэнэ.
Баянхошуу боомтоор ийм сонинтой. Боомтын зэргэлдээ орших Ялалт багийн худалдаа, наймаа эрхэлж амьдралаа залгуулдаг байсан иргэдийн амьдрал өдөр ирэх тусам дордож, туйлдаж байгаа гэнэ. Бид эндээс аймаг, сумдаасаа алслагдсан Ялалт багийг зорилоо.
Үргэлжлэл бий.
| ТОМИЛОЛТ: ХЯТАДУУД БАЯНХОШУУ БООМТЫН ЭЗЭН ШИГ АВИРЛАЖ, ГАЗРЫН ТОСЫГ ӨДӨР, ШӨНӨГҮЙ ЗӨӨЖ БАЙНА |
|
130 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ: Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг, тэнд цуглардаг
2026-03-10 14:12:06
СУРАГЧ: Бичлэг дээрх зодож, дээрэлхэж буй хүүхэд манай сургуулийн математикийн багшийн хүүхэд
2026-03-10 14:08:41
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
2026-03-09 18:02:03
Виртаул дугуйн Улаанбаатар хотын аварга өндөрлөв
2026-03-09 16:56:46
ЭРХ БАРИГЧ ДАРГА НАР АА! ТӨСВИЙГ ХЭЗЭЭ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛДАГ БОЛОХ ВЭ?
2026-03-09 15:19:43
"ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-03-09 13:31:07
Жүдо бөхийн дасгалжуулагчид “Кодокан”-ы сургалт хамрагдаж эхэллээ
2026-03-09 13:02:23
ҮТХН 3.0-ын зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг танилцууллаа
2026-03-09 13:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1687 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-09 11:36:48
"Нийтлэлч Отгонбаяр сан"-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэн өнөөдөр тодорно
2026-03-09 10:13:55
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-03-09 09:28:03
А.Мөнгөнзул, М.Цэлмэг, Б.Агарзандан нар “Шилдэг тамирчин” шагналыг хүртэв
2026-03-09 09:16:34
Европын цомоос өсвөрийн жүдочид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-03-09 09:07:50
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАРЫГ ХОЁР ТЭРБУМЫН ТОМИЛОЛТЫН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-09 08:00:00
Жүдогийн “Гранд мастерс”-ын УАШТ-ээс Орхон аймагт 11 алтан медаль хүртжээ
2026-03-09 07:10:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХ УУ
2026-03-09 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-03-09 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-03-09 07:00:00
А.ГАНТУЯА: ЭЭЖ БОЛСНЫ ДАРАА “ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЯГ ИНГЭЖ ХАЙРЛАДАГ БАЙХ ДАА” ГЭЖ БОДОХООР Л НУЛИМС УРСААД БАЙЖ БИЛЭЭ
2026-03-09 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-09 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |