• Өнөөдөр 2024-12-13

ХҮРЭН БААВГАЙ “УНАГАСАН” ХҮЧИТ АВАРГА Д.ГОМБОЖАВЫН ТҮҮХ

2024-02-12,   5907

          Хүдэр даян аварга хэмээн халх даяар нэр алдар нь цуурайтсан Д.Гомбожавын тухай олон домог, хууч яриа ам дамжин ирсэн. Монгол бөхийн түүхэнд үлгэр, домог мэт амьдарч, амжилтаа түүхийн хуудаст мөнхөлсөн Д.Гомбожав аваргын тухай сонирхолтой нэгэн хууч яриаг уншигч танд хүргэж байна.

           1830 оны Долоон хошуу даншиг наадамд зодоглохоор газар газрын хүчтэн Да хүрээг зорин ногт ганзагалан ирцгээжээ. Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд хүчийг үзэх гэж буй залуу бөх Д.Гомбожавын хоёр шуу улаан нялга, цус шүүрсэн байж. Үүнийг харсан нутгийн ахмад бөхчүүд Д.Гомбожаваас учир байдлыг асууж, дараагийн наадам хүртэл өнжихийг зөвлөжээ. Гэтэл Д.Гомбожав “Нутгаасаа би энэ наадамд барилдах л гэж гарсан. Барилдаад яадгаа үзнэ” хэмээн баян эзнийхээ өгсөн хөх торго, нутгийн сэтгэлт бүсгүйгээс авсан цагаан утсыг сүлэн хийсэн 21 ширээстэй зодог шуудгаа өмсөх зуураа зөрүүдэлжээ. Тэрээр “Хоёр хоногийн өмнө та нарыг айлаар цэгээ ууж, найрлаад явж өгөхгүй байхаар би наадамд яараад, түрүүлээд гарсан. Үдшийн бүрийд нэг их модтой даваагаар даваад төөрчихсөн. Будилж, будилж яваад нохойн дуу сонсож, зүглэн явсаар айлд очлоо. Тэднээс зам асуутал уулын урдуураа тойроод явбал хоёр хононо. Шууд эгцээрээ давбал нэг хоноод л Хүрээ орно гэсэн. Тэргэл сарны туяанд дүнхийх том уул хойморт налайж харагдсан. Би ч яарч явсан болохоор шууд эгцээрээ давахаар шийдэж, айлын эзэнд хэлтэл “Хоноод яв, хүү минь. Энэ уулыг эгцээр нь давдаг бүдэг жим бий. Гэвч тэр жимээр хүн амьтан явахаа болиод удаж байна. Учир нь, тэр зам хүн барьж иддэг баавгайтай болсон. Тиймээс өглөө эртхэн босоод хайрхны урдуур гороолоод яв” гэсэн. Би яарч явсан болохоор хонохоос төвөгшөөж “Баавгай гэдэг амьтан чинь нас гүйцсэн шараас том уу” гэж асуулаа. Гэтэл айлын эзэн “Томгүй” гэж хариулсан. Тиймээс би уулыг эгцээр нь давахаар шийдэж, мориндоо мордоод шогшсон доо” гэв. Гэтэл бөхчүүд нүдээ бүлтийлгэн “Тэгээд, тэгээд” хэмээн лавлан асууж, шалгаажээ.

         Долоон хошуу даншиг наадам болохоос хоёр хоногийн өмнө Д.Гомбожав ийнхүү айлаас нохой шуугиулан мордож, “Эр бор харцага”-ыг аялан шогшино. Сарны гэрэлд бүдэг жим зурайж, горхи, булаг хоржигнон урсана. Модон дунд хөхөө донгодож, царцаа царгисан намуухан шөнө болж байлаа. Энэ үед Д.Гомбожав нутгийн сэтгэлт бүсгүйдээ “Хүрээнээс юу авч очдог юм билээ” хэмээн бодон явтал морь нь зог тусаад хөдөлдөггүй. Модод сэрчигнэж, шувууд нисэлдэж, газар доргиох мэт хөлийн чимээ тодоос тод сонсогдож байв. Учир байдал нэг л биш байгааг гадарласан Д.Гомбожав мориноосоо буутал өөдөөс нь аварга том амьтан архиран довтолгож байлаа. Сандарсандаа Д.Гомбожав хоёр чихнээс нь зуурч доош дарав. Энэ үед унаа морь хоёр чихээ сортолзуулсаар давхин оджээ. Аварга том араатан толгойгоо дээш өргөж, урд хөлөөрөө Д.Гомбожавын хоёр шууг самардана . Чихнээс нь л тавьж болохгүйг ойлгосон тэрээр сайн гэгч барьж байгаад толгойгоор нь хэдэнтээ газар дэлсүүлэв. Ийнхүү Д.Гомбожав, баавгай хоёрын тулаан хэчнээн цаг үргэлжилж үүрийн гэгээтэй золгожээ.

           Хоржигнон урсах булгийн захаар Д.Гомбожав уранхай ноорхой дээлтэй, цусаа урсган алхаж явсан гэнэ. Хамаг бие нь салганаж, дотор нь муухайраад арай ядан хөл дээрээ тогтож байлаа. Газар дайвалзах мэт санагдаж, хоёр тийш гуйван явсаар урд шөнийнхөө зам асуусан айлд буцаад иржээ. Эсгий хаалгыг нь дээш сөхөн ороод газарт ухаан алдан унав. Айлын эзэн сандарч нойтон алчуур толгой дээр нь тавиад нутгийн домчийг дуудсан байна. Домч Д.Гомбожавт тан өгөн асарснаар үд дундын үед ухаан оржээ. Юу болсон талаар гэрт цугласан олон асуутал “Би нутгаасаа даншиг наадамд барилдахаар гарсан юм. Маргааш наадам болох гэж байдаг. Гэтэл би ингээд хэвтэж байх гэж. Би урд шөнө таны зааж өгсөн замаар явахаас төвөгшөөж, дөт замаар нь явахаар шийдсэн юм. Гэтэл шөнө дунд морь явж өгөхгүй хулгаад, модод сэрчигнэж, шувууд нисэлдээд нэг л сонин болсон. Гэтэл урдаас архирсан том амьтан давхиад ирсэнд би сандрахдаа хоёр чихнээс нь зуурч доош дарсаар байгаад алчихлаа” гэжээ. Түүнийг ийн ярихад гэрийнхэн үл итгэн очиж үзэхээр нутгийн эрчүүдийг цуглуулан уулын  жимээр өгсөцгөөжээ. Үнэхээр зам дээр томоос том баавгай түрүүлгээ харчихсан, цус нөжтэйгөө холилдоод хэвтэж байж. Хамт явсан эрчүүдээс арай зоригтой нь уургынхаа үзүүрээр өнөөх баавгайг ёвроод авав. Гэтэл ямар ч хөдөлгөөн алга. Тэд мориноосоо бууж, баавгайг байрнаас нь хөдөлгөтөл тохой хэрийн газар доошоо хонхойж, Д.Гомбожавын өмсөж явсан дээлийн уранхай гарч иржээ. Үүнийг харсан нутгийнхан Д.Гомбожавын эр бярд итгэж, хүний мах иддэг аюулт амьтныг дарж өгсөнд талархаж, маргаашийн наадмаас өмнө Да хүрээнд хүргэж чадах хурдан хүлэг өгч явуулжээ.

               Сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар наадмын өмнөхөн ирээд тэрбээр нутгийн бөхчүүдтэй уулзсан нь энэ аж. Түүний ийнхүү ярихыг мэл гайхсан бөхчүүд “Хоёр гарынхаа өвчнийг юман чинээ битгий бодоорой. Зоригтой барилд, тэгж чадвал энэ наадам манай хошууных” гэцгээжээ. Бөхийн барилдаанд Д.Гомбожав халхын хүчит аваргуудтай хүчийг үзэн түрүүлж, сэтгэлт бүсгүйдээ торгон алчуур өвөртлөөд буцсан гэдэг. Нутгийн зүг сэтгэл дүүрэн гэлдэрч яваа бөхчүүд замдаа отоглон буух үеэр нэгэн ахмад бөх Д.Гомбожавт хандан “Танай эзэн надад чамайг нас гүйцсэн шарын хүзүүг хуга мушгиж байсан гэсэн. Энэ тухайгаа хуучлаач” гэжээ. Д.Гомбожав аяга цэгээ хүртэнгээ намуухан дуугаар “Би цагаан морь жил ядуу бүсгүй Должингийн нуган үр болон мэндэлсэн. Ухаан орсон цагаасаа л айлд зарцлагдаж, аяга хоолтой хонодог байлаа. 17 насандаа нутгийн баян айлд зарцлагдаж, аман шард тэрэг хөллөөд, аргал түүдэг байсан. Баян надад “Чи өдөр ирэх бүр хүдэр чийрэг болж, наад муу шар чинь турж эцээд байх юм” гэж хэлсэн. Тухайн үед би юу ч хэлээгүй. Угтаа бол би аргалаа түүчихээд шартай нь өдөржингөө барилдчихдаг байв. Өдөржин надтай барилдсан шар тэргээ ч чирч дийлдэггүй байсан. Тиймээс тэрэгний араас шарыг нь уяж, өөрөө тэргийг нь чирээд баяны ойролцоо дөхөөд шараа хөллөөд очдог байв даа. Үүнийг нэг удаа нутгийн адуучин ах харсан юм билээ. Ийм байдалтай 11 сар хүрэхэд би хоёр сайхан шарыг нь эцээж, туйлдуулсан даа. Байгаль дэлхий цасан малгайтай, хүйтний эрч хүчээ авч байх үе нутгийнхан маань өвлийн идшээ бэлтгэж эхэлсэн. Айл бүрд л тусалж дэмнэж, идшийг нь хийлцсэн. Цас лавсан орж, явган шуурга шуурч байсан тэр нэгэн өдөр баяных идшээ хийлээ. Олон ч мал идшиндээ хийсэн. Орой нар жаргахаас өмнөхөн хэд хэдэн шар хийхээр болов. Ээлж дараалан хийсээр хамгийн сүүлд нэг шартай үлдлээ. Ай, мөн ч тарган сайхан шар байсан даа. Гэтэл тэр шарыг нугаслах гэж байсан хүн мунгинаж байгаад буруу газар хутгаа зоож, хамаг аашийг нь хүргэсэн. Улангассан шар хүн амьтан гэлтгүй дайрч, айл сүйд хийгээд эхэлсэн. Арга ядахдаа би нөгөө шарын өөдөөс нь очоод хоёр эврээс нь зуураад авсан. Айж, сандрахдаа хажуу тийш нь мушгичихсан. Гэтэл шарын хүзүү хугарч үхэдхийн газарт унасан. Үүнийг харсан баян надад “Чи их тэнхээтэй юм. Дараа жилийн даншигт очиж барилдаарай” гэж хэлсэн. Ер нь түүнээс хойш бяр амтагдаад өөртөө итгэх итгэл нэмэгдсэн. Долоон хошуу даншиг наадмыг хуруу даран, хоног тоолон хүлээсэн. Удаан хүссэн наадамдаа оролцчихоод сууж байгаадаа итгэж чадахгүй баяртай байна” гэжээ. Энэ л эгэлгүй хүчит аваргын тухай үүн шиг олон хууч бий. Бас нэгэн домог сөхөхөд Сэцэн хан аймагт Хятадын худалдааны том пүүсийн эзэн данжаад нэг өдөр хүдэр даян аварга Д.Гомбожавыг гэртээ урьж “Би удахгүй Бээжин явна. Тиймээс миний ачаа хөсгийг хамгаалж Бээжин хүргэж өг. Би чамд их шан хөлс өгнө” гэжээ.  Ингээд нас нэлээд дээр гарсан даян аварга Д.Гомбожав пүүсийн жингийн цувааг хамгаалан явав. Хятад пүүсийн эзэн өдгөөгийн Өвөр Монголын нутгийн гүнд орж нэлээд явснаа гэнэт жингийн цуваагаа зогсоож, “Энд үдэлнэ. Ачаагаа буулга” хэмээн тушаагаад  Д.Гомбожав аваргад хандан “Чамайг маш их чадалтай сайн бөх гэж дуулсан. Чи энэ чулууг өргөж тэр чулуун дээр тавь. Тэгвэл чамд их шан өгнө” гээд бүдүүн үхрийн дайтай хөх чулуу руу зааж гэнэ. Даян аварга зодог шуудгаа өмсөж, цолоо дуудуулснаа өнөө нүсэр том чулууг сэвхийтэл өргөж, том хадан дээр тавьсанд хятад данжаад гайхан шагширч амласан ёсоор түүнд их шан өгчээ.  Мөн бичээч дуудаж “Энэ чулууг халхын Хүдэр даян аварга өргөж тавив” хэмээн бөөрөн дээр нь сийлүүлж байсан нь түүний мөнхийн хөшөө дурсгал болон үлдсэн байдаг.

                Сэцэн хан аймгийн Санбэйсийн хошууны баяны илүү гэрт төрж, амьдралын хатуу бэрхийг өөрийн биеэр даван туулж, монгол бөхийн түүхэнд чимэг, өнгө, домог болсон Хүдэр даян аварга Д.Гомбожавын гаргасан амжилт, харьшгүй хүчийг Монголын ард түмэн өнөөдөр ч дурссаар буй.                 

 


ХҮРЭН БААВГАЙ “УНАГАСАН” ХҮЧИТ АВАРГА Д.ГОМБОЖАВЫН ТҮҮХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-14 00:04:30
    Иргэн: 2024 оны байдлаар ийм хүчтэй бөх байхгүй байх аа. Бөхийн бэлтгэлээ бодит амьдралтайгаа холбож, мал, байгальтайгаа хавсарч хийдэг нь ховордсоноос хүчгүй бөхчүүд их болсон дог шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-13 11:52:50
    1966-67 оны уншигч: Үхэр буу Дамдин гуайн Монгол бөх номноос Хүдэр даян аваргын тухай хэсгийг чаачихсан бна доо !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-12 19:18:34
    Сүхбаатар : Монгол бөхийн удам тасраагүй Эгэлгүй хүчтэнүүд газар газараас төрөх Хувь Заяа Монгол нутагт минь ирэнэ ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-12 19:12:35
    Зочин: Одоогийн манай бөхчингүүд ч энэ хүний дэргэд бордооны гахай л юм байна даа, кк
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188