• Өнөөдөр 2024-04-24

ХАНУЙ ГОЛЫН ГАНГАН ХҮҮХНҮҮДТЭЙ ХАМТ “МАРТ”-ЛААД... (II)

2023-03-08,   743

           Үдшийн бүрийгээр энд тэндээс машин, мотоциклийн гэрэл Хануй бригадын төвийг чиглэн наашлах ажээ. Жил бүрийн “Мартын 8”-ны баяраар Хануй бригадын төвийн Улаан буланд цэнгээнт бүжиг болдог уламжлалтай. Өнөө жилийн бүжиг 21:00 цагт болно гэсэн товыг бие биенээсээ сонссон малчин залуус малаа хотлуулчихаад ирж байгаа нь энэ аж.

   Багийн дарга А.Батдэлгэр “За, нөгөө хэд чинь эхнээсээ ирж байна. Улаан булангаа шүүрдээд, гал түлэх хэрэгтэй байна” гэж галч Ж.Гэрэлсайханд үүрэг өгөв. Галч Ж.Гэрэлсайхан “Зуухныхаа бөөрийг улайстал түлээд өгье. Цаадуул чинь осгох шахсан хүмүүс л ирж байгаа” гээд намайг хань татлаа. Багийн дарга ч бидэнтэй зэрэгцэн гэрээсээ дуу өсгөгч авчрахаар гарав. Галч бид хоёр багийн Улаан булан гэх 6х6 хэмжээтэй болов уу гэмээр жижигхэн цагаан байшинд ирэв. Уулын хар модыг хөрөөдөөд зөндөө өрчихсөн байлаа. Галч нөгөөх модыг төмөр сүхээр хамаг хүчээ гарган далайж байгаад “Чүү” гээд л цохих. Шөнөжин гал түлэх болохоор багагүй түлээ бэлдэх хэрэгтэй. Манай хүн хага хага цавчаад л шидлээд байгаа. Хажууд нь хараад зогсоод байвал даарах шинжтэй. Тэгээд хагалсан модыг Улаанбулан руу оруулж, өрөх ажлыг би даахаар болж, дотогш орох гэтэл цахилгаан тасарчихсан байв. Айлуудын гэрэл асаалттай байхад Улаан булангийнх яагаад тасарсан нь тодорхойгүй. Галч “Чи асаагуурын гэрэл тусгаад модоо оруулчих. Хагалж дуусаад л учрыг нь олъё” гэв. Ж.Гэрэлсайхан гэрэл, цахилгаантай зууралдахаасаа өмнө галаа түлээд авъя гээд дөрвөлжин, урт төмөр зууханд дүүртэл нь мод хийлээ. Тэгснээ “Холхон зогсож байгаарай. Шүдэнз зурлаа шүү” гээд цааш эргээд буланд хураалттай юман дундаас савтай юм авчирч мод руугаа тонгойлгоод, шүдэнзээ зураад шидчихлээ. Дүрэлзэн ассан галын гэрэлд үстэй дээлийнхээ урд хормойг бүсэндээ хавчуулсан эр одоо “Цахилгааныхаа учрыг олох уу даа, гал ч ингээд асуудалгүй боллоо” гээд эргэв. Ингэж байтал багийн дарга А.Батдэлгэр ороод ирэв. Юу нь хаанаа гэмтэж, цахилгаан тасарсныг олохоор асаагуурын гэрэл тусгаад үзээд байгаа. Биднийг ийн мунгинаж байтал бүжигт орох гэсэн залуус эхнээсээ ирцгээлээ.

    Согоотоос Д.Ганпүрэв гэх залуу иржээ. Мөн Д.Ганчимэг, Н.Отгонжаргал гэх эмэгтэйчүүд ч ирсэн байлаа. Тэд хонио хотлуулчихаад, “Бүжиг эхлэх цагаас хоцорлоо” хэмээн яаравчлан наашилсан гэнэ. Тэд бүжиглэж, найз, нөхөдтэйгээ уулзахын тулд хөр цас, оройн жаврыг үл тоон мотоциклтой ирцгээжээ. Эмэгтэйчүүд даарсан бололтой, зуух тойроод гараа ээнгээ “Бүжиг болохгүй гэвэл яана. Цахилгаанаа засаж чадахгүй бол баларлаа шүү” хэмээн ярьцгааж байлаа. Үүнийг нь сонссон багийн дарга бүр сандарч, цахилгаан хаанаа гэмтсэн, аль хэсэгтээ гэмтэл байгааг олох гэж хэрэндээ л энд тэндээс нь харлаа. Тэгээд нэмэгдэл хүч болгож, Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Гантөмөрийг дуудав. Багт машин, мотоцикл засахаас эхлээд бүхий л зүйлд гар бие оролцдог гарын уртай хүн нь тэр гэнэ. Б.Гантөмөр ирээд энд тэндээс нь үзэж байгаад шонгийн модны тэнд утас нь тасарчихсан байгааг мэдэв. Ингээд шонгийн мод руу гарч, утсыг нь нийлүүлэх гэтэл дөрөөтэй хүн байдаггүй. Багийн даргын портер машиныг ойртуулж, дээр нь гарч байгаад шонгийн мод өөд муур шиг авирлаа. Гадаа хүйтэн дээр нь харанхуй болохоор шон руу авирах хэцүү байгаа нь тодорхой. Б.Гантөмөр дээрээс бидэн рүү “Утас залгахаас өөр аргагүй болчихжээ. Өөр ямар ч арга алга. Бүдүүн утас хэрэгтэй байна” хэмээн хашхирав. Ингээд багийн төвөөр бүдүүн утасны эрэлд гарцгаалаа. Утас олдохгүй бол тэр оройны бүжиг болохгүй гэдэг нь тодорхой байлаа. Хэн хүнгүй л сандарч гүйлдэв. Нөгөө утас нь айлуудад байсангүй. Тэгж байсан багийн дарга “Манай нарны толины аккумуляторыг холбодог утас болж магадгүй” гээд яваад өгөв. Төд удалгүй нэг утас олоод ирлээ. Энэ хооронд Улаан булангийн гадаа мотоцикль, портерийн тоо нэмэгджээ. Шонгийн модны доор залуус цуглав. Бүсгүйчүүд нь дотор орж, зууханд мод нэмэх юм. Ингэсээр арай гэж цахилгаантай боллоо.

УЛААН БУЛАНГИЙН ШАЛЫГ ХОТОЛЗУУЛАН ҮҮР ЦАЙТАЛ БҮЖИГЛЭВ

      Багийн бүжиг ч эхлэх боллоо. 20 гаруй насны 30 гаруй залуус бүжигт орохоор ирцгээжээ. Урд талынх нь сандал дээр ханхайсан эрчүүд эгнээд суучихсан байв. Тэгсэн ердөө гуравхан эмэгтэй бүжигт иржээ. 30 гаруй эр гурван хүүхэнтэй бүжиглэлтэй биш, багийн төвийн хүүхнүүдийг ирэхийг хүлээхээр шийдэв бололтой. Зуухандаа мод чихээд бөөрийг нь улайстал халаагаад л суугаад байлаа. Залуус эмэгтэйчүүдээ хүлээнгээ байсхийгээд л бөөнөөрөө гараад явчих юм. Хэсэг хугацааны дараа ороод ирэх. Тэгэхдээ улаа бутарчихсан инээд алдах нь жигтэй. Сумын төвийн бүжиг л иймэрхүү болдог санагдана. Хөдөөнөөс ирсэн залуус бүжгийн дундуур гардаг, дэлгүүрт очиж архи аваад гадаа зогсож байгаад тойруулж уучихаад л эргэж бүжигт ордог доо. Тэд ч бас тэгсэн бололтой. Ингэж байтал багийн хүүхнүүд болон хөдөөнөөс хэд хэдэн эмэгтэй нэмэгдэж ирлээ. Тэнд сууж байсан залуусын нүд нь сэргээд л явчихаж байгаа юм. Бүгд л инээд алдаад байгаа. Бас аймгийн төвийн коллеж, МСҮТ-ийн охид ирцгээлээ. Бүжгийн ая тавьж эхэллээ. Үстэй дээл, хүрэм өмссөн залуус дэрхийтэл босож эмэгтэйчүүдийг урин бүжиглэж эхэллээ. Нам жим байсан танхим юу болов гэмээр оволзож гарав. Бүх эмэгтэйг бүжгэнд урьжээ. Гэсэн ч цаана нь олон залуу бүжиглэх эмэгтэйгүй үлджээ. “Дараагийн бүжигт бусдаас өрсөж тэрэнтэй бүжиглэнэ” гээд л хоорондоо ярилцах. Нүд нь гэрэлтэж, инээд алдсан залуус, эмэгтэйчүүд улаан булангийн шалыг хотолзуулан сэнсэртэл эргэлдэх юм. Хөл, гар нийлж байгаа гэж жигтэйхэн. Жилдээ гурав дөрөвхөн удаа л бригад дээр бүжиг болдог болохоор залуучууд цас, бороотой байсан ч зорьж ирдэг юм байна. Хоёр залуу нэг эмэгтэй рүү зэрэг шахуу ухасхийж очоод урих. Үлдсэн залуус бөөнөөрөө гараад явчих юм. Бусдаас зориг гарган С.Нямхорол гэх бүсгүйтэй бүжиглэсэн залуу хөл нь нийлэхгүй, бусад нь шоолохоор ичсэн бололтой, бүжиглэж байсан эмэгтэйгээ талбайд орхиод сандал руугаа зүтгээд бөөн инээдэм болов.

    Дээлтэй ирсэн эмэгтэйчүүд хэдийнэ дээл, зузаан хувцсаа тайлчихсан хавар намрын куртик, савхин өндөр өсгийтэй гутал өмсчихсөн харагдлаа. Харин эрчүүд бол хөлс нь гоожчихсон байхад тоохгүй л үстэй дээлтэйгээ бүжиглээд байх юм. Арав гаруй цэнгээнт бүжгийн ая явсны дараа чөлөөт бүжгийн ая нүргэллээ. Бүгд л талбай дээр тойрч зогсоод бүжиглэж гарлаа. Дээлтэй залуус диско бүжиглэх нь адармаатай юм. Бүр охидынхоо урд очоод янз янзын хөдөлгөөн хийж гарлаа, нөгөө залуус чинь. Нэг нь болихоор нөгөөх нь очоод л эмэгтэйчүүд рүүгээ дайраад л бүжиглээд байх юм. Өндөр биетэй залуугаас Цэрэнлхам гэх бүсгүй “Эхнэрээ яачихаад явж байгаа юм” гэтэл нөгөөх нь “Цаадах чинь таван сартай жирэмсэн. Тэгээд би өмнөөс нь баярлаж явна” гэх нь дуулдлаа.

“НӨГӨӨ ЦЭКҮ ЧИНЬ АГСАМ ТАВИАД, ГЭРЭЭСЭЭ ХӨӨГДӨХ ШАХСАН ШҮҮ ДЭЭ”

       Улаан буланд ийн бүжиглэж байхад хэдэн залуус гадаа тойроод зогсчихсон, дунд нь хоёр залуу барилдаж байв. “За одоо хутга. Халз хутгаа хий. Эргүүлээд мушги” гээд л нөгөө хоёр нь цонхны гэрэлд хав дөрвөлжин золгочихсон, бие биедээ өрсөж мэх хийх гээд тэп тап хийгээд л барилдаж байна. Тойрч зогсох залуус бас болоогүй нутгийнхны хэлдгээр “Хүрэн үнээ саагаад” байгаа. Хэн нэг нь “Хотоос ирсэн ахад хийж өг” гээд цэвэр усны тайрсан саванд дүүрэн пиво хийж өгч байна. Хануй багийн залуусын дунд мода болж байгаа дуу гэвэл дуучин Э.Төрмандах, О.Гансувд нарын дуулсан “Дүүрэн жаргалтай хорвоо”, Б.Болд, Э.Чулуунчимэг нарын “Зүүдний амраг”, А.Хосбаярын “Адуутай намар” зэрэг гэнэ. Харин залуучууд нь сүүлийн үед дуучин А.Хишигдалайгийн дуунуудыг сонсож байгаа аж. Мөн “Монгол HD” телевизийн олон ангит “Сайн уу, сургууль минь” киног үзэж байгаа гэнэ. Бас 23:00 цагт гарч байгаа “Скандал” гээд АНУ-ын тусгай ажиллагааг хэрхэн хийдэг тухай өгүүлдэг киног үздэг байна. АНУ-ын Ерөнхийлөгч тусгай ажиллагааг удирдаж байгаа хүүхэнтэйгээ хайр сэтгэлийн холбоотой болдог аж. Мөн “Боловсрол” телевизээр гарч байгаа Монголын олон ангит “Гурван найз” киног том, жижиггүй үзэж байгаа гэнэ. Багийн төвийн хижээл насны хүүхнүүд “Өчигдөр нөгөө Цэкү чинь алж өгсөн. Төгөлдөрт агсан тавиад баллаж тавьсан. Гэрээсээ хөөгдөх дээрээ тулаад, амлалт өгч байж л нэг юм үлдсэн шүү дээ. Санчир найз охинтой болсон чинь өмнө нь хүнтэй сууж байгаад жирэмсэн болж салаад, хүүхдээ авахуулсан хүн байсныг нь Төгөлдөр мэдээд бөөн л юм болж байгаа. Маргаашийн анги дээр гоё юм гарна даа” гээд л киногоо ярих. Харин залуус “С1” дээр гарч байсан “Спартак” чинь дахиад эхэлчихсэн байна лээ. Тэр хүүхнүүд нь ч бас үнэн гоё шүү дээ” гэх.

    Улаан буланд хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдэд албан ёсоор баяр хүргэх үйл ажиллагаа эхлэх боллоо. Тэгсэн микрофон нь болдоггүй. Буянаа гэх айлаас очиж хувийн микрофоныг нь гуйхаар нэг нь гүйхээрээ гарч одов. Энэ зуурт ахиад л нийтийн бүжиг үргэлжилж, цугласан олон ч уйдах зав гарсангүй. Ингээд багийн дарга нийт эмэгтэйчүүдэд баярын мэнд дэвшүүллээ. Бүжгийн дундуур бригадын урлагийн авьяастан М.Ганболд дуулах болов. Хүүхэд байхдаа Архангай аймагт гайхагдсан дуучин явсан гэнэ. Улсын хэмжээний дуучдын тэмцээн уралдаанд Архангай аймгийг төлөөлж оролцож байжээ. Ардын авьяастан хүрэл медальт, пионер зуслангийн шилдэг дуучин хүүхэд гээд бага газар том гуншинтай, нутгийнхандаа гавьяат нь аж. Тэрбээр “Миний ээж” дууг цангинатал авч өглөө. Ямар дууных нь бичлэг энэ тэр гэж байх биш, хөгжимгүй ч цангинатал, заримынх нь нүдэнд нулимс цийлэгнэтэл сайхан дуулах юм.

"Алган дээрээ бөмбөрүүлсэн

Айлын хооронд үүрсэн

Азай буурал ээжийнхээ

Ачийг яаж хариулна даа” гээд л дуулж гарлаа. Дууныхаа дундуур “Хануй багийн нийт эмэгтэйчүүддээ, охид бүсгүйчүүддээ эрчүүдийнх нь зүгээс баярын мэнд хүргэе” гээд мэндчилгээ дэвшүүлчихэж байгаа юм.

ХАРЖ ЯВДАГ ОХИНТОЙГОО БҮЖИГЛЭХ ГЭСЭН ИЧЭЭД...

      Мөн бүжгийн дундуур тэмцээн зохион байгуулав. Таван залууг гаргаж ирээд эмэгтэйчүүдэд хамгийн гоё мэндчилгээ дэвшүүлсэн хүнд шагнал өгөх боллоо. Тэгсэн Ц.Түмэнбаяр гэх 40 гаруй насны эр “Эхлээд би эхнэртээ хайртай гэдгээ хэлмээр байна. Манай хүн гэртээ байгаа ч гэсэн “Чамдаа хайртай шүү” гэж хэлье” гээд заал дүүрэн ориллоо. Мань эр эхнэрээ орхичихоод өөрөө бүжигт ирсэн тууж яваа нь энэ. Дээлтэйгээ бүжиглэж байсан залуус бүгд тайлчихжээ. Бүжиглэхээс уйдаж байгаа хүн алга.

       Хүрэн дээлтэй залуугийн харж явдаг охин нь аймгийн төвийн МСҮТ-т сурдаг аж. Бригад дээр бүжиг болох гэж байгааг сонсоод зориод иржээ. Огт бүжиглэхгүй суугаад байсан тэр залууг хамт явсан найзууд нь сандал дээрээс татаад босгоод ирэх. Нэг охин руу түлхэв. Хэд хэдэн удаа түлхүүлж байгаад бүжгийн талбай дундуур хөндлөн алхаж, харж явдаг охин руугаа зоригтой гэгч нь алхлаа. Тэгснээ гэнэтхэн буцаад сандал руугаа гүйж очоод нөгөө хэдийнхээ дунд чихээд суучих юм. Найзууд нь дахиад л түлхэх юм, өнөөх нь нүүр нь улайгаад л доошоо хараад суугаад байх. Тэгж байснаа зориг орсон бололтой, нөгөө охин дээрээ очоод урив. Тэгсэн нөгөөх нь бүжиглэхгүй гээд гүрийгээд суучихав. Ингэж ингэж арай гэж бүжиглэцгээв. Хоёр биенээсээ ичээд байгаа бололтой харагдана. Харин бүжгийн ая дууссаны дараа зэргэлдээ сандал дээр хамт суучихсан байв. Бүжиглэж байхдаа нүүр хагарчээ. Магадгүй Хануй голоос дахин нэг хос төрж байгаа бололтой. Ер нь багийн бүжиг дээрээс хосууд бие биеэ олдог ажээ. Хүнтэй суугаагүй эмэгтэйчүүд рүүгээ залуус ээлж дараалан очоод байх юм. Хажуугаас нь гараараа хатгаж өдөөд бүжигт урина. Хүүхнүүд нь залуусаа харж намжирдаад тас тас хөхрөлдөөд хөгжүүн сайхан байлаа.

           Хамгийн сүүлд шинэ жилээр бүжиг болоход жижигхэн талбайтай байшинд хүмүүс нь багталцахгүй эргэх ч зайгүй болсон гэнэ. Залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хомс, аймаг, сум багаас алслагдсан байдаг болохоор бие биетэйгээ тэр бүр уулзаад байдаггүй. Тиймээс бүжиг болохыг тэсэн ядан хүлээдэг юм билээ. Бүжиг боллоо гэхэд үүр цайтал бүжиглэнэ. Энэ удаа ч гэсэн 06:00 цагт тарсан юм. Бүжиглэсэн залуусын уусан юм ч гарсан бололтой. Шавайгаа ханатал бүжиглэсэн залуус эхнэр, найз зэргээ сундлаад гэр гэрийн зүг хөдөлсөн юм. Машин, мотоцикл асах дуу зэрэг зэрэг нүргэлэн сонсогдож, тал тал тийшээ тарцгаалаа.

      Хамгийн холоос Баруун эхийн энгэрт өвөлжиж байгаа Б.Батчулуун иржээ. Согоот багаас Д.Ганпүрэв, Бугатаас Д.Батцолмон гээд л нутгийн залуус ирцгээсэн байна лээ. Тэд 20 гаруй километрийн цаанаас энэ оройн бүжгийг зорьж ирсэн. Хануй бригад дээр “Мартын 8”-ны баяр инээд наргиан хөгжөөнтэйгөөр болж өнгөрлөө. Залуус үдшийг сайхан өнгөрөөсөн нь илтэд мэдрэгдэж байлаа. Багийн дарга ч “Том ажлын ард гарлаа. Шөнө дунд бүжгээ тараахгүй байсан нь нэгд, хүмүүс жилд цөөхөн удаа ингэж баярладаг, хоёрт, өвлийн хүйтэнд шөнө дундлаад хүмүүсийг явуулчихаар хол гэртэй заримынх нь унаа тэрэг эвдрээд, осгох магадлалтай. Тиймээс өглөө болтол бүжиглүүлж, нэг талаар баярлуулж, нөгөөтэйгүүр халамжилж байгаа явдал юм” хэмээн ярив.

 


ХАНУЙ ГОЛЫН ГАНГАН ХҮҮХНҮҮДТЭЙ ХАМТ “МАРТ”-ЛААД... (II)
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188