• Өнөөдөр 2024-04-19

ЦАС, АМЬДРАЛЫН ЗУДАН ДУНДУУР

2020-12-16,   2191

          Монголын Улаанзагалмайн нийгэмлэгээс бэлтгэсэн Хүнс, ариун цэврийн багцад гурван килограмм нэгдүгээр гурил, тус бүр нэг килограмм цагаан будаа, давс, элсэн чихэр, дугуй булант, ургамлын тос, нүүр гарын алчуур, оо, сойз, гарын саван, барааны саван, угаалгын нутаг тус бүр нэг ширхэг багтана. Үүнийг бид Монголын хамгийн хойд сум болох Булган аймгийн Тэшиг сумын Эрин багийн Бага булан хэмээх газарт амьдардаг Ж.Оюунбат гуайнд хүргэхээр гарлаа. Улаанбаатараас Оюунбат гуайн гэрийн гадаа хүрэхийн тулд бид 713 километр зам туулах ёстой. Дээр дурдсан хэдхэн төрлийн  ширхэг цөөтэй зүйлийг хүргэхийн тулд ийм хол газар зардал, чирэгдэл болж юунд явдаг байна аа гэж та бодож байна уу. Үүний учрыг хойно өгүүлэх үйл явдлаас тайлах болно. 

          Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч, малчдын төдийгүй иргэдийн амьдрал хэцүүдэж байгаатай холбоотойгоор дээрх аймгуудад амьдарч буй иргэдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийж, зарим шаардлагатай өрхөд дулаан хувцас, хүнсний тусламж үзүүлэхээр Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн Ажлын хэсэг, Британийн Улаан загалмайн нийгэмлэгийн гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Пийт Жонес нарын хамт замд гарлаа.

       Сэлэнгэ аймаг. Өвөл бүхэн л нүд алдам цасан далай байдаг ч энэ жилийнх арай өөр. Үл барагдах цагаан талын хаа нэгтээ хот айл, өвөлжөө байх ч олонх нь эзгүй юм. Саравч, өвөлжөөнүүд ийн харанхуйлж үлдсэн шалтгаан нь өнгөрсөн зун нийт нутгаар зуншлага муу, Сүхбаатар, Дорнод зэргээс бусдад нь өвс оройтож, тачир ургаснаас болж малчид хадлан, тэжээлээ хангалттай базааж чадаагүйтэй холбоотойгоор малчдын өвөлждөг газрууд өвсгүй, байсныг нь цас дарснаас мал өлдөж, иргэд малынхаа аяыг даган өөр нутаг руу нүүж, зарим нь хаваржаандаа буужээ. Үлдсэн айлуудын өвөлжөөн дээрх өвс сийрэгхэн харагдана.

       Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт уулаараа цасны зузаан 40-50 сантиметр өлхөн давах бол малчдын өвөлжөө орчмоор 20-25, нийт нутгаар дундаж нь 20 орчим сантиметр, өдөртөө ихэвчлэн -40, шөнөдөө -50 хэм хүрч хүйтэрч байна. “Өвлийн бэлтгэл сайн, өвс, тэжээл элбэг бол энэ зэргийн цасны зузаан юу ч биш” хэмээн тус нутгийн малчин Б.Бат-Өлзий ярив. Харин “Ихэнх нутгаар ялангуяа мал аж ахуйн бүс болох Сэлэнгэ, Дархан уул, Төв, Булган, Архангай зэрэг аймагт өнгөрсөн зун ган болж, бороо долдугаар сарын дунд үеэс орж, өвс, ногоо долдугаар сарын 20-доос хойш арайхийн өндийсөн ч хадлан бэлтгэх цаг болоход хангалттай хэмжээнд ургаж чадаагүйтэй холбоотой хүндрэл, бэрхшээлийг малчид, иргэд одоо хүртэж байна. Оройтож ургасан өвсний гарц, шим муу, богино байдаг. Түүнийг хадахаар тачирын дээр амархан өмхийрч, мууддаг юм билээ. Байгаа жаахан өвс нь шим, тэжээл муутай, цас хялмаалсан ч байдал хүндрэх гээд байдаг юм байна. Энэ жил малчид “Тэнгэр битгий муудаасай, цас битгий ороосой” л гэж хүсэж байна. Цас их орох л юм бол хотоо харлуулах малчин манай сумын хэмжээнд цөөнгүй байна. Байгаа хэдийгээ алдсан хүмүүс хөдөө өлсөөд сууж байлтай нь биш хот, суурин бараадна. Тэд ажилгүй, ядуу иргэдийн эгнээнд шилжинэ. Малчдаа сайн дэмжвэл ядуу, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэхгүй. Үгүй бол жил ирэх тусам л ядуусын тоо олширно” хэмээн ярив.

Өвөл бүхэн л нүд алдам цасан далай байдаг ч энэ жилийнх арай өөр. Үл барагдах цагаан талын хаа нэгтээ хот айл, өвөлжөө байх ч олонх нь эзгүй юм

        Бид тус сумын Бургалтайн хоёрдугаар багийн нутаг Гэсэрийн өвөр гэх газарт  өвөлжиж буй 74 настай Л.Уртнасан гуайнд очлоо. Тэднийх түрүү жил 100 гаруй бог, 80-аад бод малтай байсан ч өнөөдрийн байдлаар 38 бог, 34 үхэртэй үлдсэн гэнэ. Өвөлжилт хүндрэхээс өмнө тарга, тэвээрэг муу хэд хэдэн бог, бодоо муулсан гэнэ. Гэсэн ч өвлийг давчихна гэж найдаж үлдээсэн хэд нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр орсон цас, хүйтнээр хорогджээ. Энэ талаар “Өвөлжилт нэлээд хүндэрч, хавар урт болохоор байна. Цаг хүндрэх малчдад хэцүү. Насаараа дагаж, хариулсан хэдийгээ хүйтний үзүүр төдийд алдчихаар ямар сайн байх вэ. Одоо байгаа хэдийгээ яаж ийж байгаад аваад үлдэнэ гэж бодож байна. Өмнөх жилүүдээс илүү цас ороогүй ч өвс муутай зун, намар өнгөрсөн болохоор байдал хүнд байгааг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Малчдад энэ жилийн хувьд хоол, хүнснээс илүү малд өгөх үмх өвс, тэжээл юу юунаас хэрэгтэй байна. Малын тарга нэлээд муудаж байна. Тэвээргээ алдахгүй бол уг нь хавар айлтгүй байдаг юм. Тавдугаар сар гарч байж өвс цухуйна. Одоохондоо бог мал уулын жалга, дов, жараа дагаж бэлчиж байна. Тал, бэлийн цас өдөр ирэх тусам тагтаршиж, хатуураад бог мал явах аргагүй болж байгаа. Цас жаахан нэмэх юм бол байдал бүр хэцүүднэ. Үхэр өвсийг хэлээрээ ороож иддэг. Тугал хэлээрээ ороох дайны ч өвсгүй болохоор манай нутагт үхэр нэлээд хорогдох янзтай байна. Харин энэ жил усны гарц сайтай, уулын ам болгон горхитой байгаа. Өвсгүй ч устай байна гэдэг учиртай. Улсаас өвс, тэжээл хямдралтай үнээр олгоно гэсэн ч тэрнийх нь сураг гарахгүй байна. Үнийг нь хямдруулж олголоо ч худалдаж авах бэлэн мөнгө, очиж ачиж авчрах шатахуун, машингүй над шиг малчин олон байна. Сумын төвийн иргэдээс зээлье гэсэн ч биднээс дээрдэхээргүй амьдралтай, бэлэн мөнгөгүй байна” гэв. Түүний хувьд хоёр охин, хоёр хүүтэй ч одоогоор том охиныхоо хоёр хүүхдийн хамт өвөлжиж байна. Энэ тухай “Хүүхдүүд ойр зуурын юманд тусалж дэмнээд байх ч хүн бүл цөөтэй байх ган, зудад амархан өртөх нөхцөл болдог юм байна. Залуудаа бүгдийг хийчихдэг байсан болохоор анзаардаггүй байж. Сүүлийн жилүүдэд бие арай л гүйцэхгүй байна” гэв. Өнгөрсөн сард авсан 25 килограммын шуудайтай гурил нь дундаасаа доошоо оржээ.

         Л.Уртнасан гуай “Хөдөө мах, гурил байхад л болдог юм. Уг нь зун, намрын цагт сүү, цагаан идээ бэлдэж, өвлийн хүнсээ бэлддэг байсан бол өнгөрсөн зун дорвитой юм нөөцөлж чадаагүй. Тийм болохоор энэ өвөл идэж, уух юм тааруухантай өвөлжиж байна. Гэхдээ монгол хүний амны билгээр гэдэг юм. Аргалж, болгоод болж л байна” гэв. Мөн тэрбээр зарим айл шиг өвсний гарц гайгүйтэй аймаг руу нүүх боломж байгаа ч хүн бүл муутайгаасаа чадахгүй байгаагаа дурдаж байсан юм. Зуд, гангаас зугтаж, нутгийн цөөнгүй малчин цагийн байдал сайжрахаар эргэж ирнэ гээд өөр аймаг руу нүүсэн гэнэ. Өвөлжөөнийх нь дээр тавдугаар сар битгий хэл ирэх сарын өдийг хүргэхгүй шахам өвс харагдана. Тэрбээр өнгөрсөн намар ногоо тарьдаг айлуудаас хаягдал манжин, лууван худалдаж авсан гэнэ. Түүнийгээ хивэг, тэжээлтэй хольж, үхэртээ өгч байгаа гэнэ. Баруунбүрэн төдийгүй гантай байсан нийт аймгийн малчид энэ маягаар тэжээл бэлтгэж, малаа дэмнэж байгаа бололтой. 860 гаруй өрх, 3000 гаруй хүн амтай Баруунбүрэн сумаас Л.Уртнасан гуайнхыг сонгосон шалтгаан нь хүн бүл цөөтэй малчдын амьдрал, нөхцөл байдал ямар байгааг харуулах гэсэн санаа байв. Тэндээсээ бид тус сумын Цагаан-Овоогийн III багийн 1-21 тоотод амьдардаг Б.Бямбадорж гуайнд очлоо. Тэднийх Л.Уртнасан гуайнхыг бодвол сумын төвд, Үр тарианы компанид манаач хийдэг, сарын 192 мянган төгрөгийн орлоготой өрх. Гэхдээ Б.Бямбадорж гуайнх 0-21 насны долоон хүүтэй. Биднийг очиход 6-15 насны гурван хүү гэртээ байж таарав. Гадаа -32 хэмийн хүйтэн ч хүүхдүүд галаа сайн түлжээ. Дунд хүү Б.Гантулга “Аав эмнэлэг рүү дүүг эргэх гээд явсан. Ээж бага дүүг аваад аймгийн эмнэлэгт хэвтэхээр явсан. Дүү нар маань улаанбурхан өвчин туссан. Одоогоор манайд хоолны мах байхгүй ч гамбир хийх гурил бий. Гал түлэх түлш хангалттай байгаа” гэв. Тус сумын Халамж, үйлчилгээний ажилтан Ж.Наранцэцэг “Алслагдсан, уулын аманд биш ч идэх хоолгүй, түлэх түлээгүй амьдарч байгаа айл, өрх сумын төв, аймагт олон байна. Энэ өрхийн хувьд аав нь элэгний хорт хавдрын эцсийн шатандаа орчихсон, бие нь маш муу байгаа. Хоёр хүүхэд нь улаан бурхан өвчин тусаад, багыг нь аймгийн эмнэлэгт урд шөнө хүргэсэн. Нугасны ус авч байна гэж дөнгөж сая ярьлаа. Хэдийгээр нөхцөл байдал ийм ч хүүхдүүд нь маш ажилсаг, дулааны цагт айлуудаар явж бага сага ажил хийгээд хичээлийн хэрэглэл, ойр зуурын юмнуудаа бэлдчихдэг. Гэр бүлээрээ хөдөлмөрлөдөг ч амьдарч байгаа орчин, эдийн засгийн хумигдмал байдалтай холбоотойгоор амьдрал нь дээшлэхгүй байна” гэв.

Тал, бэлийн цас өдөр ирэх тусам тагтаршиж, хатуураад бог мал явах аргагүй болж байгаа. Цас жаахан нэмэх юм бол байдал бүр хэцүүднэ. Үхэр өвсийг хэлээрээ ороож иддэг. Тугал хэлээрээ ороох дайны ч өвсгүй болохоор манай нутагт үхэр нэлээд хорогдох янзтай байна

         Ажлын хэсгийнхэн Хүнс, ариун цэврийн хэрэглэлийн багцаас гадна хүүхэд тус бүрт нь куртик, дулаан цамц, өмд бэлэглэж байхад гэрийн эзэн ирж таарав. Тэрбээр “Сумын төвд хүйтэн болоод юу шалих вэ. Хүмүүс гэртээ, байшиндаа галаа түлээд л дулаан суучихна. Төв газрын хүмүүст хоол хүнс л байвал амьдраад байна. Их хүйтэн, цас, зуд малчдад л хэцүү. Цаг, наргүй хөдөлмөрлөөд ч өгөх өвс, тэжээлгүй бол байгалийн гамшгийг давж чадахгүй хэдэн малаа алдана. Одоогийн байдлаар Монголын малчдад өвс, тэжээлгүйн зуд, хот, сууринд амьдардаг хүмүүст мөнгөгүйн зуд нүүрлээд байна” гэсэн юм. Биднийг тэднийхээс гарч явтал тус сумын иргэн, 55 настай М.Оюунчимэг “Улаанзагалмайн логотой хувцастай хүмүүс байхаар нь хүрээд ирлээ. Манай бага охины өвчний онош нь тодордоггүй. Эмч явж байгаа бол үзүүлмээр байна” гэсээр ирэв. Бидэнтэй хамт эмч яваагүй ч бид тэдний амьдралтай танилцахаар гэрт нь очсон юм. Тэрбээр “Эгч нь гурван хүүхэдтэй. Бага охин маань 20 настай. Байнга амьсгаадаад байх болсон. Аймгийн, сумын эмнэлэгт үзүүлсэн ч онош нь гарахгүй юм. Хот явах гэхээр зардлын мөнгө байхгүй. Эгч нь тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг байсан юм. Тэгсэн халамжийн ажилтнууд анзааралгүй нэг жил илүү олгочихож. Тэгээд энэ жил гурван сая гаруй төгрөг буцааж Халамж үйлчилгээний газарт төлөх ёстой гэсэн шийдвэр гарч, миний тэтгэвэр, хүүхдийн маань охины Хүний хөгжил сангаас олгодог 20 мянган төгрөгийг шууд буцаалтаар татчихаад байгаа. Ингэхээр дээрх мөнгөнөөс өөр орлогогүй манай ам бүл идэх хоолгүй амьдарч байна. Арга ядахдаа айлаас түмпэн гурил гуйх юм. Гуйхгүй гээд ч яалтай билээ. Айлын түлээ хагалж, мал муулахаар нь гэдсийг нь арилгаж өгөөд гэдсийг нь хувааж авах гэх мэтээр өдөр хоногийг өнгөрүүлж байна” хэмээн ярив. Нөхөртэйгээ анх нийлэхдээ барьсан 6-7 хэмжээтэй байшин, газар нь энэ ам бүлийн ганц өмч аж. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар Оюунчимэгийнх тавдугаар түвшний амьдралтай гэж гарч ирсэн учраас сар бүр олгодог хүнсний талонд хамрагдаагүй аж. Тэтгэврээс өөр орлогогүй, ихэнхдээ гурил, махгүй амьдардаг энэ өрхийг тавдугаар түвшний буюу боломжийн амьдралтайд оруулсан зүйл нь хашаа байшин нь гэнэ. Энэ талаар тус сумын Халамжийн ажилтан “Иргэдийн амьжиргааны түвшинг дахин тогтоох судалгаа эхэлсэн. Оюунчимэг гуайг судалгаанд дахин хамрагдаарай гэж хэлсэн” гэв. Хүнс, ариун цэврийн багцаас М.Оюунчимэгийн гэр бүлд өгөхөд “Манайх сүүлийн хоёр сар будаа идээгүй байсан юм. Баярлалаа, та бүхэнд. Мөн бид бэлэн мөнгөгүй бараг хоёр сар болох гэж байна” хэмээн ярьсан юм.

Тэндээсээ бид Булган аймгийн Тэшиг сумыг зорьлоо.

2018 он

Үргэлжлэл бий. 


ЦАС, АМЬДРАЛЫН ЗУДАН ДУНДУУР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-17 16:02:25
    Зочин: Амьдрал хэцүү юм бэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188