Ататуркийн Анкара. Бидний дараагийн аялал Туркийн нийслэл Анкарад үргэлжилсэн юм. Анхандаа бид Анкара руу автобусаар аялахаар төлөвлөж байсан юм. Долоо найман цаг автобусаар явна гэхээр нэг л ядаргаатай санагдаад онгоцны маршрут сураглав. Буудлынхаа хүлээн авахаас мэдээлэл аваад ойрхны билетийн касст зорин очив. Ачаагүй бол хямдхан суудал байдаг аж. Олон хоногоор аялаж яваа бид хоёр яаж ч ачаагүй байх вэ. Тэгээд ч урьдчилан захиалага хийгээгүй болохоор билет үнэтэйхэн туссан юм. Захиалгаа урьдчилаад өгсөн бол нэг дахин хямд нисэх боломж байж. Оройхондоо Анкарад бууж хөлсний тэрэг аваад захиалгат буудал руугаа давхицгаав. Үзэж харах юмандаа ойр гээд хотын төвийн “Раймер” \Raymar Hotels Ankara\ гэх дөрвөн одын зэрэглэлтэй буудал бид захиалсан байсан юм. Нисэх буудлаас цаг гаруй давхин байж буудалдаа ирэв. Миний нэр дээр зурвас ирснийг хүлээн авахын ажилтан надад өгч байна. Элчин сайдын яамны зөвлөх М.Мөнхсүх нэрийн хуудсаа “Сайн явцгааж байна уу...” гэсэн зурвастай үлдээсэн байв. Каираас гарахад Элчин сайд Ч.Баярмөнх Анкара руу Болд сайдад хэл өгч та нарын аялалд тус дэм болохыг хүсч болох юм гэж ярьж байсан юм. Тэгээд л элчингийн ажилтан биднийг угтахаар захиалсан зочид буудалд маань ирсэн бололтой. Уг нь бид автобусаар өглөө эрт гараад үдээс хойхно буудалдаа ирчихсэн байхаар байсан юм. Тэр хуваарийг Каирынхан эдэнд мэдээлсэн байж. Өрөөндөө ороод удаагүй байтал Мөнхсүх зөвлөх утасдаж байна. Хувиараа өөрчилж төвөг удсандаа түүнээс уучлалт хүсэв. Бидний аялалын хөтөлбөр, үзэж харах музей, үзвэр соёлын талаар тэр асууж байна. Элчин сайд маргааш үдээс хойхонтоо өрөөндөө уулзаж ярилцах боломжтой гэж хэлснийг нь тэрээр надад уламжиллаа. Би ч түүнийг нь баяртайяа хүлээн авав. Элчин сайдын тэр урилга, элчингийн ажилтны энэ яриа хөөрөө улс орноо төлөөлсөн элчин яамтай байхын дотно сайхан уур амьсгалыг мэдрүүлж байв. Биднийг угтсан зочид буудлын ажилтан манай элчингийн ажилтны үлдээсэн нэрийн хуудас бүхий зурвасыг надад гардуулахдаа ч хүндэтгэлтэй хандаж буй нь надад мэдрэгдэж байсан. Өглөө буудалдаа цайлчихаад ойр зуурын орчинтой танилцав. “Раймер” буудал бага шиг толгодын дээхэнтэй оршдог юм байна. Доошихноо баахан дэлгүүр хоршоо, хоолны газруудтай юм. Буудлаас тээр дээхэнтээ том сүм харагдаж байв. Сүмийн шовх баганууд нь буудлын энүүхнээс ч сэрийлдээд их л сүртэй юм. Анкарагийн хамгийн том “Кокатепе” гэх сүм аж. Ухасхийгээд л үзчихээр юм байна гэх бодол төрж байлаа...
Анкара нийслэл нь Туркийн хоёрдахь том хот гэгддэг юм байна. Хүн амын тоогоороо ч хамгийн том хот болох Истанбулын дараа ордог аж. Өнгөрсөн оны тооллогоор хүн ам нь 5.5 саяд хүрсэн юм байна. Бага шиг түүх дурдахад эртхэндээ долоо наймдугаар зууны үед энэ хот Анкира гэдэг нэртэй байсан бөгөөд энэ нь грекээр “Зангуу” гэсэн үг аж. Европ, Ази тивийн хоорондох худалдааны замыг холбосон далай тэнгисийн огтлолцол дээр оршиж байсан болохоор ийн нэрлэгджээ. Тэгээд ч Ромын эзэнт гүрний үед Анкира нь худалдаа наймаа, нийгэм улс төрийн гол төв болж байж. Дайн тулаанаар Анкира хот хэд хэдэн удаа бусдын мэдэлд шилжиж байсан түүхтэй гэнэ. Кельт, Византийн иргэд, Селжукууд, Загалмайтнууд, Арабууд, Османчууд ээлжлэн эрхшээж байжээ. Ромын дараа Византчууд хотыг захирч байсан бөгөөд 1073 онд Селжукууд булаан авч Анкира нэр нь Анкара болон өөрчлөгдөж Османы эзэнт гүрний хамгийн чухал хотуудын нэг болжээ. Мустафа Кемал Ататүркийн улс орноо түрэмгийлэгчдээс чөлөөлөх тэмцэл эхэлснээр Анкара хот хувьсгалт хүчний анхаарлын төвд орж, Мустафа Кемал засгийн эрхэнд гарсны дараа албан ёсоор Туркийн нийслэл болсон юм байна.
Элчин яамандаа зочлов. Үдийн цайны дараа М.Мөнхсүх зөвлөх буудалд ирж биднийг аваад элчин яам руу давхилаа. Зам зуур түүнтэй ойр зуурын яриа өрнүүлж явав. Үлдээсэн нэрийн хуудсыг нь аваад л би таамаглаж байсан юм. Миний таамаг ч онож. Цагдаагийн дарга байсан Мөрөнгийн хүү мөн байв. Аавтайгаа ч төстэй юм. “Ардын эрх” сонинд ажиллаж байхдаа цагдаагийн тусгай тасгийн ахлах дэслэгч Мөрөн, түүний багийнхныг өрөөндөө урьж зэвсэгт дээрэмчдийн нэг бүлгийг илрүүлж баривчилсан тухай нь ярилцлага хийж явснаа түүнд дурсан ярьж ойр зуурын яриа дэлгэж явав. Манай элчин сайдын яам уул толгод гэхээр бага шиг өндөрлөг газар байдаг юм байна. Элчингийн хороолол гэхээр байршил аж. Хөрш зэргэлдээ нь хэд хэдэн орны элчин яамд байдаг гэнэ. Иймэрхүү яриа хөөрөө болж яваад л элчин яамныхаа үүдэнд давхиад ирцгээлээ. Том төмөр хашаатай юм. Хашааны хаалга автоматаар онгойж бидний бенц элчингийн гурван давхар шаргал байрны үүдэнд зогсов. Хашаа хороо, байр байшин нь шинэвтэр, цэвэр цэмцгэр юм. Ашиглалтад ороод хоёр жил гаруй болж буй гэсэн. Хаалгаар нь ороод л монголоороо амьсгалж эхлэв. Хилийн чанад дахь элчин яамдуудад байдаг шиг монголын байгалийн уран зураг, монгол ахуйн эд хогшил, эмээл хазаар гээд л хананд ч, тусгайлсан хорго, хайрцаг саванд ч байрлуулсан сайхан үзмэрүүдтэй юм. Өмнө миний орж гарч явсан Токио, Гавана, Вьентьян, Бангкок мэтийн хуучны элчин яамдад манай социализмын үеийн нэрт зураач Д.Цэмбэлдорж, Г.Одон, Н.Цүлтэм, Б.Гүрсэд нарын бүтээлүүд байж хана туургыг нь чимж байдаг бол энэ Анкарад арай л шинэ үеийнхний зураг хөргүүд байх аж. Цаг үеэ ч, бас элчин сайдынхаа мэдрэмжийг ч дагадаг биз, модернист, импрессионист, авангард чиглэлийн бүтээлүүд энд голлож байв. Тэмээн жин, хадны сүг зургаараа алдаршсан Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн хоёрын зэрэг бүтээл нэгдүгээр давхарын хананд залаастай байна лээ. Нэг нь нэлийж цэлийн шаргалтах элсэн толгодын дундуур алслан холдож яваа тэмээн жин. Хоёр гуравдугаар давхарт нь ч олон зураг байв. Модернист зураач Н.Адъяабазарын “Морьтон” зургийнх нь нэг хуулбар байх шиг харагдсан. Миний сайн мэдэх, Токиод амьдардаг контемпорари стилийг монгол зургийн аргатай хослуулан бүтээлээ туурвидаг зураач С.Заяасайханы нилээд олон бүтээлийн хуулбар энд байв. Элчин сайд нь ч юм уу эсвэл эднийхний хэн нэг дипломат нь энэ зураачийн бүтээлийг үнэлж хүндэлдэг бололтой. Гуравдугаар давхрын нэг танхимын хананд түүний зарим бүтээлийг буулгасан гурван ч шаазан таваг бас байршуулсан байна лээ. Зураач С.Заяасайханы хамгийн алдаршсан “Хаадын хаан” зургийнх нь хуулбарыг нэг хананд жаазлаад тавьчихаж. Энэ зураг 2015 онд Тайпэйд болсон олон улсын үзэсгэлэнд оролцож ихэд алдаршсан юм. Тэнд болсон дуудлага худалдаагаар 175 мянган ам. долларын үнэд хүрч зарагдсан алдартай бүтээл нь юм. Миний бие зураач Заяасайхантай Токиод уулзаж уран бүтээлийнх нь тухай, бас энэ өндөр үнэ хүрсэн “Хаадын хаан” зургийнх нь тухай ярилцлага хийж явсан болохоор түүний бүтээлүүдтэй хуулбараар нь ч гэсэн Анкарад дахин танилцахдаа баяртай байлаа. Энэ зураачийн бүтээл ч, бусад зураачдын монголын байгаль, ахуй амьдралын сэдэвт зургууд ч элчин яамаар орж гарсан гадна дотныхонд монгол орныг, орчин үеийнх нь урлаг соёлыг сурталчлан мэдүүлэх нэг төрлийн сурталчилгаа юм.
Элчин сайд Р.Болдтой “Хаадын Хаан” зургийн өмнө
Монголчууд маань нутаг усаа ч, монгол ахуйгаа ч, бас өсөж дэвжиж буй урлаг соёлоо ч элчин яамаараа орж гарахдаа мэдэрч, бас нутгаа санасан зарим нэг нь нутаг усандаа очсон мэт сэтгэл санаа нь уужирч байдаг л байлгүй дээ... Ийн Элчин яамныхаа өрөө танхим, энд байршсан урлаг соёлын бүтээлүүдтэй танилцчихаад Элчин сайдтай өрөөнд нь сууж хэсэг ярилцлаа. Бид хоёрын яриа Турк орны эрт эдүгээ, эртний нүүдэлчин омгууд болох түрэг, монголын тухай, мөн манай их хаад, бага хаадын үеийн түрэг болон монголчуудын харилцаа, тэр үеийн түүх, өнөө үеийн Турк орны хөгжил дэвшил, Монгол, Турк орны харилцаа гээд л өргөн сэдвийг хамарсан юм. Эртний Түрэг омог, Түрэг гүрэн, Монголын эзэнт гүрэн, тэр үеийн улс гүрний хоорондын харилцаа, доголон Төмөр, Сири орон, өнөө дуулиан болоод буй эрт эдүгээгийн Алепо хотыг байлдан эзэлсэн тухай, түүний одоогийн байр байдал гээд л олон сэдвээр тоо баримт дурдаж нэгэн хэмээр тайван ярих юм энэ Болд сайд.
-Та нар өчигдөр “Исэн бух” гэх эдний онгоцны буудалд буув уу? Манайхны түүхтэй холбогддог Доголон Төмөр хааны цэргийн нэг том жанжны нэр юм тэр “Исэн бух” гэдэг нь. Эдний эрдэмтэд нилээд маргаан өрнүүлж хэл амтай л байдаг нэр, нэршил. Нэг хэсэг нь “Манайхныг түрэмгийлж дайрч явсан дайсны жанжны нэрээр онгоцны буудлаа нэрлэж болохгүй...” гээд л шүүмжилцгээдэг юм. Зарим нь тэр нэрийг өөрөөр тайлбарлаж маргацгаана. Салхийг туркээр “Исэн” гэдэг юм байна. Тэгэхээр тэр жанжны нэртэй энэ нь огт холбоогүй, “Салхитын хөндий” гэх утгатай юм гээд л маргалдаж байцгаадаг улс. Түүх талаасаа бол Доголон Төмөр хааны тэр Исэн бух гэх жанжны цэргүүд Сири, өнөө яригдаад байдаг тэр Алепо хотыг эзлэж явсан байдаг юм. Алепо бол тэр үеийнхээ маш үзэсгэлэнтэй сайхан хот байсан түүхтэй юм билээ.
-Өнөөгийн байр байдлын тухай ярих юм бол эднийхэн Бүгд найрамдах улсаа тунхагласан, үндэсний хувьсгал ялсныхаа 100 жилийн ойгоо эднийхэн тэмдэглэх тухай сүүлийн үед онцгойлон ярьж байгаа. Дөрвөн жилийн дараа буюу 2023 онд энэ их ой нь болох юм. Эрдоган Ерөнхийлөгч “Турк орон одоо дэлхийн 17 дахь эдийн засаг гэгдэж байна. Шальтай ч юм биш л дээ, улс хувьсгалынхаа их ой тэмдэглэх үед бид харин дэлхийн 10 дахь эдийн засаг болох санаатай...” гэх ярилцлага өгсөн байсан. Турк ер нь хурдацтай хөгжиж байна. Эднийх 82 сая хүнтэй том зах зээл. Истанбул 15 сая, Анкара 5 сая гаруй хүн амтай. Газар нутгийнх нь байрлал ч сайхан. Ази Европыг дамнаж энэ хоёр тивийг холбож оршиж байна. Хоёр тивийг холбосон худалдаа, эдийн засгийн бүс нутаг. Усан боомт, усан тээврийн боломж сайтай байршил.
-1923 онд хувьсгал хийгээд шашин төрөө салгаж, европжих тал руу явсан улс орон. Эр эмгүй хувцас хунараа өөрчилсөн. Эрчүүд нь костюм зангиа болоод л, эмэгтэйчүүд нь алчуур гивлүүрээ солиод л... Ер нь өнгөрсөн зуун жил шахмын хугацаанд европжих гээд л үзээд байна. Оросуудтай Турк ер нь ойр байсан түүхтэй. Эдний хувьсгалын удирдагч Мустафа Кемал Ататурк жанжин оросын маршал Ворошиловтой ойр дотно байж, уулзалддаг байсан юм билээ. Түүний Ататуркэд бэлэглэсэн сэлэм энэ тэр гээд юмнууд Анкарад буй түүний бунханд байгаа. Ататуркийн бунхан үзвэл та нар түүнийг сонирхож болох байх. Ер нь хувьсгалын тэр эхэн үед Зөвлөлт оростой Турк их харилцаатай байсан юм билээ.
-Манай Гэндэн Ерөнхий сайд 1934 онд Зөвлөлт Оросод Сталинтай уулзсан байдаг. Тэрээр “Богд уулын аманд бид уулзалт хийгээд манайхан хөгжлийн замаа Турк маягаар явах ёстой юм бна...” гэж тогтлоо гэж Сталинд хэлж л дээ. “Туркүүд шашин төрөө салгачихлаа. Нэгд, манай Богд хаан нас барж, манайх шашин төрөө тусгаарлачихлаа. Хоёрт, Турк Зөвлөлт оростой маш ойр харилцаатай, бид ч бас тийм. Гуравт, Туркууд манайхтай эртнээс удам угсаа нэгтэй ойр явж ирсэн ард түмэн, тиймээс Туркийн энэ хөгжлийн зам бидэнд ойр юм, тэр замаар бид явах нь зүйтэй гэж үзэж байна” гэж Сталинд хэлсэн юм байх. Сталин “Дэмий донгос...” гэж хэлсэн гэдэг түүх байдаг даа...
-Ер нь арван хэдэн он, хориод оны эхээр манайд Туркийн иргэд, турк худалдаачид бас олон байсан юм билээ. Турк хүмүүс ийм тийм хүсэлт тавилаа гэсэн баримт материал 1920-иод оны архивын материалд байх жишээтэй. Бас манайд аяласан гадаад хүмүүсийн тэмдэглэлээс ч бас манайд туркүүд амьдарч байсныг уншиж мэдэж болохоор. Америкийн аялагч, үлэг гүрвэл судлаач Эндрюс гялалзсан хувцас хунартай олон турк хүн манай нийслэл хүрээний гудамжаар явж байсан тухай 1918 оны аялалын тэмдэглэлдээ бичсэн байсан нь нэг л жишээ юм. Манайхаас 1913 онд Хаянхярваа гэдэг лам Туркэд ирж суралцсан түүх байдаг. Тав зургаан жил сурч амьдарсан гэдэг. Энэ тухайн баримт материал Улсын архивт ч бий байх. Зөвлөлт оросоос ч халимагууд Туркт ирж амьдарч байж. Дэлхийн нэгдүгээр дайн эхэлж Орост амьдрал хүнд болоод халимагууд ирсэн гэдэг. Хаянхярваа лам халимагуудтай ойр байсан юм байлгүй нутаг буцахдаа халимагаар дамжаад, оросоор орж монголдоо очсон юм байх. Хожмоо тэр ламтан Монголынхоо Судар бичгийн хүрээлэнд байна уу даа удирдах алба хашиж байсан гэдэг. 1930 аад оны сүүлээр Туркийн тагнуул энэ тэр гээд баривчлагдаж хэлмэгдэж явсан түүх буй. Бидний мэдэж байгаагаар Туркэд ирж хэл сурсан, боловсрол эзэмшсэн анхны хүний л нэг байх.
-Ирэх зургадугаар сард Монгол Туркийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг бид тэмдэглэх гэж байна. Тэр үеийн Югославт сууж байсан манай Элчин сайд Хосбаяр гуай, Москвад сууж байсан Туркийн Элчин сайд нар тухайн орнуудаасаа хоёр орны Элчин сайдын үүргийг хамаараад л энэ харилцаа эхэлсэн түүхтэй. Жуух бичгээ барихаар анхлан очсон Элчин сайд нь онгоцноос буунгуутаа л газар сөхрөөд л эх нутагтаа, эртний уугүул газар шороондоо ирлээ гээд л мөргөж байсан гэх дотно түүх байдаг юм билээ манайханд. Хоёр орны хоорондын анхны яриа хэлэлцээ эхэлж байх тэр үед Москвад манай их хаадын нэгнийх нь нэртэй хүн эдний элчингээр сууж байсан юм билээ. Тулуй гэх нэртэй Элчин сайд байж. Чингис, Чингиз нэртэй хүмүүс ч эднийд их олон. Ер нь манайхны монгол нэр, монгол үгс эдний үгийн санд олон тааралдана шүү. Сая таны дурдаж ярьсан, манайхны сайн мэдэх, Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн нэр ч бас нөгөө л Орхоны хөндий энэ тэртэй л холбогдоно шүү дээ. Орхон, Орхан нэртэй хүмүүс ч эднийд олон бий. Эртнээсээ түүхийн ийм улбаа, удам угсааны холбоо сүлбээ манайханд бий гээд бидэнтэй дотносох турк хүмүүс байдаг.
-Эдний Ерөнхийлөгчийн туг дээр 16 таван хошуу бий. Эртний хаадууд, үе удам дамжсан улс гүрнүүдийнхээ нэрээр тэр таван хошууд нь нэрлэгддэг гэж тайлбарлах юм билээ. Хүннү гүрэн гэж эхлээд л Билгэ хаан энэ тэр гээд л явах жишээтэй. Сэхээтэн, улс төрчид нь Билгэ хаан, мэргэн Тоньюук жанжин, Орхоны хөндий энэ тэр гээд л ярина аа, ярина. Бид тэр газраас ирсэн гэнэ. Зарим нь ч бид Кавказаас гаралтай, харин Орхоны хөндий рүү сүүлд очсон гээд л ярьцгаана.
-Их, бага хаадын маань нэр овог эднийхэнд өнөө хүртэл уламжлагдаж нэршээд буй нь манайхантай эртнээс л удам угсаа, гарал үүслээрээ харилцаа холбоотой байсных нь илрэл байх. Ер нь тэр утгаараа манай их хаадыг өөрсөддөө ч хамааруулж бид тэр угсааных, бидний ч хаан хэмээн хүндэтгэж хандах үзэл санаа эднийхэнд бас бий байх. Үр хүүхдүүддээ хаадын нэр өгч буйг нь ч энэ утгаар ойлгож болох. Бага хаадын үед зуу шахам жил эднийхэн манай хаадын төрд татвар төлөгч байсан түүх байх юм билээ. Элчин сайд Батхишиг энд ажиллаж байхдаа энэ үеийн түүх, харилцаа холбоог судлаж эдний нутаг орноор нилээд явсан байдаг. Эрдэм шинжилгээ, судалгааны хэд хэдэн өгүүлэл, ном товхимол гаргасаныг нь хүмүүс мэдэх байх. Манай бага хаадын байгуулсан, тэдний нэрээр нэршүүлсэн номын сан, суврага, барилга байгууламжууд эдний хэд хэдэн хот сууринд байсныг олж илрүүлж тэр тухайгаа ном товхимолдоо оруулсан байдаг...
-Таны асууж буй сүүлийн үеийн харилцааны хөгжил дэвшил, Орхоны хөндийг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүс болгох энэ тэр гэхийн тухайд шийдэгдээгүй зарим асуудал байна. Хамгийн гол нь эднийхэн манай байр байдлыг тийм ч сайн ойлгохгүй тал бий. Манай тал ч бас Туркүүдээ сайн мэдэхгүй байх шиг... Туркийн талаас хэрэгжүүлсэн буцалтгүй тусламжууд ач тусаа өгч байгааг бид мэднэ. Орхоны хөндийг хөгжүүлэх төслийн хүрээнд зам тавих, музей байгуулах, түрэгийн үеийн хөшөө дурсгал сэргээхэд хөрөнгө мөнгө гаргаж санхүүжүүлсэн. Ер нь томоохон хөрөнгө оруулалт оруулаад хамтарсан үйлдвэр, аж ахуй байгуулах, аялал жуулчлалыг өргөн утгаар нь хөгжүүлэх талд хангалттай ахиц гарахгүй байна гэж би хэлэх гээд байна л даа. Эдний томоохон компаний удирдлага, бизнесмэнүүдтэй бид уулзалт хийж монголд хөрөнгө оруулж ажиллахыг уриалдаг л юм. Тэд монголд очих тухай эхэндээ сүрхий сонирхоод ярьж эхэлнэ ээ. Мэдээж онгоцоор ниснэ гэцгээнэ. Өдөр бүр онгоц нисдэг үү гээд л асууна. Долоо хоногт гурван удаагийн нислэгтэй гэхээр толгой сэгсрээд л өнөө очоод маргааш нь буцах боломж байхгүй юм аа даа гэнэ. Бишкекээр дамжиж тэнд нэг хоёр цаг болоод нийтдээ ес арван цаг нисдэг гэхээр бүр нүд нь том болох жишээтэй. Ер нь эдний бизнесийн томчуул нь европ хавиараа үйл ажиллагаа явуулдаг, бусад тив, улс орон явлаа гэхэд өдөр бүр нислэгтэйд нь дасчихсан байдаг байх. Манайхны байр байдлыг сайн ойлгохгүй байна гэдгийг би үүнтэй холбож ярьж байгаа энэ юм. Бид үүнийг түр зуурын асуудал, цаашдаа өөрчлөгдөх боломжтой гэх талаас нь ойлгуулж ятгах талд ажиллаж л байна. Та нарын дээд удам угсаа, өвөг дээдсийн чинь нүүж суусан эртний нутаг ус шүү дээ гэх зэргийг сануулах үе ч бас байх. Түүний дараа тэдний хандлага өөрчлөгдөж яриа хөөрөө болж хамтран ажиллах талаар арай өргөн дэлгэр санаа оноо солилцох тохиол бас гарна.
-Эдний улс төрчид, том удирдагчдынх нь хувьд манай нүүдэлчдийн эртний түүх, Орхоны хөндийн талаар тайлбарлаж ярилтгүй ээ, бүгд л сайн мэднэ. Ер нь сонгууль болох үеэр нэртэй улс төрчид нь манайх руу ер нь явна шүү. Алтан овоо, Шилийн Богд руугаа манайхан явж эргэл мөргөл болж сүсэглэцгээдэг гэдэг дээ... Түүн шиг л юм даа. Эдний Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зиндааны томчуул шийдвэрлэх том сонгууль, том албанд тавигдахынхаа өмнө ер нь Орхоны хөндийд явж сүслэх нь бараг уламжлал болсон гэх яриа хөөрөө байх юм билээ. Үүнд муу юм байхгүй л дээ, Орхоны хөндийг эдний томчуул нь ингэж мэдэж, түүнд хүндэтгэлтэй хандаад байвал энэ бүс нутагт цаашдаа аялал жуулчлал хөгжих өргөн боломж л бий болно. Орхоны хөндий аялал жуулчлалын бүс болчихвол манай эдийн засагт ч нэмэртэй. Хоёр орны хоорондын нислэгийн тоо нэмэгдвэл Орхоны хөндий, эртний түрэгүүдтэй холбоотой түүх соёлоо сонирхох гээд турк жуулчид олноороо манайх руу аялах боломжтой болно. Ер нь Туркууд аялах дуртай ард түмэн. Жилдээ таван сая гаруй хүн гадагшаа аяладаг гэсэн статистик байдаг...
Элчин сайдтай бид ийн цаг гаруй ярилцав. Зарим мэдээллээс нэмж дурдахад Турк улсын Засгийн газраас Монголын Засгийн газарт 2002-2017 оны хооронд нийт 28 сая ам. долларын буцалтгүй тусламж олгосон юм билээ. Энэхүү тусламжийн хүрээнд Архангай аймгийн Хөшөө Цайдамын хөндий дэх Зүүн Түрэг улсын Билгэ хааны тахилын онгоныг археологийн хувьд бүрэн малтан судалж, 4800 орчим алт, мөнгө, үнэт чулуугаар хийсэн эд зүйлийг олжээ. Энэхүү олдворуудыг сэргээн засварлаж үзмэр болгож малтлага судалгааныхаа тайланг монгол, түрк, англи хэлээр дөрвөн ботиор хэвлүүлсэн нь Хөшөө Цайдамын цогцолбор дурсгалын судалгаанд шинэ хуудас нээсэн юм байна. Мөн Өвөрхангай аймгийн Хар хорин сумаас Хөшөө Цайдам дахь Билгэ хааны музей хүртэл “Билгэ хааны зам” нэртэй 45 км хатуу хучилттай авто замыг Туркийн хөрөнгө оруулалтаар тавьжээ. Төв аймгийн Эрдэнэ сум, Налайх орчимд орших Зүүн Түрэг улсын мэргэн сайд Тоньюкукын тахилын онгон, гэрэлт хөшөөг бэхжүүлэн хамгаалж, дурсгалыг хадгалах түр байрыг барьж байгуулан, 2012 онд 11км хатуу хучилттай авто замыг барьж “Мэргэн сайд Тоньюкукын зам” хэмээн нэрлэсэн байдаг. Мөн Түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах, Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн музей байгуулах, Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд цусны төв, МУИС-д Турк судлалын тэнхим байгуулах, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг төслүүдийг эндээс санхүүжүүлсэн юм байна. Манай хоёр орны төр засгийнхны хоорондын харилцаа холбоо ч тогтмолжжээ. Туркийн Ерөнхийлөгч Таип Эрдоган Ерөнхий сайд болон хотын дарга байхдаа манайд айлчилж байж. Мэдээж Орхоны хөндийд бас зочилсон байна лээ. Саяхандаа эдний Ерөнхий сайд Бинали Йылдырым манайд айлчиллаа. Н.Багабанди Ерөнхийлөгчөөс эхлээд л манай хэд хэдэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд М.Энхболд гээд манай удирдагчид ч Туркт айлчилцгааж байв... Элчин сайдын яам зочдын сэтгэгдэл бичдэг дэвтэртэй юм. Түүнд нь сэтгэгдлээ биччихээд Р.Болд сайд, М.Мөнхсайхан зөвлөхтэй зургаа авахууллаа.
Үзэж харах үзвэр соёлын тухай ярихад Р.Болд сайд Ататүркийн бунхнаас гадна Анкарад буй Чингис хааны хөшөөний тухай дурсаж ярина лээ. Маргаашаас бид тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй буй. Чингисийн хөшөө рүү М.Мөнхсүх зөвлөх замчилж хүргэнэ гэсэн нь таатай байв.
ОРХОНЫ ХӨНДИЙГӨӨС НҮҮСЭН ХӨХ ТҮРЭГИЙН НУТАГТ -III |
|
2025-04-30 21:00:00
2025-04-30 20:37:11
2025-04-30 13:13:56
2025-04-30 12:58:33
2025-04-30 12:41:42
2025-04-30 12:37:44
2025-04-30 12:24:44
2025-04-30 10:42:57
2025-04-30 10:34:32
2025-04-30 10:31:14
2025-04-30 10:11:34
2025-04-30 10:04:45
2025-04-30 09:57:25
2025-04-30 09:46:19
2025-04-30 09:11:30
2025-04-30 08:48:04
2025-04-30 08:13:17
2025-04-30 08:07:18
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |