Монголын нэрт нийтлэлч Ж.Гангаа одоогоос 10 жилийн өмнө Монгол Улсын аварга Д.Хадбаатарын талаар “Сар шинэ дөхөхөөр “сайрга” ах санагдана” гэсэн гарчигтай нийтлэл бичиж билээ. Уг нийтлэлд “Хангай дэлхий, Угтаалцайдамын уул усыг даагаад өдий хүрсэн мөртлөө халхын их аварга бөх Хадбаатарыг чүү чамай 42-хон жил шорон оронтой хамжин байж тээж дээ” хэмээсэн нь санаанд тодхон үлджээ. Хад аваргын эгэл амьдрал, түүнтэй ойр явсан талаараа Ж.Гангаа нийтлэлч бичсэн байдаг. Тэгвэл сар шинэ дөхөж буй энэ өдрүүдэд халхын хүчит аваргын барилдаж ирсэн гэгээн түүхийг уншигч та бүхэнд хүргэж байна.
Хадаа аваргын үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн түүх их сонин. Сумын наадамд зуузай нь урагдчихсан бакальтай барилдаад түрүүлчихдэг. Үндэсний бөхөөр нэг ч удаа бэлтгэл сургуулилалт хийж үзээгүй. Зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчихээд шууд улсын баяр наадамд барилдаж, начин цолтой болсон байдаг. БНМАУ-ын начин цол авах гээд индэр өөд гарах үед нь түүнд бусад шиг өмсөх шинэ дээл, гутал энэ тэр байсангүй. Улсын шигшээ багийн тамирчид өмсдөг биеийн тамирын хослолтой давхиж очоод авчихсан байдаг. Д.Хадбаатар Сэлэнгэ аймгийн Баруунхараагаас эгч Намжилмаагаа дагаж хотод орж ирээд хөнгөн атлетикаар хичээллэж, бүр улсын шигшээ багийн тамирчин болсон үе. Мань эр Анагаах ухааны дунд сургуульд орсон ч хэд хоног яваад олон охинтойгоос нь ичээд сургуулиа хаяад зугтаачихсан гэдэг. Ингээд 24 дүгээр сургуулийг оройгоор сурч 1970 оны зургадугаар сард төгсөөд байхад нь цэргийн зарлан хуудас иржээ.
1971 оны зургадугаар сар, цэрэгт ирээд яг жил болох гэж байхад нь “Алдар” нийгэмлэгийн зуны нээлтийн арга хэмжээ болов. Байлдагч, бэлтгэлийн тамирчин Д.Хадбаатар спортын төрлийн арга хэмжээнд хүрэлцэн ирж байгаа хүмүүст билет таслах ажил хийгээд үүдэнд зогсож байлаа. Үүдээр орж байгаа хүмүүс мөн л “Чи нэг барилдаад үзээч. Аль аймгийн бөх вэ” гэж асууна. Харсан хүн болгон бөх болгож хараад байхаар нь нийгэмлэгийнхээ барилдаанд зодоглоод үздэг ч юм билүү гээд багш, дэд хурандаа Даш дээр яваад очсон байна. “Нөхөр дэд хурандаад, байлдагч Хадбаатар. Би нийгэмлэгийн бөхийн барилдаанд барилдаж болох уу” гэж шууд асуучихсан байна. Харин Даш багш нь Хадбаатарын барилдах сонирхолтой байгааг мэдээд нийгэмлэгийн нээлтийн барилдаанд барилдах зөвшөөрөл өгчээ. Ингээд цэрэг хувцастай Хад анх удаагаа бөхийн тэмцээнд орж барилдав. Нэгийн даваанд Монгол Улсын заан Адьяатай таарч, төвөггүйхэн давлаа. Хоёрын даваанд улсын заан Барамсайтай таарч барилдаад мөн л давчихжээ. Анх удаа барилдаж үзсэн Хад улсын хоёр ч том цолтой бөхийг угсруулаад өвдөг шороодуулчихлаа. Ангийн захирагч, хамт алба хааж байгаа цэргүүд Хадбаатарт баяр хүргээд сүйд болов. Гурвын даваанд түүнийг дархан аварга Х.Баянмөнх амлан авчээ. Баянаа аварга ид байсан үе. Ингээд залуу бөх Хадбаатар аварга Баянмөнхтэй барилдлаа. Их удаан барилдаж, Баянаа аварга олон жилийн туршлагаараа давлаа. Хоёр давсан Хадбаатарыг “Сайн барилдах хүүхэд байна” гээд “Алдар” нийгэмлэгийн багш нар нь түүнд зориулж, зодог шуудаг хийлгэжээ. Ингэж л Хадбаатар аваргын сэтгэл зүрхэнд барилдах хүсэл асаж эхэлсэн байна. “Алдар” нийгэмлэгийн барилдаанд улсын заан цолтой хоёр ч хүнийг давчихсан юм чиньулсын баяр наадмаар барилдаад үздэг юм билүү гэж бодсон боловч бүтсэнгүй. Зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтээр спортын мастер болох үүрэг багш, дарга нараасаа авчихсан болохоор барилдах талаар яриад ч хэрэггүй байлаа. Долдугаар сарын 10-ны өдөр улсын аварга шалгаруулах тэмцээн наадамтай давхцаж болов. Бие халаалтаа хийж байгаад тэмцээн болох талбай дээр яваад очтол “Чам шиг бацаан байтугай том мастерууд нь тэмцээний нээлтэд ирж жагсаж байхад чи яагаад ирдэггүй юм” гээд л багш нар нь өөд уруугүй загнаж гарчээ. Багшдаа загнуулж урам нь хугарсан “амьтан” зээрэнцгээ 43 метр шидэж түрүүлэв. Гэхдээ мастерийн норм биелүүлэхэд гурван метр дутжээ. Багш нар нь дахиад л түүнийг загнав. Тэмцээн дууссан орой “Наадам болж хүн бүр баярлаж байхад би эд нарт загнуулаад зогсож байх гэж. Гэртээ харьж аав, ээж дээрээ очиж хэд хоночихоод ирье” гэж бодоод багшдаа худлаа хэлж чөлөө аваад галт тэргэнд суугаад, гэр лүүгээ явчихжээ.
Шөнө дундын үед Баруунхараагийн галт тэрэгний буудалд буугаад Загдал руу ганцаараа алхчихав. Шөнөжин алхаад үүр хаяарч байхад гэртээ сая нэг юм ирлээ. Цэрэгт явж, “Алдар” нийгэмлэгт орсон хүүгээ үүр цүүрээр гэнэт хүрээд ирсэнд аав, ээж хоёр нь баярлан, “Оргоод ирсэн юм биш байгаа” гэж айж бэргэсээр угтсан гэнэ. Жил гаруй хараагүй хүү нь улам өндөр болчихсон байв. Бие хаа тэгширсэн сайхан залуу болсон байлаа. Хадбаатар аавдаа сумын наадамд барилдаж үзмээр байгаагаа ч хэлжээ. Харин аав Б.Дагвацэрэн “Миний хүү жаахан унтаад нүдний хор гаргачих. Аав нь морийг нь барьж ирээд хамт сум руу явъя” гээд адуундаа мордсон гэдэг.
Нар хэдийнэ гарчихсан байхад Хадбаатар сэрэв. Ээж нь үнээгээ сааж, цайгаа чаначихсан. Холоос ирсэн хүүдээ хоол унд бэлдэж байв. Харин аав нь түүний унах дуртай хээр морийг бариад эмээллэчихсэн хүлээж байлаа. Ингээд ээжийнхээ цэргээс халагдахад нь өмсүүлнэ гэж хүүдээ зориулан хийж, авдартаа хадгалсан үйтэн хуаран дээлээ өмсөөд сумын наадмын талбай руу аавтайгаа хамт явлаа. Ээж Бужгар нь хүүгээ сайн барилдахыг ерөөж, сүү өргөж үлдсэн гэдэг. Нар хур тэгширсэн наадмын өглөө. Хүүтэйгээ сумын наадам үзэхээр дөрөө харшуулан хатирч явах Б.Дагвацэрэн гуайд хамгийн сайхан мөч нь тэр байсан биз ээ. Аавтайгаа элдвийг ярилцан явах үед бэлчиж яваа хонин сүрэгтэй тааралдсан байна. “Миний хүү ч азтай байна. Халуун хошуутай буянт мал тааралдлаа” гэж Б.Дагвацэрэн гуай ихэд бэлгэшээж байсан гэдэг. Тархан идээшилж байгаа хонин сүргийг нар зөв тойроод Хараа голын гүүрээр гарч Баруунхараагийн сумын төв дээр яваад очлоо.
Д.Хадбаатар “Улсын цолтой бөхчүүдийг давчихсан юм чинь суманд босоо түрүүлчихнэ” гэсэн бодолтой ирсэн нь энэ. Сумын наадамд 128 бөх бүртгүүлжээ. Нэгийн даваанд 14 настай нэг хүүтэй таарч бусад бөх нэгийн даваанд гарсан хүүхдүүдийг газраас хөндийрүүлж өргөж тавиад духан дээр нь үнсээд байгаа харагдав. Хадаа ч учраа бөх болох хүүг мөрнөөс нь шүүрч аваад газраас хөндийрүүлж өргөчихөөд духан дээр нь үнсээд тавьчихжээ. Хоёрын даваанд Магсар гэх хүнтэй таарчээ. Төмөр замын бөхчүүд гэгдэх Жанлав, Жалбуу хоёр ногт ганзагалаад ирсэн сураг дуулдав. Учраа бөхөө ч ядах юмгүй бярдаад давчихлаа. Хадбаатар зуузай нь ханзарчихсан бакальтай үзэж тараад байгаа. Түүнд таарах түрийтэй гутал гэрт нь байгаагүй гэдэг. Тэгсэн гурвын даваанд нөгөө сумын наадамд түрүүлнэ гээд ногт ганзагалж ирсэн Жанлав түүнийг амлаж авчээ. Сумын заан Жанлав Хадбаатартай өрж эхлэнгүүтээ шууд ажиллаж эхэлжээ. Хэд хэдэн угсраа мэх хийсэн гэнэ. Дотуур халз хутгахаар нь хөлөө мултлаад шидчихсэн тээр тэнд үсрээд ойчсон гэнэ. Ахыгаа залуу бөхөд унаж байгааг харж суусан Жалбуу заан “Заяа нь хая. Сайрийсан хөлтэй энэ мууд унаад байхдаа яадаг юм” гэж хашхирсан гэдэг.
Дөрвийн даваанд ахыг нь олны өмнө бярдаж тээр тэнд аваад шидчихсэнд уурласан Жалбуу заан түүнийг дараагийн даваанд амлан авчээ. Хадаа хоёр гарыг нь холбож барьж байгаад нохой мордож унагадаг мэхтэй. Тэр мэхээ хийтэл заан унаад өгчээ. Ах, дүү хоёр зааныг давчихсан чинь наадамчин олон хашхиралдаад явчихлаа. Хадбаатар сумын наадмаар дүүрэн сенсац тарив. “Хоёр зааныг унагачихсан хүүхэд чинь Дагвацэрэнгийн том хүү гэнэ. Их сайхан залуу болжээ” гээд л хүн болгон ярина. Тавын даваанд сумын заан Лхагвасүрэн амлажээ. Лхагваа заан Хадааг өмсөх гэхээр нь дээрээс нь дараад унагачихлаа. Ингээд сумын начны болзол хангалаа. Зургаагийн даваанд зүүн, Баруунхараад босоо түрүүлдэг төмөр замын Лхагвасүрэн гэх бөхтэй таарч барилдав. Хашир заан суйлаад дайрчээ. Хадбаатар заанд хариу мэх хийж, зайлж түлхээд тэнгэр харуулчихлаа. Үзүүр түрүүнд баазын жолооч Гомботой үлдэв. Барилдахаар өрөөд зогсож байхдаа Д.Хадбаатарын анхаарал сарниад наадамчин олны зүг рүү харж баясах тэрхэн зуур нэг юм гүйгээд ирэх шиг болжээ. Давхийтэл цочсон Хадаа нүдээ аньсан чигтээ нэг юмнаас бариад татчихсан гэнэ. Тэгсэн наадамчин олон шуугилдаад явчихжээ. Нүдээ нээгээд хартал Гомбо заан тээр тэнд ойччихсон байгаа харагдав. Наадамчид руу хараад зогсож байхад нь хашир заан гэнэдүүлж хөл рүү нь гүйж орох үед Хадбаатар сандрахдаа цээжнээс нь тэвэрч аваад тээр тэнд чулуудчихсан нь энэ аж. “Хүү минь, сайн барилдаарай” гэж дээлнийх нь захыг мушгиж суусан аавынхаа магнайг хагартал баярлуулж, сумын заан болсон түүх ийм ажээ.
Сумын наадамд босоо түрүүлсэн Д.Хадбаатар сумын заан гэх эрхэм цол хүртэж гэртээ хоёр хоноод “Алдар” нийгэмлэгтээ эргэн ирэв. Сумын заан болсон цагаас тэрээр барилдах хорхойтой болжээ. Бөхийн бэлтгэл хийж байгаа тамирчид дээр очиж ямар бэлтгэл сургуулилалт хийж байгааг шимтэн харж зогсдог болов. Гэхдээ түүнийг санаан зоргоор нь барилдуулахгүй л байлаа. Зөвхөн хөнгөн атлетик, зээрэнцэг, бөөрөнцөг шидэх бэлтгэл хийлгэсээр байв.
Сумын заан болсноос жилийн дараа буюу Ардын хувьсгалын 51 жилийн ой, 1972 он. Зургаан сарын 22-нд АИХ-ын сонгуулийн барилдаан болов. Хадбаатар багш нараасаа гуйж байгаад барилджээ. Нэгийн даваанд лагс тарган биетэй, улаан царайтай хүнтэй барилдав. Хэн гэдэг бөх болохыг нь мэдэхгүй ч учраа бөхдөө дуугүй болтлоо аймхайдуулж унав. Золгоод барилдаж байтал гэнэт өрсөлдөгч бөх нь тонгорох мэх хийжээ. Сандрахдаа тас тэвэрчихсэн чинь дээрээ татаж унаад аймхай дээрээ тохойлдуулчихсан гэнэ. Дуу нь гарч болохгүй, талбай дээр хэвтэж байтал хэдэн хүн хүрч ирж, сэгсэрч арай гэж амьсгаа авахтай болгов. Наадмын дараа гадаад руу тэмцээнд оролцох гээд улсын шигшээ багийнхан Баянгол зочид буудалд байрлав. Долдугаар сарын 10-ны өглөө болсон тэмцээнд зээрэнцэгийг 47 метр 29 см шидээд спортын мастер хэмээх эрхэм цолны болзол хангав. Харин 11-ний өдөр бөөрөнцгийг 13 метр 29 см шидэж, БНМАУ-ын рекордыг эвдлээ.
Тэмцээндээ амжилт гаргасан Хадбаатар улсын баяр наадамд зодоглож, үзмээр санагдаад дотроос нь нэг “юм” хатгаад байлаа. Энэ талаараа багш нартаа хэлтэл “Чи хэд хоногийн өмнө барилдахдаа бэртэл авахаа дөхсөн биз дээ. Удахгүй олон улсын тэмцээн болох гэж байхад бэртэл авчихна” гээд хавьтуулсангүй. Тэгэхээр нь Батлан хамгаалах яамны сайд Дорж генерал дээр гүйж очоод улсын наадамд барилдмаар байгаагаа шууд хэлсэн байна. Дорж генерал ч “Армийн генерал байгаагийн хувьд ганц цэргийн толгойг мэднэ” гээд барилдуулахаар бүртгүүлэв. Тэгсэн дасгалжуулагч багш нар нь “Чи огт барилдаж болохгүй шүү. Уначихаад ирнэ шүү” гэж захиад гаргасан байна. Балсан гэдэг бөхтэй нэгийн даваанд таарчээ. Хэсэг барилдаад хайнцаж, давхар уналаа. Тэгсэн аймгийн арслан Балсан “Чи түрүүлж унасан. Тахимаа өг” гээд загнав. Хадбаатар ч мөчөөгөө өгсөнгүй. “Би унаагүй. Та түрүүлж унасан” гээд маргалдаж гарчээ. Хөлийн цэц дахин барилдуулах шийдвэр гаргалаа. “Чи түрүүлж унасан” гэж худлаа гүжирдэж загнасанд уур нь хүрсэн Хадбаатар Архангайн аймгийн арслан цолтой Балсангийн далбааны араас атгаад хивс гөвж байгаа аятай газар гуядаж “гөвчихөөд” туг тойроод дэвээд гүйлээ. Багш нь “Барилдахгүй унана гэсэн чинь яасан бэ” гээд загнав.
Хоёрын даваа эхлэхээс өмнө байрлаж байгаа Баянгол зочид буудал руугаа гүйж очоод зодог шуудгаа авч бүсэлхийгээрээ боочихоод гадуур нь биеийн тамирын цамцаа өмсчихөөд монгол гутлаа бариад төв цэнгэлдэх рүү эргээд гүйлээ. Хоёрын даваа эхэлсэн ч нэрийг нь дуудсангүй. “Багш нар миний нэрийг хасуулчихсан юм байх даа” гээд бөхийн гарын даа нар дээр очоод асуулаа. “Миний нэрийг яагаад дуудахгүй байгаа юм бэ” гэсэн чинь “Чиний нэр хэн билээ” гэж асуусан байна. “013 дугаар ангийн бөх Хадбаатар” гэхэд “Чи гоц мөргөчихсөн байна” гэжээ. Гоц мөргөнө гэдгийг мэдэхгүй Хадбаатар “Тэр чинь юу гэсэн үг вэ” гэж асуутал “Энийгээ мэдэхгүй байж бөх барилдана гээд байгаа юм аа. Гурвын даваандаа бэлд” гэж хэлээд явуулсан байна. Удалгүй гурвын даваа эхэллээ. Тэгсэн “Өмнөговь аймгийн арслан Бямбаа 013 дугаар ангийн бөх Хадбаатартай” гэж зарлав. “Багш нарт загнуулж байхаар одоо унаад өгье” гэж бодоод учраа бөх дээрээ яваад очлоо. Тэгсэн хэдхэн хоногийн өмнө дуугүй болтол нь унагадаг бөх инээчихсэн зогсож байлаа. Чанга унасан хариугаа авах гээд яс үзэхээр шийдэж шууд хав дөрвөлжин золгож, шуудагдаж өргөөд нүүрээр нь газар шидэв. Ингээд улсын наадамд гурав давчихлаа.
Багш Цогтбаатар, Санжаа нар нь мөн л загнасан байна. Тэд Хадбаатарыг барилдуулахгүй гэж загнаад байсан шалтгаан нь сайн тамирчин нь бөхийн спортоор хичээллээд алга болчих вий гэж айсандаа тэгж байжээ. Дөрвийн даваанд хатуу гарт гэгдэх улсын заан Д.Лхагвасүрэн түүнийг амлан авчээ. Лхагваа заан “Ахдаа буугаад өгсөн нь дээр. Миний бэлтгэл сайн байгаа” гэж хор шарыг нь малтав. Хашир туршлагатай заан атлаа ам мэхэнд оруулах гээд байсан гэдэг. Харин Хадаа үүнийг нь мэдэж байгаа шинж ер байсангүй. Лхагвасүрэн зааныг барьж аваад хүүхэд шиг агаарт хэд хэдэн удаа дүүгүүрдээд дугтарчихав. Д.Лхагвасүрэн заан өвдөг нь ногооны шүүс болчихсон босож ирээд “Ахыг нь дүүгүүрдэж хаях нь битгий хэл миний бяр тэнхээнээс бөхчүүд айдаг юм. Миний дүү начин болоорой” гээд үнсээд тахимаа өгчээ. Уяхан сэтгэлтэй Хадаагийн нүднээс нулимс бөмбөрч туг тойрч гүйлээ.
Одоо ганцхан давчихвал начин болчих гээд байдаг. Тэгсэн Монгол Улсын арслан Чойжилсүрэн сумын заан Д.Хадбаатарыг амлан авчээ. Мөөеө аваргын ахынх нь хүүхэд Пүрэвдорж гэх залуу Хадаа аваргыг Төв аймгийн Угтаалцайдам сумынх гэж сонсоод дасгалжуулж, барилдаанд нь зөвлөгөө өгөх болов. “Чи элэг бүсний барьц олж ав. Чой арслан барьцгүй цохидог юм” гэх заавар өглөө. Ингээд арслантай барилдахаар өрөөд зогсонгуутаа элэг бүсний барьц олоод автал тас хийтэл хавирчихжээ. Хашир арслангийн дархан мэхэнд уналгүй суун тусаад л босоод иржээ. Ингээд Хадбаатар Чойжилсүрэн арсланг давах гээд баахан мэх хийсэн гэнэ. Сүүлдээ барилдаандаа улайраад ямар мэх хийж байгаагаа ч мэдэхээ байсан гэж өдрийн тэмдэглэлдээ дурсан бичсэн байдаг юм билээ. Ингээд Чойжилсүрэн арсланг цээжин доороо хийж дарсаар байгаад унагасан байна. Засуул барилдааныг нь салгаж “Арслан уначихлаа” гээд босгожээ. Залуу бөх Хадбаатарт унасан Чойжилсүрэн арслан “Мангар Санжаа, улаан Эрдэнэ-Очир гээд бяртай бөхчүүдтэй барилдаж болоод байдаг юм. Сая барилддаг сайрга хөлтэй хүү чинь адгуус шиг ойгүй бяртай юм байна” гэж бөхчүүдэд ярьсан байдаг. Тэр жил Архангай аймгийн Хашаат сумын харьяат С.Жамц, Увс аймгийн Тэс сумын бөх Т.Артаг, “Барилгачин” нийгэмлэгийн бөх Д.Баатаржав, Хадаа аварга нар улсынхаа баяр наадамд тав давж начин цол хүртэж байжээ. Ингэж Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат залуу бөх Д.Хадбаатар БНМАУ-ын начин цол хүртэж, монгол бөхийн ертөнцөд хөл тавьж байсан гэгээн сайхан түүх ийм ажээ.
Д.Хадбаатар монгол бөхийн ертөнцөд алдаж, онож ард түмнээ цэнгүүлэн баясуулж явсан домогт их аварга билээ. Аваргын бага хүү Х.Мягмарсүрэн одоо их сайн барилдаж байгаа. Өнгөрсөн жил Дархан-Уул аймгийн наадамд одтой сайхан барилдаж, аймгийн харцага цол хүртсэн. Бөх сонирхогчид Х.Мягмарсүрэнг “Аав шигээ сайхан барилддаг сайн бөх болно” гэж шинжиж байна лээ.
Өдрийн сонин, 2018 он
ХАЛХЫН ХҮЧИТ Д.ХАДБААТАР АВАРГЫН ЭГЭЛ НЭГЭН ТҮҮХ |
|
2025-03-05 11:43:14
2025-03-05 07:34:04
2025-03-05 07:27:00
2025-03-05 07:11:26
2025-03-05 07:00:00
2025-03-05 07:00:00
2025-03-05 07:00:00
2025-03-04 16:35:43
2025-03-04 11:11:50
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |